Дэлхийн уран барилгын сор бүтээлүүдийг шинжлэн тайлбарлав


    ГАДНАХ ХЭЛБЭР

Барилгууд гурван хэмжээст орон зайд оршдог бөгөөд гаднаасаа бидэнд хатуу биет мэт харагддаг. Байгууламжийн энэхүү гурван хэмжээст шинж чанарыг хэлбэр гэж гол төлөв нэрлэх ба хэлбэр нь тухайн барилга хүнд ямар сэтгэгдэл төрүүлэхэд асар нөлөөтэй бөлгөө. Барилга эргэн тойрноо ноёлсон байна уу эсвэл түүнд ууссан байна уу; өндөр сүглийсэн байна уу эсвэл газартай наалдсан байна уу; нүүрэн тал нь тэгш хэмтэй байна уу өөр байна уу; дотроо цэцэгт талбайтай юу зэрэг нь цөм байшингийн олон хэлбэр ажгуу.

Авсаар хийгээд сунайсан хэлбэр

Ижил зорилготой хоёр байшин хүртэл, жишээ нь эдлэнгийн байшингууд эзэн, архитекторууд нь өөрөөр барихыг хүссэнээс болоод огт өөр хэлбэртэй болдог. Палладиогийн вилла тун ч авсаар, тэгш хэмт хэлбэртэй бөгөөд голлосон үүдний баганат асар юм уу бөмбөгөр орой гол шинж чанар нь болсон байдаг. Хэдийгээр иймэрхүү хаусууд аугаа том бөгөөд албан ёсны байх нь бий ч басхүү баригдмал, харьцангуй даруухан, цөөн хүн амьдран суухаар баригдсан ч байж бас болдог. Үүнээс огт өөр эдлэнгийн байшингууд ч бий. Тиймүүд нь бүр хэдэн зуун метр урт сунайн үргэлжилдэг ба дотроо үйлчилгээний жигүүрүүд, дотор талбай, үүдний хаус зэрэг олон элементтэй. Парисын гаднахан байдаг Версалын ордон шиг ийм барилгууд тун ч урт, ээдрээтэй нүүрэн талтай агаад асар том талбай хамарсан байдаг. Хэлбэрүүдийн ийм өөр өөр байдал амьдралын өөр хэв маягуудыг илтгэдэг. Вилла нь хөдөөгийн орчин дахь соёлтой тав тухыг илтгэх бол Версал хамгийн тансаг хангалуун байдал, үйлчлэгчид бүхий хөл хөдөлгөөнтэй амьдралыг харуулна. Вилла эргэн тойрноо өнгийн тольдох бол ордон харин эргэн тойрноо өөрийн хэлбэрээр ноёлон, эрхшээх авай.

Хэлбэр хийгээд итгэл үнэмшил

Шашны барилгууд мөн ийм хэлбэрийн эсрэгцлүүдтэй. Мечетүүд ихэнхдээ залбирлын уужим танхимтай ба нэг юм уу түүнээс олон туяхан минареттай; харин заримдаа бөмбөгөр оройтой байдаг. Томоохон мечетэд өөр байшин, өрөөнүүд рүү хөтөлсөн дотор талбай ч бас байдаг. Христийн сүмд, ялангуяа нүсэр хийд, хүрээнүүдэд тэнгэр рүү өлийсөн шовх орой, сүмийн нүсэр хийцтэй нийцсэн жижиг цамхаг, ганжирууд  (хойно тайлбарлах болно) байдаг. Харин дорнын шашинтай холбоотой байшингуудад, ялангуяа буддын бунханууд ихэвчлэн төвлөрсөн бүтэцтэй ба хэдийгээр заримдаа дээшээ өлийдөг ч тэдэнд Гот хийдүүдийнх шиг өндөр, туяхан шовх оройнууд байдаггүй юм. Шашны эдгээр олон янзын хэлбэр загварууд он удаан жилийн явцад хувьсан хөгжсөн ажээ. Мечет нь залбирал үйлдэгч түмэн хүнийг агуулах орон зай хийгээд залбирлыг зарлах орон зай агуулах хэрэгцээтэй уялдан зохицжээ.  Нүсэр том баруун үүд болон шовх оройнуудаараа хийд зочлогчийн харцыг дээш тэнгэр рүү болон доторх ёслолын уужим орон зайн зүг хандуулдаг. Үүнээс ялгаатай нь харин буддын бунхан буюу сүмүүд олон нарийхан тавцантай байдаг нь гэгээрэл лүгээ очих замыг бэлгэддэг ажээ. Алхлан ойртох зуураа мөргөлчид Буддагийн сийлбэрүүдийг тольдохын хамт сургаалуудыг нь бясалгадаг болой.

