Л.Гансүх: Намайг улс төрийн зорилгоор ялласан
Тоймч Л.Мөнхбаясгалангийн С1 телевизээр хөтлөн явуулдаг “Цензургүй яриа” нэвтрүүлгийг сонины хэлбэрт оруулан хэвлэж байх албан ёсны эрхийг “Улс төрийн тойм” сонин авсан билээ. Тиймээс уншигч та бүхэндээ энхүү ярилцлагыг долоо хоног бүрийн лхагва гарагт хүргэж байх болсоноо дуулгахад таатай байна.
Тоймч Л.Мөнхбаясгалангийн С1 телевизээр хөтлөн явуулдаг “Цензургүй яриа” нэвтрүүлгийг сонины хэлбэрт оруулан хэвлэж байх албан ёсны эрхийг “Улс төрийн тойм” сонин авсан билээ. Тиймээс уншигч та бүхэндээ энхүү ярилцлагыг долоо хоног бүрийн лхагва гарагт хүргэж байх болсоноо дуулгахад таатай байна. Энэ удаагийн Цензургүй яриа нвтрүүлэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх уригдан оролцлоо. Ингээд ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
-“Цензургүй яриа” нэвтрүүлэгт тавтай морил. Урилга хүлээн авч ирсэнд баярлалаа. Танд эрүүгийн хэрэг үүсгэж, таныг удаан хугацаагаар хорьсон. Хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа энэ үед үнэнийг хэлэхэд урилгыг минь хүлээж авч ирэхгүй гэж бодож байлаа. Гэтэл та хүрээд ирлээ?
-Намайг шалгаснаас хойш жил орчмын хугацаа өнгөрч. Энэ хугацаанд мөрдөн байцаалтын ажил дуусаад АТГ-ынхан асуудлын үнэн учрыг олох байх гэсэн найдлагатай байсан. Гэтэл надад тодорхой ял төлөвлөж, прокурорт шилжүүлсэн. Намайг 3.6 тэрбум төгрөг зувчуулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн ойлголтыг хүмүүст төрүүлээд байгаа учир бодит байдал дээр чухам юу болсон бэ гэдгийг хүмүүст хүргэе гэж бодож таны урилгыг хүлээж авсан юм.
-Хоёулаа үйл явдлыг товчхон дурьдаад ярилцъя. Миний санаж байгаагаар таныг “2014 оны тавдугаар сард их хэмжээний мөнгө завшаад оргон зугтсан ” гэсэн мэдээлэл гарсан. Тэгэхэд та хаана байсан юм бэ. Яагаад ийм мэдээлэл гарах болов?
-Миний зүүн хөлийн дунд хуруу ясны хавдартай болсон учир БНСУ-д очиж сүүжний яснаасаа хөлийн хурууны ясаа нөхүүлэх мэс засалд орсон юм. Тэр үед интернет хараад хэвтэж байтал намайг “Охиныхоо компаниар дамжуулж нүүрс хөтөлбөрийн мөнгө завшаад оргосон” гэсэн утгатай мэдээлэл гарсан байсан. Тэгэхээр нь туслахтайгаа холбогдож, энэ бүхэнд холбогдох тайлбарыг нь хийхийг даалгаж, “Хүн өвчтэй байхад оргосон гэж цоллож болохгүй, үнэхээр цагдаад байцаалт өгөх шаардлагатай бол очоод өгнө” гэдгээ мэдэгдэж байлаа.
-Тэгэхэд танд эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байсан юм уу?
-Эрүүгийн хэрэг үүсгэснээ тухайн хүнд нь мэдэгддэг юм билээ. Гэтэл надад мэдэгдээгүй байсан. Харин намайг ирсний дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар дамжуулж “Ирж байцаалт өгнө үү. Үгүй бол баривчлах хүртэл арга хэмжээ авна” гэсэн утга бүхий бичиг ирүүлсэн юм.
-Тэр бичгийг хэзээ ирүүлснийг та санаж байна уу?
