Буддын язгуур бясалгал
Бясалгал нь амьдралын салшгүй хэсэг болсон цагт л таныг хувиргаж чадна гэж Будда хэлдэг. Буддагаас өмнө бясалгалыг тусгай цаг гаргаж хийдэг онцгой дасгал мэтээр хүмүүс ойлгодог байв.
Өөрийн сэтгэл билгийн сурвалж тул Бурханыг бусдаас бүү хай.
Нөгчих цагийн билиг судраас
Үйлдэл, бодол, мэдрэмж хийгээд мөн чанарыг ажиглан гэрчилснээр гэм өөрөө арилж, эрдэм аяндаа дэлгэрнэ.
Дурьдлыг агуулах судраас
Илбэ, зүүд, эгшин зуурын гялбаа, тэнгэрт хөвөх үүл мэтчилэн үүдсэн бүхнийг тийнхүү ажигла.
Очир огтлогч судраас
Нөгчих цагийн билиг судраас
Үйлдэл, бодол, мэдрэмж хийгээд мөн чанарыг ажиглан гэрчилснээр гэм өөрөө арилж, эрдэм аяндаа дэлгэрнэ.
Дурьдлыг агуулах судраас
Илбэ, зүүд, эгшин зуурын гялбаа, тэнгэрт хөвөх үүл мэтчилэн үүдсэн бүхнийг тийнхүү ажигла.
Очир огтлогч судраас
Бясалгал нь амьдралын салшгүй хэсэг болсон цагт л таныг хувиргаж чадна гэж Будда хэлдэг. Буддагаас өмнө бясалгалыг тусгай цаг гаргаж хийдэг онцгой дасгал мэтээр хүмүүс ойлгодог байв. Бясалгал бол амьсгал мэт энгийн бөгөөд тасралтгүй үйл явц байх учиртайг Будда заажээ. Хүн төрөлхтөнд өгсөн түүний гайхамшигт бэлэг бол Випассана. (Випассана нь пали, Випашяна нь санскрит дуудлага) Энэ бол “ажиглах” буюу “гэрчлэх” гэсэн утгатай үг. Тэрээр ажиглалтыг гурван төрөлд хуваажээ. Энэ нь энгийнээс нарийнд шилжих шинжлэх ухаанч арга барил.
Эхнийх нь биеэ ажиглах. Алхаж байхдаа алхаагаа мэдэр. Хооллож байхдаа түүндээ л орш. Өөр зүйлд битгий сатаар. Гараа хөдөлгөлөө гэхэд анхааралтай байж, хөдөлгөөнийг нь мэдэрч дагавал өвөрмөц таашаал, нам гүм аяс, хайрыг мэдрэх болно. Хэрэв анзааргагүй, зуршмал үйл төдийгөөр хөдлөх юм бол юу ч амсахгүй. Будда явахдаа маш алгуурхан алхдаг байсан. Хүмүүс гайхаж, учрыг нь асуухад “Энэ бол миний бясалгалын нэг хэсэг. Өвлийн зайрмагтсан гол дээгүүр алхаж байгаа шиг сэрэмжтэй, алхам бүрээ ухамсарлаж байвал чи үнэн мөрөөс гажихгүй” гэж хэлдэг байжээ. Үйлдэл үгүй үед амьсгалаа ажих нь хамгийн дөхөм туршлага. Амьсгалын орох, гарах урсгалыг алдалгүй ажих юм бол ая зөнгөөрөө уужирч тавирах болно.