Хэлбэр хийгээд нөлөөлөл

Байшин уруу орохын өмнө болж өгвөл түүнийг тойрон үзвэл зүгээр. Ингэснээр хэлбэрийнх нь талаар илүү ихийг мэдэж, барилгачид нь чухам юу руу тэмүүлж байсныг мэдэж болдог. Байшингийн нүүрэн талууд биенээсээ ямагт өөр байдаг. Тэдгээрийн хэлбэр, ширхэглэг нь уулга алдам агаад байшингийн ар нь нүүрэн талаасаа ихэнхдээ эрс өөр байдаг.  Байшингийн гаднах бүх зүйл түүний ерөнхий байр байдалд нөлөө үзүүлдэг. Жишээ нь цайзны цамхаг, тэнгэр баганадсан барилга хоёр хоёулаа эргэн тойрноо ноёлдог агаад харсан хүмүүс шагшин бахдахын хамт тийм барилгын эздийн зиндааг илэрхийлэхээр бүтээгддэг ажээ. Энэ зорилгодоо тэд өөр өөр замаар хүрдэг. Гадагш цухуйсан жижиг цамхаг, тагтууд нь цайзанд ийм сүрлэг байдал оруулдаг бол тэнгэр баганадсан барилга тийм сэтгэгдлийг дээшлэх тусам шатлан нарийссан (догол) загвараар төрүүлэх ажээ. Хаалга, цонхны орон зайн хэлбэр, тулгуур хана, сонгодог үүдний баганат асар зэрэг хийцүүд мөн сонирхол төрүүлнэ. Тэд харагдах хэлбэр эвддэг агаад тэнгэр баганадсан барилгуудын цонхнууд, дундад зууны хийдийн эгнэсэн тулгуур хана нь гаднах төрхөнд хэмнэл оруулж нэмэлт өнгө аяс үүсгэдэг. Иймэрхүү чимэг, хийцүүд цөм барилгын хэлбэрийн бүрдэл хэсгүүд агаад түүний төрх, шинж чанарыг улам тодотгодог бөлгөө. 


    ДОТООД ОРОН ЗАЙ

Архитекторууд барилгыг цуварсан олон орон зай гэж хардаг. Шинэ барилга барихдаа тэд тухайн барилга ямар үүрэгтэйг тодруулж, түүнд нь зориулан орон зай төсөөлөхөөс ажлаа эхэлдэг. Дараа нь хана, цонх, дээврээр тэрхүү орон зайгаа томьёолдог. Тиймээс барилгуудын дотоод орон зай бие биенээсээ асар өөр, ялгаатай байдаг ажээ.

Энгийн болон ээдрээтэй орон зай

Орон зайн хувьд зарим барилга эгэлгүй энгийн. Тийм барилгын хаалгыг нээгээд дотогшоо орохдоо ганц харц чулуудаад л доторхийг цөмийг нь харж болдог. Ялангуяа шашны барилгууд, тэр дундаа сүм хийдүүд иймэрхүү. Түүнчлэн дундад зууны холл хаус хэмээх танхиман байшингууд ч бас ийм. Ийм энгийн байшингуудад амьдрагчдын идэх, ажиллах, унтах гээд амьдралын бүхий л хэмнэл ганц том өрөөн дотор өрнөдөг. Гэлээ ч ихэнх байшин хооронд нь нуман хонгил, залгаасаар холбосон тусдаа өрөөнүүд юм уу орон зайнаас бүрддэг. Хамгийн ээдрээтэй нарийн байшингуудад Версал зэрэг албан ёсоор, тун ч нарийн дэг горимтойгоор байрлуулсан хэдэн зуун өрөөтэй их ордонгууд ордог. Цэлгэр өрөөнүүд нь нэг орон зайнаас өөр орон зай руу хөтөлдөг. Хамгийн эхний өрөө нь хамгийн том, ихэнхдээ албан ёсны шинжтэй байдаг бөгөөд үүнд нийтийн танхим багтдаг. Харин хамгийн сүүлийнх нь хамгийн жижиг, тун ч хувийн шинжтэй агаад тэнд харшийн эзэн ойр дотны нөхөд, ажилтнуудаа хүлээн авдаг. Орон зайнууд ямар хэмжээ дамжаатай байгаа нь тэдгээрийн төрүүлэх сэтгэгдэлд нөлөөлдөг. Сонгодог архитектурын өрөөнүүд ихэвчлэн шоо юм уу хос шоон хэлбэртэй байдаг. Харин зарим нь төгс дугуй юм уу алтан секц гэх мэт сонгодог томьёолол дээр суурилсан байдаг. Энэхүү суурь геометрлэг байдал нь өрөөнд албан ёсны, дэгтэй өнгө аяс оруулдаг агаад үүгээрээ тэд энгийн хаус, коттэйжоос ялгардаг юм.

