Өдгөөгөөс 88 жилийн өмнө Монголын сүүлчийн эзэн хаан, VIII Богд Жавзандамба нас баржээ. Харин анхдугаар Богд Жавзандамба Занабазар 477 оны тэртээ хүний биеийг олсон юм. Таван зуу орчим жилийн улбаатай “Жавзандамба хутагт” хэмээх институцийг тойрсон тоглолтын нэн орчин үеийн хувилбар тун удахгүй бидний амьдралын нэгээхэн хэсэг болно. Нийгэм тэр бүр дотоод асуудлыг нь мэддэггүй монгол лам нарын бүлэглэл дунд “өөрийн Богд”-той болох далд тэмцэл хэдийнэ эхэлчихсэн. Энэ тэмцлээс гадна IX  Богд Жавзандамба хэмээгдсэн Жамбалнамдолчойжижалцан жинхэнэ үү, хуурамч уу? Хятадтай тэрсэлдэгч XIV Далай лам Данзанжамц, Хятадын гэгдэх XI Банчин лам нар энэ тал дээр ямар байр суурь баримтлах нь бүр сонирхолтой юм.

Хэрэг нь дууссан Богд Жавзандамба

1924 оны тавдугаар сарын 20-ны өдөр таалал төгссөн VIII Богд Жавзандамба өмнөх таван дүрийнхээ нэгэн адил Түвдийн түшмэлийнд төрсөн ч Халхын шарын шашны тэргүүн болох хувьтай байжээ. Түүнийг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын эзэн, шашин төрийг хослон баригчаар зарлаж байсан бол 10 жилийн дараа буюу 1921 оны арваннэгдүгээр сарын 01-нд “Тангарагийн гэрээ”-ээр улс төрийн эрх мэдлийг нь хассан юм. “Манай багшийн багш, манлай Ленин багш” асантай нэг жил өөд болсон Жавзандамбын хойд дүрээр 1925 онд Лувсандорж хэмээх хүүг Л.Гомбо-Идшин гүн тэргүүтэн тодруулжээ. Тусгаар улсаа байгуулсан тул Богдоо Монголоосоо тодруулах гэсэн тэдний санааг ойлгож болохоор. Улмаар гүнтэн 1926 онд Гэндэнсодном, Жанчивренчин хэмээх хоёр ламын хамт Банчин ламтай уулзаж, хүүг IX дүрийн Богд Жавзандамба мөн гэдэг батламж авчирсан билээ. Энэ бол Богд Жавзандамбын хойд дүрийг Банчин лам батламжилдаг уламжлалыг дагасан хэрэг юм. 

VIII Богд Жавзандамбыг жанч халсны дараа хойд дүрийг нь залах явдал нэлээд том асуудал болон дэгдсэн тул Ардын засгийн газар заль хэрэглэж, МАХН-ын IV Их хурал дээр Цэвээн Жамсрано “Богдыг зална гэдэг мань мэтийн цусан биетнүүдийн хийдэг ажил биш, Далай ламаас асууна” гэж цаг хожих арга зохион, сүүлдээ Богдыг “Дахин газар дэлхийд эргэн ирэхгүй. Үүрд нирваан дүрийг олсон” хэмээн сурталчилжээ. Улмаар XIII Далай ламд захидал илгээсэн ба уг захидал нь Монгол орон өдгөө шашин сурталгүй бүгд найрамдах улс болсны учир цаашдаа бидэнд Богд хэрэггүй гэдэг утгатай байлаа.

Гэнэт тодорсон гэгээнтэн

Баясгалант хэмээх Луу жилийн шинийн наймны бэлгэт сайн өдөр жанч халсан IX Богд Жавзандамба Жамбалнамдолчойжижалцаны намтарт эргэлзээтэй зүйл нэлээд бий. 1926 онд тодруулсан Зүүн Хараагийн Цэнд хэмээх эмэгтэйн хүү, Лувсандорж Богдын сэнтийд залраагүй ч Ардын цэргийн алба хааж, 1948 онд өвчний учир нас баржээ. Гэтэл бид арваадхан жилийн өмнөөс мэдэх болсон IX Богдыг 1936 онд дөрвөн насанд нь тодруулсан гэж албан ёсны намтарт нь бичдэг. Үүнээс хойш Богд Жавзандамбын хойд дүр гэдгээ “нууж явсан” бөгөөд Монголд ардчилал мандсанаас хойш, 1991 онд хоёр эхнэрийн нүүр үзсэн, долоон хүүхдийн эцгийг XIV Далай лам “IX Богд Жавзандамба” хэмээн зарласан байдаг. Энэ нь нөгөө талаар үе үеийн Богдыг Банчин лам нар хүлээн зөвшөөрч ирсэн уламжлалаас гажсан явдал болсон юм.

