-Цэц дээр очсон хоёр хэргээс ярилцлагаа эхэлье. Эхнийх нь Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон Шүүх байгуулах тухай хууль. Санаачлагч нь та байх аа?

-Шүүх байгуулах тухай гэдэг хуулийг Шүүхийн тухай хуулиараа санаачлагч нь Ерөнхийлөгч байх ёстой л доо. Энэ хуулийг ч шүүхийн шинэтгэлийн багц хуулиудын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан. Шүүхийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр гаргасан юм. Яагаад гэвэл манайд шүүхийн зохион байгуулалт өмнө нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээ дагасан бүтэцтэй байсан. Гэтэл хэрэг маргаан өөрөө зам харилцаа, эсвэл хүн ам төвлөрөн суурьшиж байгаа хэсэгтээ илүү гардаг. Өөрөөр хэлбэл, шүүхийн ачаалал Улаанбаатар хот, эсвэл хүн ам ихээр төвлөрсөн газрууд, хэрэг их гардаг газруудад хэтэрхий өндөр болсон. Хэтэрхий өндөр ачаалалтай шүүгчийн нэг хэрэгт зарцуулах цаг хугацаа бага учраас хариуцлага алдах нь ч элбэг. Тиймээс Үндсэн хуульд байгаа “Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” гэдэг заалтын “шударга” гэсэн шалгуурт олон нийтийн итгэл суларч, эргэлзээ нь нэмэгдсэн. Гэтэл хүн ам цөөтэй зарим газарт болохоор нэг шүүгч жилдээ цөөхөн хэдхэн хэрэг л шийддэг. Тэгэхээр татвар төлөгчдийн мөнгө үр ашиггүй урсч, хөдөлмөрийн зохион байгуулалт, ажил үүргийн үр ашигтай байдал муу тал руугаа явчихаж байгаа юм. Энэ байдлыг хараад шүүхийн ачаалалтай нь холбогдуулан шүүхийн зохион байгуулалтыг сайжруулъя гэдэг санаачилга гарсан. Хоёрт, эрүү, иргэний шүүхийг дагнасан хэлбэрээр зохион байгуулсан. Яг захиргааны хэргийн шүүх шиг. Үндсэн хуульд ч шүүхийг эрүү, иргэн, захиргааны гээд дагнан байгуулж болно гээд заачихсан байдаг. Энэ дагуу л дагнасан шүүхийн тогтолцоо Монголд бодит утгаараа хөгжих гэж байна л даа. Гэтэл Цэцээс Үндсэн хууль зөрчсөн гээд үзчихлээ.

-Хэрвээ Үндсэн хуульд шүүхийг “засаг захиргааны нэгжээ дагуулж байгуулна” гээд заачихсан бол Цэц тэгж шийдэхээс өөр аргагүй шүү дээ?

-Ний нуугүй хэлэхэд, Цэц байгаа Үндсэн хуулийг гуйвуулсан, махчилсан байдлаар тайлбарлаад л энэ бодлого уналаа. Хамгийн эмгэнэлтэй нь Монгол Улсад захиргааны давж заалдах шүүх ганцхан байдаг. Тэр нь Улаанбаатарт. Хаа Баян-Өлгийд хэрэг гарсан ч давж заалдаж байгаа л бол заавал Улаанбаатарт ирдэг. Гэтэл үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээгүй хэрнээ баруун, зүүн бүс гэхчилэн хоёроос гурван аймгийн дунд хүртээмжийг сайжруулах зорилгоор байгуулсан шүүхийг Үндсэн хууль зөрчсөн гээд үзчихлээ.

-Яагаад...?

-Үнэндээ зарим хүний хувийн бодол, зарим хүний аливаа шинэтгэлийг муухай болгож харагдуулах гэсэн өширхүү сэдэл, зарим хүний хоцрогдол гэсэн гурван зүйлээс болоод энэ дэвшилттэй бодлого Монгол Улсад уналаа. Харамсалтай л байна.

-Зарим хүн гэдэг нь хэн юм бэ?

