Өршөөлийн хуулиар гишүүд хамсаатнаа аварч байгаа юм биш.
Тэдэнд тийм жудаг ч байхгүй.
Тэд өөрсдийгөө аварч байгаа юм. Учир нь тэд бүгд хулгайч.

           Баабар

Хүч хэрэглэн байж ХЗБХ-ны даргын суудлыг сандайлж үлдсэн Д.Ганбат “Цаад талын том бодлогоо харах хэрэгтэй” тул улиран сонгогдсон гэнэ. Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэсэгчлэн хориг тавьсан цагаас “цаад талын том бодлого” нь улам тодорхой болж, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нарын гишүүд цайрлаа. Төрийн өмч, төсвийн мөнгө шамшигдуулсан 161 албан тушаалын гэмт хэрэгтнийг суллахын төлөө тэд төрсөн хүүгээ мангаст орхиод явдаг монгол үлгэрийн өвгөнийг ч өршөөхөд бэлэн байна. Гэвч хүү нь мангасыг дарж ирээд “Аргай аргай түг” гээд аавынхаа толгойг хага цохиж алснаар үлгэр амар сайхандаа жаргадгийг мартсан бололтой.


Агуулгаа алдсан хууль

Өршөөлийн хууль гаргах тухай яриа бүр 2013 оны намар эхэлсэн. Гэхдээ сүүдэрт нуугдсан их хэмжээний мөнгийг хууль ёсны болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой байлаа. Хөрөнгө оруулагчдаа хөөгөөд гаргачихсан хойно “авдрын ёроолоо ухаж атга гурил олох” гэсэн арга. Харин УИХ-ын гишүүн Л.Цог, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Ц.Оюунбаатар нар Өршөөлийн хуулийн шинэ төсөл УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барив. Тэд “Долоон мянган хүн шоронгоос суллагдаж, тэдэнд жилдээ зарцуулдаг 5-6 тэрбум төгрөгийг хэмнэх таатай үр дүн” олж харсан гэнэ. Мөн шоронгоос суллагдах хоригдлуудыг хүлээн суугаа 80 000 хүний элгийг дэвтээх аж. 1990 оноос хойш гарсан таван Өршөөлийн хуулийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас өргөн мэдүүлж байсан. Энэ удаа хууль тогтоогч буюу УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар санаачилжээ. Хэлэлцүүлгийн явцад хуулийн “цаад талын том бодлого” нь албан тушаалын гэмт хэргүүдийг өршөөх болж хувирав. Хууль тогтоогчид гэхдээ ард түмнээ хаясангүй ээ, басчиг. Наян мянган элэг дэвтээх хангалтгүй гэж үзээд эрхээ хасуулсан 80 000 жолоочид үнэмлэхийг буцаан олгож нулимсыг нь хатаалаа. Тэр ч бүү хэл, ХЗБХ-ны дарга Д.Ганбатын хэлснээр “Насанд хүрсэн арван хүн тутмын нэг нь энэ хуульд хамрагдаж байна гэсэн үг” юм. Бид ийм их нүгэлтэй ард түмэн ажгуу. Ийнхүү Өршөөлийн хууль үндэсний хэмжээнд үйлчлэхээр болов.




Ад үзэгдсэн авлига

Хуулийн төсөл хэлэлцэхэд “Шударга ёс” эвсэл албан тушаалын хэргүүдийг өршөөх санал оруулсан нь зүй ёсны юм. Чухам үүнийг хүлээж суусан намын дарга Н.Энхбаяр нь хааяа Монголд ирж агаар залгиж, ааруул хүлхдэг болоод удсан билээ. Тэрбээр УИХ-ын даргын Өршөөлийн хууль баталсан алхны чимээтэй зэрэг Монголд бууж “хэлмэгдсэн”-ээ зарлав. Төдөлгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийн долоон зүйл заалтад хориг тавилаа. Харин ХЗБХ-ныхон авлигатай холбоотой ганц хоригоос бусдыг нь хүлээж авахгүйгээр шийдэв. Бүр 5 000 гаруй хүнийг 90 орчим тэрбум төгрөгөөр хохироосон 110 залилангийн хэргийг ч өршөөлд багтаахаар болов. Өөрсөдтэйгээ ижил луйварчдыг өршөөх нь тэдний хувьд ёс зүйн асуудал юм биз. Гэхдээ “Авлига авсан хүнийг өршөөгөөгүй” гэж нүүр бардам хэлэх эрхтэй үлдэнэ. Хоржоонтой нь авлига өгсөн, зуучилсан этгээдийг өршөөхөөр байгаа юм. Ийнхүү жирийн иргэдэд үйлчлэх ёстой Өршөөлийн хууль яв явсаар хууль тогтоогч, албан тушаалтнууд өөрсдөдөө зориулсан эд болж хувирлаа. Өөрсдийнх нь амьдралтай шууд холбоотой хуулийн төсөл дээр гишүүд амиа тавин ажиллаж байгааг бид ханатлаа харсан. Хамгийн гол нь улстөрчид “Авлигыг өршөөгөөгүй” хэмээн хэлэх үгтэй.


