Монголын телевизийн спортын контэнт дийлэнхдээ олон улсын том тэмцээн дээр төвлөрдөг. Тиймдээ ч хоёр том спортын суваг болох SPS, Спорт бокс нь  Английн премьер лиг, АНУ-ын мэргэжлийн сагсанбөмбөгийн NBA дээр суурилдаг бол бусад спортын суваг нь мэдээ, хэд хоногийн өмнө болж өнгөрсөн давталтаар гол зогооно. Хэрвээ Премьер лиг, NBA-гүй бол дээрх хоёр спортын суваг орлого олж тогтмол үйл ажиллагаа явуулах боломж багатай. Испани, Герман, Италийн хөлбөмбөгийн лиг шууд дамжуулснаар спортын суваг төлбөртэй суваг болж чадахгүй бөгөөд харин Оросын хөлбөмбөгийн Премьер лиг, Европийн сагсанбөмбөгийн лигийн эрхийг нэмж авбал манайд үзэгчид нь бий. Ер нь спортын талбарт бид өөрсдөө тийм ч сайн биш учраас оросыг дэмжих хандлага байдаг. Контэнтийн түүх сөхвөл оросын сувгаар, оросуудыг дэмжиж, Спартак, Локомотив, Торпедо, Киев болон Тбилисийн Динамогийн дэмжигчид олон.  Дөчөөс дээш насныхан оросын лигийг үзэх бол жил ирэх тусам европийн сагсанбөмбөгийн ур чадвар, мэнэжмэнт хурдацтай өсч үзэгчдийг бага багаар татаж байна. Спортын суваг нь спортын тогтмол контэнтгүйгээр оршин тогтнох боломж бага. Тогтмол бус контэнт буюу олимп болон тивийн наадам, дэлхийн аваргууд, мэргэжлийн бокс, UFC, жүдо гэх мэт тэмцээнүүдийн эрхийг аваад спортын суваг үйл ажиллагаа явуулах нь манай нөхцөлд бүр боломжгүй. Оросын спортын Россия – 2 суваг үзэгчээ алдахгүйн тулд холливүүдийн киног гаргадаг нь үйл ажиллагаагаа зогсоохгүй, үзэгчээ барих нэг бодлого болов уу!

Монголд спортын контэнтээр мөнгө олж, олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулах боломж байгаа юу? Энэ асуултанд хариулахын тулд монголын спортын хөгжлийг авч үзэх ёстой болно. Мэдээж спортын салбар хөгжиж буй ангилалд орж, сонирхогчийн шатанд явж байгаа болохоор дотоод контэнтийн асуудалд суурь бэрхшээл гарч ирдэг. Бид дандаа гадны тэмцээнийг үзэж, гадны багуудыг дэмжиж ирсэн улс. Манайд шууд нэвтрүүлгээс гадна, спортын нэвтрүүлэг бэлтгэх боломж бага, шууд дамжуулах техник, найруулагч, зураглаач, тайлбарлагчийн асуудал гарч ирнэ. Харин энэ бүх шалгуурыг торолгүй давах спортын контэнт бол Наадам юм.

Наадмын гол хоёр өдөр буюу долоодугаар сарын 11, 12-ы бөхийн барилдааныг шууд дамжуулах контэнтийг яаж үнэлэх талаар задлаад үзье. Бөхийн барилдааныг дангаараа болон хамтраад арав гаран телевиз шууд дамжуулдаг. Товчоор бол наадмыг дуртай нь шууд дамжуулж, зөвшөөрөл авсан зураглаач бүр камераа үүрээд ордог гэсэн үг. Ямарч шалгуур, өрсөлдөөн байхгүй учраас шууд дамжуулалтын чанар муу. МҮОНТВ, Монгол HD, UBS, TV9 дөрөв бусдаасаа арай дөнгүүр дамжуулдаг бөгөөд үзэгчтэй холбогддог гол хүн болох тайлбарлагчаар TV9 тэргүүлж байгаа харагддаг. Гэхдээ шууд дамжуулалтаас би лав тогтмол өсөлт олж хардаггүй. Монгол HD-гийн технологийн боломж, шийдэл арай дээр санагддаг юм.

Энэ жилийн наадмыг Монголын телевизүүдийн холбоо нийлж арав орчим телевиз хамтран дамжуулсан. Шууд дамжуулалтын нэг шугамаас бүх телевизүүд дүрсээ авч байгаа ч, ямар онцлог давуу талтайг нь би лав олж хараагүй. Ихэнх телевиз тайлбарлагчгүй болохоор бүх телевиз ижилхэн тайлбартай явсан нь бүр ч утгагүй байв.

