Түүхч, дипломатич Равдангийн Болдын бичсэн энэ өгүүллийг илүү олон хүн уншихыг нь бодож өөрийн буланд тавьлаа. Шинэ баримт олсон, олсноо нэгтгэн сүрхий дүгнэлт хийсэн энэ өгүүлэл маш сонирхолтой санагдав. Р.Болд нь Тайваны, Конгрессийн номын сангийн зэрэг олон архив ухаж Монголын нэн шинэ түүхийн цагаан толбо болсон зөндөө материалыг эргэлтэнд оруулсан нэгэн. Халх гол: Түүхэн үнэний эрэлд ; Халх голын байлдааны өмнөх Алс Дорнодын олон улсын харилцаа,БНМАУ (УБ 1993); Military Aspects of Mongolian Geopolitics (1995); Зарлаагүй дайн (2014); Монголын тусгаар тогтнол ба АНУ (2008) зэрэг нэлээд хэдэн монографи бичиж хэвлүүлсэнд урьд хаана ч дурдагдаж байгаагүй олон сонирхолтой баримт дэлгэсэн юм. Энэ удаа тэрээр ХХ зууны Монгол гурав дахь хөрштэй холбоо тогтоосон буюу тогтоохоор оролдсон дөрвөн тохиолдол бүгд “11-ий өдөр” давхцсан таарсныг ажиглаад цуврал өгүүлэл бичсэний эхнийхийг уншигч олонд энд сонирхуулж байна.

БААБАР


АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Воллэсийг БНМАУ-д очиход хүргэсэн нэгэн үйл явдал одоогоос 71 жилийн өмнө энэхүү өдөр болжээ. Өрөмчид суугаа Гоминданы төлөөлөгч Чан Кайшид дараах цахилгааныг илгээжээ. Үүнд: “Зөвлөлтийн арван онгоц  3 дугаар сарын 11-нд Монголын хилээс 75 км-ийн гүнд байгаа орон нутгийн цэргийн байрлалыг бөмбөгдөв, дараагийн хоёр өдөр мөн бага хэмжээний дайралт хийлээ. Хохирол 30 хүн алагдсан” гэжээ. Хятадын ГЯЯ-ны мэдээнээс үзвэл дайралтад Зөвлөлтийн “улаан таван хошуутай, ногоон өнгөтэй, цагаан тэмдэгтэй Р-5 загварын 5 онгоц, 6 бөмбөгдөгч, нэг сөнөөгч онгоц”  оролцсон ажээ.  Өрөмчид суугаа Америкийн консул Смитт “орон нутгийн эх үүсвэрээс авсан нотлогдоогүй мэдээнээс үзвэл онгоцууд нь Зөвлөлтийнх бөгөөд  Хасагын босогчдыг мөрдөн хөөж байсан Хятадын цэргүүд дайралтад өртсөн гэнэ”  гэж төвдөө мэдээлжээ. Үйл явдлын мөрөөр Хятадын нисэх онгоц 3 дугаар сарын 22-нд БНМАУ-ын агаарын хилд цөмрөн Ховдын зүг нисч ажиглалт хийсэн боловч Зөвлөлт-Монголын тоймтой хүч илрээгүй байна.

