Чавхны чулуу шиг Жаргалын Барамсай
Шог зохиолч Жаргалын Барамсай ёстой л чавхны чулуу шиг эрчтэй бяцхан шөвх улаан залуу авъяас билэгтээ цалгиж явлаа.
Шог зохиолч Жаргалын Барамсай ёстой л чавхны чулуу шиг эрчтэй бяцхан шөвх улаан залуу авъяас билэгтээ цалгиж явлаа. Нэг нам, нэг хүний олон жилийн дарангуйлал аяндаа өгөршиж, шалгарсан манлай коммунист жолоодогч хэмээх Увс Дорноговийн хэдэн өвгөн тэртээ дээр “тэнгэр”-т зөнөөд, тэднийг тойрон хүрээлсэн одоогийн олигархиуд шиг зальжин дарга нарын олон давхар хүрээг нэвтлэх шударга шүүмжлэлийн ир халирсан баргар үед Барамсайн охорхон амьдрал өнгөрчээ. Нийгмийн ялзарлыг “Тоншуул” сэтгүүлийнхэн ангуучилж явсан болохоор муугүй мэдэрч байлаа.
Томчуудын нутгархах хуйвалдаан, арын хаалга бол байх ёстой мэт хүлээн зөвшөөрөгдөв. Төв орон нутгийн нам, засгийн дээд дунд шатны бараг бүх албан тушаалыг нэг нутгийн бүлэг хүмүүс булаан авч өөрсдийн аймгархах луйвраар ил задгай бардамнаж, сүр бадруулж, бүр гайхуулж, үг хэлэх, шүүмжлэх эрх чөлөөгүй ард түмнээ дураараа дээрэлхэнэ. Ийм байдал одоо ч адил шив дээ. Өөрийн гэсэн хямгадах эзэнгүй социалист өмч гэгч нь нилэнхүйдээ шамшигдана. Харин тэр үеийн идэж уусан гэмтнүүд одоогийн олигархиудтай адилгүй гилбэлзэж байсан юм шүү. “Тоншуул” сэтгүүлд “Чавх” гэсэн булан байв. “Чавх нүдэнд, чацга борвинд” гэж дальдардаг эрхмүүд цөөнгүй байсан нь одоо нэхэн санахад социализмд хууль ёс бүрэн унтарчихаагүйг харуулж байжээ.
Гэхдээ дээгүүрээ унтарчихаад, доогуураа нурам төдий уугиж байсан юм. Уг нь хууль ямагт дүрэлзэж, хуйхалчих гэж байвал олигархиудын борви бохир явах юмсан. Тийм нийгмийг бид үзэхгүй нь шиг байна. Барамсайн үед томчууд бол муу сонин сэтгүүлийг ил тод няц лантуудна. Хурган дарга нар жаахан эмээнэ. Тэднээс доошоо нэгдлийн гишүүд, бухан бяруу, хурган хуц бол бүр ухаан алдана. Энэ байдлыг бид сайн мэдэрч лантуунд няц цохиулахаас бултаж, бухан бяруу хурган хуц “тонших” далимандаа томчуудын бузрыг далд утгаар битүүхэн төнхөх санаа өвөрлөнө. Бидний нууц санааг тантсан томчууд ямагт сэрдэж, маний дээр итгэлтэй коммунист “хянагч”-аа тавина. Өндөр цалинтай тэр харуул урдуураа улаан хөлтэй юм гаргахгүй. Одоогийн хэвлэл мэдээллийн эзэн боссууд шиг.
Барамсайн дүүгүүрийн чулуу шиг хурц шүүмжлэлд доодос алга ташдаг ч дээдсийн дунд далдуур араандаа зуугчид үүссэн юм. Пентэй, мөн дайсантай явахыг үлбэгэр зулгуй зохиолч хүсээд хүсээд эдлэхгүй. Энэ бол жинхэнэ зохиолчид олддог хувь заяа. Уран бүтээлийн чансаа, олны талархал татах тэнхээ нэр төр авчирдаг. Нэр төр их тунирхуу. Харин Барамсай нэр төртэй зохиолч түвэггүй болсон хүн дээ.
