Уул уурхайгаар улс төр хийгсдийн үе дууссаныг санал асуулга харууллаа
Монгол Улсын Засгийн газраас “2015-2016 онд хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг ард түмний дунд өрнүүлж уржигдар дүнг нь танилцууллаа. Санал асуулгын 1 дэх хувилбар нь “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох”.
Монгол Улсын Засгийн газраас “2015-2016 онд хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг ард түмний дунд өрнүүлж уржигдар дүнг нь танилцууллаа. Санал асуулгын 1 дэх хувилбар нь “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох”. Хоёр дахь нь “Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” гэж байлаа. Нэг дэх хувилбар нь мега төслүүд болох Оюу толгой, Таван толгой... гэхчлэн нэгэнт хөдөлсөн ч замдаа гацчихаад байгаа уул уурхайн томоохон төслүүдийг эргэлтэд оруулж, бусад төслийг араас нь хөдөлгөж, гадны хөрөнгө оруулалтыг татсанаар эдийн засагт эрс сэргэлт бий болгох. Хоёр дахь нь бүсээ чангалах, хэмнэх, танах, шулуухан хэлэхэд мөчид тарчигхан амьдралаар хямралыг даван туулах.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний 10.00 цагаас хоёрдугаар сарын 3-ны 22.00 цагийн хооронд иргэдээс мессежээр авсан дээрх санал асуулгад нийт 365 841 иргэн оролцжээ. Нийт саналын 17.45 хувь нь хүчингүйд тооцогдсон байна. Хүчинтэй саналуудын 56,1 хувь нь “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн эхний хариултыг илгээсэн байна. Хоёр дахь саналыг ард түмэн дэмжсэнгүй.
Тэгэхээр ийм байна. Жаахан түрүүхэн шиг бол ард түмэн 2 дахь саналыг 90 хувь дэмжих байлаа. Муусайн гадны луйварчид улс орныг минь тонож, байгаль орчныг сүйрүүлж байна хэмээн хашгичиж, түүнийг нь өнөөдрийн УИХ-д байгаа зарим нөхөд өдөөн дэвэргэж мөн ч их саасганасан даа. Үүний үр дүн гэвэл хэдэн хүн төрийн өндөр сэнтийд заларсан. Хариуд нь Монголоос хөрөнгө оруулагчид дайжин зугтав. Монгол Улс мөнгөгүй суув. Одоо модоон барих тухай бэлгэгүй яриа газар авч байна. Ийм дээрээ хүрч байж их ард түмэн маань “юм”-ыг ойлгосон бололтой. Гадны хөрөнгө оруулалт цутгаж эхэлсэн саяхны он жилүүдэд хүмүүс мөнгөтэй, сайхан амьдарч болдгийг харсан. Гэхдээ энэ сайхан юунаас эхтэй байсныг олонх нь бодож үзээгүй. Эдийн засгийн өсөлт 17 хувьтай байна гэхэд “Хаана тэр эдийн засгийн өсөлт чинь байгаа юм, бидэнд мэдэгдэх юм алга” хэмээн Ланд 200 дотроо харааж, мөрөөдөл нь байсан орон сууцандаа орчихоод зурагтынхаа өмнө улс төржүүлж суусан хүмүүс олон бий. Одоо байрныхаа зээлийг, машиныхаа лизингийг төлж чадахгүйдээ хүрсэн үедээ “Энэ юу болов” хэмээн эрхбиш эргэцүүлж боддог юм байна, Их хуралд суугаа нөхдийн хэн нь хэн бэ гэдгийг ялгаж салгаж харахыг хичээдэг юм байна, том улс төрчдийн гаргасан шийдвэрүүдийг тунгааж боддог юм байна. Ингээд хөөрхий үнэнтэй танилцтал өнөө дэмждэг байсан популистууд нь гадны хөрөнгө оруулагчдыг хөөж гаргасны улмаас энэ улс орон эдийн засгийн хямралын тойрогт орсныг сая мэдэрлээ. Мэдэрсний баримт нь саяын санал асуулгаар нийт санал өгсөн иргэдийн 60 хувь нь “Бидэнд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна” гэсэн мессэжийг илгээснээр батлагдав. Тартагтаа тулж байж бодит үнэнийг мэдэрдэг ард түмэн монголчууд бид нар л байх шиг байна. Сая санал асуулгад оролцсон 365.841 иргэн гэдэг бол УИХ-ын сонгуулиар бодитой санал өгдөг 800 мянга