Шинжаан 1934-1941 онд ЗХУ-ын  татаасанд тулгуурласан  “дагуул муж” байв. ЗХУ дайнд татагдан орсоноор тусламжаа зогсоожээ.  Энэ нь Шинжааны иргэдийн амьдралд хүндээр тусчээ. Шинжааны захирагч Шэн Шицай ЗХУ-ыг дайнд ялагдах нь хэмээн үзэж, Шинжаанаас Зөвлөлтийн иргэд, геологчид болон Улаан Армийн анги, салбарыг гаргаж, Гоминданы засгийн газартай харилцаагаа сэргээсэн байна.  Гоминданы дэмжлэгээр хан үндэстнийг суурьшуулах болж, хан биш үндэстнүүд бүгд “хятад үндэстэн” гэдэг Чан Кайшигийн онолыг хэрэгжүүлж, Хасаг, Уйгар, Киркиз үндэстэн гэж байхгүй хэмээн зарлав. Ийнхүү хан үндэстнүүд  нутаг түрсээр байсан нь бусад үндэстнүүдтэй зөрчилдүүлэх үндэслэл болж байв. Зөвлөлтийн нөлөөг Шинжаанд хязгаарлахаар гоминданы тал АНУ, Британийн консулуудыг Өрөмчид 1943 онд суулгажээ. Сталинградын ялалтын дараа Шэн хоёр нүүр гарган Сталинд хандан харилцаагаа сэргээх санал тавьжээ. Гэвч Сталин нэгэнт шүдээ зуусан, Шинжаанд хан үндэстнийг эсэргүүцэгч хэн бүхнийг дэмжихэд бэлэн болсон байв. Шэн 1943 оны хавар хасаг иргэдийг Алтайгаас шилжүүлэн нүүлгэх шийдвэр гаргажээ. Хасаг иргэд Шэнгийн эсрэг, гоминдоны засаг захиргааны эсрэг ч хөдөлгөөн үүсгэж, партизаны ажиллагаа явуулж, хан үндэстний суурин газруудыг довтолж байв. Ийм нөхцөлд Осман 1943 оны 3 дугаар сард Чойбалсанд хамтран ажиллах санал тавьж, 1943 оны 6 дугаар сараас Осман БНМАУ-аас зөвлөх, цэргийн тусламж авсанаар Шэнгийн  эсрэг илт хөдөлгөөн өрнүүлж чаджээ.

Шэн дурдатгалдаа бичихдээ “Шинжаанд америкийн сонирхол... зээл олгох, хөрөнгө оруулах хүртэл болоогүй байв. Эдийн засгийн тогтворгүй  байдлын улмаас үүссэн түгшүүртэй байдлыг оросууд ашигласан юм.  Энэ төвөгтэй байдал нь 1943-1944 оны өвөл илт бослогод хүргэв. Бие даасан бүлгүүдэд захиргааны хяналт тогтоох гэсэн Өрөмчийн оролдлогын улмаас үүссэн орон нутгийн эсрэг үзлийг Осман гэгч чөлөөт хэрэн хэсэгч дэвэргэв. Гадаад Монгол, Шинжааны хооронд хилийн уулархаг бүст  байрладаг Османы хүчин Засгийн газрын цэрэгтэй 1943 оны 12 дугаар, 1944 оны 3 дугаар сард тулалдсан юм. Тусгай төлөөлөгч Ву Вайчиао  3 дугаар сарын 11 болон 19-нд зөвлөлтийн онгоц, монголын цэрэг хасгийн босогчидтой хамтран ажиллаж байгаа тухай цахилгаан илгээснээр уг асуудал олон улсын чанартай  болов...” гэжээ.  

АНУ нь 1946 оны зун л Японыг бүхэлд нь эзлэх, 1946 оны намраас Солонгосын хойгт цэргээ буулгах төлөвлөгөөтэй байв. АНУ-ын цэргийн дээд удирдлага “Японы эсрэг дайны хүндийг үндсэндээ АНУ үүрч байна. Герман ялагдсаны дараа хэрэв Оросын тал Японы эсрэг дайнд орохгүй бол Британийн амлалтад найдах хэрэггүй... Герман ялагдсаны дараа Орос дайнд орох ёстой...ингэснээр дайныг хөнгөвчилж, америкчуудын амь нас, эд хөрөнгийг аврах ёстой. Хэрэв Орос  татгалзвал ..бид сунжирсан дайн явуулахад бэлтгэх хэрэгтэй” гэж Рүзвэлтэд зөвөлжээ. Иймд хохиролоос зайлхийхийн тулд Рүзвэлт ЗХУ-ыг Японы эсрэг дайнд татан оруулахыг гол зорилгоо болгожээ. ХКН, Гоминдан хоорондоо дайсагнаж, Японы эсрэг идэвхтэй тэмцэхгүй байгаад АНУ дурамжхан, тэдгээрийг эвлэрүүлэхийг оролдож байв. Чан Кайши эхлээд Японыг ялах, дараа нь  Германыг буулгаж авах гэсэн бодит бус шаардлага тавьж, Зөвлөлт, Америкийн хооронд яс хаяж байв.

