“Гэм буруу нь нотлогдохгүй ч заавал шийтгэ. Шийтгэж чадахгүй аваас чамайг эргэж өндийхгүйгээр унагана шүү” гэх аймшигт урт сарвуу тэнгэрээс унжаад хуульчдыг багалзуурддаг бол яах вэ.

Яагаад ийм муухай үг бичив гэвэл сүүлийн жилүүдэд Н.Энхбаяраас эхлээд Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын орлогч П.Цогтбаатар, “Тэнгри” холдинг компаний захирал Х.Анхбаяр, 461-р урьдчилан хорих төвд нас барсан Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Амарсайхан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, “Эрдэнэс таван толгой” компаний захирал Я.Батсуурь нарын үйлдсэн аймаар хэргүүдийг АТГ ард түмнийхээ нүдийг бүлтийж, чихийг дэлдийтэл сүр бадруулан зарласан. Ард түмэн ийм муухай бузар хулгайчид бас байдаг аа гэж дуу алдаж Монгол даяар бухимдсан. Шударга хуульчид тэр муухай хулгайчдын бузар хэргийг даруйхан дэлгэж, улсын хохирлыг тоо ёсоор төлүүлж, сургамж болго гэж уухайлсан. Олон нийт хүний мууд дурлаагүй. Бузар хулгайг таслаж, нийгмээ ариусгах гэж тэмүүлсэн юм.

АТГ, прокурор, шүүх сэжигтэн бүхнээ хил даваад оргох гэж байна гэх дуулиан дэгдээж, бүгдийг урьдчилан хорих ангидаа ян тан цоожлоод санаа нь амарсан янзтай нам жим болсон. Ард түмэн нөгөө хулгайч нараа яаж яллах гэж байна хэмээн чих тавиад байлаа. Сүүлдээ сураг тасарсан. Асуухаар мөрдөн байцаалтын шатанд яваа хэргийг олон нийтэд дэлгэх боломжгүй гэж янзгүйрхана. Энэ сонгодог тайлбараа давтаад сэжигтнүүдийг хугацаагүй хорих ядарсан аргад унасан. Онц их хохирол учруулсан гэж дуулиантуулсан гэмт хэргүүдээ нотлож чадахгүй, бас хэн нэг том “амьтан”-ы нууц захиалгыг сөрж зүрхлэхгүй ацан шалаанд хавчигдсан гэх таамаг тэнэнэ. Сэжигтнээ батлан даалтад гаргах мэдэлгүйгээс зүхүүлэв. Хоног хугацаа яваад байдаг. Нотлох баримт олохгүй мухардсан тул байцаалт аваад ч утгагүй.

Үнэн мөнөө олох гэсэн сэжигтнүүд бухимдаж цөхрөөд эцэст нь өлсгөлөн зарлана. Өлсгөлөнг нь тоохгүй бол хуурай өлсгөлөн зарлаж амь нас нь хутганы ирэн дээр дэнслэгдэнэ. Нийгэм буруу зөвийг түргэн ялгаад өгөөч гэж шаардана. Ашигт малтмалын газрын дэд дарга асан Амарсайхан ийм байдлаар хорвоогоос буцлаа. Тэр бээр эрүүл мэнд эрс муудлаа, батлан даалтад гаргаж өгөөч гэж гуйсаар амьсгал хураасан. Түүнийг цагдан хорьсон этгээдүүд дэргэдээ нохой үхэж буйн дайтай эмзэглээгүй. Сэжигтэн нарын буруутайг тогтоож чадахгүй ч шоронгоос гаргахгүй гэх хатуу зуулттай нь нийтэд мэдрэгдлээ.

