Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуутай Өдрийн сонины ерөнхий эрхлэгчийн нэгдүгээр орлогч Б.Цэнддоогийн хийсэн ярилцлагыг нийтэлж байна.



Нэг. Улстайгаа цуг өссөн иргэд

-Яриаг хаанаас ч эхэлж болдог. Гэхдээ таны төрсөн үеийн тухай сэдвээс эхэлбэл ямар вэ? Мэдээж хэрэг 1956 он бол ёстой гоё жил, бороо хуртай ихтэй байсан гэхчлэн ярина гэсэн үг биш л дээ. Тэр үед төрөгсөд нийгэмд ямар үүрэг хүлээсэн талаар л ярих гэсэн санаа л даа.

-Миний төрсөн тавиад он бол Монгол оронд хотшлийн давалгаа ил эхэлсэн үе байлаа. Халх голын тулаан, дэлхийн II дайн өнгөрч монголчууд төдийгүй, хүний хорвоо амсхийсэн мөчлөг. Судлаачид хэлдэг юм билээ, монголчуудын хамгийн бадрангуй үе гэж. Яагаад гэхлээр, хоёр хөрш хоеулаа БНМАУ-г хүлээн зөвшөөрснөөр тусгаар тогтнол бодитой болж, хүн ардын магнай тэнийсэн, ирээдүйдээ итгэлтэй болсон цаг байж. Улс орон Зөвлөлтийн жишгээр, европийн суурин соёл, технологид суралцаж байсан. Хүн ард нь ч урам зориг дүүрэн, шинэ амьдралд суралцаж “Орос хэл, оньсон техник сурах” аянд мордож байсан цаг. Энэ хэллэг бол манайхан нийгмийн шинэ эрэмбэ рүү Зөвлөлтөөр дамжин зүтгэж байгааг харуулдаг.

Жирийн малчин гаралтай аав маань мужаан, дархан, кино механикч, фотозурагчин болж байсан нь монгол хүний амьдралд нэвтэрч эхэлсэн шинэ мэргэжил, шинэ технологийн тусгал байсан хэрэг.Түүгээр ч барахгүй Бэрхийн уурхайн уурхайчны нэг болсон. Ингээд бодохоор би удам залгасан уурхайчин болж байгаа юм. Манайх долоон хүүхэдтэй өнөр өтгөн айл байсан нь монголын хүн ам эрүүлжин, төрөлт огцом нэмэгдэж байсан үетэй холбогдоно. Манайх шиг мянга мянган өнөр айлууд нэмэгдсээр монголын хүн ам анх удаагаа нэг саяд хүрсэн нь мөн л ХХ зууны дунд үеийн статистик.

-Бага насандаа ямархуу хүүхэд байв асуултад “бага хүүхэд л байсан даа” гэж цэцэн агаад адармаатй хариулсан жишээ бий. Гэхдээ үе солигдож, амьдралын хуучин хэвшил мартагдахын хэрээр ийм асуултыг дахин дахин асуумаар санагддаг болж.

-Монгол хүүхдүүд хар багаасаа л аав эжийдээ тус дэм болж өсдөг. Манай ах дүүс ч түүнийг тойроогүй. Харин тал нутгийн ажилсаг хүүхдийн тусыг өрнөдийн түүхнээ үлдсэн хүүхдийн хүнд хөдөлмөртэй зүйрлэж боломгүй санагддаг. XIX зууны барууны болхи үйлдвэр заводуудад насанд хүрээгүй багачуул ажиллуулж, тэдэнд үүрүүлж байсан тэсвэрлэшгүй хөдөлмөр бол монгол хүүхэд хурга хариулж, аргал хормойлохоос өөр билээ. Өөрөөр хэлбэл, Чарльз Диккенсийн “Оливер Твист”, “Давид Копперфильд” нарын хувь заяанаас биднийх ондоо байсан хэрэг.

Миний бага нас ч тийм л өнгөрсөн. Намартаа манайх ангийн бригад маягтай болон гарч тарваганы арьсны төлөвлөгөө биелүүлнэ. Ангийн буутай болгонд норм өгдөг байсан цаг. Аав маань том ахтай хамт агнах, буудах ажлаа хийж, би ээжтэйгээ тарвага өвчиж, арьс дэлгэнэ. Бага насандаа сурсан юм арилах биш, одоо ч тарвага сайхан агнаад арьсыг нь зөв өвчин хатааж нэгдүгээр зэрэгт тушаачихаж чадна.