-Тавдугаар сарын 20-нд ирүүлсэн байсан.
-Гэтэл тавдугаар сарын 9-нд дээрх мэдээлэл гарсан шүү дээ?
-Тийм тэр мэдээлэл аль хэдийнэ гарчихсан байсан. Намайг байцаалтад дуудаж байгаа тухай бичгийг ажил дээр боломжгүй байсан юм бол гэрт авчраад өгч болох байсан шүү дээ. Манай гэр байнга хүнтэй байдаг ч хүргэж өгөөгүй атлаа оргосон гэсэн утгатай мэдээлэл гаргасан юм билээ.
-Түүнээс хойш удалгүй таныг баривчилсан байх аа?
-Хоёр сарын дараа буюу долоодугаар сард намайг баривчилсан. Эхлээд надаас гэрчийн мэдүүлэг нэг л удаа авсан. Тодруулбал, нүүрс хөтөлбөрийн талаар асууж, хүмүүсийн талаарх мэдээллийг өгсөн. Дараа нь долоодугаар сарын үед АТГ-аас мэдээлэл хийхдээ намайг нийслэлийн иргэдийг нүүрсээр хангах нэрээр төсвөөс 3.6 тэрбум төгрөгийг завшсан, ингэхдээ өөрийн туслахууд болон гэр бүлийнхэнтэйгээ хамтарсан гэсэн утгатай мэдээлэл хийчихсэн юм.
-АТГ-аас дээрх мэдээллийг хийхээсээ өмнө таныг баривчилчихсан байсан юм уу?
-Энэ мэдээллийг хийхээсээ өмнө АТГ-аас намайг сэжигтнээр дуудаж байцаалт авсан. Энэ бүх асуудлаас үүдээд надад хэд, хэдэн лавлах зүйл гарч ирээд байгаа юм. Намайг БНСУ-д эмчлүүлж байхад охиныхоо компаниар дамжуулж нүүрс борлуулахдаа дундаас нь ашиг олох замаар 800 гаруй сая төгрөг завшсан гэсэн мэдээлэл гарч байсан. Гэтэл сэжигтнээр татаж байгаа тухайн тогтоол дээр нь хэвлэл дээр гарсан мэдээлэл үг, өгүүлбэрээрээ байсан. Тэр үед нь би иргэдэд хямд нүүрс борлуулах Нүүрс хөтөлбөрийн хүрээнд Багануурын уурхай болон түгээлт хийх компанийн хооронд байгуулсан гэрээний асуудлыг дэвэргэж байгаа талаар нь албаныханд хэлсэн.
-За тийм, тухайн үед та Багануурын уурхай дээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай хамт очихдоо Улаанбаатарын иргэдэд хүрч байгаа нүүрсний үнийг нь хямдруулна гэсэн мэдээлэл хийсэн байдаг. Тэр мэдээллээс харж байхад Ерөнхий сайд нэг тонн нь 220 мянган төгрөгийн үнэтэй байсан нүүрсийг 80 мянган төгрөгт хүргэх үүргийг танд өгсөн гэж ойлгогдохоор байна билээ?
-Сонгуулийн популизмаас болоод хөрөнгө оруулагчдаа хөөгөөд явуулчихсан, хуулиа өөрчлөөд дахиж орж ирэхээргүй болгочихсон байсан үед байгуулагдсан Засгийн газрын зүгээс хэд хэдэн асуудал дээр анхаарч ажиллах шийдвэрийг байгуулагдсан дариудаа гаргасан юм. Засгийн газар яг энэ хэвээр нь үйл ажиллагаагаа явуулах юм бол бараа бүтээгдэхүүний үнийг тогтоож дийлэхээргүй болчихсон байсан. Тиймээс эдийн засагт амь тариа хийх замаар үнийг тогтворжуулахаар болсон юм. Нөгөөтэйгүүр, гаднаас хөрөнгө оруулалт босгож, бүтээн байгуулалтад зарцуулъя, импортыг орлодог бүтээгдэхүүнийг дэмжие гэсэн шийдвэрүүдийг гаргасан. Засгийн газар байгуулагдсаны дараа л Уул уурхайн сайд Д.Ганхуягт бензиний үнийг тогтворжуулах үүрэг ногдож байсныг санаж байгаа байх.