Телевизүүд нь бүгд нэгдэж дамжуулдаг жишиг дэлхийд байхгүй. Байсан ч тэр нь олон жилийн өмнө туршаад болох, болохгүйгээ мэдчихсэн. Хоёр телевиз хамтарч дамжуулах бол харин байдаг. Үнэтэй контэнтийг хувааж мөнгийг нь төлөөд нэг нь нээлт, нэг нь хаалтыг нь авдаг бөгөөд бусад бүх юм нь тусдаа. Наадмын комисс хэрвээ гадны жишгээр тэндэр явуулвал телевизүүдийн дунд том өрсөлдөөн үүсгэж, үзэгч, бөх, телевиз, ивээн тэтгэгч гээд бүгдэд ашигтай байх боломж нээгдэнэ. Гол нь өрсөлдөөн үүсэх бодит шалгуурыг бий болгох юм.

Тухайлбал наадмын комисс гурван сарын өмнө тэндэр явуулж хоёр өдрийн бөхийн барилдааныг шууд дамжуулах эрхийг зөвхөн гурван телевизэд өгч болох юм. Тэндэрийн босго үнийг 30 сая төгрөгөөр үнэлж болно! Баярын өдрөөр зөвхөн гурван телевиз шууд дамжуулж үзэгчдийн ихэнх нь эдгээр телевизүүд дээр төвлөрнө. Дагаад ивээн тэтгэгчид гурван телевизэд төвлөрөх юм. Тэндэрээс эхний гуравт орохоор үнэ санал болгосон гурван телевизийн үнийн дүн мэдээж зөрүүтэй байх нь ойлгомжтой. Тухайлбал 44, 42, 39 сая гэсэн үнийн дүнгээс дунджаар нь гаргаж үнийг нэгтгэж болно. Учир нь гурван телевиз ялгаатай үнэ санал болгоод ямар нэгэн давуу тал байхгүй болохоор үнийг нэгтгэх хэрэгтэй. Эсвэл үнийг дүнг нээлттэй болгож болно. Эрх авсан гурван телевиз чанарын шаардлага хангахааргүй бол дараа жилийн тэндэрт оруулахгүй байж болно гээд олон шаардлагуудыг гаргах ёстой. Дээр нь нэгэнт өндөр үнээр эрх авсан телевиз сайн дамжуулахаас өөр аргагүй болох юм. Гадны том контэнт дээр хамтарч ажилладаг шиг үндэсний том компаниуд телевизтэй хамтарч тэндэрт оролцох, гадны мэнэжмэнт чанартай нэвтрүүлэг гаргах тал дээр ажиллах болно.

Наадмын комисс контэнтоос орлого олох боломж гарч, дагаад бөхчүүдийн давааны үнэлгээг нэмж болно. Телевизийн эрхээс 100 саяыг босгох боломж байна. Ер нь орчин үеийн спортын салбарт үзэгчээс гадна телевизийн эрхээс санаанд оромгүй их мөнгө авдаг. Дагаад шууд дамжуулалтын чанар сайжирч цөөхөн телевизэд сайн найруулагч, зураглаач, тайлбарлагчийг цуглуулах боломж бүрдэнэ. Мэргэжлийн тайлбарлагч зайлшгүй ялгарч үнэлгээ нь өснө.  Манай тайлбарлагчид сайжирдаггүй шалтгаан энэ шүү дээ. Ямарч өрсөлдөөн, үнэлэмж байдаггүй. Телевиз ивээн тэтгэгчээс мөнгө олохоос гадна наадмын бөхийн тоймыг бусад телевизүүдэд 2-3 сая төгрөгөөр үнэлэн зарж болно. Сайн тойм бэлдэж чадвал авах телевиз нь олон болж, тоймоор мөнгө хийх, тоймоо сайн бэлтгэх өөр жижиг өрсөлдөөн гарч ирнэ. Тэгэхээр эрх авсан гурван телевиз нэмэлт мөнгө олохын тулд тоймоо сайн бэлтгэж нөгөө хоёроосоо ялгарч мөнгө олох боломжтой. Телевизүүд ашигтай ажиллахын тулд л оршин тогтнодог биз дээ.



Эрх аваагүй телевизүүд яах вэ? Наадмаар зүгээр байхгүйн тулд хүссэн хүсээгүй янз бүрийн нэвтрүүлэг, шоу бэлтгэхээс өөр аргагүй болж, зөвхөн тоймоор дагнасан анализ нэвтрүүлэг үндэсний бөхөд шинээр мэндэлнэ. Мундаг мундаг ахмад бөхчүүд, бөхийн шинжээчид ямар мэх хийх ёстой байсан, яавал дээр байсан, өмнөх барилдаанд яаж байсан гээд мэдлэгээ чадвараа уралдуулж, дагаад үзэгчдийн сонирхлыг татна. Бөх үзэх нь багассан залуучуудыг татаж, бөхийн мэдлэг улам тэлэх болов уу! Зөвхөн тухайн тэмцээнийг шууд дамжуулах биш дагалдах нэвтрүүлгүүд манайд байдаггүйтэй адил. Үндэсний бөх дээр юу л байна аналист, мэргэжилтнүүд бий. Тэд нарыг сайн ашиглавал бөхийн ойлголт муу залуу үеийнхэн болон үзэгчийн мэдлэгийг тэлэх юм. Хүн мэддэг, ойлгодог юм аа л үздэг болохоор үзэгч нэмэгдэнэ гэсэн үг. Жил ирэх тусам тэндэрийн үнэ өсч үндэсний бөхөд контэнтийн асар их мөнгөн урсгал олж ирэх боломжтой. Мөнгөө гадагшаа алдахгүй учраас үнийн дүн хэд ч хүрч байсан асуудал гарахгүй.

