-М.Энхсайхан ба “MCS”-ийн Д.Оджаргалын хослол-


1

Монголчууд бид гурван саяулаа болно гэдэг сайн мэдээ. Гурван сая дахь иргэндээ байр, чацуутнуудад нь тус бүр гурван сая төгрөг өгнө гэдэг сайхан хэрэг. Гэтэл Монгол Улсын нийт өрийг иргэддээ хуваахад нэг хүнд 4.1 сая төгрөг ногдох болжээ. ДНБ-д эзлэх өрийн таазыг 70 хувьд хүргэж, Хятадаас амласан нэг тэрбум долларын зээлийг авбал монгол хүн бүрт 6.3 сая төгрөгийн өр ногдохыг засаг барилцаж байгаа МАН-ынхан мэдэгдэв. Улсын өрийг ард түмэндээ үүрүүлж, хүн бүр өөрт ногдохоо банкин дээр очиж төлөхгүй л дээ. Гэхдээ л Монгол Улсын мөнгө бол ард түмнийх.  Өрийг төлөх нь үнэн шиг түүнийг бидний татвараас төлөх нь бас үнэн. Тэгэхээр бид шинэ хүүхэд бүрт, гурван сая дахь иргэний чацуутнууддаа гурван саяыг өгөөд ч тэдэнд өр өвлүүлэн угтаж байна.

2012 оны сонгуулийн дараа эрх баригчдад юу байсан, мөнгө л байлаа. Алдагдалгүй улсын төсөв, Хөгжлийн банкны 580 сая доллар, өөрсдийнх нь босгосон, Чингис, Самуурай бонд, үнэ тогтворжуулахаар хэвлэсэн дөрвөн их наяд төгрөг. Энэ их мөнгө өнөөдөр дуусчээ. Найрлаад дууссан байна гэж засагт орсон МАН-ынхан хэлэв. Дууссан учраас Хятадын даргын амласан нэг тэрбум долларын зээлийг яаралтай авахгүй бол улсаараа дампуурч ч болзошгүйг  Ерөнхий сайд анхаарууллаа. Дахин мөнгөтэй болохын тулд  эрх баригч “73-ын бүлэг”-ийнхэн өр тавьж гаднаас ахин зээл авахаар эрчимтэй ярилцаж эхэлжээ. Энэ нь өрийн таазыг нэмэхээр тохирсноо нууж чадахгүй, ил гаргаад тархи угаах аргаа олохгүй яваа АН, МАН-ынхны “тал еэвэнгийн үлгэр”-ээс харагдана.

Улс орноо хөгжүүлэхийн тулд өр тавьж, зээл авч болноо. Гэтэл тавьсан өр, бондоор бүтээснээ харвал хэн ч харамсахгүй байхын аргагүй чамлалттай. Зарим аймгийг нийслэлтэй холбосон замсал, өргөтгөсөн хэдэн уулзварыг эс тооцвол бараг найрлаад дууссан гэдэг ортой ч байж магад. Хамгийн гол нь гурван сая хүний өмнөөс авсан зээл төрд гарсан 30-аадхан хүн, тэднийг тойрон хүрээлэгчдэд л зориулагдаад дуусч байвал шударга ёс биш.  Гэтэл эдийн засаг нь сөхөрчихсөн. Яг үнэндээ бол Монголын эдийн засаг өнөөдөр мөнгөгүйгээс болж хямраагүй. Харин ч мөнгөтэйн зовлонгоос болсон. Улсын эдийн засаг мөнгөтэй атлаа мөнгөгүй үеийнхээсээ илүү их хүндэрдэгийг АН-ыг засаг барьсан хоёрхон жилд бид улсаараа мэдэрлээ. Зүйрлэхэд арван настай хүүхдэд хэрэглээнээс нь хэтэрсэн мөнгө өгөхөд яадаг билээ, пологддог. Яг тэрэн шиг засаг барих туршлагагүй гэх юм уу, сэтгэлгүй хүмүүс мөнгөний  илүүдэл болгоод эцэстээ улсын эдийн засаг маань шингэн алдсан хүүхэд шиг нүднээс гарлаа. Эндээс хоёр логик гарна. Нэгд, Монголын улстөрчид, улстөрийн орчинд мөнгөний өвчин тусчээ. Хоёрт, мөнгө дангаараа эдийн засаг биш юм байна. 