-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн талаар та ярих гээд байх шиг байна. Нүүрс хөтөлбөр үүнтэй хамаагүй биз дээ?
-Нүүрс хөтөлбөр үнэ тогтворжуулах хөтөлбөртэй хамаагүй л дээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжиж байтал есдүгээр сарын сүүлч болсон. Тэр үед нүүрсний үнэ тэнгэрт хадаж байгаа тухай мэдээлэл хаа сайгүй гарч, Ерөнхий сайд Эрчим хүчнийхээ сайдыг дуудаж гарц хайж эхэлсэн. Ингээд М.Сономпил сайд ажлын хэсэг байгуулж, Улаанбаатарын иргэдэд нүүрсийг хямдаар нийлүүлэх аргыг эрэлхийлсэн. Тэр үед Ерөнхий сайд надад Улаанбаатарт нүүрсийг хэрхэн тараахыг зохицуулах үүрэг өгсөн юм. Ажлын хэсгийнхэн ч дүнгээ гаргаж, “Багануураас 27500 төгрөгөөр нүүрсээ иргэдэд борлуулж байгааг 25000 төгрөг болгож болох юм байна. Гэхдээ шигшихээр 30000 төгрөг болох юм байна” гэдэг мэдээлэл хийсэн. Үүний дараа гэр хорооллын иргэдэд хэрхэн тараах вэ гэдэг асуудал тулгарахад нь манай зөвлөхүүд ярьж байгаад хороо болгонд хоёр цэг байгуулах санал гаргасан. Ингээд Улаанбаатарт нүүрс борлуулах 162 цэг байгуулсан юм.
-Та нарыг ингэж хөндлөнгөөс оролцоогүй байхад зах зээлийнхээ жамаар иргэдэд нүүрс хэрхэн хүрдэг байсан юм бэ. Хэний гараар дамжиж байв?
-Ченж гэж ярьдаг хүмүүс л зөөдөг байсан. Багануурын уурхай “Багануур-Элч” гэдэг компаниараа дамжуулж, Толгойт, Амгалан өртөөн дээр нүүрсээ буулгаж, шигшээгүйгээр нь нэг тонныг нь 60 мянган төгрөгөөр ченжүүдэд худалдаалдаг байсан юм билээ. Тиймээс ченжүүд түүнийг нь шигшээд нэг тонныг нь 200 мянган төгрөгөөр борлуулна.
-Түүнийг нь та 80 мянган төгрөгөөр борлуулах боломжийг нь та нээгээд өгчихсөн юм уу?
-Би ч юу байхав. Дунд нь менежмент хийж байсан компани л тийм боломж олгосон байхгүй юу.
-Тэр ямар учиртай компани юм бэ?
-Нүүрсийг жижиглэнгээр тараадаг компани, тийм туршлага ч манайд байхгүй. Гэтэл арваннэгдүгээр сар гарах гээд иргэд нүүрсээ авах гээд утасдаад байдаг. Хажуугаар нь орон нутгийн хурлын сонгууль болох гээд Ерөнхий сайд үүнээс өмнө нүүрсээ тараахыг үүрэгдээд байдаг. Нүүрс түгээх компани хайж би гэдэг хүн чинь 10 орчим хоног манаргалаа. Эцэст нь манай нэг найз МGLSP компаниараа дамжуулж, нүүрс түгээхийг зөвшөөрсөн юм. Ингэхдээ намайг сайд байхад миний туслахаар ажиллаж байсан хүнийг гүйцэтгэх захирлаар нь тавих санал гаргасан юм л даа.
