Энэ 2014 онд 17 сая гаруй төл хүлээн авч Монгол улсын мал урьд хэзээ ч бүртгэгдэж байгаагүй тоо болох 59,2 саяд хүрлээ. Малын тооллого одоо болох байх, идэш, намрын нядалгаа гээд цөөрөх боловч юутай 40 саяас дээш толгой тоологдоно. Малын анхны тооллого 1923 онд болоход 22 сая байсан. Үүнээс таван жилийн өмнө Оросын тагнуул Майский 9 сая гэсэн нэг тоо хэлсэн нь 70-80 жилийн турш МАХН-ын урдаа барьж бахархдаг статистик байлаа. Өнгөрсөн зун хүртэл Нямдорж “Танай муу 9 сая малыг чинь манай нам олон дахин өсгөж өгсөн” гээд л захын панзчин шиг хээхэлзээд байсан. Яаж ч бодоод 1918 онд 9 сая малтай байгаагүй. Монголч эрдэмтэн Поппегийн хэлснээр Майский Хүрээнд ирээд монгол түшмэдэд хахууль өгч байгаад баахан статистик худалдаж авчээ. Цаадуул нь хахуулийг нь авах мөртөө худлаа тоо өгч хулхидсан байгаа юм.

Тооллого явагдах болсноос хойш 1944 онд нэг удаа 27 сая хүрсэн. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөгөөр 31 сая хүргэнэ гэхэд нь боломжгүй тоо гэж хоорондоо ярилцсан хэдэн оюутан матагдан шоронд суусан байдаг. Монголын малыг 200 сая хүргэх хэрэгтэй гэсэн Сталины даалгавараас болж бүр ч олон хүн шорон явсан. Ийм тоонд хүргэхийн тулд нам засаг малчдад геометрийн прогресс хатуу даалгавар өгчээ. Ухаан нь 100 эм малтай өрх хойтон нь малаа 200, тэрний хойтон 400 болгох улсын даалгавартай ба тэр тоогоороо тооцон улсад ноос ноолуур тушаах ёстой. Тушааж чадахгүй бол эхлээд өрөнд, дараа нь шоронд. Тэр үед “ялтай мал” гэсэн үг гарсан ба баячууд нь ядуучуудад малаа зүгээр өгье гэж гуйхад цаадуул нь авдаггүй байж. Зүгээр авсан 10 хонь нь 20, 40, 80 хэмээн өссөнд тооцогдон баян өглөгчийн араас шоронд ачигдана шүү дээ.

Ардын малыг хуу дээрэмдээд социализм байгуулж гарсан 30 жилд малын тоог 25 саяд хүргэх төлөвлөгөө нь нэг ч удаа биелээгүй. “Энэ жил 9 сая төл авахын төлөө” гэсэн бичиг зурагтай шүдэнз, ил захидал гардаг байлаа. Чадаагүй дээ. 1991 онд Хэнтийн Дархан сумын нэгдлийн дарга Ч.Тэрбиш сумын 100 мянган малыг малчин эздэд нь буцааж өгснөөр Монголын мал өсөх хандлага руугаа орлоо. Тэр жилдээ социализмын олон жилийн мөрөөдөл 25 саяыг давсан. Энэ хооронд малын толгой дор хаяхад хоёр дахин өссөн боловч ДНБ-д эзлэх хувь нь гурав дахин буурчээ. 1950 он хүртэл хүн амын 80 хувь нь нүүдлийн мал ахуй эрхэлж байсан бол одоо дөнгөж 15 хувь нь. 1944 оны мичин жилийн зуднаар Монгол 4,5 сая малаа алдаж эгээтэй цөм үсэрчихээгүй. Байгаа нь мал л байсан юм чинь! 2003 онд зөвхөн Өвөрхангай 8 саяыг алдсан боловч хотойх ч үгүй найр наадмаа хийсээр л байсан. Монголчууд голлон малын бус орлогоор амьдардаг болжээ.

