Орос орны толгойг эргүүлсэн их Ленин! (2)
Оросын нэрт сэтгүүлч, нийтлэлч, зохиолч Леонид Млечиний Лениний улс төрийн хөрөг номыг манай нэрт хөрвүүлэгч Ц.Даваажав эх хэлнээ буулгаж, миний бие хянан ариусгаж дуусч байна.
(Бусдын толгойг эргүүлэх нь хэн бүхэнд заяадаггүй их урлаг)
Оросын нэрт сэтгүүлч, нийтлэлч, зохиолч Леонид Млечиний Лениний улс төрийн хөрөг номыг манай нэрт хөрвүүлэгч Ц.Даваажав эх хэлнээ буулгаж, миний бие хянан ариусгаж дуусч байна. Энэ ном мөдхөн НЭПКО хэвлэлийн газрын бүтээгдэхүүн болон уншигчдын гарт очно. Урьдчилан таниулах үүднээс энэ удаа Октябрийн хувьсгалын дараахи түүхэн хэсгээс тавьсныг болгооно уу!
Аравдугаар сарын нэгэн шөнө
“Би жаахан халамцуу ганцаараа сууж байна. Дарс надад дахин зориг оруулжээ. Cайхан амьдралын aмттайхан зүүд зэрэглээ нүдэнд үзэгдэж, үнэр танар зэргийг мэдрэх мэдрэмжийг дахин төрүүллээ. Энэ бол үнэндээ ердийн юм, үүнд дэлхий дээр оршин байхын ямар нэгэн учир холбогдол байна. Миний өмнө хуучны лонх байна. Тамга, төрийн сүлд байна. Орос гүрэн гэж байжээ хөөрхий!” хэмээн Иван Алексеевич Бунин 1917 оны 11 дүгээр сарын 21-нд бичжээ.
“Орост ирээдүй байхгүй. Зөвхөн гэр бүлээ тэжээж, авч явахын тулд л амьдрах болж байна, өөр юу ч алга. Орос нэгдмэл, их гүрний хувьд гадаадын бус дотоодын шалтгааны улмаас, шууд дайснуудаас биш, харин өөрийн дутагдал, муу муухай явдлаас болж бүрмөсөн нурсан нь дэлхий дахины түүхэнд ховор үзэгдэл мөн” хэмээн нэрт түүхч, Москвагийн их сургуулийн профессор Юрий Владимирович Готье өдрийн тэмдэглэлдээ тэмдэглэжээ.
“Би зүүдэллээ: Киев, танил, хонгорхон зүс царай харагдана. Төгөлдөл хуур тоглож байна гэж зүүдэллээ... Хуучин цаг ирэх болов уу? Одоо цаг гэвэл би түүнийг анзааралгүй... харалгүй, сонсолгүй амьдрахыг хичээж байна! Өөдгүй бөөн амьтад гуугалж хашгичан, жигшүүрт хараал хэлэн галт тэрэгний цонх хагалж байхыг би үзлээ, хүмүүсийг яаж балбаж байгааг үзлээ. Мулгуу, араатан шинжтэй нүүр царайг үзлээ” гэж 1917 ны 12 дугаар сарын 31-д Михаил Афнасьевич Булгаков эгчдээ бичжээ.
Шашны зүтгэлтэн Василий Васильевич Розанов 1917 оны 12 дугаар сард “Хайр” гэдэг өглүүлэлдээ “Хонгор минь ээ, гарц алга! Аливаа байдлаас гарах зохистой гарц бий гэж хэн Та нарт хэлсэн юм бэ?” хэмээн цөхрөнгөө баран өгүүлжээ.
“Намайг нутгийн большевикууд “хувьсгалын эсэргүү” гэж бүртгэлээ, тэгээд би баривчлагдаж, шинэ оныг шоронд угтав, намайг буудах уу, яахав гэсэн асуулт хүртэл гарсан шүү...” хэмээн Коломнаас Борис Андреевич Пильняк 1918 оны 11 дүгээр сарын 6-нд бичжээ.
Дараа дараалан хоёр хувьсгал гарч, хуучин амьдрал бут үсрэн алга болов. Шинэ амьдрал айлгаж түгшүүлэв. Эрх чөлөө ноёрхсон орон болно гэж хүсэн хүлээж байсан энэ улсад анархи, эмх замбараагүй байдал ноёрхлоо.