Өнгөрсөн зууны гучаад онд Дилав хутагт Жамсранжав түүнтэй уулзсан, гэхдээ түүнийг IX Богд мөн гэж хүлээн зөвшөөрөөгүй болохоо дурсамж номдоо бичиж үлдээсэн юм. Гэхдээ түүнийг албан ёсоор ширээнд залах ёслол 1992 оны нэгдүгээр сарын 13-нд буюу Монголд ардчилсан шинэ Үндсэн хууль батлахаас яг нэг жилийн өмнө болжээ. Гэхдээ энэ талаар Монголын хэвлэлүүд мэдээлээгүй. Зарим нэг лам нарыг эс тооцвол бусад монголчууд огт мэдэлгүй өнгөрөв. Үүнээс долоон жилийн дараа, БНХАУ-ын дарга Жянь Зэминь Монголд айлчилдаг зун IX Богд Жавзандамба жуулчны визээр өөрийг нь шарын шашны тэргүүнээр залах учиртай ерөөлт нутагтаа айлчлан ирсэн юм. 1999 оны наймдугаар сарын 02-нд Монголын 17 сүм хийдийн тэргүүнүүд Эрдэнэзууд хуран чуулж 68 настай Жамбалнамдолчойжижалцанг Монголын шарын шашны эзний ширээнд нь ёс төртэй залцгаав. Гэвч Үндэсний аюулгүйн зөвлөл IX Богдыг визийн хугацаа хэтрүүлсэн гэдгээр шалтаглан Монголоос гаргажээ. Энэ үеэс хойш Энэтхэгийн Дарамсала хотноо түвэд дүрвэгсдийн дунд төвхнөсөн IX Богд Жавзандамбыг зорих монголчуудын тоо үлэмж нэмэгдэн, тэр хэрээр нэр хүнд нь ч өсчээ. Ийн IX Богд Жавзандамба монголчуудад де факто хүлээн зөвшөөрөгдөж эхлэв.

Хууль ёсны иргэн-Жавзандамба

Жил ирэх тусам шашинжин, сүсэг бишрэлээрээ уралдах болсон Монголын дээдэс хэдэн жилийн өмнө хөөж явуулсан IX Богд Жавзандамбыг анхаарч эхлэв. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хувилгаангүй монгол лам нар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн гэх нэршилд хууртахаа байлаа. Үүний цаана Д.Чойжамц тэргүүтэй хэдхэн хүний эрх ашиг байна гэдгийг захын хүн харахаар болоод ирсэн хэрэг. Жил жилийн цагаан сарын өмнө хуанлийн хэрүүлээр эхэлдэг лам нарын зөрчил дээр Амарбаясгалант хийд төвтэй доржшүгдэнгийнхний сайн менежмент зэргийг нэмчихээр Гандангийн нэр хүнд навс унана. Бурхан тахил хулуусан хэргээр Шашны дээд сургуулиас хөөгдсөн нөхөр хүртэл Гандангийн дэнж дээр барьсан байшингаа “Их Хүрээ” хийд гэж нэрлээд өөрийгөө хувилгаанаар зарлах нь халаг яваа. 