Үнэн худал нь ялгарахгүй зовж чилсэн сэжигтнүүдэд санаа зовсондоо жишээ болгон Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийн хэргийг аваад үзвэл нэг ч сэжиг нь өдий хүртэл нотлогдоогүй байх юм. Тэгэвч түүнийг заавал буруутган шийтгэх гэж улайрч буй нь бараг ил боллоо. Ер нь тэдний хувь заяа бүгд иймэрхүү. Л.Гансүхээс ямар ч гэмт хэрэг илрээгүй ч түүнийг дээрх хүмүүсийн адил заавал шийтгэж улс төрөөс зайлуулах дээдсийн хэний нь ч юм хорон санаа хүч түрсээр ажээ. Тэгэхээр одоо Л.Гансүхийн сэжиглэгдсэн хэргийг мөшгөх утгагүй болж, харин Л.Гансүхийг хэн ямар учраас зайлуулах гэв? Тэр хэнд гай болов. Хэний жаргах замын бөглөө болов гэх сэжиг анхаарал татаж эхлэв.

Л.Гансүхийн сонин хэвлэлд өгсөн ярилцлагаас уншихад Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахын тулд энэ хэргийг зохиосон гэж мэдэгддэг. Ганц Л.Гансүх бус дээр өгүүлсэн хүмүүс бүгд хэнд, хаанахын ямар бүлэглэлд яагаад гай болж зайлшгүй зайлуулагдах хувь тавиланд унав гэдгийг мэдэх шаардлага үүсэж байна. Тэдний буруу нотлогдвол уухайн тас яллах нь мэдээж. Гэтэл гацаад зогсчихов. Өч төчнөөн сар шоронд бие сэтгэлийг нь зэрэмдэглээд буруутайг нь нотлож чадахгүй байгааг хэлмэгдүүлж байна гэхээс өөр юу гэх вэ. Чойбалсан журмын нөхдөө хөнөөхгүй гэвэл Амар Гэндэн нар шиг өөрөө буудуулах байлаа. Одоо тийм аюул гаднаас дарамтлаагүй ийм сайхан цагт залуус минь юугаа булаацалдаад байна даа.  

Л.Гансүхийн нүүрсний гэх хэрэг хэвлэл, телевиз, сайтуудаар зөндөөн гарсан. Түүнийг нүүрсний хөтөлбөрөөс 3,6 тэрбум төгрөг цохьсон гэх сэжиг худал болох нь наян настай буурай, найман настай балчирт ч ойлгож цөхөх юмгүй өчүүхэн логик. Түүнийг улс төрийн зорилгоор замаасаа зайлуулах гэж буйгаа зарлалтай нь биш. Яадаг билээ. Түүнийг унагах далд санаагаа гүйцээхийн тулд буруутгах баримтаа бүрдүүлж чадахгүй хэн нэгэн юм уу хэсэг бүлэг нөхөд баарч орхив. Шийдвэрлэх гол цохилтоо болгохоор хамж чимж цуглуулсан нотлох баримтуудыг хэвлэлээс цухасхан шүүрдэж үзье.   

Нэг. Л.Гансүх Засгийн газраас ямар ч шийдвэр гараагүй байхад албан тушаалаа ашиглан нүүрс жижиглэнгээр худалдах ажлыг зохион байгуулсан.

Хотод нүүрсний жижиглэнгийн үнэ эрс өссөн. Нийслэлд нүүрс жижиглэнгээр борлуулдаг компани байсангүй. Бөөнөөр борлуулдаг компани хоёр байв. Тэд нүүрсийг вагоноос асгаж том жижиг нунтаг чулуутай нь экскаватороор хутгаад портертой иргэдэд 60 мянган төгрөгөөр зардаг байжээ. Портертой иргэд авсан нүүрсээ жалганд лантуудаж жижиглээд шигшин гуравны нэг орчим нунтгийг хаяад үлдсэнийг иргэдэд тонныг нь 200-гаас 220 мянгаар зардаг байлаа. Мөн өдөрт 200 гаруй машин Багануурын уурхайгаас нэг тонн нүүрсийг 25 мянгаар аваад нийслэлд тонныг нь 200 мянгаар борлуулдаг сүлжээ үүссэн байв. Товчхондоо ченжүүд Багануураас нэг тонн нүүрсийг 25 мянган төгрөгөөр аваад ард иргэдэд 200-220 мянгаар дамлаж, ашиг олж байсан юм.