Тегераны бага хуралд Сталин “Германыг ялсаны дараа л Сибирьт нэмэгдэл хүчин явуулж Японы эсрэг нийтийн фронтод нэгдэх боломжтой болно” гэж мэдэгдээд харин  “хятадууд Японы эсрэг олигтой байлдахгүй байна, энэ нь Хятадын удирдагчдаас л шалтгаалж байна” гэж тэмдэглэжээ.  Хятадууд олигтой байлдахгүй байна гэдэгтэй  Рүзвэлт, Черчилль нар санал нэгдсэн байна. Ийнхүү ЗХУ Японы эсрэг дайнд орох нь нэгэнт тодорхой болсон тул холбоотнууд Бирмад десант буулгах Каирын бага хурлын  шийдвэрээ цуцлан харин Нормандид десант буулгахаар шийдвэрлэжээ. Энэ нь холбоотны цэргийг Бирмээр дамжин Хятадад ирэхийг хүлээж байсан Хятадын бодлогод цохилт болов. Гэхдээ Рүзвэлт 1944 оны эхээр Бирмийн умард хэсгийг чөлөөлөх хязгаарлагдмал давшилт хийхийг дэмжсэн юм. Давшилтыг дэмжих Хятадын цэргийг Бирмад илгээхийг Чан Кайшигээс мөн хүсчээ. Гэтэл Чан Кайши  “Япончууд давшилт хийхээр Манжуураас цэргээ (14 дивиз) татсан, коммунистууд умардад  идэвхжсэн, эцэст нь Зөвлөлтийн тал Шинжаанд дайсагнасан байр суурь баримталж байгаагаас боломжгүй” гэжээ. Эхний хоёр үндэслэлийг  америкууд үнэмшил муутай гэж үзсэн боловч сүүлчийн “шалтаг”  анхаарлыг нь татжээ. Зөвлөлт, Хятадын харилцаа эрс хүйтэрсэн нь Японы эсрэг дайнд ЗХУ-ыг татан оролцуулах АНУ-ын бодлогод саад болох байв.

Иймд Ерөнхийлөгч Рүзвэлт Дэд Ерөнхийлөгч Воллэсоос өөрийнхөө бие төлөөлөгчөөр явж Зөвлөлт, Хятадын харилцааны өнөөгийн төдийгүй дайны дараа ямар байхыг судалж ирэхийг 1944 оны эхээр хүсчээ. Энэ тухай Воллэс АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Буллд 3 дугаар сарын 8-нд мэдэгдсэн байна. Гэтэл Хятадад суугаа АНУ-ын элчин сайд Гаусс 1944 оны 3 дугаар сарын 17-нд  “Зөвлөлтийн нисэх онгоцууд 1944 оны 3 дугаар сарын 11-нд Шинжаан, Гадаад Монголын хил дээр Хятадын цэргийг бөмбөгдөж хохирол учруулсан тухай” Рүзвэлтэд мэдээлжээ. Чан Кайши 1944 оны 4 дүгээр сарын 1-нд Рүзвэлтэд захидал ирүүлж Шинжаан-Гадаад Монголын хилийн будлианыг мэдээлж, энэ нь Зөвлөлтийн өдөөн хатгалга, нөхцөл байдлыг “шаардлагатай арга хэмжээ авах хүртэл ноцтой болсон” гэж дүгнээд зөвлөгөө хүсчээ. Иймд Рүзвэлт нөхцөл байдлыг тодруулахыг Төрийн депратаментад даалгаж,  ЗХУ-д суугаа АНУ-ын элчин сайд Харриманыг Сталин, Молотов нартай уулзаж, Шинжаан-Гадаад Монголын хилийн будлианыг намжаах талаар ярилцахыг даалгажээ.  

Америкийн дипломатууд “1944 оны 1 дүгээр сарын эхээр Шинжааны цэрэгт шахагдан Гадаад Монголд гарсан 400 гаруй дээрэмчид хэсэг хэсгээр буцан цөмөрч байна, Монголын цэрэг, иргэд, хасагууд нийлсэн 600 хүн, Зөвлөлтийн хоёр сургагчийн хамт мужийн цэргийг 3 дугаар сарын 11-нд довтолсон, гэхдээ Шинжаан, Монголын байр зүйн зураг зөрөлдөж байгаа, хилийн будлианыг Шинжааны цэргүүд Монголын нутагт цөмөрсний хариу арга хэмжээ” гэж 1944 оны 4 дүгээр сарын 3-нд мэдээлжээ. Тэд энэхүү үйл явдлыг “Гоминданы удирдлага Японыг зөвхөн Америкаар л ялуулах сонирхолтой, Орос, Хятад хоорондоо сөргөлдөхийг АНУ хүсэхгүй, хилийн будлианы шалтгаан нь үнэндээ Гадаад Монголын хилийг Хятадын цэрэг анхлан зөрчсөн”-өөс үүдэлтэй, будлианыг Гоминданы тал зориудаар өдөөсөн” гэж дүгнэжээ. Иймд Рүзвэлт Чан Кайшид 4 дүгээр сарын 9-нд илгээсэн хариу захидалдаа Японы түрэмгийллийн эсрэг тэмцэлд Гадаад Монгол-Шинжааны хил дээр болсон будлиан хор хүргэх ёсгүй гээд  “миний санал бол энэхүү будлианыг бүрэн эрхэндээ хор хүргэхгүйгээр дайн дуустал түр орхих явдал” хэмээн Монголын эсрэг хилийн өдөөн хатгалга дахин хийхгүй байх, асуудлыг зориудаар дэврэлгүй, хүлээцтэй байхыг нэг ёсондоо анхааруулжээ.
         
