Субботникийн Ерөнхий сайд
С.Баяр бол хэлж ярих, хэн нэгэнтэй маргаж мэтгэлцэхдээ гаргуун. Гэхдээ УИХ-ын гишүүн З.Энхболдынх шиг заргач талдаа биш.
Тэд хүн хэмээх бурхны бүтээлийнхээ хувьд бусадтай л адил алдаж андуурч болох. Харин өнөөдөр хашиж байгаа албан тушаал, нийгэмд эзэлж буй улстөрчийн эрэмбийн хувьд хэлэх үг, хийх үйлдлээрээ алдах эрхгүй байх сонголт хийсэн хүмүүс билээ. Тэдний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн хувь хүн С.Баяр, Ц.Элбэгдоржийнх биш, Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын даргынх, АН-ын даргынх болж харагдана, нийгэм тэгж хүлээж авна. Хамгийн сүүлд гэхэд Ц.Элбэгдорж МАХН-ын их хурлын 668 төлөөлөгчийг бүгдийг авлигач хэмээн хадуурсан бол С.Баяр МАХН-ын дарга болоод Цагаан байрандаа, Ерөнхий сайдаар томилогдоод Төрийн ордонд хэлсэн анхны үгүүд нь алдаатай байв.
Жишээ 1. С.Баяр намын даргаар сонгогдсоныхоо дараа “МАХН-ыг дараагийн сонгуульд ялуулахын тулд намын дарга Ерөнхий сайдаа хавсрах ёстой” гэж хэлсэн. МАХН-ыг сонгуульд ялуулах ганц хэрэгсэл нь төр гэж мэдэгдсэнээр гүйцэтгэх засаглалыг сонгуулийн Засгийн газар, өөрийгөө сонгуулийн Ерөнхий сайд гэсэн тодорхойлолтыг С.Баяр өөрөө анх гаргаж ирэв. Бүхэл бүтэн Монгол Улсын Засгийн газрыг нэг намын сонгуулийн ялалтад зориулахаа мэдэгдсэн түүний үг сөрөг хүчинд өгөөш болж, хариуцлагын гадна үлдэх шалтаг гаргаж өгсөн юм.
Жишээ 2. С.Баяр МАХН-ын дарга болсноосоо хойш нэг сарын дараа Ерөнхий сайдаар томилогдлоо. Энэ томилгооноос хэдэн өдрийн өмнө МАХН-ын 31 авлигачийг АН-аас нэрлэсэн байв. Ердөө л намын даргынхаа “678 авлигач хуралдаж байна” гэж хэлсэн үгийн үргэлжлэл болгосон АН-ын ээлжит улс төрийн акцад МАХН-ын шинэ даргын нэр ч багтжээ. С.Баяр Ерөнхий сайдын хувьд ард түмэндээ хандсан анхны үгээ томилогдсон даруйдаа хэлсэн юм.
Гэтэл тэрээр чуулганы индэр дээрээс АН-ын дээрх улс төрийн акцад хариу тайлбар хийж Ерөнхий сайдын албан тушаалаа жижгэрүүллээ. Түүний хэлсэн үгийн бараг тал хувь нь Монгол Улсын Ерөнхий сайдынх биш, МАХН-ын даргынх баймаар утга агуулга, зорилготой байлаа. Энэ нь олон нийтэд Ерөнхий сайд ажлаа хэрүүлээр эхэлж байгаа мэт харагдлаа. МАХН бол мэдэгдэл үйлдвэрлэж сурсан нам. Уг нь АН-ын дээрх улстөрийн акц бол заавал Ерөнхий сайд албан тушаал, УИХ-ын чуулганы индэр ашиглаж тайлбар хийгээд байх шаардлагагүй, МАХН-ын гаргаж сурсан ээлжит мэдэгдлээр, эсвэл намын олон нарийн бичгийн даргынх нь хэн нэг л хариу өгчихөөр явган хэрүүл байсан юм.
Энэ бол Ерөнхий сайд С.Баярын хийтэй үгс. Сэтгүүлч бид эрхийнхээ дагуу түүний санаадгүй ч байж болох үгсээр нь түүнийг сонгуулийн Ерөнхий сайд гэж тодорхойлж байгаа юм. Харин С.Баяр өөрөө бол санаатай үйлдлээрээ суботникийн Ерөнхий сайд байхаа мэдэгдэж байна. Тэрээр энэ тухайгаа эхлээд АН-ын дарга Ц.Элбэгдоржид, дараа нь буюу өнгөрсөн баасан гаригт АН-ын зөвлөлийн гишүүдэд амлажээ. С.Баяр, ирэх сонгуулиар АН ч олонхи болж болно. Аль нам олонхи болох нь Ерөнхий сайдад одоо чухал биш.
УИХ-ын цөмийг бүрдүүлж байгаа МАХН, АН хоёр улс орны хөгжлийн төлөөх бодлогын том асуудлууд дээрээ хамтарч ажиллая. Тэрхүү хөгжлийн суурийг нь бэлтгэх, цэвэрлэх суботникийн Ерөнхий сайд байхын төлөө би ажиллах болно гэжээ. Харин сөрөг хүчнийхэн чадвал дангаараа, эс чадвал ганцхан БНН-тай хамтарч танхимаа байгуулахыг зөвлөсөн байна. АН Засгийн газарт орохгүй ч хөгжлийн төлөөх бодлогыг асуудлаар С.Баярын танхимд сөрөг хүчин болохгүй гэдгээ амлаж томоохон орд газруудын хувь эзэмшил, ашиглах гэрээ, УИХ-ын сонгуулийг пропорциональ хувилбараар явуулах ерөнхий зарчим дээрээ санал нэгдсэнээр уулзалт өндөрлөсөн байна.