Тиймээс Засгийн газраас нүүрсний үнийг хямдруулан барих шийдвэр гаргаж, үүний дагуу “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Ерөнхий сайд энэ асуудлаар Эрчим хүчний сайдад үүрэг өгсний дагуу IХ сарын 26-ны өдөр “Ажлын хэсэг томилох тухай” 13 тоот тушаал гарчээ. Энэ ажлын хэсэгт Эрчим хүчний яамны төлөөлөл, Багануурын уурхайн удирдлагууд болон “Багануур Илч” компаний удирдлагууд багтсан байдаг.  

Харин “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд 27500 төгрөгөөр авсан нүүрсийг Багануурын уурхай дахь өөрсдийн тоног төхөөрөмжөөр эхний шигшилтийг хийдэг ч чулуу ялгах боломжгүй. Тиймээс нийслэлд дахин шигшиж чулууг ялгана. Нүүрсний вагон бүрт 14 хүнтэй шигших, савлах баг ажиллаж нэг тоологч хянана. Энд шуудайлж жинлэж амсарыг оёод тээврийн машинд ачна. Ингэснээр ард иргэдэд 80000 төгрөгөөр авах боломж бүрдүүлж өгчээ. Багануураас Улаанбаатарт авчирах тээврийн зардал, савлах, шуудайлж амыг оёх хүмүүсийн хөлс, нүүрс тараах 163 цэгийн зардлууд ороод ченжүүдийн үнээс даруй 2.5 дахин бага үнээр өрхөд хүрч байсан юм. Энэ хөтөлбөрийг дагаад 800 гаруй ажлын байр гарч олон айл орлоготой болсон.

Л.Гансүх нь ажлын хэсгийн дүгнэлт гаргахад оролцоогүй, харин хөтөлбөр хэрэгжих явцад төр, хувийн хэвшлийн түншлэлд зохицуулагч, хянагчийн үүрэг гүйцэтгэж байсан аж.

Хоёр. Багануур ХК нэг тонн нүүрснийхээ үнийг 39 мянган төгрөгөөр тогтоосон байхад 27500 төгрөгөөр тооцож аваад жижиглэнгээр борлуулахдаа 80 мянган төгрөгөөр худалдаж, үнийн зөрүүнээс их хэмжээний мөнгө Л.Гансүхийг завшсан гэж ялалдаг.

Аудитор Ш.Ичинхорлоогийн дүгнэлтийг АТГ үндэс болгожээ. Ш.Ичинхорлоо Багануур ХК-ийн ТУЗ-өөс 2013 оны наймдугаар сард гаргасан тогтоолын “шигшиж ангилсан нүүрс”-ийг тонн тутмыг 39 мянган төгрөгөөр борлуулах шийдвэрт тулгуурлаж дүгнэлтээ гаргасан гэдэг. Ингээд үнийн зөрүүнээс нийт хоёр тэрбум гаруй төгрөгийг завшсан гэж үзжээ. Нэг тонн шигшээгүй нүүрсийг 27500 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ 2 жил хэрэгжиж дүгнээд, гэрээ хийсэн хоёр тал гомдол гаргаагүй, хохирол нэхэмжлээгүй байхад Үндэсний аудитын байцаагч ирж, “Та нар нүүрсээ 39 мянган төгрөгөөр борлуулах ёстой байсан” гэж мушгиж, яланд унагах шалтгаан болгосон аж. Шигшсэн нүүрс 39 мянга, шигшээгүй нь 27500 мянга гэдгийг ялгахгүй аудитор байх уу? Үнийн энэ зөрүүнээс 2 тэрбум гаруй төгрөгийг уг гэрээний харилцаанд огт хамааралгүй Л.Гансүхийг завшсан гэж гэнэхнээр улайм цайм муйхарласан нь араасаа хүчтэй ёвруулсан мэт.