-Яахав дээ, тодорхой л байгаа ш дээ. Асуудлыг Үндсэн хуулийн хөгжил, эрх зүйн дэвшлээрээ харах чадваргүй хоцрогдсон хүмүүс байна. Зарим хүн үүнийг Тэмүүжингийн бодлого гэж андуурсан юм билээ. Уг нь энэ хууль Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль шүү дээ. Гэтэл Тэмүүжин шүүхийг ингээд байгуулцан юм шиг PR хийгээд хувийн өширхөл, танил тал, нутаг нугаараа ярьж байгаад асуудлыг шийдчихлээ.

-Та Цэц дээр очиж хуулиа хамгаалсан болохоор тэгж харж л дээ?

-УИХ-ын баталсан хууль учраас би УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Цэц дээр очсон.

-Уг нь Цэцийн дээр хөх тэнгэр л байдаг гэдэг биз дээ?

-Үгүй л дээ, Цэцийн дээр Үндсэн хууль өөрөө байдаг юм. Харин Үндсэн хуулийн дээр нь баталсан хүмүүс нь байдаг. Яагаад гэвэл, Үндсэн хууль чинь өөрөө нийгмийн гэрээний онолоор тайлбарлагддаг. Тийм учраас Монгол Улсын гурван сая иргэний нийтлэг ашиг сонирхол тэнд бий. Тийм учраас ямар нэг эзэн биегүй хөх тэнгэр Үндсэн хуулийн дээр байх учиргүй. Хэрэв эзэн биегүй хөх тэнгэрийн тухай ярих юм бол тэр эзэн биегүй юмны ард Цэцийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хувь хүмүүсийн л бодол ноёлж эхэлнэ. Тийм учраас Ардчилсан Үндсэн хуульт энэ улс оронд хэн нэгэн хийсвэр зүйл барьж байгаад хувийн бодлоороо бүгдийг захирч болохгүй. Ямар нэг зүйлээр хашигдах л ёстой. Хамгийн том хашигдах зүйл нь гэвэл ард түмний нийтлэх ашиг сонирхол, түүний биелэл болсон нийгмийн гэрээ буюу Үндсэн хууль, тэр Үндсэн хуулийн дотор байгаа хөгжлийн үзэл санаанууд юм. Түүнээс хуурай нэг хоёрхон үг үсэг дээр тоглох замаар хувийн атгаг санаагаа хэрэгжүүлээд явж болохгүй л дээ. Би хувьдаа Үндсэн хуулийн Цэцийн сүүлийн шийдвэрүүд дээр үнэндээ гонсгор байгаа. Шинжлэх ухааны талаас нь ч харсан, олон улсын туршлага талаас нь ч харсан дэвшилтэд хөгжлийн үзэл санааг унагаж болохгүй л дээ. Би заримдаа боддог юм. Цэцийн гишүүд гэдэг хөндлөнгийн байр суурь гэхээсээ түрүүлээд өөрсдөө хувийн дүгнэлтээ гаргачихаад байна. Тэгээд тэрийгээ баталгаажуулах зорилготой зүйл болж хувираад байгаа юм. Зарим талаар би тэр сэдвүүдээр Цэцийн танхимд бус шинжлэх ухааны маргааны индэр дээр хэлэлцүүлэг хиймээр санагдах болсон.

-Манаачийг тэгээд хэн манах ёстой юм бэ? Би таны өмнө нь хэлж байсан үгийг өөрт чинь сануулъя. “Цэц улстөрчдийн морг боллоо...” гэж.