Наадмаар өөр юм хийж болохыг Монгол HD энэ жил харуулсан. Дэлхийн шилдэг кинонуудыг гаргаснаар залуучуудыг голдуу татсан нь судалгаагаар харагдсан. Бөхийн анализ олон хүнийг татна даа.

Спортын маркетинг эндээс л эхэлдэг. Тэндэр болно гэж том сэнсаац гарч, хүмүүс аль телевиз авах тал дээр сошиал дээр мэтгэлцээн үүсгэж, үнийн дүн хэд байх бол, тэр телевиз эрх авбал сайн дамжуулна гээд л ярианы сэдвүүд гарч ирнэ. Тэдний дүрс сайн, тэдний тайлбарлагч сайн гээд... Америкчууд (АНУ) ийм төрлийн маркетинг хийж, үзэгч, сонирхогчдыг байнгын сэдэвтэй байлгадаг. Тэндэр дуусаад шууд дамжуулах телевизүүд тодорсон бол зөвхөн тэр гурван телевиз дээр тогтсон үзэгч, сонирхогчдын сэдэв үүснэ. Зохион байгуулагч нар сайхан өдөөж өгөөд л...

Ивээн тэтгэгчдийн хувьд гурван телевизэд шууд дамжуулах эрх олгохоор наадмаар хоосон үлдэх магадлалтай ивээн тэтгэгч олон болно. Ингэснээр телевизүүд рекламны үнийн дүнгээ өсгөхөөс өөр аргагүй болж, шууд нэвтрүүлгийн ивээн тэтгэгч болох хүсэлтэй компаниудын захиалганд жинхэнэ утгаараа дарагдах юм. Гурван телевизэд төвлөрөх энэ их ивээн тэтгэгч бусад телевизийн хорхойг хүргэж сайн юм хийх өрсөлдөөн үүснэ. Шууд нэвтрүүлэг рүү орж чадаагүй компани тойм авсан телевизтэй хамтарч яаж сайн нэвтрүүлэг хийх вэ гэдэг зөвшилцөлд хүрэх гарцийг хайна. Үндэсний бөх болон телевизүүдийн хөгжилд том хувь нэмэр оруулж, үзэгчдийн хувьд ч чанартай контэнт үзэх боломж нээгдэх юм.

Дэлхийн хамгийн том спортын контэнт Английн премьер лиг шууд дамжуулах эрхээ энэ талаар мэргэшсэн компаниудад зараад ашигаа авдаг. Тухайлбал францын IMG компани Японд шууд дамжуулах премьер лигийн эрх аваад Монгол, Таиландыг бонусанд нь авсан бөгөөд хэдээр зарах нь IMG-гийн эрх. Харин премьер лигийг Монголд хэдээр зарах нь хамаагүй, гол нь гаргах ёстой. Хэдэн жилийн өмнө 150 сая хүн амтай Бангладеш, телевизүүд нь нэгдээд премьер лигийн эрх үнэтэй байна гээд аваагүй юм. Харин Бангладешт шууд дамжуулах эрх авсан компани яаж ч чадалгүй арга буюу бангладеш тайлбартайгаар үнэгүй гаргасан түүх бий. Манайхан яг энэ жишээгээр Сочигийн олимпийг шууд дамжуулахгүй гээд бүгд тохирсон ч, ТВ5 тохиролцооноосоо буцсан түүхтэй. Энэ жишээгээр олон санаа агуулж байгаа ч, наадмын комисс эрхээ 150 саяар (жишээ) зарлаа, харин эрх авсан тухайн компани бүх эрсдэлээ үүрээд телевизүүдийн дунд тэндэр явуулах юм. Гол нь гурван телевиз заавал гаргах ёстой. Наадмын контэнт гэлтгүй хуушуурын эрхээ нэг компанид зараад, тухайн компани өөрсдөө маркетингаа хийвэл зохион байгуулалт хамаагүй өөр болно. Комисс бүгдийг өөртөө төвлөрүүлэх биш хувийн компаниудад даатгаад ашигаа аваад суух нь дэлхийн жишиг.

Үндэсний бөх болон наадмын зохион байгуулалт төдийлөн сайн явахгүй байгаа ч, бизнесийн зарчимд орсноор хуучинсаг арга барил хурдан арилах боломжтой. Өрсөлдөөн, бизнес мэнэжмэнт манай бөхийг сүмогийн араас хөтөлнө. Яваандаа хоёр хоногийн барилдааныг гурав, дөрвөн өдөр болгож телевиз олон хоног дамжуулж олон өдрийн чанартай барилдаан гарна. Наадмын шинэчлэл телевизээсээ эхэлж, байгаа юм аа үнэлж, системээ зөв бүтцэд оруулвал бүгд ялагч болно.