Арай том болоод хадланд явж морин тармуур хөтлөх болсон. Улмаар эмээтэйгээ нийлж мянган тоосго цохиж байсан зэргээ бодохоор, монгол орны амьдралд гарсан шинэчлэлийн тусгал бололтой санагдана. Малчин монголчууд дан ганц бэлчээрт найдахаа болиод өвс хадлан бэлтгэж, нүүж амьдрахаа азнан барилга байшин өрж эхэлсний тусгал юм биз дээ.

-Нэгэн үе геологийн сэдэв монголын нийгмийн амьдралд моод болж, Ч.Лодойдамбын “Алтайд” тууж уншигч олны сэтгэлийг эзэмдэж байсан гэдэг. Таны мэргэжил ч бас ийшээ холбогдох байх.

-Эзэмшсэн боловсрол маань тухайн үеийнхээ хүсэл мөрөөдлийн тусгал бол мөн. Бүгд Найрамдах Монгол Ард Улс хөдөө аж ахуй аж үйлдвэрийн орноос аж үйлдвэр хөдөө аж ахуйн орон болох зорилтоо амжилттай хэрэгжүүлж, уул уурхайн олборлох, боловсуулах салбарын мэргэжилтнүүд өргөнөөр бэлтгэж эхэлсэн үе. Үүний өмнөх үе геологи хайгуулын тал түлхүү байсан нь манай эх орон хөрсөн доорхи эрдэнэсээ хайж тэмтэрч эхэлсэн цагтайгаа уялдана.

Мэдээж энэ бол ХХ зууны монголын бүтээн байгуулалтын домог, өнөөгийн бахархал болсон Эрдэнэттэй холбогдоно. 1981 онд Эрхүүгийг Политехникийн их сургуулийг төгсгөж ирээд мөнөөх Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт ажилласан даа. Дараа нь 1985 онд Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрийг “залгасан” даа.

Хоёр. Бор Өндөрийг “залгав”

-Залгасан гэдэг нь ямар учиртай үг вэ? Тог тасраад байсныг нь холбосон, эсвэл дундуураа тас үсэрчихээд үйлдвэрийг янзалсан гэж ч арай бодохгүй байна л даа. Хоёр байгууламжийг нь холбодог юм уу?

-Манай мэргэжлийн л хэллэг юм даа. Нэг талаасаа ихээхэн өргөн утга агуулгатай, салбартаа хамгийн нэр хүндтэй, тэр хэрээрээ хариуцлагатай үүрэг юм. Шинэ үйлдвэрийн бүх талын бэлтгэлийг хангаж ажилд оруулах л гэсэн үг. Товчдоо бол машиныг угсарч, түлшийг дүүргэж, тосолгоо үйлчилгээг дуусгаад, жолоочийг сургаж үнэмлэх олгоод астаачир дарах хүртэлхи процесс шиг юм уу даа. “Үйлдвэр залгасан хүн” гэдэг бол салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн амьтан болоод явчихаж байгаа юм. Ламаар бол жирийн уншлагын ламаас өсөөд хамба маягийн лам болоод явчихлаа гэсэн үг ч юмуу, зохиолч энэ тэр биш болохоор олигтой зүйрлэж чадахгүй байна л даа.

Ер нь манай салбарынхны хүчээ сорьж үзэх юмсан гэдэг ажил байгаа юм. Бор Өндөрийн баяжуулах үйлдвэр бол дэлхийд гуравт ордог жоншны баяжуулах үйлдвэр гээд болохоор бахархам байдаг л даа. Энд би баяжуулах фабрикийн орлогчоор таван жил, даргаар нь таван жил ажиллажээ. Дараа нь ерөнхий захирлын нэгдүгээр орлогчийг гурван жил хийгээд Эрдэнэтэд ирсэн дээ. Ерөнхий захирал нь орос хүн байсан болохоор монгол талаасаа нэг дэх хүн гэсэн үг. Тэгэхээр хүнийхээ хувьд ч , мэргэжилтнийхээ хувьд ч бүтэж бүрэлдсэн газар маань Бор Өндөр гэсэн үг.

Эрдэнэтээс дөчөөд хүн очиж байгаа юм. Нийтдээ 300 шахам хүн ажиллах учиртай. Ингээд ажилчин бэлтгэх, сургах нөр ажил эхэлнэ. Тоног төхөөрөмж угсрах, суурилуулах, ажлын горимд бэлтгэх бол ажлын зөвхөн нэг тал нь. Ихэнх нь морь унаж хөндөлдсөн, арай хотшсон зарим нь вьетнам кээтээр гангарсан ард олныг ажилчин, уурхайчин болгож сургах ажил нөгөө талд хүлээж байлаа. Уул уурхайн машин техникийн заавар, зөвлөмжүүдийг эхлээд орос хэл дээр боловсруулна. Дараа нь монгол болгоод тараахаас эхлээд механик ажил ихтэй.