Гурав. Багануур ХК-аас ачуулсан нүүрс, борлуулсан нүүрсний хоорондох хэмжээний зөрүүгээс мөнгө завшсан гэж түүнийг буруутгадаг.

Нүүрсний хэмжээг тооцохдоо шуудайлж, жинлэсний дараах цэвэр жингээр тооцно гэж гэрээн дээр заасан байна. Мөн үүн дээр вагоны жингийн стандарт алдагдал гэж байдаг бөгөөд үүнийг тооцох тогтсон аргачлалтай аж. Тийм стандарт алдагдал болон шигшүүрээс ялгарсан чулуу, үйрмэгийн хэмжээг хасаад цэвэр шуудайлсан нүүрсний жингээр эцсийн тооцоог хийдэг байжээ. Үлдсэн нунтаг нүүрсийг Багануурын уурхайн охин компани болох “Багануур илч” компани 20500 төгрөгөөр худалдан авч, уурын зууханд зардаг байв. Гэтэл аудитор Ш.Ичинхорлоо гэрээнд тодорхой заасан хэмжих зарчим, стандарт алдагдал, “Багануур илч” ХХК-ийн зарсан нунтаг нүүрс зэргийг тооцохгүйгээр эхний болон эцсийн жин хэмжээний хооронд гарсан зөрүүгээр тэрбум гаруй төгрөгөөр Багануур ХК-ийг хохироосон гэх дүгнэлт хийсэн байна. Энэ нь Л.Гансүхэд огт хамааралгүй бөгөөд компаниудын хооронд байгуулсан гэрээний асуудал юм.

Дөрөв. Л.Гансүх нар Багануур ХК-иас шатахууны зардал нэрээр их хэмжээний мөнгө луйвардсан.

MGLSB компани “Багануур” ХК-иас экскаватор, бусад техникийн түлшийг үйл ажиллагаандаа хэрэглэн хоорондын тооцоогоор төлөөд явж байсныг 399,3 сая төгрөгийн хохирол учруулсан мэтээр дүгнэсэн байна. Гэтэл энэ төлбөр хийгдсэн нь санхүүгийн баримтаар бүрэн тогтоогдсон байхад гэрээ болон мөнгөний асуудалд огт оролцоогүй, гарын үсэг зураагүй Л.Гансүхэд хамаатуулснаа өдгөө мөрдөн байцаагч нар юу ч гэж чаддаггүй нь цаанаа дарамттайн шинж гэхээс өөр юу гэхэв.

Тав. Л.Гансүхийн төрсөн охин MGLSB компанийг байгуулсан нь тогтоогдсон гэдэг.

MGLSB компани 2009 онд М.Сүхбаатар гэх ганц эзэмшигчтэйгээр байгуулагдсаныг Улсын бүртгэлийн газраас гаргаж өгсөн лавлагаанд тодорхой баталгаажуулжээ. Л.Гансүхийн охин Г.Цэрэнжагдан тус компанийг байгуулах үед болон хожим ч эзэмшигчээр нэмэгдэж ороогүй нь тогтоогдсон байна. Түүгээр ч барахгүй 2012-2014 онуудад Монголд байгаагүй ажээ.