орчим иргэний тал хувь нь юм. Энэ юуг хэлж байна гэхээр ирэх сонгуулиар уул уурхайгаар, гадны хөрөнгө оруулагчдаар улс төр хийвэл өөрсдөө сөнөх юм байна, сонгогчидтой хийх уулзалт дээрээсээ хөөгдөөд гарах юм байна гэдгийг популистууд ойлгох цаг болсныг хэлж байна. Болж өгвөл ирэх сонгуулийн өмнөх энэ нэг жилд улирал тутам энэ санал асуулгыг явуулбал нэг дэх хувилбарыг дэмжигсдийн тоо эцэстээ 90 хувьд хүрэх өндөр магадлалтай юм байна гэдгийг өнөөдрөөс судлаачид яриад эхэллээ. Хамгийн сүүлд Монголд болсон сонгуулиудыг саная. Оны өмнөхөн Говь-Алтай аймгийн ИТХ-ын сонгууль дахин явагдсан. АН, МАН хоёр ач тач үзэлцлээ. Ерэн оноос хойш энэ аймагт АН аль ч шатандаа ялж үзээгүй юм. Гэтэл гайхамшигтай юм болж АН орон нутгийн сонгуульд яллаа. АН-ын гол уриа “Байгалийн хишгийг ард түмэндээ хүртээнэ” гэсэн утгатай. Харин МАН байгаль орчин сүйтгэгчдийг устгана, гадны муусайн компаниудыг эх нутгаасаа хөөн зайлуулах утгатай улиг болсон уриа байлаа. Говь-Алтайн ард түмний үзэл бодол өөрчлөгдсөнийг МАН-ынхан мэдсэнгүй. АН-ынхан мэдэрсэншүү болоод ийм уриа лоозонтой өрсөлдсөн юм байгаа биз дээ, бодвол. Ингээд уул уурхайг, гадны хөрөнгө оруулалтыг дэмжсэн АН-ыг сонгов. Ер нь Говь-Алтайчууд ганц бус ерөөс АН-ыг илүү сайхан амьдруулна гэж ард түмэн нийтээрээ үзээд 2012 оноос хойш болсон бүх сонгуульд АН-ыг дэмжиж байгаа юм. Тэгсэн одоо байж байгаа царайг нь хар. АН-ын лидерүүд нь АН-аа, гишүүдээ “хүйс тэмтэрч” байна. Засаглалд олонх болсон хэрнээ намынхаа гишүүдийг хуйгаар нь ажилгүй болгож, гудамжинд гаргадаг улс төрийн хүчин энэ дэлхийн улс орнуудад байдаг юм уу. Улс төрийн энэхүү хувиа хичээсэн үзэл нь уул уурхайн хөгжлийн төслүүд дээр л битгий илрээсэй. Нам ч дүүрч, улс орны хувь заяа, ирээдүйн асуудал яригдаж байна шүү дээ.
Ер нь бол Монгол Улсын хөгжлийн зам хаашаа чиглэхийг манай мега төслүүд хэрхэн шийдэгдэх нь вэ гэдгээр гадаад ертөнц чих тавин хүлээж байна. Монголын баялаг руу гадны хөрөнгө оруулагчид хараа бэлчээсээр байгаа гэдэгт итгэлтэй байна. Ийм эгзэгтэй цаг үед их ард түмний дийлэнх нь “Бидэнд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна” гэсэн мессэжийг илгээлээ. Таван толгой, Оюу толгойн мега төслүүдийг цаашид үргэлжлүүлэх ёстой гэсэн монголчуудын санал дэлхийн хөрөнгө оруулагчид, бизнесийн ертөнцөд асар эерэг мэдээлэл болж очих нь гарцаагүй. Араас нь дараа дараагийн том төслүүд хөдлөх бололцоотой гэж эдийн засагчид, судлаачид бүгдээрээ үзэж байгаа.
Санал асуулгын дүнг танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдэл хийхдээ “Засгийн газар том бүтээн байгуулалтын төслүүдээ урагш нь түлхэх, эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогоо цэгцэлж, төсвийн алдагдлаа бууруулах чиглэлд идэвхтэй ажиллана. Засгийн газрын энэ үйл ажиллагааг УИХ-ын зүгээс дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Их ард түмэн чинь лав ингэж шийдлээ. Бага ард түмэн гэж өргөмжилье, төрийн өндөрлөгт байгаа та бүгдийг. Та бүхэн ард түмний хүндэтгэл дэмжлэгээр огтхон ч дутаагүй шүү. Эрх ашгийн эрэмбээ зөв тогтоох цаг чинь одоо болсон байна шүү.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Baagii
аааааа
Зочин
MONGOL
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Tuul
монголчууд
Tuul
Зочин
Зочин
Зочин
даш
zochin
ЗОЧИН
монголчууд
Зочин