-Хамгийн хэцүү нь малчин ардаас үйлдвэрчин ард болж буй хүмүүст хамгийн хэцүү нь юу байсан бол? Ер нь нүүдэлчид шинэ юм сурахдаа дуртай, авхаалжтай улс гэдэг ээ.

-Монгол хүн юм сурахдаа амархан. Амьдралын хэвшлээ өөрчилж, европын технологид суралцахдаа улам зориг дүүрэн байсан. Гэхдээ энэ бол зөвхөн нэг тал нь. Хамгийн амаргүй нь юу байсан гэхээр малчин маягийн сэтгэхүй, хандлагын онцлог гэмээр нэг зүйлийг өөрчлөх байсан. Манайхан сониуч нь дэндүү, юм байвал оролдож, кноп харагдвал “Энэ дээр дараахаар яадаг юм бол” гэж сониучирхана. Заримдаа гэнэн жаахан хүүхэд шиг сониуч зандаа хөтлөгдөөд осолтой юм хийчих гээд болдоггүй талтай. Танин мэдэх оргилсон хүслийг нь унтраалгүйгээр, үйлдвэрлэлийн сахилга батад сургах л хамгийн амаргүй байсан санагдаад байдаг юм. Бэлтгэсэн хүмүүсээ Зөвлөлтийн Ярославльд хоёр сар үйлдвэрлэлийн дадлага хийлгэж авсан нь хэрдээ том дээд сургууль болж байлаа.

Гурав. Үйлдвэрийг ч, айлыг ч “удирдах” цаг

-яг иймэрхүү нэг жишээ санаанд орчихлоо доо. Асуулт асуухын оронд тэрийгээ ярьчих уу?

-Юу нь болохгүй билээ. Надад ч сонин байна.

-Манай хамаатны Гэлгээ ах буюу Гэлэгдорж гэдэг хүн байваа. Тэрээр нэг удаа эвдэрсэн радиогоо засах гэж жаал оролдсон байгаа юм. Тэр үеийн малчин хүн радио засна ч гэж юу байх билээ. Тагийг нь аваад юм хумыг холхиулж, сэгсэрч, нясалж үзээ л байлгүй. Тэгж тэгж нэг юмыг нь “Ингээд үзвэл яадаг юм бол” гээд долоогоод хаясан гэж байгаа. Тэгсэн чинь хэл нь хавдаад амандаа багтахгүй болж үхэнгээ алдсан гэсэн. Муудаад урсаж байсан зай тэжээлийг нь долоосон ч юмуу, бүү мэд. Манай эмээ л яриад, Гэлгээ ахыг шоолоод байдаг нь санаанд үлдэж.

-Харин тийм. Яг ийм хандлагыг л сахилга бат болгон хувиргах жаахан ярвигтай байдаг юм.Тэр үед удирдах ажил хийж байсан хүмүүс сайн мэднэ дээ, дарга гэдэг амьтан чинь зарим үед ажилчдынхаа хувийн амьдралыг хүртэл хариуцаад авч явдаг байлаа. Уурхайд хүнд хүчир зам туулсан, орон шорон дамжсан улс ч бишгүй. “Байр өгөхгүй бол одоо очиж ална” гэж утастчихаад агсраад ороод ирэх ч удаа гарна. “Манай тэр авгайгаа зодоод болохоо байлаа, дарга минь очиж зохицуулаач” гэсээр ороод ирэх хүн ч байна. Тэр бүгдийг зохицуулах тусам хүмүүс нягтраад л, итгээд хүрээлээд ирдэг сонин цаг үе байсан.

Нэг удаа хүмүүс намайг дуудаж “Манай хэн амиа хорлох гээд байна. Та очихгүй бол болохоо байлаа” гэдэг юм байна. Тэгсэн чинь манай нэг эмэгтэй ажилчин байшин дээрээс үсрэхэд бэлэн зогсчихож. (Нэрийг нь хэлбэл, ач зээгээсээсээ нэрэлхэх байлгүй, хөөрхий)

Би аваарын шатаар авираад очтол “Таныг толгойгоо цухуйлгадаг л юм бол үсрэнэ” гэж байна. Нээрээ ч үсрэх шинжтэй. Битгий тэг гэж ятгаад нэмэргүй санагдав. Тэгэхээр нь дэмий л “Чи очиж ажлаа хийгээч. Дамжлага чинь зогслоо. Улс орны өмнө би чадна, би хийнэ гэж мэргэжлийг нь эзэмшчихээд яаж байгаа хүн бэ” гэж хэлээд үзэв.