-Одоогоос бараг зургаан жилийн өмнө тэгж хэлж байснаа санаж байна. “Үндсэн хуулийн Цэц улстөрчдийн морг болж хувирлаа. Улс төрийн карьер нь дуусчихсан, эсвэл бодлогын хувьд мухардалд орж олон нийтээс дэмжлэг авах боломжгүй болсон зарим нэг хүн Үндсэн хуулийн Цэцэд очиж хоргоддог боллоо” гэж. Үнэхээр тийм л байгаа. Одоо бол улстөрчдөөсөө гадна хуульчдын хувьд ч тийм болчихлоо гэж бодогдох болсон. Насан туршдаа “залуу” зарим нэг хуульч Үндсэн хуулийн Цэцэд суугаад байна шүү дээ. Яг нөгөө “насаараа залуу улстөрч” гэдэг шиг. Гэтэл цаг үе өөрөө байнга хувьсч өөрчлөгдөж, цаг үе бүр өөрийнхөө дэвшилтэд үзэл санааг гаргаж ирдэг шүү дээ. Тийм учраас хэн нэгэн хувь хүнийг шүүмжлэхээс илүүтэй Үндсэн хуулиа тайлбарлах арга зүйгээ эргэж харах цаг болжээ гэж би хараад байгаа. Арга зүй нь хоцрогдоод байгаа бол хүнтэй холбоотой асуудал мэдээж хөндөгдөх л байх. Гол нь энэ Үндсэн хуулийг яаж тайлбарлаад, агуулгыг нь ямар байдлаар гаргаж ирээд, эрх чөлөөг улам тэлж болох,  хөгжлийг улам ойртуулж болох, хууль тогтоомжийг дэвшлийг тодорхой болгож болох боломжуудыг цаг үеэс нь хулгайлаад байна. 1992 оны Үндсэн хууль одоо 23 жил болж байна. Тэр үед төрж байсан хүүхэд одоо 23 настай болчихсон яваа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль ч гэсэн өөрөө дэвшиж хөгжиж, үзэл санаа нь тэлж байх ёстой. Гэтэл нэг настай хүүхдэд бэлдэж өгсөн өлгийгөөр 23-тай залууг өлгийдөх гээд суугаад байж болохгүй. Нийгмийн харилцаа, хүмүүсийн сэтгэлгээ, эдийн засгийн боломж гээд олон зүйл 1992 оноос тэлчихсэн. Ийм байхад нэг настай хүүхдийн өлгийг 23 настай залуу дээр бариад л, тэр нь баривчинд нь ч хүрэхгүй болоод л сууж байна шүү дээ.

-Тэгвэл Үндсэн хуулиа ч гэсэн өөрчлөх хэрэгтэй болчихоод байгаа юм биш үү?

-Би бол Үндсэн хуулиа өөрчлөх тал дээр зогсдог. Судлаачийн нүдээр харахад 1992 оны Үндсэн хууль бол шилжилтийн маягийн Үндсэн хууль. Шилжилтийн маягийн Үндсэн хуулиар бид тогтвортой тогтолцоог хангаж чадахгүй. 1992 оны Үндсэн хууль үүргээ үнэхээр сайн гүйцэтгэсэн, муулахын аргагүй сайн шүү. Гэхдээ өнөөдөр тулгарч байгаа бэрхшээлүүдийг шийдэх чадвар бол Үндсэн хуулийн хувьд үнэхээр хязгаарлагдмал. Би тэгж л харж байна.

-Та бид хоёрын яриа өөр тийшээ орчихлоо. Эргээд асууя. Цэц дээр очсон хоёр дахь хэрэг буюу Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг тухайд та ямар бодолтой байна вэ. Хуульчдаас, УИХ-ын гишүүдээс хүртэл Ерөнхийлөгчийг Цэцэд өгөх асуудлыг тавьж байна шүү дээ. Нэг хэсэг нь УИХ-д тайлангаа гаргасангүй гэж байгаа бол нөгөө хэсэг нь гаднын иргэнд уучлал үзүүлсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна?

-Ерөнхийлөгчид хариуцлага тооцох тэр зохицуулалт Үндсэн хуульд бий шүү дээ. Монгол Улсад байгаа ямар ч албан тушаалтан, төрийн албан хаагч нь нийтийн ашиг сонирхол, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай зөрчилдөх юм бол түүнийг нь тогтоох боломж Цэцэд байгаа. Хариуцлага тооцох эрх мэдэл нь УИХ-д бий. Яагаад гэвэл, манайх парламентын засаглалтай улс орон. Тийм учраас төрийн эрх барих дээд эрх мэдэл УИХ-д хадгалагдаж байдаг. Энэ утгаараа хариуцлага тооцох боломж нь УИХ-д байна. Асуудлыг авч хэлэлцэж дүгнэлт гаргах эрх нь Цэцэд байгаа. Хуулийнхаа хувьд ийм. Харин өнөөдөр болж буй процесс надад яаж харагдаж байна гэхээр гурван төрлөөр харагдаж байгаа.

-Тэр нь...?