Тэртэй тэргүй нурж эхэлсэн тогтолцоог хазайсан тийш нь түлхэж түргэнд нь оруулах “эмчилгээ” хийх гэж шогчид санаархаж явахад, нурж ойчиж буй тогтолцоогоо босгох гэж Барамсай мэтийг үзэн ядаж, хөлд нь нууц урхи тавьж явсан хүмүүсийн нэрсийг жагсаахад амархан байна. Өнөө маргаашаа бодсон тэд авдаг цалингаа алдах вий гэж айхаас бус улс орон хохирох тэдэнд бол юу ч биш тийм амьтад явсан юм. Гэвч хөөрхий олонх нь бурхан болж дээ. Эдүгээ ардчиллын үед бидний амнаас дан муу үг урсах нь эгдүүцэм ч социализмын үед бидний амнаас дан магтаал цацарч байсныг талархах аргагүй. Тэг дундуур нь ярьдаг тэнэг сэтгүүлч Монголд аль ч цагт ховор ажээ.
“Тоншуул” сэтгүүлд ажиллахыг Барамсай олон жил мөрөөдсөн. Дарга нар түүнийг “Тоншуул”-д авч ажиллуулахыг нэг их шимтдэггүй байсан нь сонин. Байды бид хоёр зүтгэж байгаад сэтгүүлдээ авч дөнгөсөн дөө. Барамсай телевизээсээ гарч тойрох хуудсаа зуруучихаад ирэв. Тэгтэл урьд нь “зэ” “зү” болсон тоншуул нь авахгүй гэдэг байгаа. Юу болчихов оо? гэтэл Төв Хороо дургүйцсэн байдаг юм. “Тоншуул”-д чухам таарах хүн хэн бэ гэхэд Барамсай л гэх байв. Тэгээд яагаад хошин шогийн бөөн авъяасыг авахгүй гэдэг билээ? Тэгж тэгж авсан л даа. Авахаас ч яахав. “Авна” гэж ажлаас нь гаргачихаад гудамжинд хаях зохимжгүй. Барамсай буцаад телевиздээ очиход нөхөд нь дуртайяа хүлээж авна л даа. Гэвч нэр төрд нь ямар сайн байхав.
Барамсайн авъяас, уран чадвар, тийм ийм гэж би номчирхоод яахав. Уншигч та уншаад өөрийн таашаалаар хүлээж авах юм чинь! Харин Барамсай гэгч хорин хэдхэн настай авъяастан шог зохиолч болох гэж хичнээн их тэмүүлж явсныг би анхнаас нь сайн мэднэ. Харамсалтай нь түүний мөрөөдлийн замд саад тавьж, оргилон буцалсан дур хүслийг нь унтраасан гашуун тохиолдлууд богинохон настай түүнийг минь амьдрах бяцхан хугацаанд нь чамгүй гомдоосныг дурсах ёстой хүн нь би билээ. Хэлмэгдэгч олширсон эдүгээ үед би түүнийг хэлмэгдэж явсан гэж хэлэхээс зайлсхийе. Номыг нь олон жил хэвлэлээс хассан. Энэ бол зохиолч хүнд сэтгэл зүйн урхагтай цохилт болдог. Үе тэнгийн уран бүтээлч найз залуусаас зориуд ганцааранг ялгаж, Зохиолчдын эвлэлд элсүүлэхгүй сэтгэлээр унагаж асан. Доод талдаа авъяас чадварт нь атаархсан дарга сэтэртэй зохиолчид, дээд талдаа Төв хорооны “үзэл суртлын соргог манаачид” гэгч тусгай хангамжинд амжиж шургасан хөгийн амьтас энэ хорыг найруулж байсан юм.
Түүний “Үхэр бол амьд амьтан”, “Шүүмжийн загвар” өгүүллэгүүд дайснуудын нь хорслыг сэдрээж, тоог нэмсэн билээ. Барамсайн зохиолын хурц үзүүр дээшээ чигтэйгээс гадна, социалист үзэл суртлыг үгүйсгэсэн далд санаа агуулж байсанд хамаг учир оршиж байлаа. Тэр бээр шог зохиолоос өөр, ялангуяа албан тушаал, бизнес хөөсөн бол хялбархан баян чинээлэг амьдарч чадах овсгоотой залуу байсныг нөхөд нь мэднэ. Тэгсэн бол урт насалсан ч байж мэднэ. Шог зохиол хөөсний учир гэвэл тэр үеийн эрх чөлөөгүй ард түмэн, дарангуйллын тогтолцоо гэх мэт Монголын эмгэнэлийг хурцаар мэдэрч бас шаналж, өөрөөсөө ахадсан тэмцэлд биеэ үрэх халхын нэгэн эх оронч хүү болж төрсөнд хамаг учир оршино. Түүний минь эх оронч жаахан үзлийг уран бүтээл туурвиж том зохиолч болох гэж буцалсан их дур хүсэл чухамхүү ноцоож өгсөн дөө.