2

Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй гэдэг. Цаг хугацаагаа харвал 2015 он бол монголчууд бидний, АН-ын хувьд ажил хийх, эдийн засгаа өөд татах “морин цаг”. Учир нь, 2016 онд УИХ-ын сонгуультай. 2017-2022 он хүртэл бондын өр төлнө. 2017 онд бас сонгуультай. Тэгсэн ч улс орноо өөдлөхгүй гэхгүй, өөдөлнө. Өөдлөхийн тулд харин “өттэй ямаа таргалдаггүй”-тэй эвлэрэх, засах цаг болжээ. Өөрөөр хэлбэл, Монголын улстөрийн орчин нь өтөж, улстөрчдөд нь мөнгөний өвчин тусчээ. Энэ нь өнөөдөр улстөрд орох, улстөрд удаан  амьдрах ганц шалгуур нь мөнгө болсноос харагдана. Өөрөө мөнгөгүй бол мөнгөтэй хүнд харьяалагдана. Үүнийгээ фракц гэж цэвэрхнээр нэрлэнэ. Хамгийн аюултай нь ингэж мөнгөөр зодож, мөнгөөр уралдаж улстөрд орсон хүмүүс төлсөн мөнгөө буцааж олохын тулд төсвөөс, ард түмний татвараас хулгайлдаг. Улстөрд орсноо хулгайлсан бол, дараагийн сонгуулиар улстөрд үлдэхээ бас олох гэж улайрдаг. Уг нь боловсон хүчний бодлого бол түрүүвчний бус, тархины уралдаан. Харин улстөрчид, намууд өөрсдөө мөнгөний өвчинд нэрвэгдсэн учраас төрийн албаны боловсон хүчний бодлогыг ч, төрийн нэрээр гарч байгаа шийдвэрийг ч мөнгөнөөс хэт хамааралтай болгож байна. Сая дэд сайд гэж “гуя дагуулж хүзүү” томилохдоо хүртэл түрүүвчний уралдаан болгож байх жишээтэй.

Төрийн нэрээр шийдвэр гаргадаг процесс нь, улстөрчид нь мөнгө шүтсэн, бараг л “мөнгөний  боол” болсон ийм орчин нь хэвээр байхад ахин өр тавьж дахин зээл аваад өмнөхөөсөө дээрдэхгүй. Өөрөөр хэлбэл, мөнгөний өвчнийг их мөнгөөр эмчилдэггүй. Ханиадыг ханиад авсан вирусээр нь эмчилдэггүйтэй л адил.  Мөнгө бол эмтэй адилхан. Буруу хэрэглэбэл хор, зөв хэрэглэбэл хөгжил, эдийн засаг. Хүний бие суурь өвчтэй л бол өдөрт хэдэн арван эм уугаад ч эрүүл болохгүй. Үүнтэй адил мөнгийг “эм” болгодог цаад суурь, орчин нь  нь өвчтэй хэвээр байхад нэмж их мөнгө цутгаад эдийн засаг эрүүлжихгүй. Нэмж авсан зээлийг одоо л нийгмийн сайн сайхан, ард түмний төлөө зарцуулна гэх баталгаа байхгүй. Тийм орчин нь, хөрс нь хуучнаараа байхад Ерөнхий сайд солигдлоо гээд байдал өөрчлөгдөхгүй. Төмс тарьдаг талбай нь хэвээр байхад, хавар нь төмсний үр суулгачихаад намар нь тэндээс алим хураана гэж хуураад нэмэргүй. Ард түмэн ч гэсэн том намууд хамтарчихлаа, одоо л алим ургана гэж итгээд, намар нь алим хураасангүй гэж бухимдаад хэрэггүй. Төр, Төрийн ордон, яамд хувьдаа мөнгө хийх, хувьсгалаас хулгайлах урьдын таатай орчин хэвээр байсан цагт улстөрчид төсвөөс таргалж ч ханахгүй. Энэ бол мөнгийг хэт шүтсэн хүн хэзээ ч мөнгөөр баян амьдардаггүй гэдэгтэй адилхан. Тийм учраас одоо алим хураана гэхийн оронд гурван сая хүнээ бүгдийг нь эдийн засгийн хувьд бие даалгаж чаддаггүй юмаа гэхэд ядаж төрийн төвшинд шийдвэр гаргадаг процессыг, төрийн нэрээр шийдвэр гаргахад оролцдог намуудыг  мөнгөний хамаарлаас салгах, багасгах шинэчлэлийг л Ерөнхий сайдаас  илүү хүсмээр байна. Энэ бол хийхийн тулд намуудын засагт хамтарсан гол шалтгаан.  Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хувьд ч дараагийн Сайханхуяг болохгүйгээр өмнөх Ерөнхий сайдаасаа ялгарах түүхэн шинэчлэл юм.