Шинжаан-Гадаад Монголын хил дээр 3 дугаар сарын 11-нд гарсан хэрэг явдал нь Рүзвэлтэд Воллэсийг БНМАУ-д илгээх бодлыг төрүүлжээ. Рүзвэлт О.Латтиморыг авч явахыг Воллэст зөвөлсөн байна. Латтимор 1941-1942 онд АНУ-ын тусламж хариуцсан Чан Кайши-гийн зөвлөхөөр ажиллаж байв.  Воллэс ЗХУ-ын элчин сайд А.Громыко-той уулзаж Сибирь, Монголд айлчлах талаар тохиролцжээ. Гэвч  Рүзвэлт Воллэсийг Азид явуулах гэсэн үндсэн шалтгаан нь дотоод бодлогоос нь үүдэн гарчээ. Воллэс  АНУ-ын хөдөө аж ахуйн сайдаар найман жил ажилласан, сайн мэрэгжилтэнд тооцогдож байжээ. Тэрээр Аласк, Зөвлөлтийн Азийн хэсэг, Монгол зэрэг нь хөгжлийн нэг загвартай байх газар нутаг гэж үздэг, Америк,  Сибирь, Хятад, Монголын ард түмэн хөдөө аж ахуйд үндэслэсэн соёл иргэншлийн шинэ төв байгуулж, энэхүү төв нь арилжаа худалдаа, аж үйлдвэрийн ачаар оршин тогтнож умард номхон далайн гурвалжингийн асар их нөөцийг эргэлтэд оруулах  ёстой гэж ярьдаг байжээ.  Молотовтой 1942 онд уулзахдаа  өмнөд америкаас эхлэн Аласка хүртэл Берингийн тэнгисийг гатлуулан Сибирь, Зөвлөлтийн европын хэсэг хүртэл авто зам, онгоцны буудал барьж, худалдаа арилжаа хөгжүүлэх мөрөөдлөө  ярьж байжээ. Воллэс Бүгд Найрамдах Намыг дэмжигч байгаад 1933 онд Ардчилсан Намд бүртгүүлжээ. Тэрээр хэт зүүний үзэлтэн байв. 1944 оны 7 дугаар сард болох Ардчилсан намын их хурлын үеэр түүнийг Дэд Ерөнхийлөгчөд дахин нэрийг нь дэвшүүлэх  нь хүндрэлтэй, учир нь Воллэс дотоод бодлогын асуудлаар намынхаа олон зүтгэлтэнтэй санал зөрдөг “дайсан” олонтай байв. Иймд Рүзвэлт түүнийг түр холдуулж энэ хугацаанд Трумэнийг Дэд Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлэхээр шийджээ.  

Төрийн департаментын 4 дүгээр сарын 25-нд төлөвлөснөөр Воллэс  Сибирьт сар орчим, Хятадад 10 хоног байх, Воллэсийн нисэх онгоц Ланьжоугаас 7 дугаар сарын 3-нд Улаанбаатарт буудлан шатахуунаа цэнэглэх байв. Рүзвэлт, Воллэс нар 5 дугаар сарын 20-нд айлчлалын талаар мэдэгдэл тус тус хийж,  Воллэс энэ өдөр Вашингтоноос хөдөлж Сибирь, Дундад Ази, Хятадаар дайран  7 дугаар сарын 2-4-нд Улаанбаатарт хоёр хоноод 7 дугаар сарын 10-нд буцаж иржээ. АНУ-ын төлөөлөгчид Улаанбаатарт нэг хонох байсан боловч цаг агаарын улмаас саатаж хоёр хоножээ. Дэд Ерөнхийлөгчийг Төрийн департаментын Хятадын хэлтсийн дарга Ж.Винсэнт, Зөвлөлтөд эдийн Засгийн хангалт нийлүүлэх хэлтсийн ерөнхий ажилтан Ж.Хазард, Цэргийн суртал нэвтрүүлгийн албаны хэлтсийн дарга О.Латтимор нар дагалдсан байна. Түүний хөлөглөсөн Б-29 бөмбөгдөгч онгоцны баг нь 10 хүнтэй байв. Багийн гишүүдийн зарим нь сүүлд Солонгосын дайнд амь үрэгдсэн бөгөөд сүүлчийн гишүүн нь 1995 онд нас барсан юм.  