Мань хүн “Зогсвол зогсоно биз, яадгийн. Ер нь тэр Чимгээгээрээ хийлгэхгүй юу” гэж байна. Нөхрөө хардснаас болжээ гэдэг нь тодорхой болов. Гэтэл тэднийх хөөрхөн жаахан охинтой гэдэг нь санаанд орлоо. Тэгээд “За яахав, чи гэдэг хүн ингээд үхээд өгдөг байж. Харин Чимгээ ч хатуу сэтгэлтэй хүн. Муу охиныг чинь шоо үзнэ. Нялх амьтан хөөрхий байна даа” гээд үзлээ. Тэгтэл өнөөх чинь “Гайгүй байлгүй, тэр мууд охиноо шоо үзүүлэхгүй” гэж байхаар нь горьдлого төрлөө. “Шоовдорлуулахгүй гээд яахав дээ. Өнчин өрөөсөн амьтныг захын хүн л дээрэлхдэг дээ. За тэгээд нас бие гүйцээд ирэхийн цагт хүүе хаая гэх эхгүй амьтныг уруу татах улс ч мөн их гарна. Хөөрхий дөө” гэтэл өнөөх чинь сэтгэл үймрээд дээврийн ирмэгээс холдоод ирлээ. Тэгэхээр нь ухасхийж гараад тэврээд авсан. Сүүлд нь “та миний амийг аварсан” гээд л баярлаадл байдагсан хөөрхий, одоо хаа явдаг юм бол доо. Иймэрхүү юм захаас авам тохиолдоно.

Харин өнөө үеийн ёс суртал өөр болж дарга удирдлага нь хувийн амьдралд оролцохгүй, хүмүүс ч хувийн асуудлаа нийтийн өмнө дэлгэхгүй тийм цаг үе ирсэн байна.

-Ажил амьдрал чинь ид жигдэрч байсан Эрдэнэтээс яагаад явав? Тэр үеийн сурталчилгаанд “намын уриа, эвлэлийн илгээлтэд зоригжин шинэ бүтээн байгуулалтыг зорив” гэж байдаг шиг юм болсон уу? Бас дарга удирдлагатайгаа таарамж муудах гэхчлэнгийн энээ тэрээ хүмүүс сайхан орчин, шинэ ажлаа орхидог байж:

-Алин ч биш юмаа. Үнэн хэрэгтээ Эрдэнэтээс явахгүй шалтгаан надад их байв. Учир нь тэнд би Бутлах, тээвэрлэх хэсгийн дарга болон дэвшиж, орон сууцанд ороод амьдрал сүрхий жигдэрчихээд байсан юм.Төвхнөж амжаагүй шинэ газар бид монгол гэрт суух нь тодорхой гэдгээс эхлээд, Зөвлөлтийн мэргэжилтнүүдээр дүүрсэн тэргүүлэх зэргийн хангамжтай цэцэглэсэн хотоос хээр талын Бор Өндөрийг зорих хүнд алдах юм бишгүй. Ийм учраас эхнэр маань тийшээ очихдоо дурамчхан байлаа.

Гэхдээ охин маань энд эндчихсэн, эхнэрийн сэтгэл санаа жаахан тогтворгүйдээд байсан учраас нутаг сэлгээд үзвэл яах бол гэсэн санаа үе үе орж ирэх болсон хэрэг. Дээр нь бас өөрийгэ хэрдээ тоодог, хүчээ сориод үзэх дуртай, том санаатай монгол хүний хувьд нэгэн амбиц байжээ. Тэр бол дэлхийнд гуравт орох том үйлдвэрийг залгасан монгол инженер гэж хэлэгдэх мөрөөдөл, цээжинд багтаад байсан нь эр зориг маягийн зүйл юм болов уу?

Ингээд л нэг өглөө сэрэхэд эцэг өвгийн нутаг Хэнтийдээ ирчихсэн, Бор Өндөртөө гэр бариад суучихсан ажлаа эхлүүлж байлаа.