-Нэгдүгээрт, сайн тал нь. Өмнөх Ерөнхийлөгч нар УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг Үндсэн хуулийнхаа чиг үүргийг биелүүлж байв уу. Энэ эргэлзээтэй. Хэн нэг нь үүнийг эхлүүлж байгаа нь, хариуцлага гэдэг зүйл бүх албан тушаалтанд байх ёстой гэдэг энэ дохио өөрөө явж байгаа нь сайн тал.

Хоёрт, тэр уучлалтай холбоотой асуудлыг ярья. Өнөөдрийн энэ тохиолдолд Ц.Элбэгдорж гэсэн Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн гэдэг юм уу, хариуцлага тооцох тухай энэ ярианд хууль зүйн гэхээс илүүтэй улс төрийн өнгө аяс нь давамгайлж байгаа. Яагаад гэвэл, энэ улс оронд үндэсний эрх ашиг гэж бий шүү дээ. Үндсэн хуулиараа бид маш олон хүний эрхтэй холбоотой асуудлыг хүлээн зөвшөөрчихсөн. Гэтэл манай төрийн байгууллагын үйл ажиллагаа хүний эрхийн асуудалд сул, учир дутагдалтай байгаагаас шалтгаалаад Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагачихсан. Хүний эрхийн асуудлаар таагүй улс гэдэг дүр зураг руу авааччихлаа. Гэтэл төрийн тэргүүнийхээ хувьд, Монгол Улсыг олон улсад төлөөлдөг чиг үүргийнхээ хувьд тэр хүн олон улс дахь Монгол Улсынхаа нэр хүндийг Үндсэн хуулийнхаа өмнө хүлээсэн үүргийн дагуу хамгаалах ёстой л байхгүй юу. Өөрт нь байгаа боломж нь гэвэл шүүхийн, тэр дундаа хуулийн байгууллагын буруутай үйл ажиллагаа байна уу, эсвэл хуулийн өөрийнх нь алдаа байна уу, хаанаас, юунаас болж байна гэдгээс үл шалтгаалаад шударга ёсыг хангах л ёстой. Монголын иргэн байна уу, гаднын иргэн байна уу ялгаагүй. Тэгээд өөртөө байгаа, Үндсэн хуулиар олгогдсон, ямар ч нөхцөл заахгүйгээр уучлал үзүүлэх эрхээ л хэрэгжүүлсэн.

-Гэхдээ Ж.Каплагийн хэрэг чинь дээд шатны шүүхээр ч ороогүй, шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад Ерөнхийлөгч уучлал үзүүлчихсэн шүү дээ. Уучлалын дараа нь бас тэр татвараа төлөхгүй гэж давж заалдаж байгаа нь зохистой юу?

-Хүн төрөл бүрийн үндэслэлээр давж заалдаж болдог. Зөвхөн гэм буруугүй гэдгээрээ биш. Гэм буруугүйтэй холбоотой асуудлаар би давж заалдахгүй. Харин надаас гаргуулах гэж байгаа мөнгө нь шударга ёсонд нийцэхгүй байна гээд давж заалдаж болно шүү дээ. Жишээ нь, би нэг хүнтэй муудалцаад пиджакыг нь урчихлаа гэж бодъё. Муудалцсан уу муудалцсан, урсан уу урсан, гэхдээ пиджак нь 50 сая төгрөг гэвэл арай хэтэрч байгаа биз дээ. Миний харж байгаагаар тэр нь хуучин пиджак, олон жил өмчихсөн, их үнэтэй байлаа гэхэд л 500 мянган төгрөг гэж би бодож байхад надаас 50 саяыг нэхвэл энэ шударга ёс биш. Тиймээс би гэм буруугийн хувьд маргахгүй, өгөх төлбөрийн хувьд энэ шударга биш байна гэж маргах эрх нь тэр хүнд нээлттэй. Энэ бас л Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээрээр байж байгаа л боломж. Тиймээс энэ зүйлүүдийг салгаж, зааглаж ойлгохгүйгээр салхинд хийсч байгаа хамхуул шиг хаашаа ч хамаагүй өнхөрөөд байна гэдэг бол ухаалаг биш байгаагийн л шинж.