Харриман  Сталинтэй 1944 оны 6 дугаар сарын 10-нд уулзаж Шинжаан-БНМАУ-ын хилийн байдал болон бусад асуудлаар дэлгэрэнгүй ярилцжээ. Сталин хилийн будлианд Чан Кайши буруугүй, харин Шинжааны захирагч Шэнийг буруутгажээ. Шэн зарим хасагуудыг нүүлгэн шилжүүлэх гэсэн боловч түүний хүслээр болсонгүй, хасагууд Шинжааны цэрэгтэй мөргөлдөж зарим нь Монголын хил давсан, тэднийг мөрдөн хөөсөн Шинжааны цэргүүд хил мөн давснаас Монголын хилчид тэднийг буцаан хөөсөн. Байдал үнэхээр ноцтой болбол туслахыг Зөвлөлтөөс Монголын Засгийн газар хүссэнийг бид зөвшөөрсөн. Гэвч байдал одоогоор намжаад байна гэжээ. Зөвлөлтийн онгоцууд хилийн будлианд оролцсон эсэхийг Харриман асуухад Сталин Зөвлөлтийн хэд хэдэн эскадрилийг Монголд шилжүүлэн өгсөн. Эдгээрээс зарим онгоц оролцсон. Гэхдээ онгоцоор монгол нисгэгч нар нисэж байгаа. Хэрвээ Шинжааны цэрэг түрэмгийлэл үйлдэхийг санаархвал Зөвлөлтийн цэргийг Монголд туслуулахаар илгээнэ гэсэн байна. Сталин бас Хятадын коммунистуудыг жинхэнэ биш өнгөц коммунистууд, Зөвлөлт, Британи чадахгүй, харин Америк л  Чан Кайшид нөлөөлж,  чиглүүлж чадна, тэгэх ч хэрэгтэй байна гэж ярьжээ. Маргааш нь Харриман Ташкент нисч, энд түр буудалсан Воллэст Сталинтай ярилцсанаа мэдээлсэн байна. Сталины энэхүү илэн далангүй яриа АНУ-д нөлөөлжээ.

