ХХI зуунд хүн төрөлхтөний уураг тархи технологийн гайхам нээлтүүд гаргах нь хаа сайгүй хавтгайрчээ. “Хавтгайрчээ” гэсний учир Монгол бас мөчөө өгөхгүй нээлт гаргадаг болж. Гэхдээ монгол технологи их өвөрмөц. Нууцыг нь японууд ч тайлахгүй биз ээ. Бусад орнууд технологийнхоо амин сүнсийг нуудаг бол манайд нуух гэж ядаргаатах шаардлага байхгүй амар. Яагаад гэвэл манай технологийн нууцыг олзоллоо гэхэд тайлж чадахгүй юм чинь.

Төрийн ордонтой хаяа хатгаад долоон давхар хоёр байшин босож байгаа. Хотын төв цэгт ийм хоёр сүрлэг барилга сүндэрлүүлнэ гэдэг барагтай аавын хүүгийн санах ажил биш. Гагцхүү эрхэм гишүүн Ц.Нямдорж л чадах төсөл. Тэр бээр сүржин шударга дүрийнхээ ард нохойтож, Хууль зүйн яамыг Дотоод яамтай нэгтгэж атгаад, хүн бүрийг айлгаж байв даа. Дээд түвшинд хулгай хийгээгүй цэвэр эрхэм үлдээгүй шахам бохирдсон тул бүгд гөл авч Нямдоржийн технологи саадгүй цэцэглэж байв. Нээнтэглэх технологийн нууцыг хууль бүрийнхээ заалтыг ягштал биелүүлдэг гүрнүүд тайлж чадахгүй.

Долоон давхар хоёр байшинд том эмнэлэг оруулж, зөвхөн ХЗДХЯ-ны дээд зиндааны харьцангуй цөөвтөр эвэртэн тууртанд үйлчлэх “Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг” байгуулж, гадаадаас өндөр үнэтэй аппаратууд оруулж иржээ. Энэ тусгай эмнэлгийг сайд нарын эмнэлгийн ардчилсан хувилбар гээд ойлгочиход нэг их зөрөхгүй. Тэнд үйлчлүүлэх хүчний байгууллагын томчууд дуртай байлгүй яахав. Тэд Нямдорж сайдаа дэмжихээс өөр яалтай. Тэгтэл тусгай эмнэлгийг гэнэт оффис болгоно гэлээ. Хүчнийхэн өөрсөддөө зориулсан тусгай эмнэлгээ оффис болгохгүй гэж хүчтэй лоббидохоос өөр яахав.  

Тусгай эрх дархаар ордог цөөхөн дарга нарт үйлчлэх эмч нар бөөн баяр хөөр байлаа. Тэдний ажиллах нөхцөл гойд, цалин өндөр, хамгийн гол нь цөөхөн дарга нарт үйлчлэх тул төлбөртэй үзлэг эмчилгээ явуулахад завтай гэсэн нууц сонирхолтой. Өндөр хүчин чадалтай олон тэрбумын аппаратаар оношлуулах хүсэлтэй ядарсан зовсон муусайн иргэд тасрахгүй. Энэ чинь цалингийн гадуур орлого цутгана гэсэн үг. Ашиг сонирхол нь хөндөгдсөн эмч нар эмнэлгээ оффис болгохгүй гэж жагсахаас өөр яахав. Ингээд ашиг сонирхлын тэмцэл сунжирлаа.

Хүчний байгууллагын дарга нар болон эмнэлгийн хэсэг ажилтанд ийм буянтай эмнэлэг цогцлох гэж байтал Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гарч ирээд нөгөө мунадаг тусгай эмнэлгийг нь доош нь жийж, зэвсэгт хүчний цэргийн госпитальтай нэгтгээд, Төрийн ордонтой айлссан нөгөө хоёр долоон давхар тансаг байранд нь Хууль зүйн яамны нэг цэгийн үйлчилгээг оруулж, прокурор, мөрдөх албаны байр болгож, гараашийг нь хорих байр болгоно гэж Засгийн газартайгаа хавсран хүч түрэв. Тусгай эмнэлэг зүүдэлж асан дарга нар цэргүүдтэй ижилсэх болсноо “Хүн бүр адил тэгш эрхтэй ардчилал” гэж эвлэрэхэд гашуун байсан биз.

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт анхнаасаа орчин үеийн асар үнэтэй тоног төхөөрөмж суурилуулж өчнөөн тэрбумыг зарахад Ц.Нямдорж нөлөөлсөн гэх таамаг бий. Дараа нь эмнэлгийн зориулалтаар барьсан барилгыг оффис болгох гэж гурван жил эвдэж сүйтгэв. Үргүй зардал яваад л байгаа шүү дээ. Хийснээ нурааж дахин хийдэг технологи бол монгол технологи юм. Аяндаа бүтэж буй ажлыг ашиг сонирхлын үүднээс албаар нурааж, хэд гурван зоосоо хий дэмий устгадаг технологийг гадныхан ойлгохгүй нь хэр. Манай хэдэн гол бүтээн байгуулалт иймэрхүү зарчимаар мунгинаж, арваад жил алдлаа. Арван жил гэдэг хөгжлийн асар их үнэ цэнэ. Таван толгой-бидний том найдвар. Энэ аварга төсөл дээрх эмнэлгийн адил эргэж буцсан яг тийм замаар орчихвол яана аа.  