“Өвлийн ордонд дарсны асар том зоорь хэд хэдээрээ бий. Тэдгээрийг эхлээд дан тоосгоор, дараа нь давхар тоосгоор хашсан. Тус болсонгүй. Шөнө бүр хаа нэгтээ цоолон нүхлээд хөхөж, долоож, сорцгооно... Галзуурсан, ичих нүүрээ алдсан, шунал тачаалд автсан бөөн бөөн хүмүүс дараа дараалан хориотой хананд татагдан ирнэ. Тэднийг буудаж, нохой мэт алж байхад тэд дөрвөн хөллөн, бас элгээрээ мөлхсөөр л, мөлхсөөр л байлаа” гэж зохиолч Лариса Рейснер гэрчлэн бичжээ.
Дэлхийн нэгдүгээр дайн эхэлхэд эзэн хаан Николай архи худалдахыг хориглосон. Хувьсгалын дараа цэргүүд согтуугаар байн байн түйвээх болов. Архи дарсны агуулах олвол түүнийг дээрэмдэж байлаа. Тэд үхтлээ уудаг байсан даа.
“Новочеркасскт хотын захад армийн нөөц анги хороод байдаг байв. Тэд хамгийн түрүүнд ялзралд автсан. Цэргүүд өөрсдийн хороогоо байгуулж, өөрсдөө түүнийхээ үгэнд ордоггүй байв... Бүх архи дарсыг асга гэсэн тушаал гарахад архи дарсны агуулахуудын өмнүүр ёстой архин гол урсах шиг болов. Цэргүүд хэдэн мод газрын цаанаас наашаа ирцгээж элгээрээ хэвтээд мөлхөн ууцгаана. Дараа нь хотоор явж, жигшмээр авирлацгаадаг байсан даа” хэмээн нүдээр үзсэн хүн дурсжээ.
Хуурай хууль буюу архи зарахыг хориглосон нь (дарс, шар айраг худалддаг байснаас тэр л дээ) мансууруулах бодис хэрэглэхэд хүргэсэн.
Яруу найрагч, дуучин Александр Вертинский дурсахдаа:
“Чухам тэр даруйд л кокаин гараад ирсэн. Эхлээд кокаиныг эмийн сангуудад таглаатай хүрэн шилнээс нэг граммаар ил худалддаг байв. Германы пүүсийн “Марк” гэх шилдэг мансууруулагч нэг грамм нь 50 копейкийн үнэтэй. Дараа нь түүнийг жоргүйгээр худалдахыг хориглосон учир олоход улам бүр хэцүү болов. Хүмүүс хувиараа зардаг байв, шүдний нунтаг оотой хольсон бохир кокаин 10 дахин үнэтэй байв. Шүдний сойзны галууны өдөн дээр нэг чимх нутаг хийгээд хамрын тамхи татах адил хамрынхаа нүхээр гүнзгий сорно. Эхний удаа үнэрлэхэд хэсэгхэн зуур толгой сэргэх шиг болно. Ер бусын хөнгөн шингэн, ухаан саруул, сэргэлэн цовоо, зоригтой, зүрхтэй болно. Санаа сэтгэлд асар том жигүүр ургасан мэт санагдана. Бүх юм гэгээн, саруул, гүн гүнзий, ойлгомжтой болно. Аахар шаахар явдал, бүтэмжгүй хэргүүдийнхээ хамт ердийн амьдрал хаа нэг тийш холдон алга болно. Энэ бүхэн 10 минут хэртэй үргэлжлэх ба 25 минутын дараа кокаины үйлчилгээ зогсоно.
Хоёр дахь удаагаа үнэрлэхэд дахин сэргэлэн цовоо болно. Хэдэн минутын турш, гэхдээ түрүүчийнхээс бага хугацаанд. Цааш үргэлжлүүлэн улам олон үнэртсээр бүрмөсөн мангуурна. Тийнхүү үхсэн хүнийх шиг цонхийсон царай гарган, цус хурж хүрэнтсэн уруулаа өвдтөл хазлан сууцгаана. Өөрөө өөрийнхээ биеийг өвтгөх гэсэн тэсгэлгүй хүсэл бараг галзууруулна. Аажимдаа кокаин сэргээх нь улам улам багасана, эцэстээ бүр үйлчлэхээ болино. Юу ч идэж чадахгүй болно. Коньяк, архи зэрэг зарим зүйлийг бол ууна. Зөвхөн маш хатуу ундаа ууна. Тийм ундаа нэг ёсондоо эрүүлжүүлж, кокаины үйлчлэлийг зогсоодог, өөрөөр хэлбэл хорны ерөндөг болно. Эсвэл үнэртэхээ болих, эсвэл унтахаар хэвтэх хоёрын нэгийг зөв сонгох хэрэгтэй болно. Тэр болгон бүгдээрээ ингэж чаддагүй байлаа.