БНМАУ нь Воллэст ихээхэн нааштай сэтгэгдэл төрүүлсэн нь түүний дурдатгал, сүүлд баримталсан байр сууринаас харагддаг. Воллэс аялалынхаа тухай Америкийн ард түмэнд хандан радиогоор1944 оны 7 дугаар сарын 10-нд хийсэн мэдэгдэлдээ “...Зүүн Азид миний зочилсон газар бүрт би өөрчлөлттэй таарч байлаа, тэр ч байтугай дэлхийн хамгийн бөглүү хэсэг болох Монголд хүртэл энэхүү өөрчлөлт сүүлийн хорин жилд үлэмж гарчээ...” гэж дурдаж байв. Воллэс аялалынхаа дүнгийн тухай илтгэх хуудсаа Рүзвэлтэд гардуулсан бөгөөд энэхүү баримт бичиг Төрийн департаментад тухайн үед очоогүй байна. Илтгэх хуудсандаа нэгдүгээрт, “Шинжаан, Гадаад Монголын хил дээр хаврын эхээр гарсан бэрхшээл нь Хятадууд хасаг нүүдэлчдийг шилжүүлэн суулгах гэснээс тэд Гадаад Монголд дүрвэж, тэднийг мөрдөн хөөсөн хятадуудыг монголчууд буцаан хөөснөөс үүдэн гарсанд эргэлзэх шалтгаан бага байна. Зөвлөлтийн Элчин сайд Гадаад Монголыг бөмбөгдсөний хариуд Гадаад Монголын онгоцууд Шинжааныг бөмбөгдсөн гэж ярив. Хоёрдугаарт, Гадаад Монголд эрүүл дэвшил, цэргийн бэлэн байдал, үндсэрхэг үзлийн ихээхэн илрэл байна. Зөвлөлтийн нөлөө хүчтэй, улс төр, засаг захиргааны эрх мэдэл чадварлаг монголчуудын гарт байна. Хятадын бүрэн эрхийг сэргээх аливаа бодол санаа  бодит бус байна. Харин ч дайны дараа Гадаад Монголтой нэгтгэх ухуулгыг Өвөр Монголд  үлэмжхэн явуулах төлөвтэй байна.” гэж илтгэжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 1944 оны 11 дүгээр сард дууссаны дараа Рүзвэлт Воллэсыг Хятадад Элчин сайдаар илгээх бодолтой байв. Гэвч 1945 оны эхээр Засгийн газраа шинээр эмхлэн байгуулахдаа түүнийг Худалдааны сайдаар томилжээ. 1945 оны 9 дүгээр сарын 21-нд болсон Америкийн Засгийн газрын хуралдаанд хөдөө аж ахуйн сайд Андерсон ЗХУ Монголыг өөртөө нэгтгэж байна гэж ярьсантай Воллэс санал үл нийлэн “монголчууд малчин ард түмэн, хятадууд газар тариалан эрхэлдэг суурин амьдралтай учир Хятад, Монголын хооронд үл ойлголцох байдал ямагт байсан, монголчууд малын өвчний талаар оросуудаас шинжлэх ухааны мэдээлэл авахыг хүсдэг” гээд БНМАУ-д мал эрүүл ахуйн туршилтын төвд зочилсноо ярьж малын өвчинтэй тэмцэх, өвчний эсрэг вакцин үйлдвэрлэх монголын 37 мэргэжилтэн ажиллаж байсныг дурдан, ийм нөхцөлд монголчууд хөгжил, дэвшлийн эх сурвалжийг Хятадаас биш Оросоос хайх нь аргагүй юм гэж өмгөөлөн ярьжээ. Черчиллийн Фултоны мэдэгдлийг Воллэс эсэргүүцсэнээс Трумэн түүнийг Засгийн газрын гишүүнээс 1946 онд чөлөөлжээ. Воллэс 1946 онд хэвлүүлсэн “Зөвлөлтийн Азид зочилсон нь” номныхоо “Монгол-Монтана-гийн цагираг” хэмээх бүлэгтээ Монголд очсоноо дурссан юм. Монгол, Монтана-гийн байгальд  ижил төстэй зүйлс нийтлэг байдгийг үндэслэн тэрээр ийнхүү гарчиглажээ. Воллэс “би Ерөнхийлөгчид Гадаад Монголын шуудангийн марк,  мөнгөн тэмдэгтийг дурсгал болгон өгсөн бөгөөд эдгээр нь арван долларын л өртөгтэй боловч сүүлийн 17 жил монголд нэг ч америк хүн очоогүйг тооцвол энэ нь хэд дахин илүү үнэтэй эд бизээ”  гэж дурсжээ. Эдгээр нь Ф.Рүзвэлтийн номын санд хадгалагдаж байна.