Бусад шашин, тэр дундаа сүүлийн үед бөө мөргөлд шахуулж эхэлсэн шарын шашныхан ямар нэг шийдтэй алхам хийхгүй бол Гандангийн дэнжээ ч алдаж мэдэхээр хэмжээнд хүрлээ. Өдөр бүр зурагтаар гарч, уран өгүүлдэг хэн нэг ламаас илүүтэй хутагт, хувилгаадаар дамжин шашин амьдардаг. Ингээд нэгэнт нас дээр гарч, өвчинд нэрвэгдсэн IX Богд Жавзандамбыг Монголд заллаа. Нийтээр мэдэх болсон түүнийг одоо албан ёсоор залахад төр, нийгмийн зүгээс айх аюулгүй болжээ. Жамбалнамдолчойжижалцанд Монгол улсын иргэний үнэмлэх олгохдоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “дахин төрөхдөө Монголд төрнө” гэдэг ам өчгийг нь аван, дүрсжүүлсэн аж. Удалгүй XIV Далай лам гэнэт Монголд айлчлан ирсэн нь Богд Жавзандамбын нэр хүндийг монголчуудын дунд өргөх мөн удаах дүрийг нь “хэрхэн төрүүлэх” талаар ярилцах зорилготой ч байсан байж мэднэ. Юутай ч Жамбалнамдолчойжижалцан монгол улсын иргэн, IX Богд Жавзандамба гэдэг нэртэй жанч халлаа.
    
            Хуульгүй хувилгаад

1929 онд хуралдсан БНМАУ-ын V Их хурлаар хутагт хувилгаад тодруулахыг хориглосон шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг Засгийн газарт тушаажээ. Чухам энэ шийдвэрийг үндэслэн IX Богдыг 1999 онд айлчлахад нь хөөж явуулсан байдаг. Өнөөг хүртэл Ардын Их хурлаар ч, үе үеийн Их хурлаар ч дээрх шийдвэрийг хүчингүй болгосон зарлиг шийдвэр гараагүй. Мөн өдгөө хүчин төгөлдөр Монгол улсын Үндсэн хууль болоод төр сүм хийдийн харилцааны тухай хуульд ч энэ талаар ялангуяа хутагт хувилгаан тодруулах тухай ямар нэг тухайлсан заалт алга.

Гэхдээ бид өдгөө шарын шашны найман монгол, нэг түвд хувилгаантай бөгөөд Шадар сайд М.Энхболд тэднийг өнгөрсөн сард төрийн хэмжээнд хүлээн авлаа. Бас оны өмнө Зава Дамдин ламын хувилгаан Осгонбаяр “сайн бод” хэмээх алдарт үгээ хэлж, цөмийн хаягдлын асуудлаар ид маргаж байсан бидэндээ атомын цэнэгт хошууны аюулыг сануулсан юм. Монгол улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ гэдэг Үндсэн хуулийн заалт бий. Хэн хэнийхээ хэрэгт оролцохгүй байя гэсэн үг.

Хувийн Богд Жавзандамба

X Богдыг тодруулах комисс байгуулсанаа Гандантэгчинлэн хийдээс зарлалаа. Монголын бурханы шашин, шарын шашны төлөөлөл уг комисст огтоос тусгалаа олсонгүй. Монгол лам ямар ямар бүлэглэлд хуваагддаг тухай Ө.Гонгор (http://www.wikimon.mn/content/17742.shtml) тун ханатай бичжээ. Нэг их уртгүй уг бичлэгт лам нарыг “Гүрдаваа ринбүүчигийн шавь нар”, “Ажа ринбүүчигийн бүлэглэл”, “Гандантэгчинлэн болон Дарамсалагийн бүлэглэл”, “Бусад буюу монгол бүлэглэл” хэмээх дөрвөн хэсэгт хуваасан байна.   
    
Нэр хүндээ алдаж яваа Гандантэгчинлэнгийн бүлэглэлд X Богдын хойд дүр тэсч үлдэх ганц гарц нь. Гэхдээ төр засгаас дэмжлэгтэй Ажаа ринбүүчигийн бүлэглэлээс Хойд дүр тодруулах комисст шахалт ирэх нь зайлшгүй. Харин энэ бүлэглэлд багтдаг БНХАУ-аас дүрвэсэн өвөрмонгол, түвдүүд тэдний сул тал. Өвөр зуураа ч нэгнээ хятадын эрлийз гэж харддаг монголчуудад өөлүүлэх юм ихтэй. Эдэн дотроо хамгийн хүчтэй Гүрдаваа ринбүүчигийн шавь нарыг XIV Далай лам тэргүүтэй институци хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Ө.Гонгор “Түүхэнд ийм адармаатай сонголт тулгарч байсан эсэхийг мэдэхгүй” гэсэн нь юутай үнэн.
     