-Эрдэнэбулган гэж хүн мөн үү. Одоо АТГ-ын сайт дээр Л.Гансүхийн хэрэгт холбогдуулан эрэн сурвалжилж байна гээд зургийг нь тавьчихсан байгаа тэр залуу юу ?
-Тэр залуу маань 2013 оны зургаадугаар сард Австралид сурах гээд явчихсан. Гэтэл энэ хөтөлбөр 2012 оны өвлөөс эхлээд 2013 оны өвөл, 2013 оны өвлөөс 2014 оны өвөл хүртэл хэрэгжсэн. Тэр залуу маань эхний нэг жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гар бие оролцчихоод сурахаар явсан хүн байхгүй юу. Гэтэл манай энэ хуулийн байгууллагынхан 2014 оны дөрөвдүгээр сард компани дээр нь очиж асууж сурагласан байгаа юм.
-Тэгэхээр тэр хүнд сүүлд нь хэрэг үүсгэсэн гэсэн үг үү?
-Бүр сүүлд шүү дээ. Гэтэл АТГ-ынхан тэр хүнийг байцаагдаж байгаад зугтаасан гэж байгаа юм. Ердөөсөө байцаагдаагүй хэрэг.
-Та найзынхаа компаниар нүүрс түгээх ажлыг хийлгээд туслахаа захирлаар нь томилжээ. Тэр компани чинь хэр ашигтай ажиллав. Нөгөө таныг буруутгаад байгаа 3.6 тэрбум төгрөгийн ашгийг олчихсон юм биш биз дээ?
-Тэр мөнгө энэ компанитай ямар ч хамаагүй. АТГ-ынхны яриад байгаа 3.6 тэрбум төгрөг чинь ердөө л цаасан дээрх мөнгө шүү дээ. Би энэ мөнгийг цаасан дээрх мөнгө гэдгийг нь тогтоолоор баримтжуулж чадна. Энэ компани чинь Багануурын нүүрсний уурхайгаас нүүрсээ нэг тонныг нь 27500 төгрөгөөр аваад бүх зардлаа оруулаад 200 мянган төгрөгөөр борлуулж байсан нүүрсийг иргэдийн гар дээр 80 мянгөн төгрөгөөр түгээсэн. Энэ ажлаа ч сайн хийсэн. Гэхдээ энэ бүхэн нь зарим нэг хүний эрх ашгийг хөндсөн юм шиг байгаа юм.
-Гэтэл нэг жилийн дараагаас эхлээд Багануурын уурхай 27500 төгрөгөөр борлуулж байсан нүүрснийхээ үнийг 39000 төгрөг болгочихсон. Энэ үнийн зөрүүн дээрээс та хоёр тэрбум төгрөгийг өөртөө ашиг болгон авсан гэж АТГ-ынхан яриад байгаа шүү дээ?
-Багануурын нүүрсний уурхай нүүрсээ өөрсдөө шигшинэ гээд нэг тонн нүүрснийхээ үнийг 30 хувиар нэмэх тогтоол гаргасан юм билээ. Энэ нь 39000 төгрөг болгочж байгаа хэрэг л дээ. Гэтэл ингэж зарахын тулд Багануурын уурхай тоног төхөөрөмж түрээслэх шаардлагатай болсон гэж тайлбарласан ч зохицуулах хорооноос үүнийг нь хүлээж аваагүй учир энэ тогтоол нь амьдрал дээр хэрэгжээгүй. Бүх зүйл голдиролоороо болж нүүрс түгээх ажил сайн хийгдэж, Багануурын уурхай цаг алдалгүй мөнгөө авч байсан. Хоёр жил хэрэгжээд бүх зүйл дууссаны дараа аудитын шалгалт хийгээд Ичинхорлоо гэдэг байцаагч хэрэгжээгүй тогтоол дээр үндэслэж, нэг тонн нүүрсийг 39000 төгрөгөөр борлуулсан юм байна гээд нийт борлуулсан нүүрсийг 39000 төгрөгөөр тооцож, зөрүүг нь хоёр гаруй тэрбум төгрөг гэж гаргаж ирээд намайг энэ мөнгийг завшсан гээд байгаа юм. Тэр хүн Иргэний хуулийг уландаа гишгэж, яг л шүүгч шиг ажиллаж байна.