Дэг ба давтагдалт

Орон зайг дэглэх өөр нэг арга нь жигд хэмжээ, хэлбэртэй элементүүдийг, тухайлбал сүм, хийдэд арк, тулгуур, цонх зэргийг дахин дахин давтаж оруулах явдал бөгөөд ингэх нь хийцийн бат бэх байдлыг баригдмал албан ёсны мэдрэмжтэй хослуулж байгаа юм. Ялангуяа аркууд дотоод засалд янз бүрийн өөр хэмжээс, тэр бүү хэл нууцлаг ч юм шиг мэдрэмж шингээдэг юм. Барилгын арк яагаад ч юм тухайн нумны цаана юу байгааг мэдэх хүсэл төрүүлэн далладаг юм. Визант, Гот барилгуудын аркууд шинэ харааны өнцөг үүсгэж, өөр зорилготой өөр орон зай руу, тухайлбал сүмд бол хажуугийн дуган, эгнээ рүү хөтөлдөг. Хийдийн дотоод засал хэрвээ нарийн дэг баримтлан хийгдсэн бол түүнд тахилын ширээ рүү хөтөлдөг гол тэнхлэг ямагт байдаг юм. Энэхүү тэнхлэгийг сүмүүд дотоод заслыг уртаа сунайлгах байдлаар тодруулж өгдөг бөгөөд нүд өөрийн эрхгүй арк, тулгуур пиерүүдийг алгасан тээр тэнд байгаа тахилын ширээний зүг нисдэг. Ийм орон зайг өөрөөр зохион байгуулах өөр нэг арга нь дотоод заслыг төвлөрүүлэх. Эртний сүмүүдэд, тухайлбал Истанбулд байдаг Айя Софиягийн голд асар том бөмбөгөр орой байдаг.

Энэ бүх жишээнд барилгын дотоод орон зайг нүдэнд илхэн байдлаар янз бүрээр загварчилсан байна. Харин зарим барилгад орон зайг илүү уян налархай дэглэсэн байдаг ба тэдгээр нь ихэнхдээ орчин үеийн барилгууд байдаг. Ле Корбюзье хаусуудаа нээлттэй-плантай буюу нэг орон зай нөгөө рүүгээ байгалилагаар, зөн мэдрэмжээрээ урсан ордог байлгахыг зорьдог байсан ба энэ хандлагыг Фрэнк Ллойд Райт ч бас хаусны дизайнууддаа баримтлахыг хичээдэг байв. Холбогдсон орон зай, уян налархай шатны гишгүүр, гадна дотнохыг холбосон том тагт, дээврийн тавцанууд ийм байшингуудын онцлог шинж бөлгөө. Сүүлийн үед модерн хийцтэй нийтийн зарим байшингуудыг ч ийм маягаар барьдаг болсон байна. Өрөө гэж юу болох тухай ойлголтыг тал тал тийш нь татан сунгаснаараа ийм барилгуудын налархай дотоод зай архитектур ямар шинэ сэдэлтэй, сэтгэл булаам байж чадахыг бидэнд сануулдаг.


    АРХИТЕКТУРЫН НАРИЙВЧЛАЛ

“Нарийвчлалд л Бурхан оршдог”. Германы модернист архитектор Людвиг мис ван дер Роэ ингэж хэлсэн гэдэг. Энэ үг байшингийн бүх зүйл, тэр бүү хэл хамгийн жижиг зүйл хүртэл маш чухал гэсэн утга илэрхийлж байгаа юм. Энгийнээр өгүүлбэл дан ганц аугаа санаатай байх хангалтгүй: архитектор хүн чулуун хавтан бүр нь зөв байрласан, гялалзах саваа бүр зөв өнгөлөгдсөн, хаалганы бариул бүр зөв хэлбэртэй байхад анхаарах ёстой бөгөөд – барилгыг бүрдүүлж буй энэ бүх нарийн ширийн зүйлс бие биентэйгээ хорших ёстой гэсэн үг юм. Байшин бол нэг бүхэл цул зүйл, бүх зүйл нь үүнийг дэмжиж байх ёстой гэсэн эл санаа архитектурын тулгуур үзэл байсаар иржээ.