-Бид яриагаа хүүхэд наснаасаа эхлээд их эрэмбэтэй явуулсан чинь яалт ч үгүй Эрдэнэт, Бор Өндөр рүү үсрээд орчихлоо. Сонгосон мэргэжил дээр ярьж байгаад жаахан үсрэлт хийчихлээ л дээ. Өнөө “Капитализмыг алгасч” гэдэг шиг юм боллоо.

-Анхандаа би нефьтийн чиглэлээр суралцах хуваарь авсан юм. Гэтэл тэр маань яваандаа уул уурхай болж солигдсон. Хэлний бэлтгэлээ төгсгөөд, тэр үеийн Зөвлөлтийн алдартай бүтээн байгуулалт болох БАМ буюу Байгал-Амарын төмөр замд ажиллаж үзсэн маань сайхан дурсамж үлдээжээ. Оюутны барилгын отряд гэж байсныг манайхан санаж л байгаа байх.

Эрхүүд байхдаа эрүүл мэндийн шалтгаанаар жилийн чөлөө авсан маань миний амьдрал, оюун санаанд ер бусын л мөр үлдээсэн санагддаг. Хилийн цэргийн офицер болоод Дорнодын Сүмбэрт томилогдсон ахыгаа дагаж манайхан гэрээрээ нүүсэн байсан цаг. Тэнд очоод орос хэлтэй “ховор” хүнд тооцогдон орос дэлгүүрийн пороомсог шалгагч хийж үзсэн. Сангийн аж ахуйн тракторчид, хилийнхнээс эхлээд янз бүрийн улс амьтантай танилцаж, амьдралын олон өнгийг ялгаж харах чадвартай болж эхэлсэн санагддаг.

Ингэж явахад олон юм бодогдож эхэлсэн. Янз бүрийн юм үзэж, гансарч гиюүрч явахдаа хүн өөрийгээ их ажигладаг болтой юм. Би гэдэг хүн юмны учрыг олж хараад, хэрхэн хийвэл зохистойг мэдрээд байгаа юм. Яг барьж аваад гардан хийх гэхээр эв дүй дутаад байдаг. Сэтгэлийн ур байвч, гарын ур байхгүй гэдгийгээ тэнд гэнэт анзаарсан юм. Ингээд, сайн боловсрол эзэмшихгүй л бол “Самбуу гуай” хол явахгүйнээ гэдгийг гүн ухаарсан. Энэ мөчөөс хойш би эрдэм боловрол, мэргэжил мэдлэгээс өөр юманд сэтгэл хоёрдоогүй. Эргэж ирээд хамгийн хичээнгүй, хариуцлагатай оюутны нэг болж, амьдралын ханьтайгаа учран, зам мөр маань жигдэрч эхэлсэн дээ.

Дөрөв. Эрдэнэтэд хийгдсэн менежмэнтийн хувьсгал

-Бор өндрийг залгасан туршлагатай хүн Эрдэнэтэд иржээ. Тэр үеийн Эрдэнэтийг олон хүн санаж байгаа. Маш их дуулиан дунд удирдлага солигдож байсан.

-Бурхан халдун уулын тахилгаас ирээд байтал Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд дуудлаа. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогчоор ажиллах санал тависан юм. Ингээд 1998 онд ажил хөдөлмөрийн гараагаа анх эхэлсэн газартаа буцан ирлээ. Тэр үед Эрдэнэтийг тойрон өрнөсөн үйл явдал шуугиан цуурай ихтэй байсан тул хүмүүс одоо ч санаж л байгаа. Тэрхүү улс төрийн акцууд бол үйл явдлын зөвхөн нэг тал нь.

Хамгийн гол нь манайд үйлдвэр, аж ахуйг удирдах социалист арга барилд гарсан анхны том хувьсгал тэнд өрнөсөнд учир нь байгаа гэж бодогддог. Менежмэнийн зоримог шинэчлэлийг ойлгох чадвар, хүлээн авах сэтгэл зүйл бэлтгэл дулимаг байснаас үүдсэн юм их бий. Тэр байдлыг ч ашиглах сонирхол эрмэлзэл их байсантай бас холбогдоно.

Манайхан, эмч хүн л эмнэлгийн сайн дарга болох учиртай, хамгийн сайн багш л сургуулийн захирал байх нигууртай гэж итгэсээр ирсэн байсан. Эндээсээ уламжлаад Боловсролын сайд заавал багш байх учиртай, Эрүүл мэндийн сайд нь эмч л байвал зүйтэй хэмээн үзэж асан. Тухайн салбарыг удирдах нь сайн менежер, удирдагчийн хэрэг, харин өдөр тутмын ажлыг хөтлөх нь мэргэжилтний үүрэг гэдгийг анх ойлгож, хэрэгжүүлж эхэлсэн нь тэр байв.

