Жанчивын Октябрь
/1952-2015/



Жанчивын Октябрь 2015 оны 6 сарын 15-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж бидний сэтгэл зүрхэнд нөхөж баршгүй орон зай үлдээлээ.

Агьнууд овогтой Жанчивын Октябрь 1952 онд Увс аймгийн Улаангом хотод цагаан хөшөө гэдэг газарт төрсөн. Нийслэлийн 10 жилийн I, XXIV дунд сургууль, Улаанбаатар хотын Худалдааны техникум, Москва хотын Плехановын  нэрэмжид Улс ардын аж ахуйн дээд сургууль, Нийгмийн ухааны аспирантурт тус тус суралцаж төгссөн, хоолны инженер-технологич мэргэжил, улс төрийн дээд боловсрол эзэмшжээ.

1991 онд түүхийн ухааны доктор, 1998 онд дэд профессор, 2005 онд Монгол улсын зөвлөх инженер, 2007 онд профессор, 2009 онд ШУТИС –ийн хүндэт профессорын цол тус тус хүртсэн байна.

Ж.Октябрь 1970 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. 1970-1973 онд Улаанбаатар хотын нийтийн хоолны салбарт тогооч, мэргэжилтэн, 1979-1983 онд худалдаа, нийтийн хоолны үйлдвэрлэл, шинжилгээний институтэд эрдэм шинжилгээний ажилтан, Худалдаа, бэлтгэлийн яаманд хэлтсийн дарга, 1983-1985 онд МАХН-ын төв хорооны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлтэст зааварлагч, 1985-1988 онд БНМАУ-ын Худалдаа, бэлтгэлийн яамны орлогч сайд, 1991-1996 онд “Улаанбаатар импекс” төрийн өмчит үйлдвэрийн газарт ерөний захирал зэрэг албыг хашиж байв.

1997-2011 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн аялал, жуулчлал, зочид буудлын тэнхимийн эрхлэгч, 2011-2012 онд МУИС-ийн Худалдааны сургуулийн захирлаар ажиллаж байсан ба 2012 оноос хойш “Бимэкс” холдинг компанид зөвлөхөөр ажиллаж байлаа.

Ж.Октябрь нь 1990-ээд оны эдийн засгийн шилжилтийн хүндрэлтэй үед нийслэл Улаанбаатар хотын хүнсний асуудлыг хамт олноо удирдан оновчтой зөв зохион байгуулан шийдвэрлэж байсан гарамгай удирдагч байсан төдийгүй улс орныхоо боловсролын салбарт 40 орчим ном, гарын авлага, нэг сэдэвт бүтээл, 60 гаруй өгүүлэл, илтгэл туурвисан салбарынхаа шилдэг тэргүүний эрдэмтдийн нэг байлаа.

1993 оноос хойш Монголын тогооч нарын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллахдаа  Монголын нийтийн хоолны системд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд улмаар Дэлхийн Тогооч нарын холбоонд гишүүнээр элсүүлж улам хөгжүүлэн ажиллаж байсан юм.

Төр засгаас түүний хөдөлмөрийн үнэлж “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, “Үйлдвэр, худалдааны болон Боловсролын салбарын тэргүүний ажилтан, цол тэмдэг, ойн медалиуд, одон болон гадаад дотоодын төр, олон нийтийн байгууллагын шагнал хүртсэн Монголын зочлох үйлчилгээний салбарын гол хүн байлаа.

Хүндэт Ж.Октябрийн гэгээн дүр хамт олон, анд нөхөд бидний зүрх сэтгэлд мөнхөд дурсагдах болно.


МОНГОЛЫН ШИЛДЭГ НИЙТЛЭЛЧДИЙН КЛУБ