Архиважно
Москвачууд 15 саюулаа. Гудамжаар нь зургаан сая шахам автомашин хөлхөнө. Гээд энэ том саванд багтаж шингэхгүйн зовлон алга. Замууд нь жигд ачаалалтай, түгжрэлгүй харагдана лээ. Хотын захаараа бага, дунд, том оврын тээврийн тэрэг ихээр явна.
/МОСКВАГИЙН ТЭМДЭГЛЭЛ/
I. Москва
Москвачууд 15 саюулаа. Гудамжаар нь зургаан сая шахам автомашин хөлхөнө. Гээд энэ том саванд багтаж шингэхгүйн зовлон алга. Замууд нь жигд ачаалалтай, түгжрэлгүй харагдана лээ. Хотын захаараа бага, дунд, том оврын тээврийн тэрэг ихээр явна. Мега хотын идэж уух, өмсөж зүүх нь ч мега байдаг биз. Ачааны машинуудыг хасаад бусдынх нь бүтцийг харвал тав орчим хувь нь том оврын жийп, 20-25 орчим хувь нь дунд оврын жийп, үлдсэн нь суудлын тэрэг байна. БМВ, Бэнз, Шкода зэрэг цаанаасаа ирсэн машинууд элбэг юм. Наанаасаа гэвэл алдарт Киа брэнд дийлэнх нь.
Гал, утаа суунагласан дээр үед аргагүйдэн барьсан хана хэрэм, хожим ид хаваа гайхуулан сүндэрлүүлсэн байшин барилгууд нь аргагүй нүд булаам. Нүд булаахаасаа илүү сүрдэм. Том. Хэзээний танил, дээрээ хошуу бүхий бөмбөгөр алтан оройтой үнэн алдартны сүм дуганууд Их хотыг аргагүй чимдэг юм байна.
Нүдэнд үзэгдэж, гарт баригдам их түүх гэж энэ юм санж уу?
Москвагийн гудамжуудаар алхаж, “Марина Цветаева энд амьдарч байв...”, “Денис Давыдов 1812 онд энэ байшинд...” гэхчлэнгийн бичээсний дэргэдээс хуучирсан модон цонхыг нь харж тэрхүү үеийг төсөөлөхийг оролдож үзсэн хүмүүс их бий биз ээ.
Түүнчлэн бишгүй том байгууламжууд шинэ, хуучнаараа дүнхийлдэн байна. Коммунист бүтээн байгуулалтынх нь дунд харах царайны манай зарим байшингийн эх загварууд харагдах нь ходоодны гүний нуг нуг инээдийг дуудна. Сүүлийн үед манайд ихээр баригдаж буй хятад маягийн иржийсэн олон цонхтой улаан цоохор орон сууцны байшин ч тэнд босоод амжиж.
Бас орой нь үүл манан сүлбэх тэнгэр баганадсан шилэн байшингууд бүхий Москва сити гэх аварга цогцолбор байна. Тэр газрыг түркүүдэд 49 жилээр түрээслэн ашиглуулж, байшин сав бариулсан нь энэ гэнэ. Хугацаа дуусмагц тэд явж, байшин үлдэнэ...
Алдарт Арбатын гудамж. Москва хот хөгжлийн түүхтэй, хүчирхэг бусад том хотын адил шороо тоос гэж үгүй, цэмцгэрхэн, ногоохон.
Улаан талбайд Лениний дүрд хувиран аялагчидтай дурсгалын зураг татуулдаг энэ хүнүе үе “...дорогие товарищи!”, эсвэл “Архиважно!” гэж эгээ л багш өөрөө илтгэж байна уу гэлтэй чанга чанга хэлэн зогсоно. Архи гэх эртний орос хэлний маш, нэн гэсэн утгатай хүч оруулах угтварыг Ленин багш их хэрэглэдэг байж. Архиважно гэвэл “нэн чухал!” гэсэн утга өгүүлж байна.
II. Монголын зочид
Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал 9-р сарын 10-нд эхлэв. Хэлмэгдсэгсдийг хүндэтгэх өдөр тул онгоцноос буусан айлчлалын баг шууд л Москва хотын баруун өмнө талд байрлах Бутово хэмээх сууринг чиглэн хөдөллөө. Тэнд хуучин Ягода хэмээх хэн хүний зүрхэнд орсон эрийн зуслан байгаад харин одоо Оросод хэлмэгдээр туугдсан монголчуудын дурсгалыг хүндэтгэх цогцолбор бий болжээ. Монгол төрийг төлөөлөн ирсэн сайд эх нутгаасаа дээжлэн авчирсан сүүгээ хүний газар хэлмэгдсэн өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэн өргөлөө.