Итгэл үнэмшлээ илэрхийлэх нь

Нум ч бай, сийлбэртэй баганын толгой ч бай, цонхны түгжээ ч бай, хээтэй шил, фреско юу ч байлаа гэсэн архитектурын нарийвчлалыг шинжих туйлын таашаалтай. Тэдгээр нь барилга баригчид тухайн байгууламжийн талаар юу бодож байсан, хэрхэн хэрэглэж байсан, яагаад барих болсон, хүн амьдарсан эсэх, анх барьсан хүмүүс нь ямар итгэл үнэмшилтэй байсан зэргийг хэлж өгдөг юм. Чухам тийнхүү дундад зууны чулуучид, урчууд ур, ухаанаа цутган байж бүтээн урлагийн бүтээл болгон хувиргаж, газар дэлхий дээрх диваажингийн төсөөллөө илэрхийлсэн болохоор Гот сүм хийдүүд архитектурын нарийвчлалын хамгийн шилдэг жишээ болдог юм. Үүд, баганын толгой, хээтэй шил, ханын зураг, хоор (номлогч нар суудаг сүмийн хэсэг) зэргийн хээ сийлбэрүүд библийн түүхийг амь оруулж, уг газрыг мөргөл, шүтлэгийн онгод дуудах газар болгон хувиргасан байдаг. Хинду сүмүүд болон буддын бунханууд ч бас ийм баялаг дүрслэлтэй. Лал зэрэг зарим шашин, уламжлал харин илэрхийллэг урлагийг хориглон түүнээс зайлсхийдэг ч асар том мечетүүд угалзарсан хээ болон Кораны бичээсүүдээр чимэглэгдсэн байдаг нь христийн хийд, хинду сүмүүдийнх шиг л хараа булаадаг юм.

Хэв маяг ба илэрхийлэл

Сонгодог багануудаас рококо шохойдолт хүртэлх нарийвчлалууд бүтээсэн архитекторуудынхаа сонирхол, эх сурвалжийг илэрхийлдэг. Зарим архитектор сонгодог архитектурын хатуу чанд зарчмуудыг баримталсан байдаг бол зарим нь илүү уян хатан барокко хэв маяг сонгодог. Чимэглэсэн хэв маяг нь ч бас архитектор тухайн барилгаа ямар байгаасай гэж, ямар тодорхой зорилгод ашиглавал зохистой гэж бодож байсан талаар хэлж өгдөг. Тухайлбал XIX зууны үед хүмүүс сүм Гот хэв маягтай байх нь зүйтэй; харин хотын захиргааны байр зэрэг төр засгийн зориулалттай олон нийтийн барилгууд илүүтэй сонгодог хэв маягтай байх нь зүйтэй гэж үздэг байжээ.  Ийм хэв маягийн нарийвчлалууд нь сүсэг бишрэл юм уу, эх оронч бахархал төрүүлэхэд чиглэсэн байдаг юм. XIX зууны сүүлээр Европын барилга загварлагч нар өнгөрсөн үеээ хойноо үлдээн шинээр Ар нуво (“Шинэ урлаг”буюу “Art Nouveau”) хэв маяг цогцлоосон юм. Тэр цаг үед өргөн байсан хуучнаа сэргээх хэв маягуудаас ялгаатай нь Ар нуво урсгал ургамлын мушгиа хэлбэр, угалзарсан мушгиа зэрэг түүхэн бус хэлбэр рүү хандсан юм. Модернистууд тэдэнтэй хамт алхсанаа яваандаа тэднийг ч хойноо хаян урагшилсан агаад тэгэх зуураа чимэглэлийн элементүүдийг бүрэн хаясан. Гэсэн ч тэдний цулгуй байгууламжуудад хүртэл функцуудийн тухай хэлж өгсөн зүйлс байдаг бөгөөд тэдгээр нь нямбайлан загварчилсан угаалгын өрөө; төгс харьцаатай, нүдэнд үзэмжтэй хаалга, цонхноос хүртэл харагддаг юм.

Шалны эгэл тайлаас дээр байгаа шувуу нурууны чулуун товруун чимэглэл, муруй тааз зэрэг архитектурын нарийвчлалууд хараанаас гадна өнгөрчих гээд байдаг. Гэсэн ч тэднийг олж харахыг зорих хэрэгтэй. Учир нь тэдгээр нь бидэнд аугаа барилгууд ер бусын урлагийн бүтээл байгаад зогсохгүй тоо томшгүй барилгачин, загварлаач, урчуудын нөр их хөдөлмөрийн үр дүн юм шүү гэдгийг сануулдаг юм. Уртаа сунайсан нүүрэн талаас цонхон дээр байгаа өчүүхэн сийлбэр хүртэл үргэлжлэхдээ барилгууд ийнхүү эцэс төгсгөлгүй баяр бахдал, таашаалын эх булаг болсоор байна.


НЭПКО хэвлэлийн газар