Ер нь томоохон ордуудыг ашиглах гэрээ, тэндээс ард түмний хүртэх хувь эзэмшлийг хэрхэн шийдэх нь С.Баярыг сонгуулийн эсвэл, субботникийн Ерөнхий сайдын алин болохыг тодорхойлно. Ерөнхий сайд Тавантолгойг зуун хувь төрийн өмчид авахаа мэдэгдэж, энэ тухайгаа тус ордын 14 хувийг эзэмшиж байгаа “Энержи ресус” компанийнханд дуулгав. Энэ шийдвэрээ ажил хэрэг болгоход түүнд танхимын бүрэлдэхүүн болон сөрөг хүчний дэмжлэг хэрэгтэй
Чухам тийм учраас л орохгүйг нь мэдсээр байж АН-тай хэд дахин уулзаад байгаагийн нэг шалтгаан нь энэ байх. Танхимаа бүрдүүлэхдээ ч тэрээр өмнөх Ерөнхий сайд нар шиг Ерөнхийлөгч рүү яаран хадаг барьж гүйсэнгүй, бусад намыг ч үнэд оруулсангүй. Харин ч цаад тал буюу Ерөнхийлөгчийг цаг хугацааны шахалтад оруулах замаар сайд нарын томилгоог хийх гэж байна. Ингэснээр тэрээр өөрөө өр төлөх, өрөөлөөс төлөөний хүн шахах, намууд нэг кнопоо сайдын суудлаар үнэлэх зэргээс чөлөөлөгдөх боломжтой болж байна.
Харин Тавантолгойн ордын хувьд субботникийн Ерөнхий сайд болох эхний хүрзээ С.Баяр гишгэлээ. Хардсан хүнд бол С.Баяр өөрөө цаг хугацааны шахалтад орсон шинжтэй. ОХУ-ын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт энэ сарын 7-9-нд Улаанбаатарт болох нь хардагсдад бүр сайхан далим болж байна. Харин эцсийн үнэнийг, ард түмнийхээ төлөө субботник хийв үү, эсвэл үндэсний хөрөнгөтнүүдээсээ аваад гадаадынханд өгөх субботник хийж үү гэдгийг цааш өрнөх үйл явдлууд харуулна. Тавантолгойн ордын 14 хувийг төрд авч буй нь хувийн өмчиийг булааж байгаа хэрэг биш ээ. Хувийн бизнес эрхлэхэд нь халдлаа гэвэл ононо. Үнэхээр ард түмэн энэ ордоос хувь хүртэж, улс орны хөгжлийн мөнгийг босгож чадвал ийм шийдвэрийг гаргасан хүмүүсийн гавьяа түүхэнд үлдэнэ.
Ард түмний төлөөх ийм субботникийн дэргэд лицензээ булаалгасан гэх 14 компанийн эрх ашиг хэтэрхий жижигдэнэ. "Энержи ресус" компани бол энэ ордын лицензийг л эзэмшдэг болохоос газар доорхи баялаг нь ард түмнийх. Тэр тусмаа энэ ордын хайгуулыг улсын төсвийн хөрөнгөөр хийж, нөөцийг нь тогтооосон шүү дээ. Тэгэхээр нийтийн эрх ашгийн төлөө нэг хэсгийн бизнесийг харилцан зөвшилцлийн аргаар зохицуулах эрх төрд байж яагаад болохгүй гэж. Гэхдээ энэ ордын 14 хувийг гадаадын компани эзэмшиж байсан бол Монголын төр тэднээс авч арай зүрхлэхгүй байх. Тэгэхээр лиценз хадгалж байсан гавьяаг нь ямар нэгэн хэлбэрээр үнэлэх нь шударга ёсонд нийцнэ. Жишээ нь, ордыг дагасан бүтээн байгуулалтад давуу эрхтэй оролцуулах гэх мэт.
Харин энэ ордыг нээлттэй тендер нэрээр нэг улсын ганц хоёрхон компанид өгчихвөл Монголын төр үндэсний хөрөнгөтнүүдээсээ дээрэмдэх субботник хийснээс ялгаагүй. Монголын баялгийг монголчуудаас нь аваад гадаадынханд өгдөг төр гэж байж таарахгүй. Түүнчилэн улсын үйлдвэрийн газар нэрээр “Эрдэнэт” шиг шахааны газар, Засгийн газруудыг огцруулдаг "амтат бялуу", эрх мэдэлтэй нэг хэсэг хүний гэр бүлийг тэтгэдэг бизнес болговол Үндсэн хуулиар тунхагласан 1992 оны сонголтоо үгүйсгэсэнтэй адилхан билээ.
Тавантолгойн ордыг төр зуун хувь мэдэлдээ авч ашиглана гэдэг анх сонсогдох утгаараа сайхан мэдээ. Чихний өмнө нүд буруудаж болохгүй. Өөрөөр хэлбэл, энэхүү сайхан мэдээ цаашид хэрэгжилт, ашиглалтын үйл явц, эцсийн үр дүнгээ нийтийн эрх ашигтаа таарахгүй бол С.Баяр сонгуулийн Ерөнхий сайдаасаа ч муу нэртэй үлдэнэ. Хэлсэн үгэндээ биш, хийх ажилдаа л алдаа гаргахгүй Ерөнхий сайд С.Баяраас ард түмэн хүсч хүлээж байна. “Сонгуулийн, субботникийн Ерөнхий сайд” гэх тодотгол ард түмэнд чухал биш ээ.