Үндэсний шинжтэй энэхүү шинэчлэлд бэрхшээл учруулж байсан нэг зүйл бол дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж, урьд өмнө байгаагүй хямдарсан цаг байлаа. Үйлдвэрт шинэ удирдлага төдийгүй шинэ менежмэнт, шинэ арга барил нэхэгдсэн цаг. Ийм онцгой нөхцөлд хүч авъяасаа сорих боломж олдсон нь надад бас л нэр төрийн хэрэг байлаа. Ингээд онцгой нөхцөлд арвилан хэмнэлтийн шинэ горимоор ажиллахаас л эхэлсэн.

Ер нь бол Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал гэдэг бол энэ улсын топ менежер, үндэсний баялагаа голлон бүрдүүлдэг салбарыг хөтөлдөг зохион байгуулагч юм шүү дээ. Харин ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч гэдэг нь эмнэлэгийн бол ерөнхий мэс засалч л гэсэн үг л дээ. Бусад салбарууд нь үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг борлуулах, үйлдвэрлэл явуулахад хэрэгтэй бараа материал бэлтгэх, үйлдвэрлэл явуулахад хэрэгтэй ажилчдын боловсрол, цалингаас эхлээд нийгмийн асуудлыг хариуцах гэхчлэнгээр тэндээсээ урган гардаг болоод тэр. Ерөнхий захирал гэдэг энэ бүхнийг нэгтгэн удирдахаас гадна гадагшаа чиглэсэн менежмэнтийг жолоодож байдаг хүн. Үйлдвэрийн зохион байгуулалтыг бүдүүвчлэн тайлбарлахад ийм.

Тухайн үедээ Эрдэнэтийн ерөнхий захиралаар томилогдсон хуульч Д.Дорлигжавыг янз бүрээр үзэж, ил далд эсэргүүцэж байсан цаг. Тэрээр шадар сайд байсан, Батлан хамгаалах салбарыг толгойлсон ахархан хугацаандаа энэ салбарын шинэчлэлийн суурийг тавьсан, өнөө ч магтагдсаар байгаа өөрчлөлтийг хийлцсэн нэгэн. Манай багийнхан онцгой шилжилтийн үе буюу удирдлагыг салбарын инженер мэргэжилтнээс үндэсний хэмжээний топ менежер болгох хувьсгалын үеийг ч амжилттай давсан. Бас зэсийн үнийн уналтын онцгой үеийн удирдлагыг ч амжилттай хэрэгжүүлсэн. Салбар салбар, цех фабрикийнхээ өмнөөс хариуцлага хүлээж, оюун ухаанаа уралдуулахын оронд “нет вопросов”(асуух юм байхгүй ээ) гэлцэн хаягаа манасан удирдах багийн арга барилыг бид амжилттай шинэчлэж чадсан. Төрийн өмчийн хороо, засгийн газраас өгсөн үүргийг биелүүлсэн гэсэн үг. Харин 2000 онд үйлдвэрийн удирдлага солигдож намайг Москва дахь төлөөлөгчөөр томилсон билээ.

-Эрдэнэтэд гурав дахиа ирсэн үе чинь бас л хямрал, зэсийн хямдрал. Таныг хямралын ч юмуу, зэсийн хямдралын үеийн менежэр гэж хэлмээр санагдчихлаа.

-Харин 2012 оны 11 сарын 14-ний билигтэй сайхан өдөр Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор эргэн томилогдож ирсэн юм. Ажил амьдралын гараагаа анх эхэлсэн энэ газартаа гурвантаа ирэх заяатайдаа их бэлгэдсэн. Хоёр дахь удаагаа ийшээ ирэх дуудлагыг Чингис хааны шүтээн Бурхан Халдуны тахилгаас ирээд сонсож байсан. Харин энэ удаа Эзэн Чингисийн мэндэлсэн өдрөөр ажил томилогдож байв. Энэ бүхэн зүгээр л тэгж таарсан, тохиолдлын чанартай давхцал боловч бэлгэ дэмбэрэлд дуртай монгол хүний хувьд бэлгэшээхгүй өнгөрөх аргагүй. Тэгээд ч эзэн Чингисийн мэндэлсэн хан Хэнтий нутгийн хүнд бүр ч их бахдал төрүүлэх нь аргагүй.