Каплагийн жишээн дээр ярихад манай улсын хууль тогтоомж илүү боловсронгуй байсан бол энэ төрлийн маргаан угаасаа гарахгүй байсан юм. Жишээ нь, УИХ-д өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан Гэмт хэргийн, Зөрчлийн тухай хуулийн төсөл дээр хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх, ял оноох гээд шинэ зохицуулалт орж ирж байсан. Үнэхээр хуулийн этгээдийн ашиг сонирхолтой холбоотой үйлдэгдэж байгаа гэмт хэрэг дээр хуулийн этгээд нь өөрөө хариуцлага хүлээх ёстой болохоос хэн нэгэн хувь хүн өмнөөс нь хариуцдага хүлээх ёсгүй байхгүй юу. “Ял шийтгэлийг халдаан хэрэглэж болохгүй” гэдэг Эрүүгийн хуулийн зарчим тэгж л хэрэгждэг. Гэтэл манай хуулийн ойлгомжгүй, хөгжингүй бус байдлаас шалтгаалаад хэн нэгэн этгээдийн өмнөөс хомроглон гэмт хэрэгтэн болох боломж 100 хувь нээлттэй байна.

-Гурав дахь нь юу вэ?

-Сая гурав дахь сэдэв рүүгээ ерөнхийдөө орчихлоо л доо. Ерөнхийлөгчийн хувьд дэлхий нийтэд Монгол Улсын нэр хүндийг аврахын тулд Үндсэн хуульд байгаа бүх нөөц боломжоо ашигласныг нь дэмжиж байгаа. Харин энэ жишээ нь өөрөө Монгол Улсад хууль тогтоомжийг өөрчлөх, эрх зүйн шинэтгэлийг хийх зайлшгүй хэрэгтэй байгааг нотолж байгаа юм. Жишээ нь, өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан Эдийн засгийн ил тод байдлын болон Өршөөлийн хуулийн төсөл байна. Жил гаруй болчихлоо. Хэрэв тэр үед энэ хуулиудыг гаргачихсан байсан бол бид олон улсын хэмжээнд ийм эвгүй байдал, дотоодынхоо хувьд ийм улс төрийн хий хоосон хэрүүл рүү орохгүй байсан. Гэвч дүлгэнэсээр байгаад баялаг бүтээгчдээ, татвар төлөгчдөө хуулийн буруу арга барил, алдаатай бодлого, тогтолцооны гажгаасаа болж хохироосон. Гэтэл баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид, татвар төлөгчид маань үнэндээ хуулийн байгууллагын энэ алба хаагчдыг цалинжуулж байгаа шүү дээ. Тэднээс хавьгүй илүүгээр Монгол Улсад эдийн засгийн өсөлтийг бий болгож, хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа. Мөн маш олон хүнийг ажлын байраар хангаж, иргэдийг орлоготой болгож байгаа хүмүүс байхгүй юу. Одоо Монгол Улс эдийн засгийн хувьд маш хүнд нөхцөл байдал руу орчихлоо. Уг нь энэ хүнд нөхцөлөөс гарахын тулд сэдэж байсан нэг гол зүйл нь эдгээр хуулиуд байсан юм. Тэр үед энэ хуулиудыг хийчихсэн байсан бол эдийн засгийн энэ уналт арай зөөлөн байсан байх. Олон хүн хөрөнгөө ил гаргаж ажлын байр нэмэгдүүлж, олон айл өрхийн орлого нэмэгдэх байсан байх. Нөгөөтэйгүүр, айдас хүйдэс алга болсон байсан байх. Хөрөнгө оруулагчид Монголыг “улсаараа шоронгийн зочид буудал” гэсэн доромж маягтай үгээр хэлэхгүй байсан байх. Үүнийг бодох л ёстой. Улстөржсөн богино хараа, нэг нэгэндээ өширхсөн атгаг санаа, хэн нэгнийхээ дээр гарах гэсэн ядмаг бодлоос болоод улс орныхоо нэр хүндийг, эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг, хууль, шударга ёсныхоо итгэл даах нөхцөлийг хаачихлаа. Үүнийг харж шийдвэр гаргасан бол бид жилийн өмнө асуудлаа шийдэх боломж байлаа. Олон алдаагаа засах боломжтой байлаа. Гэвч хэтэрхий улстөржсөн дүлгэнэсэн байдлаас болж боломжоо байнга алдлаа. Боломжуудаа алдах тусам хасах оноо бидэн дээр, ашиг хонжоо нь бусад дээр очоод байгаа юм. Тиймээс би энэ үед Ерөнхийлөгчийг маш зөв шийдвэр гаргасан гэж хэлнэ. Энэ асуудал нь Цэц дээр очих нь хууль зүйн хувьд бол огт шаардлагагүй л зүйл юм. Мэдээж энэ асуудлыг улс төрийн ашиг болгох гэсэн, нэр алдраа өсгөх гэсэн бүлэглэл, хувь хүн байхыг үгүйсгэхгүй. Миний хувьд ингэж явахын оронд нөгөө талдаа хууль, тогтоомжоо сайжруулах ёстой юм байна гэсэн хэлэлцүүлэг болж яваасай л гэж бодож байна.