Харин 1944 оны 3 дугаар сарын 11-ны өдөр БНМАУ-Шинжааны хил дээр чухам юу болсон вэ? Маршал Чойбалсан 1944 оны 1 дүгээр сард Москвад ирж Сталинтай уулзахдаа ярилцсан нэг сэдэв нь Шинжааны байдал байв. Монголын тал Османы бүлэгт зэвсгийн хоёр дахь тусламжаа 1944 оны 2 дугаар сард хүргүүлсэний дараа тус бүлэг Булган, Чингил голын уулзварт байрласан гоминданы цэргийг довтолсон юм. Тэгэхээр 3 дугаар сарын 11-ны хэрэг явдал хил дээр биш харин Шинжааны нутгийн гүнд болж, османчууд Зөвлөлт-Монголын нисэх хүчний дэмжлэгтэйгээр гоминданы цэргийн байрлалыг довтолжээ.  Манай хилийн түүхчид “1944 оны 3 дугаар сарын 11-нд Османыг хөөн орж ирсэн хятадуудад Зөвлөлтийн нисэх эскадриль хүчтэй цохилт өгч итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээг сайтар авч байлаа” гэж өгүүлсэн байдаг. Уг асуудлаар БНМАУ-ын засгийн газраас 1944 оны 4 дүгээр сарын 1-нд “Шинжааны цэргийн эрх баригчдын мөрдлөгө хавчлагаас зугтсан хасаг өрх айлуудыг БНМАУ дүрвэгч хэмээн хүлээн авч байгаа, хасаг иргэдийг мөрдөн хөөсөн хятадын цэргүүд Шинжааны зүүн хойд хэсгээр БНМАУ-ыг түрэмгийлэн нисэх онгоцоор дүрвэгчид болон Монголын нутаг дэвсгэрийг галласан байна. БНМАУ-ын тал улсын хил зөрчин орж ирсэн Шинжааны цэргүүдэд няцаалт өгөв. Хэрэв цаашид Шинжааны цэргүүд тус улсын хилийг зөрчих бол 1936 онд байгуулсан харилцан туслалцах хэлэлцээрийн дагуу Зөвлөлт Улс туслана гэдэгт итгэж байна” гэсэн мэдэгдэл гаргасаныг зөвлөлтийн сонингуудад дараах өдөр нь нийтэлжээ. Гэвч гоминданы тал мэдэгдлийг няцааж байв.

Рүзвэлт Воллэсийг Зөвлөлт, Хятадын хооронд гарч болзошгүй ирээдүйн зөрчлийг хэрхэн хязгаарлаж болох талаар дүгнэлт хийж саналтай ирэхийг л хүсчээ. Өөрт нь өгсөн үүрэг чиглэлийг хожмын үйл явдлуудтай харьцуулан  Воллэс болон Рүзвэлт хичнээн алсыг харж байсныг мэдсэнээ өгүүлсэн байдаг. Чан Кайши Воллэст Зөвлөлт, Хятадын харилцааг сайжруулахад АНУ-ыг зуучлахыг хүсч, гурван талын уулзалт хийхийг санал болгосон юм.  Рүзвэлт дээрх саналын дагуу Хятадын гадаад хэргийн сайд Сун Зывэнийг хүлээн авч уулзахыг хүссэн захидал Сталинд илгээжээ. Энэхүү хүсэлт цаашдаа Зөвлөлт, Хятадын 1945 оны яриа хэлцээнд хүргэж, Хятадын тал БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ.

Воллэсийн үндсэн зорилго нь Зөвлөлтийг Японы эсрэг дайнд татан оруулах улс төрийн таатай нөхцлийг бүрдүүлэх, үүний тулд  Зөвлөлт, Хятадын зөрчлийг зохицуулах явдал байв. Энэхүү зорилгын хүрээнд Воллэс БНМАУ-д дараах хоёр үүрэгтэй иржээ. Нэгдүгээрт, Шинжаан, БНМАУ-ын хилийн будлианы шалтгааныг судлан тогтоож, цаашид даамжруулахгүй байх арга хэмжээ авах, хоёрдугаарт, БНМАУ-ыг тусгаар тогтносон улс гэж үзэж болох эсэх, Зөвлөлт, Хятадын харилцаанд ямар нөлөөтэйг судлах явдал байжээ. Воллэс эдгээр хоёр асуудлаар өөдрөг сэтгэгдэлтэй буцаж, нааштай дүгнэлт хийсэн нь БНМАУ-ын тусгаар тогтнолын талаарх Рүзвэлтийн үзэл хандлагад нөлөөлжээ. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч БНМАУ-д зочилж, нөхцөл байдлыг тодотгосон нь Монгол, Шинжааны хилийн будлианыг ашиглан Зөвлөлт, Америкийн харилцаанд хагарал үүсгэх гэсэн Хятадын оролдлогод няцаалт болсон юм. Дээр өгүүлсэн бүхэн нь Зөвлөлт, Хятад, АНУ-ын гурвалсан ашиг сонирхолд Монгол татагдан орж байсны түүхэн жишээ бөгөөд өнөө үед “гуравдагч хөрш”-ийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд харгалзан үзэх нэг ёсны “математик бодлого” юм.  

Р.БОЛД
2015.03.11

Энэ нь Монголын XX зууны түүхэнд “11”-ний өдөр тохиосон “гуравдагч хөрш”-тэй холбогдсон дөрвөн чухал үйл явдлыг өгүүлэх цуврал өгүүллэгийн эхнийх болно.