Дурсгалын самбарт нийт 650 орчим нэр бичигдэх ёстойг архиваас олж тогтоожээ. Одоогоор 250-ыг нь самбарт мөнхжүүлсэн ба үлдсэн нэрсийг хийлгэж буй.
Аваад ир ээ, дэмжээд өгье.
Айлчлалын хоёр дахь өдөр “ойрд тааралдаагүй” Орос, Монголын Гадаад хэргийн сайд нар Төрийнх нь ёслол хүндэтгэлийн өргөөнд уулзалдав.
Хоёр цаг гаруй үргэлжилсэн уулзалтад олон улсын байдлаас эхлээд манай нутгаар дайрах Талын зам төсөл, монгол махны импорт, соёл урлагийн, оюутан солилцооны, хоёр орны бизнесийнхний харилцаа зэрэг олон сэдэв хөндөгдөж илэн далангүй ярилцсан. Манай талаас тавьсан санал, хүсэлт, асуултуудад Гадаад харилцааны сайд С.Лавров “Төсөл юмаа аваад ир, бид дэмжинэ” (мэдээж ийм 4-5хан үг хэлээгүй, би л ингээд базчихлаа) гэсэн гэгээн өдөр шиг тов тодорхой хариулт өгсөн нь оросууд бидэнтэй нээлттэй, хоёр талдаа өгөөжтэй харилцаа эрэлхийлж буйг харууллаа. Харин Талын зам төслийн тухай асуудлыг дараагийн хэлэлцээр хүртэл нээлттэй үлдээв. Дараагийн хэлэлцээр магадгүй манай улсад болохыг үгүйсгэхгүй. Л.Пүрэвсүрэн сайд түүнийг Монголд айлчлахыг урьж, “цаадах” нь ч ирэхээ амлахыг би хоёр чихээрээ сонссон юм. Эл уулзалтад Оросын хэдэн арван телевиз, сонины сэтгүүлчид иржээ. Мөн Хятадын төв телевизээс ч байна. “Чанга уулзалт” биш гэж үү.
Хэлэлцээрийн дараа хоёр талын сайд нар хамтран хэвлэлийн бага хурал хийж ээлжлэн мэдээлэл өгөхүйд манай хүн өөрийн орос хэл, дипломат чадвар, шогийн мэдрэмжээ гайхуулан хэвлэлийнхнийг нэг бус удаа мушийлгаад авна лээ.
“Бараг л өөрийн хүн”
Энэ уулзалтын дараа Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэнг ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Донскойтой товлосон уулзалт хүлээж байлаа.
С.Донской бол Монгол, Оросын Засгийн газар хоорондын
хамтарсан комиссын
дарга хүн. Манайхныг сайн мэдэх хүн.
Энэхүү уулзалтаар энэ жил болох хоёр улсын Засгийн газрын хамтарсан Комиссын XIX хурал, ирэх 2016 онд тохиох Монгол Оросын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 95 жилийн ойг тэмдэглэх, төмөр зам, тээврийн хамтын ажиллагаанд ахиц гаргаж, транзит тээврийн хэлэлцээр байгуулах, хамтарсан үйлдвэрүүдийн менежментийг сайжруулах зэрэг хүлээгдээд удсан олон асуудлыг “сэдрээлээ”.
Үүн дээр нэмээд Л.Пүрэвсүрэн сайд их өрийг шийдсэн талаарх хамгийн сүүлчийн хэлэлцээрийг ОХУ-ын төрийн Дум-аар соёрхон батлуулах сонирхлоо илэрхийлэв. Хариуд нь эрхэм сайд С.Донской НҮБ-ын хүний эрхийн сонгуульд Монгол Улсыг дэмжихээ амлалаа...
Төөрөлдөж явсны учиг хаана вэ?
ОХУ-ын ХАА-н дэд сайд С.Левин бол Монголын Гадаад харилцааны сайдын уулзах ёстой гурав дахь эрхэм байлаа. Л.Пүрэвсүрэн сайдын төлөвлөсөн гол сэдвийн дагуу манай талын бүрэлдэхүүнд Монгол улсын ХХААЯ-ны төрийн нарийн бичиг багтан оржээ.