Ажиглалтын удаах алхам нь бодол сэтгэлээ ажих. Бодол бол үл үзэгдэх долгион боловч чиний биеийн эд эстэй адил бодит зүйл. Агаар гарт баригдахгүй мөртлөө мод, чулуутай л адил бодитоор оршдог шүү дээ. Бодол санаа ч түүнтэй адил. Бодлыг ажихдаа түүнийг сайн, муу гэж шүүх хэрэггүй. Шүүгээд эхэлмэгц чи өөрөө бодлын нэг хэсэг болж, хөндлөнгөөс гэрчлэх боломжоо алдана. Бодол санаагаа салхинд туугдаж буй үүлийг харах мэт ажигла. Хар үүл нь муухай, цагаан үүл нь сайхан гэхчлэн бүү бод. Үүл бүхэн уг чанартаа ялгаагүй. Ажиглах тусам бодлын үүл сэмэрч, дотоод орон зай нээгдэнэ. Тухайлбал, анхаарлын 50% ажиглалтанд чиглэх үед бодол 50% байна. Ажиглагч хувь өсөх хэрээр бодлын үймээн багасна. Зуун хувь гэрч болсон үед толь мэт цэвэр ухамсар болно.
Толь элдэв янзын дүр тусгавч өөртөө нялзаахгүй, тунгалаг чанараа хадгалдаг. Энд л бүх нууц бий. Уг нууцыг ойлгосон бол амьдралын хамгийн нарийн ширийн хэсэг дээр турш. Энэ бол мэдрэмжээ ажиглах явдал. Ажиглаагүй үед гунигийн мэдрэмж төрмөгц чи өөрөө гуниг болж хувирдаг. Уурлалаа гэхэд уур уцаар биеийн эд эс бүхэнд нэвчих жишээтэй. Зүрхээрээ ажиж чадах юм бол тэр бүхэнд автахгүй. Үүсээд л замхрах түр зуурын үзэгдэл дотоод мөн чанарт үл нялзахыг харна. Мэдрэмжээ гэрчилж чаддаг болсон үед л хүн хувь заяаныхаа эзэн болдог.
Энэ гурван алхмыг төгс хийсэн үед дөрөвдэх нь аяндаа тохионо. Зүгээр л гэрчлээд, хүлээж бай. Цаг нь болохоор өөрөө биелдэг түүнийг хүчээр хийх боломжгүй. Тэр бол зүрхний төвөөс оршихуйн мөн чанар луу хийх үсрэлт юм. Эрэл хүслийн тойргоос гарч, мөнхийн амгалан, үнэмлэхүй үнэнд нэвтрэхийг гэгээрэл гэдэг...
Будда энэрэл нигүүлслийн чухлыг хүн төрөлхтөнд ойлгуулсан их багш билээ. Тэрээр бясалгал хийх үедээ хүртэх амар амгалан, баяр цэнгэлээ дотроо хадгалалгүй бүх ертөнцөд түгээхийг сургадаг. Бусдад түгээснээрээ та нар хоосрохгүй, харин ч улам баяжих болно. Гэхдээ нигүүлсэгч өөрийгөө бусдаас илүүд тооцох ёсгүй. Эс бөгөөс энэрэнгүй дүр үзүүлсэн бардам зан, бусдыг басамжлах эго үүснэ. Гаднаа адилгүй ч дотоод ухамсар сэрсэн цагт бүгдээрээ адилхан бурхад гэдэг талаас нь бодгаль бүхнийг хүндэлж үзэх нь энэрэл хайрын үндэс юм.
Буддагийн сургаалыг сонссон нэг хүн “Би бясалгалын адис, дотоод баялгаа бүх ертөнцөд түгээе. Ганцхан хөршдөө л өгч чадахгүй. Тэр бол үнэхээр зэвүүн муухай хүн” гэхэд нь Будда “Чи тэгвэл бүх ертөнцийг мартаад хөршдөө л илгээж бай. Тэгсэн цагт ертөнцтэй харьцаж чадна” гэжээ. Хариу нэхэхгүй, болзол тавихгүйгээр хамаг оршихуйг хайрлах үедээ хүн өөрөө ариусан гийдэг жамтай. Энэрэл хайр нь бясалгалд эрч хүч, урам зориг соёрхож, сэхээрлийг улам хурцалдаг. Хэзээ нэгэн цагт гэрлээр дүүрэхэд чиний баяр жаргал даяар ертөнцийн баяр жаргал болно.
Эх сурвалж: ‘Meeteings with Remarkable People’ by Osho