Л.Гансүхийн өмгөөлөгч О.Баасандоржид энэхүү зохиомол хохирогчгүй, нэхэмжлэгчгүй хэргийн эх үүсвэрийг тавьсан аудитор Ш.Ичинхорлоо бусдын шахалт, дарамтаар тийм зүйл хийсэн гэдгээ хэлсэн нь энэ хэрэгт нууц ноёнтны сүрдүүлэг бий гэх нэг сэжим болдог юм. Ш.Ичинхорлоо хамгаалалтгүй бол тэр бээр хэлсэн үгээсээ буцаж, захиалагч болон түүний дохиогоор ажилладаг мөрдөн байцаагч нарт сөхөрч магадгүй. Хэрэв Ш.Ичинхорлоогийн хэлсэн үгийг өмгөөлөгч баталгаажуулсан бол үнэнийг олоход маш чухал учиг болно.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын анх зарлагдсан гэмт хэргүүд ямар олон агаад ямар аймаар хэргүүд сонсогдлоо. Шат шатны шүүхээр нотлогдсонгүй гэж хасагдсаар сүүлдээ тийм олон зуун цагдаагаар баривчлууламгүй, тэгж хуурай өлсгөлөн зарлуулж амь насыг нь хөнөөх хэмжээнд хүргэмгүй, эцэст нь хэдэн жул юм л нэрэлсэн биз дээ. Тэр хүн өвчний үүр сүг болоод үхлийн ирмэгт хүрснийг зурагтаар бид харсан. Бодвол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Улсын ерөнхий прокурор Дорлигжав, АТГ-ын дарга Ганболд, орлогч дарга Хурц нар харсан л байлгүй. Тэгээд түүний бие засал аваад овоо сэрвийгээд ирсэн чинь дахин яланд унагах гэж балбаад гарсан. Юм олсонгүй болтой. Олсон бол хөхрөлдөж байгаад шоронгийн мухарт шиднэ. Л.Гансүхийг ч ялгаагүй. Өндийлгөхгүй гэж чардайгаад буй хүмүүс өөрсдөө амархан ялагдах шархтай улс төрчид шиг байгаа юм. Амархан ялагдах согогтой хүмүүс аймхай байдаг. Тэгээд л Н.Энхбаяр, Л.Гансүх нарыг дарж авах гэж зүтгээд байх шиг. Цэвэр шударга лидер бол олны нүдэнд ил өрсөлдөж ялах сонирхолтой байдаг. Тийм лидерүүдэд ил өрсөлдөж ялах хавтай. Тийм биш өөдгүй амьтад журмын нөхдөө башир аргаар зайлуулах хэлмэгдүүлэлт явуулж байна гэх хардлагыг өнөөгийн дээдсийн тэмцэл төрүүлж байна.

Хулгайч нь хулгайчаа дийлэх нийгэмд ашиггүй. Хоёр хулгайчийг хоёуланг дарвал жинхэнэ ялалт болно. Тийм учраас хэрэг нь нотлогдохгүй сунжирч буй сэжигтнүүдийг Нам, Төр, Засгийг эзэрхийлсэн том толгой захиалагчид дийлэх нь ард түмэнд ашиггүй. Тэд өрсөлдөгчгүй дураараа дургих гэж захиалга өгч зүтгээд буй юм. Тэгэхээр Л.Гансүхийн хэргийг телевизээр шууд нээлттэй шүүж, шоронд сууж буй сэжигтэн нь буруутай юм уу, Нам, Төр, Засагт заларч буй захиалагч нь буруутай юм уу гэдгийг шуурхай ялгаад, нийгмийн сэтгэл зүйг тайвшруулж, иргэний ардчилсан нийгэмд итгэл төрүүлээд өгөөч. Дээрх сэжигтнүүд буруутай бол даруйхан нотлоод яллаач. Буруугүй бол тэднийг бүү зовоогооч. Хүний эрхийг дэлхий хянаж дүн тавьдаг болсон цаг. Олон саяын цалинтай дархлагдсан шүүгчид эр зоригоо гаргаач. Захиалагчид байгаа бол нэрлээч. Дээр чинь захиалагч байгаа бол хажууд чинь ард түмэн чинь түшиж буйг тооц. Хараат бус шүүхийн үр өгөөжийг хүртмээр байна. Шүүгчид захиалагчаараа бус ур чадвар, шударга шуурхай шийдвэрээр алдаршина шүү.

2015-05-07