Монголчууд бүгдээрээ л оросууд биднээс авах “дургүй” гэж ойлгодог. Бидэнд өндөр квот тавиад олон жил болж байгаа гэж би ч бодож байлаа. Төрийн нарийн энийгээ ч хэлсэн. Гэтэл санаанд оромгүй хариултыг Оросын дэд сайд хэлэв.
-Манайх танайд ямар ч квот тавиагүй. Танайх л өөрсдөө махаа өгдөггүй шүү дээ...!
Хэн, яагаад, хэзээдээ бүх монголчуудыг, мэргэжлийн яам, яамны албан тушаалтантай нь ийм төөрөгдөлд оруулчихсан юм бэ гэсэн асуулт одоо хэр нь толгойд эргэлдсээр. Хамгийн шоглоомтой нь манайд квоттой эсэх тухай мэдээллийг ОХУ-ын ХААЯ-ны вэбсайтнаас харчихаж болох байсан аж. Хүний өмнөөс ичиж суугаа манай гадаад яамныхныг харах хэцүү байлаа. Манай салбарынхны “царай” нэг иймэрхүү л байна уу даа.
Ямартай ч эл уулзалтаас өмнө манайх 20 сая малтай байхдаа гаргадаг байсан махны хэмжээ өдгөө 20 дахин буурчихаад байгааг мэдэж авлаа. Өнөөдөр бид 70 сая малтай.
“Гадаад харилцааны дотоод харилцаа”
Дээрх уулзалт, хэлэлцээрүүдэд болсон яриа, уур амьсгалаас харахад “шар ах нар” биднийг “эй манай монголчууд” гэж мөр алгадан дотносох сэтгэл нь хэвээрээ гэдгийг харсан. Бидний өнгөрсөн жилүүдэд “нэг их юм санаагүй” бололтой. “Манай хүн” ч гадаад харилцааныхаа “дотоод харилцаа”-ндаа мэргэшсэн, уян хатан, учир начирыг нь олчихдог дипломатч хүн гэдгээ харууллаа.
Тэрээр энэ 2015 онд Хятад, Франц, АНУ, ОХУ гээд олон том газруудад айлчилжээ. Үүнээс илүү чухал нь Хойд Солонгос, Турк, Унгар, Туркменистан, Мьянмар, Болгар, Энэтхэг улсуудын Гадаад хэргийн сайд нар, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар манайд айлчилсан явдал юм. Мөн ирэх 10 сард Германы Ерөнхийлөгч Монгол улсад айлчлах аж. Энэ айлчлалыг Л,Пүрэвсүрэн Олон улсын хамтын ажиллагааны сангийн зөвлөхөөр ажиллаж байхдаа санаачилсан аж. Айлчлалын наана Монголын эдийн засгийн шилжилтийн туршлагыг хуваалцаж байгаа гэх боловч цаанаа шинээр нээгдэж буй Мьянмар, Киргиз, Хойд Солонгос, Куба зэрэг зах зээл рүү Монголын бизнесмэнүүдийн орох замыг нээх мань хүний амбиц, лобби явж байна гэлцэнэ.
III. Төгсгөл
Монголын гадаад бодлого идэвхитэй, үйл ажиллагаа нь далайцтай байна. Энэ олон айлчлал, уулзалтуудын ард эдийн засаг, худалдааны шинэ зам харилцаа нээх, оюуны болоод техник технологийн солилцоогоо нэмэгдүүлэх гээд “өөрийн гэрээ” өөд нь татах олон санал санаачилгууд идэвхитэй өрнөж, ажил хэргийн эхлэлүүдээ тавьж байгаа юм байна.
Тиймээ, монголын мах экспортод гарах нь архиважно, монголын бизнес гадагшаа тэлэх нь архиважно, монголын гадаад бодлого идэвхитэй байх нь архиважно, монголын Гадаад хэргийн сайд нь олон улсад нэр нүүртэй байх нь архиважно билээ.
kkk
said dagahaaraa l shulsee saviruulchih yum aa huuh
irgen
Donskoi
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
avilgach
Зочин
ekabikaa
Munkhuu - d
Зочин
Зочин
munkhuu
Зочин
ссжу
ddd
Зочин
Зочин
Zuraach
jagaamaa
Түмэн-Өлзий???
Уншигч