Эрэгтэй жүжигчид хантаазныхаа халаасанд гожгор шил хийж явцгаана, тэгээд тайзан дээр гарахаасаа өмнө “биеэ цэнэглэдэг” байлаа. Эмэгтэй жүжигчид кокаиныг энгэсэгнийхээ саванд хийж явна.
-Болгооно уу! гэж гол төлөв дайлагчид хуучны байдлаар хэлнэ. Би ч гэсэн дайлуулж явлаа. Эхлээд бусдын юмаар дайлуулж, дараа нь өөрийнхөөрөө дайлж байв.
Энэ явдал сайн юманд ер хүргээгүй дээ. Нэгдүгээрт, кокаин хамрын саласт бүрхэвчийг идэж, над шиг олон хүний хамар хөвсийн, бид аймшигтай царайтай болсон. Хоёрдугаарт, мансууруулах бодис нэгэнт үйлчлэхээ больж, найдваргүйгээр зовоон цөхрүүлэхээс өөр юу ч өгдөггүй.
Нэг удаа надад – Эгч чинь нас барсан. Москвад. Зочид буудалд. Орондоо ороод хаалгаа хаагаад хэд хэдэн грамм кокаин нэг дор шууд хэрэглэсэн гэж дуулгасан юм.
Хожим би тэр зочид буудлыг хичнээн хайгаад ч, хичнээн лавлагаа аваад ч юу ч мэдэж чадаагүй, тэр хаана үхсэн, түүнийг хаана оршуулсныг би мэдэж чадаагүй” гэжээ. Яруу найрагч, дуучин Вертинскийн дурсамж ердөө энэ!
Морфиноор тариулж, эфир, кокаин үнэртэж, гашиш татацгааж байлаа. Эм, тариуртай нь, өөрөөр хэлбэл, юуны өмнө эмнэлгийнхэн морфин хэрэглэдэг байв. Янхнууд кокаин зардаг байлаа.
“Октябрийн хувьсгалаас хойш нэг сарын дотор Петроградад гарсан өөрчлөлт гэвэл энэ. Гудамжнууд цаас, шавар шавхай, ялгадас, баас шээс, наран цэцгийн үрийн хальсаар буртаглагджээ. Цэргүүд, янхнууд яадгийм гэсэн байртай нөгөөх ажлыг хийж байна. “Нөхөөр! Орон бүхний пролетари нар нэгдэгтүн! Манайд очъё” гэж нүүрэндээ будаг нялсан нэг эмэгтэй надад хандлаа. Хувьсгалын лоозонг маш өвөрмөцгөөр хэрэглэж байгаа хэрэг!” гэж Оросын нэртэй социологчдын нэг Питирим Александрович Сорокин дурсжээ.
Октябрийн хувьсгалаас хэдхэн хоногийн өмнө Леонид Борисович Красин (Лениний хамтран зүтгэгч, хожим ардын комиссар болсон) гадаадад суугаа эхнэртээ бичсэн захидалдаа Петроградын байдлыг тун урнаар ийн дүрсэлжээ:
“Питер шавар шавхайд дарагдан, хөндийрч хоосорсон ямар нэгэн байдлаараа гайхал төрүүлж байна. Гудамжнууд, явган хүний зам шалбаагаар дүүрчээ. Питерийг оршин суугчид нь орхин яваагүй юм аа гэхэд ямар ч гэсэн түүнийг тохижуулах сонирхолгүй, хамгийн наад захын засвар хийх хэрэггүй гэж үздэг харийн хүмүүс ирж суусан хотын дүртэй байна.
Цаг агаарын байдлаар авч үзвэл олон түмэн сэтгэл санааны хувьд зун цагийнхийг бодвол илүү уравгар, уур хилэнтэй байна, улс төрд ч гэсэндээ ямар нэгэн шинэ анархист-түйвээн бусниулагч давалгаа давалгаалж байна. Айсан эгэл хүмүүс большевикуудын тэмцлийг тэсч ядан хүлээж байна, гэхдээ большевикуудаас юу ч гарахгүй гэсэн бодол давамгайлж байна...” гэжээ.