-Ерөнхийлөгчийн тайлантай холбоотой зүйл дээр нэмж асуухад тайланг нь УИХ-аар хэлэлцүүлээгүй, спикер нь өөрөө Үндсэн хууль зөрчлөө гэсэн зүйл бас яригдаад байгаа. Та юу хэлэх вэ?

-Үндсэн хууль зөрчих, бусад хууль тогтоомжоо зөрчих хоёроо ялгахгүй бол бүх юм холион бантан болоод байгаа юм. Бүх юмыг Үндсэн хууль руугаа аваачиж чихдэг байж таарахгүй. Үндсэн хуулийг зөрчинө гэдэг Үндсэн хууль дотор байгаа утга санааны тухай ярьж байгаа юм шүү дээ. Өмнөх Ерөнхийлөгч нар тэгвэл үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнадаг байсан юм уу. Тайлан ирүүлж байсан бол УИХ нь тэрийг авч хэлэлцэж байсан түүх байдаг юм уу? Ирүүлж байгаагүй тайланг битгий хэл жил бүр ирүүлдэг Хүний эрхийн комиссын үндэсний тайланг УИХ авч хэлэлцдэг бил үү. Тиймээс энэ бол УИХ ажлаа сайжруулах тухай яриа болохоос хэн нэгэн хүнийг дахиад буруутгах тухай яриа биш байхгүй юу.

-Манайх ч бас УИХ-ын даргыгаа Үндсэн хууль зөрчлөө гээд огцруулж л байсан улс шүү дээ. Хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчим зөрчсөн гээд л...?

-Хууль зүйн үндэслэлээ гаргаад асуудлаа тавих эрх нь хүн бүхэнд байгаа. Тэр нь ухаалаг, бодитой үндэслэл байна уу, эсвэл хий хоосон улстөржсөн зүйл байна уу гэдгээрэ л ялгагдах байх.

-Танаас асуух дараагийн зүйл бол Хууль зүйн сайд байхдаа явуулж байсан хуулийн шинэтгэл чинь үр дүнд хүрэв үү. УИХ-д өргөн барьсан зарим төслийг чинь хэлэлцэхгүй, заримыг нь дараагийн сайд чинь буцаагаад татчихлаа. Хамгийн сүүлд л гэхэд цагдаад албан тушаалын цол гэж олгож байсан тэр шийдвэрийг чинь хүчингүй болгочихлоо шүү дээ?

-Хуулийн салбарын шинэтгэлтэй холбоотой зүйл өнөөдөр ямар байдалтай болов гэдгийг хоёулаа жичдээ ярилцъя. Харин хоёр дахь асуултын чинь тухайд тийм мэдээлэл харсан. Сүүлийн хоёр өдөр сайтуудаар “Цагдаагийн албан тушаалын цол үгүй боллоо” гэсэн мэдээлэл их явна лээ. Би бодохдоо PR-ын алдаа боллоо гэж бодсон. Өөрөөр хэлбэл, сэдэв гарчигаа буруу өгсөн юм болов уу гэж би бодсон. Яагаад гэвэл, хэн нэгэн Хууль зүйн сайд Монгол Улсын хуульд байгаа зарчмын үзэл санааг өөрийн хувийн тушаалаар өөрчилж чадахгүй. Яагаад гэвэл, цагдаагийн албан тушаалын цолтой холбоотой зохицуулалт Цагдаагийн албаны тухай хуулийн 34, 35, 36 дугаар зүйл дээр тодорхой байгаа. Уг хуулийн тухайн зүйл заалт хүчингүй болоогүй цагт энэ хуулийг хэрэгжүүлэх л үүрэгтэй Засгийн газрын нэг гишүүн өөрчилж чадахгүй. Тийм учраас гарчигаа л буруу өгчихөж гэж би бодсон.