-Таныхаар бол Ичинхорлоо гэдэг хүн буруу ярьж байгаа юм байж. Гэтэл АТГ-ынхан үнэний учрыг олоогүй байж таныг ингэж гүтгэнэ гэж байх уу ?
-АТГ-ынхан чинь шинжээчийн дүгнэлт гэдэг зүйл дээр л үндэслэж, намайг яллаж байгаа шүү дээ. Гэтэл тэр нь Үндэсний аудитын байцаагч Ичинхорлоо гэж хүний л гаргасан дүгнэлт байдаг. Наадах чинь Л.Гансүх гэдэг хүнд ямар ч хамаагүй. Багануурын ТУЗ л гаргасан тогтоол.
-Та тэр ТУЗ-ийнх нь гишүүн юм биш биз дээ?
-Би огтхон ч хамаатай биш. Ерөнхий сайдын ахлах зөвлөх гэдэг чинь улс төрийн албан тушаал. Би Ерөнхий сайдад л тайлангаа тавих үүрэгтэй хүн.
-Таныг завшсан гээд байгаа хоёр гаруй тэрбум төгрөг чинь ийм учиртай юм байж. Тэгвэл нөгөө нэг тэрбум нь ямар учиртай юм бэ?
-Багануурын уурхайн нүүрсийг вагоноор авчрах үед нунтгарч, хаягдал гардаг. Үүнийг нь “Багануур -Элч” компани цахилгаан станциудад борлуулдаг. Тэгэхээр анх Багануураас авсан нүүрс Улаанбаатарт ирэхдээ хорогдолтой болдог гэсэн үг л дээ. Гэтэл нөгөө Ичинхорлоо гэж байцаагч Багануураас 64 тонн гарсан нүүрс энд ирэхдээ 60 тонн болсон байна. Зөрүүг нь Л.Гансүх “идсэн” гэж дүгнэсэн байдаг юм. Асуудал ердөө л энэ. Үүнээс болж нэг тэрбум төгрөгийн зөрүү гарсан. Намайг яллаад байгаа 3.6 тэрбум төгрөг чинь ердөө л ийм хоосон зүйл дээрээс гарч ирсэн байгаа биз дээ.
-Та өөрийгөө цаасан дээр байсан хоосон зүйлээр яллах гэж байна гэлээ. Гэтэл танд Эрүүгийн тухай хуулийн 150.3, 263.2 гэдэг зүйл ангиар танд ял төлөвлөчихөөд байгаа. 150.3 гэдэг нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд нь шамшигдуулсан гэдэг зүйл заалт байдаг байх аа. Танд хариуцсан тийм зүйл байна уу?
-Надад тухайн компанийг хариуцаад байсан асуудал байхгүй. Тэгэхээр зарим нэг хүн намайг төрийн мөнгийг хариуцсан гэдэг утгаар буруутгах гээд байсан юм болов уу л гэж ойлгож байгаа.
-263.2 нь албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэсэн гэдэг зүйл анги байна билээ?
-Хуулийнхаа зүйл ангиар бол намайг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Албан тушаалаа хэтрүүлсэн гэдэг чинь шийдвэр гаргадаг, гарын үсгээр нь ажил бүтээх хүнийг л яллах учиртай зүйл анги. Гэтэл би ямар ч шийдвэр гаргахгүй, хэдэн албан бичиг л явуулах эрхтэй хүн шүү дээ. Мөнгөний эрх мэдэл бүр ч байхгүй, өмч хариуцахгүй.
-Гэсэн ч та дээрх хоёр зүйл ангиар ял сонсчихоод байгаа. Бас хэр удаан хоригдлоо?