Гурав дахь томилолт маань бас л онцгой үе таарлаа. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ дахин унаж, үйлдвэрлэлд бэрхшээл учирсан үе байлаа. Дээр нь эдийн засгийн хямрал эхэлсэн цаг. Монголын эдийн засаг уул уурхайгаа дагаад хямардаг, монголын уул уурхай нь Эрдэнэтийгээ дагаад хямардаг юм шүү дээ, ер нь. Тэгээд өмнө нь яг ийм үед, зэсийн үнэ дэлхийн зах зээлд хямарч байсан цагт ажил хэрэг болгосон хөтөлбөрөө дахин шинээр хэрэгжүүлэх үүрэг надад ногдуулсан юм. Энэ бол үйлдвэрийнхээ өмнө төдийгүй, үндэстнийхээ өмнө хүлээсэн үүрэг гэж хүлээж авсан.

Юуны өмнө зэсийн үнэ өссөн сайхан цаг үеээ дагаад өртөг зардал нэмэгдсэн байсныг цэгцлэхээс ажлаа эхэлсэн. Манайхан ч намайг “Балансын комисс” хэмээх улирал хагас жилийн үр дүн, өртөг зардлыг хэлэлцэх зөвлөлөөс ажлаа эхэлдэг гэдгийг мэддэг болсон байсан. Тэндээсээ л эхэлсэн дээ. Тодорхой хүнийг муулахаас өмнө ажил хөтөлдөг аппарат гээч зүйлийн онцлогийг хэлмээр санагддаг юм. Аппарат өөрийгээ үргэлж томсгох, өртөг зардлаа нэмэх эрмэлзэлтэй. Ажилтан хүн үргэлж л албан дээрээ цайтай бол тэрийгээ кофе болгох, явган явдаг бол нормын унаа хэрэглэх, тэрийгээ сайжруулах эрмэлзэлтэй. Ийм эрмэлзэл нь ахиж дэвших, илүү ихийг бүтээх, карьераа нэмэгдүүлэх урам зориг өгч байдаг учраас уг үндсээр нь буруушаах аргагүй.

Харин бодит боломжоос хэтэрч, зохистой харьцаа алдагдвал ямарваа менежмэнтийг амжилтгүй болгодог хүчин зүйлс дотроо магнайлдаг эд. Чухам аппаратын өөрийгээ тэлэх, албан тушаал бүрийн өртөг зардлаа өсгөх эрмэлзэл дээр зөв бодитой зохицуулалт хийж, талуудын сонирхлын балансыг барихыг л удирдах урлаг гээд байх шиг байгаа юм. Би ингэж л ойлгож ажлаа, хийдэг, төсөөлсөн үр дүн, төлөвлөсөн зорилгодоо хүрдэг юм.

Тав. Ачааг нь тааруулахаас илүү тус гэж үгүй

-Таны үеийнхэнд уурхай удирдах, уурхайчин хүнийг бий болгож тэрийгээ удирдах олон ажил давхцаж байжээ дээ.

-Өөрийгээ аминчхан, зожиг гэж зарлах хүн байхгүй. Би ч өөрийгээ нийтэч нэгэн гэж болдог. Угаасаа манай салбарынхан нийтэч хүмүүс байдаг. Ийм байхаас ч өөр аргагүй. Уул уурхайн салбарт гар нийлж байж л амжилтад хүрдэг учраас тийм байдаг юм. Бас ХХ зуунд төлөвшсөн удирдах ажилтнууд нийтэч чанараараа ижилсдэг онцлогтой. Тэдэнд аж ахуйг удирдахаас гадна нүүдэлчин амьдралаа орхин суурьшиж, шинээр иргэншиж байгаа ажилтнуудынхаа сэтгэл санаа, үзэл бодол төлөвшихөд нөлөөлөх, хотшин аж төрөх урлагт биечлэн сургах үүрэг бас ногдож байсных болов уу?

Манай Бор Өндөрийнхэн мэднэ, 10 жил наадмын бөх тайлбарласан. Бөхийн тайлбарлагч хийх ч бас таашаалтай сайхан ажил шүү дээ. Дээр нь шатар даамнаас эхлээд сагсны аварга хүртэл болж концерт хөтөлж ирсэн. Үргэлж л хүмүүсийн дунд байсан гэсэн үг.

