“Номин”-гийн Ш.Баярсайхан захирлын “Туулын шугуйд очиж хашхирмаар аймшгийн жилүүд ирж байна, бизнесийнхэн дарамтан дунд байна” гэсэн хэвлэлийн мэдээ хэсэг явсан даа. Тэрэн шиг “ажилчдаа аваад талбай дээр гарахад бэлэн байна , бухимдаж байна, тэвчээр барагдлаа” гэж “Брау хаус”-ийн захирал С.Отгонбаатар ярилаа. Түүнийг АПУ-гийн хувьчлалд орж ялж байсан, “Хаан брой” компанийн захирал, “Монгол шилтгээн”-ийг санаачилж барьсан, алдарт “Smokie” хамтлагийг Монголдоо авчирч тоглуулж байсан гэдгээр олон нийт мэддэг юм.

Хэвлэлийн мэдээг харвал АТГ-ынхан хувийн хэвшлийг хэтэрхий их шалгаж ажлыг нь хийлгэхгүй байсан учраас “Номин”-гийн Баяраа /Ш.Баярсайхан/ бизнесмэнүүдээ өмөөрч бухимдсан шиг байгаа юм. Харамсалтай нь, өөрсдийнх нь төлөө дуугарч байхад тухайн үед манайхнаас хэн ч түүнийг дэмжээгүй. Харин би энэ удаа арай өөр утгаар бүр орилмоор байна гэснээр бидний яриа эхлэв.




-Чухам юу таны бухимдлыг төрүүлж, ярилцлага өгөхөд хүргэв ээ. Хуулийнхны шалгалт дарамт уу?

-Би 20 гаруй жил бизнес хийхдээ төрөөс нэг ч тендер авч үзээгүй. Тийм учраас шалгах шалгуулах, айх айлгах сэжиглэл надад болоод хуулийнханд байхгүй. Харин дуугаръя, үнэнийг хэлье, бурууг бусдаас хайж өөрсдийгөө хуурахаа одоо больё гэж бизнесмэнүүддээ уриалах гэсэн юм. Олон жилийн хүч хөдөлмөрөөрөө босгосон бизнесээ хамгаалж эдийн засгийнхаа уналтын оношийг зөв олж зогсоохгүй бол улсаараа, хамтаараа нурж байна гэдгийг ард түмэндээ ойлгуулах гэсэн юм. Дээрээ хэрэлдэж, сандал суудлаа булаацалдаж, эдийн засгаа гацаа түгжээтэй энэ маягаар нь явуулбал, магадгүй бид улсын наадмаа ч хийж чадахгүйд хүрэх эрсдэл бодитой байна. Хувийн хэвшлийн олон газар цалингаа тавьж чадахгүй байна. Сая төрийнхний цалинг Монголбанкнаас зээлээр авч тавилаа гэж мэдээ гарсан байна. Хэрвээ үнэн бол зургадугаар сард төрийнхний цалинг ч тавьж чадахгүй. Энэ бүхэн юунаас, хэнээс болов оо. Бурууг бусдаас биш, өөрсдөөсөө хайя. Баялаг бүтээгчид хамгийн түрүүнд дуугарах ёстой боллоо.

-Буруу нь баялаг бүтээгчдэд байна гэж үү?

-Тэрнээс, энэнээс боллоо гэж сорчилж буруутан хайж суудаг цаг одоо биш. Салбар тус бүрдээ л буруугаа олж засъя. Мэдээж бизнесийнхэн бидэнд буруу бий. Миний бодлоор хоёр төрлийн буруу байна. Нэгд, бизнес эрхлэгч, татвар төлөгч нарын дуу хоолой ерөөсөө гарахгүй байна. Яагаад гэхээр тэд дарамт ихтэй байна. Бизнесийнхнийг бүгдийг нь айлгадаг болчихож. Дуугарвал татвар, мэргэжлийн хяналт, АТГ гээд айлгах газар төрд олон байна. Бизнесмэнүүд төрөөс тендер авдаг. Өнөөдөр төр хамгийн том худалдан авагч болчихож. Ямар нэгэн намын далбаа, дээвэр дор орохгүй л бол бизнес хэвийн явах боломжгүй болсон. Тийм учраас тендер авахын тулд, хэвийн явж байгаа бизнестээ “гай” дуудахгүйн тулд бизнесийнхэн маань үнэнийг хэлэхгүй, дуугарахгүй, үгээ чөлөөтэй хэлж чадахгүй байна.

-Хоёрт нь…

-Монголын улстөрд 25 жил яваа энэ хэдэн улстөрчдийг бизнесийнхэн бид давраачихаж. Ажлаа хурдан бүтээхийн тулд өгөөд сургачихаж. Улстөрд одоо яваа энэ хүмүүс эдийн засгийн талаасаа анх юутай байлаа. Бизнесийнхэн бид нарын дэргэд шүү дээ. Одоо хэн нь юу юутай болчихоод байна вэ. Улстөрчид, төрийнхөн нь бизнесмэнүүдээсээ баян болчихож. Тэгсэн хэрнээ тэд нэг ч өдөр бизнес хийж үзээгүй, улсад ганц ч төгрөгийн орлогын татвар төлж үзээгүй. Хамгийн наад захын жишээ гэхэд онгоцоор нисэхэд бизнесийнхэн бизнес класст, төрийнхөн ердийн танхимд суудаг байлаа. Эдийн засгийн зөв бүтэцтэй улс оронд ч тийм. Гэтэл манайд эсрэгээрээ, бизнесийнхэн нь энгийн танхимд сууж, төрийнхөн нь бизнес класст суудаг болж. Уг нь бол тэр баян төрийн түшээдийн улсад төлсөн татварыг шалгахад л олсон орлого нь ил гараад ирнэ шүү дээ. Баялаг бүтээгчид бүгдээрээ бүсээ чанаглаад жолоочгүй, өөрсдөө машинаа барьж явна. Нарийн бичиггүй байна. Гэтэл татвар төлөгчдийн мөнгөөр амьдардаг дарга нар маань хамгийн том машиныг унаж, үүдэндээ хэд хэдэн туслахтай, дээр нь хамгаалагч, хувийн нарийн бичиг, хэдэн зөвлөхтэй амьдарч байна. Монголын нийгэмд өнөөдөр бизнес хийж татвараа төлөөд явдаг хэсэг, бизнес хийхгүй, татвар төлөхгүй төрд ажиллаад баяжаад явдаг хэсэг гэсэн ялгарал бодитой бий болчихлоо. Энэ бүх шударга бус байдал нь бизнес эрхлэгч, татвар төлөгч биднийг үнэхээр бухимдуулж байна.