-Тийм. Би гурван сар хоригдсон.
-Хэд хоног өлсгөлөн зарлалаа?
-11 хоног өлсгөлөн зарласан.
-Таныг хоригдож байхад Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэж, эргэж очсоныг АТГ-ынхан бичиж, олон нийтэд цацсан байдаг. Үүнээс болоод олон нийт таныг жигшиж эхэлсэн байдаг. АТГ-ынхан ч мэдэгдэл хийгээд л, Ерөнхий сайд хариу мэдэгдэл хийгээд л. Эндээс нэг л зүйл сонирхох гэсэн юм. Ерөнхий сайд танд юу гэж хэлсэн юм бэ?
-Өнөөдөр хардлага гэдэг зүйл замбараагүй л болчихоод байгаа нь энэ бүхнээс харагдаж байгаа юм. Ерөнхий сайдтай хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нь хамт орж ирсэн. Х.Тэмүүжин сайдтай би уулзаагүй. Ажлыг нь шалгаад л явж байсан юм шиг байгаа юм. Ерөнхий сайд надад хоёр зүйлийг л хэлсэн. “Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрийг чи амжилттай хэрэгжүүлсэн. Тиймээс чамд ямар нэгэн буруу байхгүй. Нөгөөтэйгүүр, нөхцөл байдал ямар байна. Энд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга сууж байна. Янз бүрийн дарамт шахалт байна уу” гэж асуусан.
-Яагаад дарамт шахалт байна уу гэж асуусан юм бэ. Энэ бүхнээс таныг хорьсон нь Ерөнхий сайдыг огцруулахын тулд улс төрийн золиос хийсэн юм шиг харагдаж байна?
-Ер нь би улс төрийн зорилгоор л яллуулсан юм болов уу гэж боддог. Намайг эмчлүүлэх гээд БНСУ явж байхад оргосон, зугтсан гэж зарлаж байлаа. Тэр үед нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах акци явагдаж байлаа. Нэг сайдыг нь огцруулахад Ерөнхий сайдынх нь ахлах зөвлөх идээчин, уугаачин байх нь ашигтай байсан юм байлгүй.
-Хэнд ашигтай гэж?
-Огцруулах гэж байсан хүмүүст нь л байхгүй юу.
-Өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорч, намын даргынх нь суудлыг З.Энхболд гэдэг хүн, Ерөнхий сайдынх нь суудлыг Ч.Сайханбилэг гэдэг хүн авчээ. Тэгэхээр энэ хоёр хүн таныг шоронд хийсэн гэсэн үг үү?
-Та шууд механикаар асуудалд хандаж байх шиг байна. Н.Алтанхуяг гэдэг хүнийг огцруулах акци маш олон удаа зохиогдсон. Эхлээд ууланд төөрлөө чи гээд огцруулах гэсэн. Дараа нь сайд нарыг нь өөлж байгаад сугалах гэж оролдсон. Дараа нь дан, давхар дээл, Хууль зүйн сайдынх нь асуудал орж ирсэн. Хамгийн сүүлд мань хүн Н.Энхбаяртай гэрээ хийсэн гэдэг үндэслэлээр л огцорчихлоо. Тэгэхээр миний ойлгож байгаагаар энэ бүхэн ганц хоёр хүний хийсэн ажил биш. Маш олон хүчин зүйл нэгдсэн л гэж бодож байна.
-Та улс төрийн зорилгоор гэж хэлсэн. Тэгэхээр хэн байж болох вэ?
-Ардчилсан намыг засаглаж чаддаггүй гэдгийг харуулах гэсэн хэсэг бүлэг хүний хочин чармайлт, сонирхлын үндсэн дээр л юм болов уу. Энэ бүхэн сөрөг хүчинд хэрэгтэй, зарим нэг хүнд ч хэрэгтэй л байсан байх.
-Хоригдоод янз бүрээрээ цоллуулж байхад найз нөхдийн тань харилцаа хэр өөрчдөгдөж байх юм?