Тойрон хүрээлэгчдийн тусгай хангамж маягаар өндийж эхэлсэн эмнэлгийг ардчиллын залуу сайд өөрчилсөн нь зөв. Гэвч оффис болгодог нь дэндүү бүдүүлэг алдаа болсон билээ. Өөрчлөхдөө олон нийтэд үйлчлэх эмнэлэг болгох байв. Олон жил хэрэлдэж, олон тэрбумыг цацсаны дараа одоо арай гэж “иргэдэд үйлчлэх” статустай эмнэлэг болж байх шиг. Шууд хийчих юманд заавал ингэж мунгинаж хөрөнгөө сүйтгэдэг бид онцгой гавалтай “амьтад” шүү. Эхнээсээ иргэдэд үйлчлэх эмнэлэг гээд барьсан бол хэдэн жилийн өмнө ашиглалтад ороод давхардсан тоогоор хэдэн сая хүнд үйлчлэх байсны дээр нураах өөрчлөх засварт тийм олон тэрбумыг алдахгүй байжээ. Бүтээн байгуулах монгол технологио гэж?! Цусгүй алах юм даа.

Эмнэлгээ оффис болгох гэж нураагаад, оффисоо эргээд эмнэлэг болгох гэж эвдэж, мөнгөө хий дэмий үрж байгаа аймшигтай энэ жишээ бол монголчуудын баялаг бүтээж буй царай. Эмнэлгээ оффис болгоход олон арван тэрбумыг үрсэн. Оффисоо эмнэлэг болгоход наад зах нь 20 тэрбум шаардлагатай гэнэ. 3,2 тэрбум төгрөгийн өртөгтэй оношлогооны “МRI”, “СТI” аппаратыг зөөхдөө дэлбэлжээ. Мэдээж монгол технологиор зөөсөн байж таарна. Хотын төвд Төрийн тусгай эмнэлгээр үйлчлүүлнэ хэмээн баярлаж байсан хууль, цагдаагийн дарга нар болон тэдний гэр бүл “иргэдэд үйлчлэх” эмнэлэг болгосонд нэгийг хэлэх нь мэдээж. Тусгай эмнэлэг нарийн мэдрэмж бүхий манайд ховор төхөөрөмжтэй. Цөөхөн дарга нарт үйлчилдэг тул ачаалал багатай. Ийм эмнэлэгт халтуур хийж мөнгө олно гэж тооцоолсон эмч нар бас өөрийг ярьж таарна. Харин эцсийн эцэст “иргэдэд үйлчлэх” эмнэлэг Ч.Сайханбилэг ерөнхий сайдын үед болсон нь жирийн иргэдээ харж үзсэн шийдвэр боллоо.

Ц.Нямдорж, Х.Тэмүүжин хоёр эхнээсээ ингэж шийдээгүй нь ард түмнээ мартаад нэг нь хариуцсан яамандаа хотын төв цэгт тусгай эмнэлэгтэй, нөгөөх нь ордны бөөрөнд тансаг оффистой болгож, хоёул салбартаа нэр хүндээ өсгөхийг хичээжээ. Өрнөсөн маргааны учир начир ийм атал хэвлэл мэдээлэл, дээр дурдсан хоёр гурван ашиг сонирхлын аль нэгийн өмнөөс шуурч олон нийтийг төөрүүлж бужигнуулаад байх юм. Ноён уул, төмөр зам, урт нэртэй хууль гэх хэрүүлийг судлаад үзвэл хэдэн янзын ашиг сонирхлын зөрчил тулалдаж байгаа. Ингэж самарч байхад нийгэм маань яаж тайван байх билээ. Жаахан бодолтой байж, үймээн шуугианы голомтыг тунгааж сурвал ашиг олох гэж чалчигч, жагсагч, өлсөгч этгээдүүд нүдэнд чинь өөрөөр харагдана шүү.

Сонгууль ойртсон жилийн хаврын синдром ширүүн агаад увайгүй өрнөх нь УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар, Х.Болорчулуун нарын мэдэгдлээс ханхалж эхлэв. “Амлалт нэхэх” хөдөлгөөний шаардлага суултын бөгсөнд юу болж дууслаа. Уянга хүүхэн гишүүн болж, улс орон өрөнд унасан. Энэ тухай эргэн санахад илүүдэхгүй. Ард түмэн, газар шорооныхоо төлөө амиа өгөх гэж тэмүүлээд буй эх оронч нарт гэнэхэн сэтгэлээр шууд итгэх аваас осолтой болжээ. Юуны өмнө улстөрчдийн сонгуульд өрсөлддөг монгол технологийг нэвт шувт мэддэг болъё. Тэгвэл тэд биднээр тоглож чадахгүй.     
                                                                                                                     
2015-03-08