-Гарчигийн алдаа биш байх аа, сайдын шийдвэрийн дагуу 11 хурандаа цолоо хураалгасан юм биш үү?

-Мэдэхгүй юм. Үүгээр нь та нар өөрсдөө Засгийн газраас “Хууль өөрчлөгдөөгүй байхад юу болов?” гээд асууж болно шүү дээ.

-Та асуух уу, асуулга тавих эрхтэй УИХ-ын гишүүний хувьд?

-Болно оо, болно. Ер нь бол цагдаагийн албан тушаалын цолыг олгож байгаа журамд тодорхой хэмжээний өөрчлөлт орсон байж болох юм. Би тэр журмыг нь үзээгүй хэвлэлийн мэдээний хэмжээнд мэдээлэлтэй байгаа болохоор миний хувьд гайхаад л өнгөрсөн. Хуульд байгаа цагдаагийн албаны цол гэдэг зохицуулалт зүйл заалтаараа өөрчлөгдөөгүй байгаа тохиолдолд хэн ч зөрчиж болохгүй. Хуулийг УИХ өөрөө л өөрчилнө. Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана гэдэг Үндсэн хуулийн заалт ч ийм утгатай. Хэрэв хууль нь байсаар атал хэн нэгэн сайдын шийдвэрээр хуулийн зохицуулалт хүчингүй болж байгаа бол энэ нь өөрөө Үндсэн хуулийн Цэцэд очих магадлалтай асуудал болж хувирна. Тийм учраас тийм алдаа гаргаагүй байх гэж би найдаж байгаа. Энэ бол хэвлэлээр PR хийхдээ алдаж өгсөн мэдээлэл л байх.

-Үнэхээр тийм шийдвэр гарсан бол та яах вэ?

-Асуудлыг хуулийнх нь дагуу л тавьж шийднэ. Тэр бол тусдаа зүйл. Одоо болж байгаа процессыг ажиглаад байхад хууль зүйн салбарын шинэтгэл гацсан, царцсан, зарим талаар ухрах шинжтэй хандлага харагдаж байгаа. Би үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ хуулийн төслүүд нь УИХ-д бодитоор орж ирээгүй байхад урьдчилж ярих боломжгүй. Өргөн барьчихсан байгаа Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн үзэл санаагаар бол зарим нэг дэвшилтэд зүйлээс ухарчээ. Тэрэн дээр би бодитой шүүмжлэл хэлж чадна. Харин бэлтгээд бэлэн болчихсон байсан процессын хуулиуд байна. Хууль сахиулах үйл ажиллагааны болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиуд УИХ-д албан ёсоор өргөн баригдаад ирэхээр нь харъя. Тэнд ямар ухралтууд байна гэж. Жишээ нь, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг УИХ-д өргөн барьчихаад байхад татаад авчихсан. Татан авсан шалтгаанаа Зөрчил, Эрүүгийн хуультай уялдуулна гэж тайлбарласан хэрнээ энэ хоёрыг нь өргөн барьчихаад яагаад Гэр бүлийн хүчирхийллийн хуулиа өргөн бариагүйг нь гайхаж л байна. Одоо Ерөнхийлөгчөөс дахиж оруулах юм шиг байна лээ. Энэ мэтээр Засгийн газар хүсэхгүй байгаа юмыг Ерөнхийлөгч хийгээд л наана, цаана явж байна л даа. Бодитой хуулиуд орж ирснийх нь дараа би ухралт нь хаанаа байна гэдгийг баримттай, факттай, үндэслэлтэй хэлье. Түүнээс хэн нэгэн хүн хов ярьж байгаа юм шиг яримааргүй байна.

Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН”
2015.03.26