-Би бас энэ талаар бодож л байлаа. Надад тэгж нялагнаж, долигнож байсан хүн бага байсан юм болов уу миний нөхдийн харилцаа хэвээрээ л байгаа гэдгийг ам бардам хэлэх байна.
-Таныг хөлийнхөө хурууг тайруулсан талаарх мэдээллийг саяхан уншсан. Энэ үнэн үү?
-Үнэн, үнэн. Би хуруундаа ясны хавдартай гэж дээр хэлсэн. БНСУ-д мэс засал хийлгэсэн учир гурван сар болоод эмчийн хяналтад орох ёстой байдаг юм байна. Гэтэл би хил нэвтэрч чаддаггүй. Үүнээсээ болоод АТГ-ынханд эмчилгээ хийлгэх ёстой гэдгээ бичгээр тавьсан ч хүлээж аваагүй. Хэд, хэдэн удаа хүсэлтээ тавьсан боловч зөвшөөрдөггүй. Цагаан сарын өмнөхөн өвдөөд болохгүй болохоор нь энд үзүүлсэн чинь мэс засал хийлгэсэн газраа эмчлүүл, эсвэл хуруугаа тайруул гэсэн. Тэгээд л хуруугаа тайруулсан юм. Шинжилгээ хийсний дараа хоргүй хавдар гэдэг онош гарсанд баярлаж сууна даа...
-Тэгэхээр та хилийн дээс алхаж, эмчилгээ хийлгэсэн бол хуруугаа тайруулахгүй байх боломжтой байж ээ?
-Тийм, эмчилгээгээ хийлгэсэн бол хуруугаа тайруулахгүй байх бүрэн боломжтой байсан.
-Эмчилгээний журмаар хил нэвтрэхийг манай хуулиар зөвшөөрдөггүй юм уу?
-Иргэний тухай хуулиар бол боломжтой л юм билээ. Гэхдээ намайг оргон зайлна гэсэн үндэслэлээр гаргахгүй байсан юм билээ.
-Таны хувьд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, сайд байсан хүн. Гэтэл Ардчилсан намыг төр барьж байхад та хилмэгдээд л сууж байна шүү дээ. Энэ таны зорьж байсан ардчилал мөн үү. Бий болгох гэж хүссэн нам чинь мөн үү?
-Энэ бүхнийг намтай холбох нь өрөөсгөл болох байх. Харин биг бидний нөхөд ийм ардчиллыг хүсээгүй. Бид ардчилал байгуулахдаа үйл ажиллагааны алдаа бий болгож, хуулийн байгууллагыг өөрчилж чадаагүй юм болов уу. Хүн хилмэгдэх боломжийг нь бий болгосондоо харамсаж байна. Би хоригдож байхдаа энэ талаар захидал бичиж, эрх баригчдад хэвлэлээр дамжуулж хүргэсэн.
-АТГ-ыг анх байгуулах гээд хуулийг нь хэлэлцэж байхад нэг гишүүн “Үүнийг ном дүрмийнх нь дагуу байгуулахгүй бол хадны мангаа болно” гэж хэлж байсан санагдаж байна. Хэн хэлж байсныг нь та санаж байна уу?
-Би С.Баярцогтыг тиймэрхүү санаа хэлж байсан гэж санаж байна.
-АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ баталдаг. Та Ерөнхийлөгчид хандсан гэж байна. Ерөнхийлөгч танд хариу хэлсэн үү?
-Асуудал дунд шатандаа байгаа учир асуудалд шууд оролцож чадахгүй байгаа байх гэж би харж байгаа. Намайг хоригдож байхад манай дархханы 3000 гаруй дэмжигч ч Ерөнхийлөгчид захидал бичсэн юм билээ, надаас гадна.
-Таны хэргийг одоо шүүхэд шилжүүлчихсэн үү?