Дөрвөн сарын нэгний инээдмийн баяр гэж нэг үлбийсэн юм зохиолчдын хорооноос зохиох. Даржаа гуай тэргүүлнэ. Бид цэргүүд нь. Тэнд унших зохиолоо өчнөөн даргын дамжлагаар уншуулж шалгуулна. Арай л Цэдэнбал даргад хүрдэггүй байсан байх. Намын үзэл сурталд таарч байна уу, үгүй юү. Хэн нэгэн удирдагчийг минь тойруу утгаар шоглочихоогүй биз гэж хардахаас өөр бодол тэдний толгойд орохгүй. Хошин шогийн мэдрэмжгүй дарга хянаж уншихдаа юуны өмнө өөрийгөө “үг хэлэнд уначих эсэргүү зохиол харалгүй баталчих вий” гэж хий банатаад гайгүй шиг болсныг нь “энэ зохиолыг хасъя” гэх нь түүнд аюулгүй бөгөөд амар. Хамгийн муу зохиолууд тунасаар батлагдана. Гэсэн хэдий ч хошин шогийн тааруухан үзвэрийг үзэх гэсэн олон түмэн дуурь, драмын театрууд, улсын циркийн цонхыг хагалж, хаалга үүдийг эвддэг байж билээ. Дан худал магтаалаас өөр юмны бараа хардаггүй ард түмэн шударга шүүмжлэл, дархан цаазтай дарга нарыг тоншсон хошин шогоор цангаж байсны ул мөр энэ биз ээ.
Дөрвөн сарын нэгний инээдмийн тоглолтыг Барамсайн “Алтан загасны үлгэр” анх жинхэнэ инээдээр амилуулж өгснийг дурсахад таатай байна. Барамсайн хэтрүүлэг ихтэй, хөнгөн, марзандуу, хөгжилтэй өгүүллэгүүд тайзан дээр анх байлдан дагуулсныг хэлэх хэрэгтэй. Олон жилийн дараа эдүгээ уншихад тийм сүрхий ч үгүй л юм билээ. Тухайн үедээ үзэгчдийг догдлуулж асан тэр их реакцийг үгүйсгэх нүгэл биз дээ. Энэ бол хүн төрөлхтөний гоо зүйн мангас шиг хэрэглээ урлагт цаддаггүйн нэгэн бяцхан жишээ болой.
Барамсай намайг багшийгаа гэж хэнд ч хаа ч хэлнэ. Үүнд нь би жаахан дургүй. Хошин шог зохиолын шинэ амьсгааг би Москвагаас, төрөлхийн овтой Барамсай надаас авсан байж болно оо. Үүнийг үгүйсгэхгүй. “Тоншуул”-д ирж ажиллаад Барамсай айхтар хурц нийтлэлүүдээрээ цууд гарсан даа. Өөрчлөн байгуулалт зөвлөлт монголын сэтгүүл зүйд эерэг нөлөө үзүүлснийг дурдах ёстой. Шөвхдүү хамартай, гялалзсан хурц нүдтэй Барамсайг бид “яс мөлждөг тонгорог” гэдэг сэн. Архангайнхан хошин шогд даруу бусаар хэлэхэд ноёлж байлаа. Хошин шогчдын цуглардаг газар нь “Тоншуул” сэтгүүл. Жамцын Шагдар, Жаргалын Барамсай, Самбуугийн Ламбаа, С.Идэрхангай, Д.Оросоо, С.Шамбий, миний бие гээд бүгд Архангайхан. Зохиолч, яруу найрагч, зураач нөхөд “Тоншуул”-д албан тушаалын төлөө аймгархан булагнаж байсангүй. Гагцхүү нийгмээ шинэчлэх агуулгатай өгүүллэг, шүлэг, шог зургаараа холбогдож асныг дурсахад бахархууштай.
2009-03-09
Зочин
Зочин
иргэн
Цэндийн Доржготов
Өлзий
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
чогоо
Зочин
Зочин
Зочин
Зочин
shuumjilegch
goviinkhuu
zochin
zochin
uvs
ZUNUG NOHOI UHEEED ALIACHEEE
ZUNUG NOHOI UHEEED ALIACHEEE
ZUNUG NOHOI UHEEED ALIACHEEE
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин 1
йабтя
Зочин
хуульч сандаг
unshigch
unshigch
Зочин
Зочин
Г.Батнасан
Зочин
Zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Алтангэрэл
Tod Otgonbayar, zuraach, London
Tod Otgonbayar, zuraach, London
Зочин
Зочин
zochinene
zuvlumj
reklam
munkhuu
mongol
Munkh