Эрх ашгийн нэгдэл

Энэ хуулийг ярьж эхлэхэд цөөхүүлээ байсан УИХ-ын гишүүд өдөр ирэх бүр нэмэгдсээр... Өдгөө З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Цолмон, О.Баасанхүү, Б.Гарамгайбаатар, Л.Болд, Р.Гончигдорж, Ц.Оюунгэрэл нар албан тушаалын гэмт хэргийг өршөөхөөр идэвхийлэн зүтгэж байна. Авсаар ойлгохооргүй хуулийн томъёолол дунд одоо шалгагдаж буй, ирээдүйд эрүү үүсгэгдэх өөрсдийн хэргийг ч багтаажээ. Хэлэлцүүлэг бүхэн дээр БХБ-ын сайд болсон З.Баянсэлэнгэ “Танай намынхан ч гэсэн өршөөлд багтана” гэж хэлэх тоолондоо “Би ч бас өршөөгдөнө” гэдэг итгэлийн очийг нүгэлтэй гишүүдийн сэтгэлд аль эрт асаачихсан. Одоогоор УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, С.Бямбацогт, Ц.Нямдорж, Х.Тэмүүжин нар ямар ч болов тодорхой зүйл заалтуудыг нь үгүйсгэж харагдана. Иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн тул хуулийг анх өргөн барьсан Л.Цог, Б.Бат-Эрдэнэ хоёр ч “муухай хууль” гэж ганц нэг хэвлэлээр ярилаа. Гэхдээ Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцдэг дүрэмтэй юм. Хаалганы цаана БХБ-ын сайд болсон З.Баянсэлэнгэ алдарт үгээ хэлэхээс гадна хэн хэний, ямар ямар ял өршөөгдөх тухай хэрэг бүртгэгч байсан шигээ ярьж өгнө. Тэр цагт С.Дэмбэрэл шиг “Ер нь л би хоцордог юм” гэж хэгжүүн загнах хүн хэд гарах бол?!? “Транспэрэнси интернэшнл” байгууллага “Ардчилсан Монгол Улсад албан тушаалын хэргийг өршөөх хууль гаргах гэж буйд эгдүүцэж байгаа” нь тэдэнд огт хамаагүй. Дэлхийн хамтын нийгэмлэгээс ийм хууль баталвал хориг арга хэмжээ авна гэж сануулж байгаа нь ч падлийгүй. Хоригтой хориггүй нэгэнт сүйрэхдээ тулсан улс. Харин хулгайч бүхэнд өршөөлд багтах чин хүсэл бий.



Бидний чадах юм

Албан тушаалын гэмт хэргийг өршөөхөөр мэрийж яваа УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид тэр өдрүүдэд УИХ-ын чуулганыг даргалах “хувь тавилан” ногдож байгаа сурагтай. Тэрбээр “Миний хувийн байр суурь бол албан тушаалтантай холбоотой гэмт хэргүүдийг өршөөх ёсгүй хэмээн үзэж байгаа ч хууль нь ийм учраас үүнийг хэлэлцүүлье” гэсээр хурлаа эхлүүлнэ. Ингээд энгийн өгүүлбэрийг II зэргийн дифференциал тэгшитгэлийн хэлбэрт оруулна. Энэ нь хуурамч ч дипломгүй гишүүдэд завшаан болж “товч андуурах” үзэгдэл хавтгайрах биз. Мөн түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболдын хамт болоод тусдаа томилолт авсан гишүүний тоо эрс нэмэгдэнэ. Гэхдээ бид энэ нөхдийг сонгосон. Цаашдаа ч бид л сонгоно. Тэгэхээр ийм нэг арга байна, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй УИХ-ын гишүүний цохон дээр хар тамга даръя. Ардчилалын нэрээр бидний хөрөнгийг зувчуулчихаад эргүүлээд өөрсдийгөө өршөөсөн хууль баталдаг хулгайч нар хэнд хэрэгтэй юм бэ! Хулгайчийн тоонд хажууд нь хулгай хийж байхад дуугүй өнгөрсөн хүн бас багтах ёстой учир хуралдаа суугаагүй хүн болгоныг тамгалах хэрэгтэй. Хар тамганы эхний дардас бөөр алаг бөмбүүлэй Р.Гончигдоржийн магнай дээр дурайх нь тодорхой. Хүчиндчихээд бас дээрэмдэх санаатай УИХ-ын гишүүдийг хар тамгаар ялгачихъя. Энэ улс ардчилсан л юм бол сонгогчид бид эрх биш үүнийг хийх бүрэн эрхтэй бөгөөд албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг ахиж сонгохгүй байх ёстой.