-Үгүй, прокурор дээр байгаа. Гэхдээ манай өмгөөлөгч нарын хэлж байгаагаа прокуророос АТГ-т буцааж байгаа юм билээ.
-Үнэхээр таны хэлж байгаачлан АТГ-аас захиалга аваад хүнийг яллаад байдаг бол үнэхээр аймшигтай зүйл болж хувирах нь ээ?
-Миний ярилцлага өгөхийг зөвшөөрсөн хоёр дахь шалтгаан нь энэ асуудал. Нүүрс хөтөлбөрөөр дамжлуулж намайг яллахдаа намайг дагаж ажилласан хүмүүсийг хохироож байгаа байхгүй юу. Маш олон хүнийг давхар хорилоо шүү дээ. Хорьж байхдаа Л.Гансүх чамд мөнгө өгсөн үү гэж асуусан байгаа юм.
-Таныг хорьж байхдаа байцаалт авч байсан уу?
-Авсан. Н.Алтанхуяг ирэхдээ юу гэж хэлсэн бэ гэж асууж байсан.
-Та Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад оролцож явсан хүн одоо энэ гэрээ маш олон асуудал араасаа дагуулдаг. Та гэрээ байгуулснаа алдаа, амжилтын аль нь гэж боддог вэ?
-Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь зөв алхам байсан. Гэрээнд сайжруулах зүйл маш олон байсан. Энэ бол байнга өөрчлөгдөж явдаг зүйл шүү дээ. Яагаад зөв гэж хэлж байгаа вэ гэхээр УИХ-аар таван ч удаа оруулсан байсан энэ гэрээг хөрөнгө оруулалт байхгүй байх үед нь байгуулсан юм. Гэрээгээ байгуулсны дараа ч гэсэн бид засаж байсан. Ер нь гэрээг засаад л явах учиртай юм.
-Одоогийн УИХ-ын гишүүн Г.Уянга таныг дээрх гэрээг байгуулахдаа нэг сая ам.долларын байшин авсан гэдэг мэдээлэл хийж, та түүнийг шүүхэд өгч, бие давхар байхад нь албадан байцаалт авч байсан тохиолдол бий. Тэр асуудал яагаад гэнэт чимээгүй болчихсон юм бэ?
-Г.Уянга надаас уучлалт гуйсан учир би шүүхэд гомдолгүй гэдгээ хэлсэн. Тэгээд л асуудал өндөрлөсөн. Хүн хүнийг гүтгэнэ гэдэг маш аюултай. Үнэхээр би нэг сая ам.долларын байшинг хахуульд авсан байсан бол ял эдлэх л байсан. Энэ нь худлаа гэдэг нь тогтоогдсон бол Г.Уянга ял эдлэх байсан. Гэтэл би Г.Уянгааг надаас уучлалт гуйхыг шаардсан. Тэр хүн уучлалт гуйсан.
-Таныг шүүхээс цагаатгахгүй бол хэдэн жилийн ял төлөвлөсөн юм бэ?
-Заалт тус бүр дээр 5-10 жилийн ял төлөвлөсөн юм билээ. Гэхдээ би арай ч ийм шүүхээс бий шийдвэрийг батална гэж бодохгүй байгаа. Тодорхой хэмжээнд гарч байгаа ийм системийн гажуудал, улстөрчдийн захиалга гар хөл болж байгаа асуудал засагдана гэж найдаж байгаа. АТГ-ынхан энэ ажлыг бүгд хийгээд байгаа юм биш, дээр нь байгаа хэдэн хүн л хийж байгаа гэж бодож байгаа. Удирдах бүрэлдэхүүн нь тодорхой хэмжээнд буруу тийш нь явуулчихлаа. Тиймээс энэ гажуудал засарна гэж бодож байна. Үүнийг засахын тулд Прокрорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг АТГ-аас салгах хэрэгтэй. Тэгэхгүй бол АТГ гэдэг чинь хэмжээгүй эрхт газар болчихоод байна шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт
хүсье.