3

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг гэж хэлснийг л хэвлэлийнхэн онцлох юм. Би хувьдаа энэ нь Засгийн газрын тэргүүний дандаа хэлдэг үг, эдийн засгийн босгох тийм цаг хугацаа Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад бий эсэхэд эргэлздэг. Харин ч эдийн засгийн өсөлтийг хангах, бий болгосон өсөлтийг удаан хадгалах эрүүл орчныг эрхзүйн хувьд хуульчлах нь хуульч-Ерөнхий сайдын хийх боломжит ажил байх.

Эдийн засаг, эдийн засаг гэдэг бол мөнгө мөнгө гэж байгаагаас ялгаагүй. Гэтэл улс орон гэдэг дан ганц мөнгө биш. Улсыг удирдаж яваа хөлгийн ахмад нь валютын ченж шиг “мөнгө мөнгө” гэж дайраад байвал мөнгөнөөс үнэ цэнтэй эрүүл мэнд, боловсрол яах билээ. Улсын, хөгжлийн бодлого бол бизнес төслүүдийн цуглуулга биш учраас гурван сая хүнийхээ аюулгүй амьдрал, эрүүл мэнд боловсрол, соёл, байгаль орчныг хаана нь эрэмбэлэх билээ. Энэ бол Ерөнхий сайдын хамгийн их ярих учиртай сэдэв. Тэгээд ч мөнгө  дангаараа улс орныг хөгжүүлдэггүй, дангаараа эдийн засаг болдоггүй. Мөнгө бол сайн машинд сайн бензин. Муу машин ч сайн бензин. Бензин их байлаа гээд машин сайн бол хол явдаг, муу машинтай бол байрандаа үлдэнэ. Үүнийг бид Чингис, Самуурай бондыг хэрэгжүүлэх бэлэн төсөлгүй байхдаа босгож ирээд дуусгаж байгаа алдаанаасаа мэдэж авлаа. Тэгвэл мөнгө хэзээ эдийн засаг болдог вэ. Мөнгө төрийн зөв бодлого, дүрэм журамтай хосолж байж  эдийн засаг болдог. Төрийн шийдвэр хэчнээн зөв байсан ч мөнгөгүй бол эдийн засаг болохгүй, бүтээн байгуулалт босохгүй.  Хэчнээн их мөнгө байсан ч төрийн зөв бодлогогүйгээр эдийн засаг болохгүй. Өөрөөр хэлбэл эдийн засаг бол нэг талаас мөнгө, нөгөө талаас төрийн зөв дүрэм журмын хослол. Жишээ нь, одоо ид хэлэлцээр нь явж байгаа Тавантолгой дээр гэхэд төрийн дүрэм журам, “MCS”-ийн мөнгө хоёр хосолж байна энэ төсөл эдийн засаг болно. Одоо бол М.Энхсайхан, Д.Оджаргал нарын хослол гэсэн үг.  Тэгэхээр мөнгө бол бизнесмэнүүдийн хэлдэг үг. Тэдний мөнгийг эдийн засаг болгох, гурван сая хүнийхээ эрх ашигт нийцүүлэх дүрэм журмаа ярьдаг нь улсын Ерөнхий сайд.  Харин нүүрсээ ухаад мөнгө олох нь “MCS”-ийн Д.Оджаргалын ажил. Түүнээс бус, эдийн засгийн харилцааны дүрмээ ярих учиртай улсын Ерөнхий сайд хүн Д.Оджаргалын өмнүүр орж мөнгө ярьж болохгүй л санагддаг. 

Ер нь бол мөнгө огт хэрэггүй биш л дээ. Хүн сайхан амьдрахад, улс хөгжихөд мөнгө хэрэгтэй. Харин төр шийдвэр, дүрэм журмаа зөв  гаргахад мөнгө тийм чухал биш. Энэ талаасаа эдийн засагт төрийн дүрэм журам нь мөнгөнөөсөө ч чухал. Тавантолгойн тендерт гэхэд Монголын 60 мянган аж ахуйн нэгжийг бүгдийг оролцуулахгүй, MCS тэргүүтэй хэдхэн компанид давуу эрх олгосон нь энэ төслийг эдийн засаг болгох магадлалаа бодсон төрийн дүрэм журам юм.