Хүн бүр өдөр болгон өгөөжийг нь хүртэж амьдардаг хэрнээ мэдэрдэггүй, хүлээн зөвшөөрдөггүй нэг салбар бий. Энэ бол хувийн хэвшлийнхэн буюу бизнесийнхэн. Тэднийг яагаад хүндлэх, үнэлэх ёстойг өгүүлье.



1.

Монгол Улсад төрийнхөн, хувийн хэвшлийнхэн гэж хоёр сектор бий. Төрийнхөн гэж яг үнэндээ бол улстөрийн намууд, улстөрчид. Тэд хэзээ ч баялаг бүтээдэггүй, гаднаас зээлж өр тавина уу гэхээс биш, дотооддоо мөнгө үйлдвэрлэдэггүй хүмүүс. Тийм ч учраас “Төр бол авдаг, тараадаг хоёр гартай. Бизнесмэнүүд бүтээдэг, өгдөг хоёр гартай” гэх нэгэн суутны үг бий. Төрийн хоёр дахь гар нь нэг дэх гартаа захирагддаг. Энэ нь төр аваагүй бол тараахгүй, авсан ч тараадаггүй төр бас байдаг гэсэн үг. Харин бизнесмэнийн хоёр дахь гар нь нэг дэхээ захирдаг. Яагаад гэвэл тэд татвар нэрээр төрд өгдөг учраас, өгөхийн тулд заавал бүтээх хэрэгтэй болдог байна. Эндээс хийх дүгнэлт бол төр авдаг, бизнесмэнүүд өгдөг. Тийм байтал Монголын төр, монголчууд урд хормойдоо улстөрчдөө зүүж, хойд хормойд нь хөөрхий хувийн хэвшлийнхэн зүүгдэж явдаг. Энийг ялимгүй хошиноор илэрхийлбэл “авах хүн гэдийж, өгөх хүн бөхийдөг” гэх монгол философитой холбоотой байх. Төр авдаг, авахын тулд хууль баталж, хуулиа өөрөө хэрэгжүүлдэг учраас гэдгэр, харин хувийн хэвшлийнхэн хуулийн дунд бүтээж, хуулийн дарамт дор өгдөг учраас үргэлж бөгтгөр.

2.

Төрөө дээдлэх уламжлалт сэтгэхүйгээр бид төрийнхнийг буюу улстөрчдөө илүү шүтэх хандлагатай. Гэтэл зах зээлийн эдийн засгийн орчинд төр бол ердөө л зохицуулагч. Тэнд бизнесмэнүүдийг шүтэж, хувийн хэвшлээ хүндэлдэг. Манайхан УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон тойргийн гишүүнийхээ хөргийг хоймортоо залдаг бол, бидний байгуулж байгаа капиталист нийгэмд төсөвт хамгийн их татвар төлдөг бизнемэнүүдээ хүндэлдэг байна. Тухайлбал, “Эрдэнэт” хамтарсан үйлдвэрийн дарга, “MCS”-ийн захирал, тохиолдлоор УИХ-д сонгогддог гишүүдийн аль нь улсад болон тухайн өрхөд эдийн засгийн утгаараа хамгийн их нөлөө үзүүлж байгааг бодитой үнэлж цэгнэдэг юм. Манайхан жил бүр, баяр болгоноор л шилдгүүдээ шалгаруулдаг. Улс нь эдийн засгийн хямралтай байхад л шалгаруулалт бүрийг улстөрчид өнгөлдөг. Гэтэл бидний араас нь явж байгаа орнуудад “Форбесийн жагсаалт”, “Тайм-ын оны хүн” яагаад үнэ цэнтэй брэнд байж чаддаг вэ гэвэл тэнд нүдэнд харагдаж бүтээснээр нь, хэтэвчинд мэдрэгдэж төлснөөр нь шалгаруулдаг байна. Тухайлбал, таван ам бүлтэй айл байлаа гэхэд төрд ажилладаг аавынх нь, сургуулийн багш ээжийнх нь цалинг, бас эмээгийнх нь тэтгэврийг хувийн хэвшлийнхэн л татвараар дамжуулан өгдгийг тэд сайн мэддэг хэрэг. Өөрөөр хэлбэл “талхны философи” гэх амьдралын хууль тэнд үйлчилдэг ажээ. Энэ нь хүн бүр тоо иддэггүй, талх иддэг. Талхыг бизнесмэн хийдэг. Төрийнхөн, улстөрчид бол талх хийхэд нь татвар авна, талхны орлогыг бусдад тараадаг. Гэхдээ улстөрчид, бизнесмэн хоёр хоёулаа адилхан талх иддэг хэрнээ талх хийхэд улстөрчид хуруу нэмэрлэдэггүй, талхны орлогыг тараахад бизнемэнүүд хошуу дүрдэггүйгээрээ ялгаатай.

3.

Албан ёсны баримтаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 80, татварын нийт орлогын 40 хувийг бизнесийнхэн бүрдүүлдэг. Тэд бас Монгол Улсын ажиллах хүчний 75-80 хувь буюу 800 орчим мянган хүнийг ажлын байраар хангадаг. Энгийнээр илэрхийлбэл ДНБ гэж тухайн жилдээ үйлдвэрлэсэн бараа болон үйлчилгээний зах зээлийн үнийн нийлбэр дүнг хэлдэг бөгөөд үүний 80 хувийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэдэг. Хэрвээ Монгол Улс 2014 онд нийтдээ 100 төгрөгийн бараа үйлчилгээ үйлдвэрлэсэн бол түүний 80 төгрөгийг бизнесийнхэн бий болгожээ.

Монгол Улс төсвийнхөө 90 хувийг татвараар бүрдүүлдэг. Үүний 40 хувийг өнөөх муу нэртэй хувийн хэвшлийнхэн өгдөг. Манай улсын жилийн төсөв 100 төгрөг гэвэл үүний 90 төгрөгийг татвараар бүрлүүлдэг. Энэ 90 төгрөгийн 36-г нь хувийн хэвшлийнхэн төлдөг байна. Харин ажиллах хүчний тухайд 10 хүн тутмын 7-8 нь хувийн хэвшилд ажилладаг. Тэгэхээр Монгол Улсын эдийн засгийн ачааны хүндийг бизнесмэнүүд үүрч, улстөрчид бүхий төрийнхөн болон бусад салбарынхан нь аахилдаг хэрэг.