Олон сайхан залуусын өсч өндийх, замаа олох, аж төрлийн дөртэй болоход хэр хэмжээгээрээ тусалсан санагддаг. Намайг тэд “ах Данзан” гэж авгайлдаг юм. Хүнд туслана гэдэг бол урлаг. Хүссэн болгоныг өгөөд, албан тушаал ахиулаад дэмжээд явахыг хүнд тус болж байна гэж ойлговол эндүүрэл. Заримдаа хүсснийг өгөөгүйгээрээ хүнд ач болдог ч удаа бий. Хүн болгонд даах ачаа, үүрэх юмны хэмжээ гэж буй. Ачаагаа хөнгөдүүлж болохгүй, тэгвэл хайран авъяас, хайран чадавхийг алдсан харамсалтай юм болно. Бас хувь тавилангаар ногдох ачааг хүнддүүлж болохгүй. Тэгвэл эмгэнэлтэй учрал болдог. Удирдах хорхойтойгоос цаашгүй амьтныг дарга болоход тусалбал амьдралыг нь нураахад дэм өгсөн хэрэг болдог юм байгаа биздээ. Тэрний оронд “чи маш сайн, олдошгүй ховорхон гүйцэтгэх ажилтан мөн” гэдгийг ойлгуулаад, таарч тохирох ажлыг нь олж өгөх хэрэгтэй. Өөрийгээ эрж будилж яваа хүн, хийх ёстой ажлаа олохоор баяр хөөртэй, жаргалтай болоод ирдэг юм.

Хүний хувь тавилангийн энэ нарийн заагийг харах амьдралын туршлага, билгийн нүдтэй байхыг л хүнтэй ажиллах урлаг гэдэг байхаа. Дарга удирдагч, ажлын туршлагатай инженер техникийн зүтгэлтэн, амьдрал үзсэн ахмадын хувьд олон хүнийг ачаагаа тааруулахад тус болсон юм болов уу гэж санадаг. Ачаагаа зөв тааруулсан тэр хүмүүс амьдралд хөлөө олохын хэрээр надад талархаж байдаг байхаа гэж итгэдэг юм.

-Хүний амьдралд оргил үе байдаг даа. Хувийн амьдрал талаасаа бол гэр бүл зохиох, үр хүүхэдтэй болох гээд тоологддог.

-Уул уурхайтай хувь заяагаа холбосон миний амьдралын гурван чухал мөчлөгийн хоёр нь Эрдэнэттэй, нэг нь Бор Өндөртэй холбогддог. Удирдлагын хямрал, зэсийн үнийн уналт давцсан үед нь хоёр ч удаа Эрдэнэтийн уулын баяжуулах үйлддвэрийн ерөнхий захирлын үйлдвэрлэл хариуцсан орлогчоор ажиллах үүрэг хүлээж, итгэл дааж чадснаа хэлж байна. Мөн Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрийг “залгасан” буюу хэвийн үйл ажиллагаанд хөтлөн оруулах цогц ажлыг хийсэндээ их урамшин бахаддаг. Юу юунаас илүү ийм боломж олгосон хувь заяагаараараа бахархдаг. Хувь заяандаа бахаддаг нь ийм учиртай. Юмыг чаддаг байх бага хэрэг. Харин чаддагаа харуулах боломж олдоно гэдэг эрдэнэ мэт чухал. Жишээлэхэд сансарт анх нисэх бие бялдар, сэтгэл санааны боломжтой түмэн хүн байсан байх. Харин тэр боломжоо гүйцэлдүүлэх хувь ерөөл Юрий Гагарин гэдэг ганцхан хүнд л олдож. Ийм учраас боломжоо ашиглах хувьтай төрснөөрөө тэр хамгийн азтай.

Яг түүн шиг Бор Өндөрийг “залгах”, Эрдэнэтийн хүнд үеүдэд удаа дараа очиж авъяас чадвараа сорих хэмжээний инженер, техникийн зүтгэлтнүүд манайд бишгүй байгаа байх. Харин тэрийгээ нотлох боломж олсондоо л би азтай юм даа.

Нөгөө талаасаа, би зөвхөн үйлдвэрлэл хариуцсан орлогч захирал учраас ажлын хувь заяа ерөнхий захирлаас, засгийн газраас хамаарна. Аз болоход миний боломжийг нээсэн хүмүүс дээр маань байсан. Одоогийн манай ерөнхий захирал Ц.Даваацэрэнг оруулаад миний хэр хэмжээ, даах ачааг зохицуулаад, надад багадахгүй бас хэрээс нь хэтрээхгүй “ерөнхий” нартай хамтарсны хүчинд ажил ийм урагштай яваа юм.

-ярилцлага өгсөнд баярлалаа.


-Таны сонины хамт олонд ажлын амжилт хүсье