Хувьсгалын Богд Жавзандамба

Манай хэдэн лам нар X Богдын хойд дүр дээр санал нэгдлээ гэж бодъё. Одоо батлуулах учиртай. Богд Жавзандамбын түүхийн турш Банчин лам түүнийг соёрхон баталж иржээ. Анхдугаар Богд Занабазар 1649-1651 онуудад Түвдэд айлчлахдаа V Далай лам Лувсанжамцад бараалхсан бол IV Банчин лам Лувсанчойжижалцангийн дэргэд хагас жил шавилан суусан байдаг. Бас Занабазарыг дэргэдээс нь буцахад Банчин лам “Халхад шашин дэлгэрүүлэх нарийвчилсан зөвлөгөө” өгсөн гэж судлаач Д.Дашбадрах үзжээ. Энэ мэт Богд Жавзандамба, Банчин лам нарын хэлхээ холбоо арвин.

Гэтэл IX дүрийн Банчин ламаас эхлээд Хятадын талыг илтэд баримтлах болсоор Далай ламын институцитэй зөрчилдөх болсон юм. Удаах дүрийн Банчин ламыг тодруулах асуудлаар түвдүүд хоёр хуваагдахад Хятадууд Чойжижалцанг дэмжив. Харин XI дүрийн Банчин ламыг БНХАУ тодруулсан ба өдгөө Чойжижалбуу Хятадын бурхан шашинтны холбооны дэд ерөнхийлөгчийн үүрэгтэй. Хэдий түүнийг XIV Далай лам хүлээн зөвшөөрдөггүй ч Богд Жавзандамбыг албан ёсчилж ирсэн уламжлалтай.

Саяхан манай Үндсэний аюулгүй зөвлөлийн гишүүдтэй уулзсан БНХАУ-ын Элчин сайдын яамны албаны хүн Богдын хойд дүрийг Далай ламын оролцоогүй тодруулаарай гэж хичээнгүйлэн хүссэн байна. Түвдийн бослогыг яая гэж байгаа хятадууд үүнд оролцох сонирхолгүй байгаа болов уу. Энэ бүхнийг эв зүгээр шийдэж гэмээ нь монголчууд X Богд Жавзандамбыгаа ширээнд нь зална. Зай ч байна даа. Хэл бичгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Ням-Очирын хэлсэнчлэн дараагийн туулай жил хүртэл монголчууд Богдгүй амьдрах ч хувилбар бий.  
 
Шинэ гарц-Далай лам

Богд Жавзандамбын хойд дүрийг тодруулах асуудал ганц өнөөдөр босоод байгаа юм биш. Занабазараас эхлэн Монголын ноёд дотроосоо, манжууд Түвдээс тодруулах сонирхол өвөрлөж эхэлжээ. Харин нас дээр гарсан Занабазар “миний орыг залгаж авна уу” гэх утга бүхий захидал VI Далай лам Цаянжамцад 1721 онд илгээсэн нь “Ухаан баригч Цаянжамцын зарлигийн дуулал буюу нууцын намтар”-т байдаг. Доктор Л.Хүрэлбаатар гуай үүнийг Манжаас салах гэсэн арга гэж үзсэн нь бий. Гэхдээ өнөөгийн үүсээд байгаа байдлаас харвал Анхдугаар Богд эрх ашгийнхаа тоглоом болгох гэсэн манж, монгол ноёдын хэрүүл тэмцлээс хойд дүрээ холдуулах гэсэн бодолтой ч байсан байж болохоор харагдах юм.

Сүүлийн үед Гандангаас ирж буй сургаар IX Богд сүнсээ 15 настай хүүд юүлсэн аж. Тиймээс 15 настай хүүг нууцаар хайн тодруулж, бушуу түргэн ширээнд нь залах юм. Энэ санааг саяхан морилоод буцсан XIV Далай лам бодож олсон гэнэ. Тэгээд зогсохгүй XIV Далай лам яваандаа өөрийн суудлыг залгамжлуулах төлөвлөгөөтэй байж мэдэхээр аж. Эндээс харвал X Богдын асуудалд XIV Далай лам гүн хутгалдаж байгаа бололтой. Гандантэгчинлэн хийд ийм маягаар олдсолн боломжоо түвдүүдэд алдвал Буриад, Халимаг, Өвөрмонголоос хойд дүрийг хайх нь зөв ч байж мэднэ. Тэгж гэмээн нь Гандантэгчинлэн, Их хүрээ хоёрт байр савны л ялгаа үлдэх байх даа.