МАХН Засгийн газрыг сонгуульд ашиглаж эхэллээ
Анх С.Баяр, түүний Засгийн газрын өмнө хоёр сонголт байлаа.
Саяхан яамдын тоог цөөлөх хуулийн төслийг Засгийн газраас санаачилжээ. Төслөөр одоо байгаа 13 яамыг ес болгож, хоёр агентлагийг татан буулгах юм байх. Ингэж яамдын тоог цөөлж, төрийн албыг цомхон болгохыг олон түмэн 2005 оноос хойш МАХН-аас хүлээсэн. Энэ хугацаанд МАХН хоёр Засгийн газар эмхлэн байгуулсан ч, олны хүлээлтийТ бүлэглэлүүдийн эрх ашгийн гадна үлдээж байлаа. МАХН энэхүү хүлээлтээр улстөр хийхээ бас мартаагүй. Эхлээд М.Энхболдын Засгийн газрыг ганхуулахад ашиглав. Засгийн газрын бүтцийг цомхотгох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ч.Улаанаар ахлуулан намын Удирдах зөвлөлөөс байгууллаа. Чухамдаа энэ ажлын хэсгийн зорилго, Засгийн газрын бүтцийг цомхон болгохыг хүлээсэн иргэдийн сонирхол дээр тэр үеийн МАХН доторхи "сөрөг хүчнүүд" тоглож, улмаар "Элсний 13" мэндэллээ. М.Энхболдын Засгийн газрыг ч огцруулж дөнгөв. Одоо л Ч.Улаан нарын бэлтгэсэн төрийн шинэтгэлийн бэлэн хөтөлбөрийг хэрэгжүүлж олон сайдыг цөөлөн дэд сайдын сул албан тушаалыг цомхотгох байх гэж С.Баяраас хүлээсэн, найдсан. Гэтэл шинэ танхимын ажиллах хугацаа богино, хуваах "бялуу"-ны хэмжээ гавьяагаа үнэлүүлэгчдийн тоотой харьцуулахад хаанаа ч хүрэхгүй нь гэсэн шалтгаанаар парламентын бүрэлдэхүүний дөрөвний нэгтэй тэнцэх Засгийн газрын данхар бүтэц бараг л хуучнаараа үлдсэн билээ. Гэхдээ эрхэлсэн хоёр сайдыг цомхотгосон нь бага боловч алхам байлаа.
Засгийн газрын бүтцийг цомхотгох олны сонирхол дээр МАХН дахиад тоглохоор шийджээ. Энэ сонирхлыг Засгийн газрын нэр хүндээр дамжуулан намынхаа сонгуульд ашиглахаар шийдсэн бололтой. Энэ нь дээр өгүүлсэн, удахгүй УИХ-д өргөн барих есөн яам бүхий хуулийн төслөөс харагдана. Хэдийгээр Засгийн газар хууль санаачлах эрхтэй ч энэ нь цагаа олоогүй, төсөл хэлбэрээрээ С.Баярын танхимд багахан эерэг нэр хүнд авчраад, хууль болсон хойноо хөөс болон замхрах улс төрийн акц төдий юм. Олон түмний сонирхол хүлээлт одоо яахаараа сонгууль, улс төр болчихвоо гэвэл энд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт одоо хэчнээн сайхан хууль баталсан ч тэрийг С.Баярын Засгийн газарт хэрэглэж, сайд нарыг цөөлөх боломжгүй. Сонгууль болохоос зургаан сарын өмнө байгуулагдахдаа хугацаа богино гээд цомхотгоогүй танхимдаа одоо бүр ч хугацаагүй болсон хоёрхон сарын дотор мөрдөхгүй нь мэдээж. Хоёрдугаарт, хуулиа баталчихаад 2008 оны сонгуулийн дараагаас мөрдөж болох гарц бий. Гэхдээ энэ нь бүтэхгүй, харганы ноосоор эсгий хийхтэй яг адил. 2008 оны сонгуулийн дүнгээр олонхи болсон эрх баригчид, шинэ Ерөнхий сайд өөрийн Засгийн газрынхаа бүтцийг шинээр оруулж хуульчлуулна. Тийм ч эрхтэй, хууль нь ч тийм. Өмнөх УИХ-ынхаа баталсан хуулиар шинэ Засгийн газрыг байгуулж байсан тохиолдол Монголын парламентын түүхэнд байхгүй. Дараагийн сонгуулиар байгуулах Засгийн газрын бүтцийг бүрэн эрхийн хугацаа нь дуусах гэж байгаа парламент хуульчилж байсан ч удаагүй. Харин энэ удаа хуульчилбал өглөө уух цайгаа орой нь чанаад хонохтой л ижил юм. Хэрэв дээрх төслийг баталбал энэ УИХ нэг ч удаа мөрдөж, хэрэглэлгүйгээр өөрчилдөг хуулийнхаа тоог л нэгээр нэмнэ гэсэн үг.
Хэчнээн сайхан заалттай ч, яг тэрхүү хэлбэрээрээ амьдралд мөрдөгдөхгүй нь дэндүү ойлгомжтой ийм хуулийн төсөл боловсруулж, түүнийг бүрэн эрхийн хугацаа нь дуусах дөхсөн парламент хэлэлцэх гэж байна. Өөрийнхөө ч, өрөөлийн танхимд ч хэрэглэхгүй нь тодорхой хуулийн төсөл санаачилж буй нь нэр хүнддээ багахан нэмэх оноо цуглуулах гэсэн Засгийн газрын РR санаатай юм болов уу. Уг нь хийх ажил нь ажиллах хугацаа шигээ бага биш л баймаар. Магадгүй энэ нь У.Барсболдын тэргүүлж буй комиссоос сонгууль угтаж МАХН-ын бодлого үйл ажиллагааг сурталчилж байгаагийн нэгэн хэлбэр ч байж мэднэ. Энэ эрхэм "МАХН-ын сонгуулийн сурталчилгааг Засгийн газраар дамжуулж хийнэ, манай С.Баяр даргын нэр хүнд өндөр байгаа учраас түүнийг тугаа болгож сонгуульд орно" гэж ярилцлага өгсөн нь МАХН сонгуулийн сурталчилгаандаа Засгийн газрыг ашиглаж эхэллээ гэсэн хардлагыг төрүүлж байна. Бас 2004 оны сонгуульд МАХН Н.Энхбаяр даргыг тугаа болгож орж байсан танил зураг харагдав. Хэрэв тийм бол С.Баярын танхимд багтсан ҮШН, ИЗН-ын дарга, дэд дарга нар Монгол Улсын Засгийн газарт биш, МАХН-ын сонгуулийн штабт ажиллаж байгаа менежерүүд юм биш үү.
Уг нь МАХН-ын сонгуулийг удирдах багт Ерөнхийлөгчийн болон нөхөн сонгуульд ялуулж байсан сонгуулийн стратегич, МАХН-ыг XX зууны шилдэгбайгууллагаар өргөмжлөгч, тойргоос тойрог руу сонгогч зөөвөрлөх туршлагатай нэгэн, нэрсийн жагсаалтад байсан сонгогчдоо 200 мянгаар нь гэнэт алдчихдаг хотын намын хорооны хуучин удирдлагууд гэсэн олон чадварлаг хүн багтсан юм билээ.
Сонгууль болоход хоёр сар гаруйн хугацаа үлдлээ. С.Баяр ба түүний Засгийн газарт нэг сонголт үлдлээ. Тэр нь МАХН-ыг сонгуулийн ялалтад бэлтгэх болж таарав уу. Цаг хугацаа явж байна, цааш ямар үйл явдал өрнөхийг харъя.