Төв Азийн элэг болох өнөөгийн Монголын нутаг нь нэн эртнээс хатуу ширүүн уур амьсгалтай, богино зун урт өвөлтэй, их өндөрт байршилтай, маш хуурай газар учир амьдран суугсад нь билчээрийн нүүдлийн мал аж ахуйгаас өөр зүйл хөгжүүлэх бололцоо байсангүй. Байгал нуураас Цагаан хэрэм, Хянганы нуруунаас Алтайн нурууны хоорон дахь энэ уудам нутагт нэг саяас дээш хүн нутаглаж байсангүй. Учир нь хүмүүс нь багтаддаггүй байж. Нийт билчээр нь 20-40 сая малын даацтай. Өөр аж ахуй эрхэлдэггүй саяас цөөн нүүдэлчид л ийм тооны малыг адгуулна. Байгалийн эрхшээлд байдаг билчээрийн мал өсөх хорогдох нь амар учир өрх болгон хэдэн зуун малтай байж л хэрэгцээгээ хангадаг. Баян хүн нэг шуурганд гэж үг бий. Нэг үгэндээ билчээрийн даац нь малынхаа тоог хязгаарлана, малын тоо нь амьдрах хүнийхээ тоог хязгаарлана. Иймээс ч энэ нутгаас түүхийн турш маш олон дүрвэлт, нүүдэл, дайн гарч байсан байх. Хар тэнгисээс Номхон далайн хооронд оршин суух олон олон алтай үндэстнүүд эхэндээ энэ нутагт байж байгаад нүүн одож тархсан билээ. Шалтгаан нь билчээрийн дутагдал. ХХ зууны хоёр дахь хагасаас эхлээд л монголчууд нүүдлийн малын бус орлогоор амьдарч эхэлсэн учир “шахцалдахаа” больж хүн ам нь 1960 онд нэг сая, 1988 онд хоёр сая, одоо гурван сая хүрлээ.

Мал нь хатуу ширүүн уур амьсгалдаа зохицсон учир хагас зэрлэг маягтай. Бараг л өөрөө өөрийгөө аваад явчихна. Таваарлаг чанар бараг үгүй боловч хариулга маллагааны өртөг маш хямд. Өөрөөр хэлбэл хариулга маллагаа хямд байгаа нь монгол малын таваарлаг чанар юм. Далаад оны сүүлчээр социологийн хүрээлэнгээс монгол нүүдэлчин малчны ажлын зураг гаргажээ. Ажлын ачаалал улирлаас хамаардаг боловч жилийн нийлбэрийг дундачлахад малчин эр өдөрт хоёр цаг, эмэгтэй нь дөрвөн цаг ажилладаг болохыг тогтоосон.

Социализмын үед монгол малыг үүлдэр угсаа, ашиг шимийн хувьд сайжруулах гэж асар их хөрөнгө үрсэн. Мэдээж ашиг шим нь дээшилсэн, гэвч дагаад маллагааны зардал өссөн. Мал эзэндээ очсоны дараа эдгээр буй болгосон үүлдэр, угсаа, хэвшлийн малууд бараг тэрчигээрээ алга болсон доо. Билчээрийн мал бага зардал шаарддаг, энэ нь мянга мянган жилийн шалгарал. Түүнээс хорлон сүйтгэл биш байхаа. Монгол улс 1971-1990 оны хооронд ЗХУ-аас 9,8 тэрбум шилжих рубль зээлж авчээ. Үүний долоон хувь нь Эрдэнэт, Монросцветметал, геологийн хайгуул гэх мэтийн том бүтээн байгуулалтад зарцуулагджээ. Харин 63 хувийг нь билчээрийн мал аж ахуйг дэмжихэд зарцуулсан. Хадлан, бордоо, тэжээлийн үйлвэр, хашаа саравч, өвс тэжээл, худаг, мал эмнэлэг, үржил селекци, эм хангамж гээд явж өгнө дөө. Швейцариас валютаар  авсан хуурай сүү хотын хар цай уугчдад олддоггүй атал хурга тугал угж гээд уут уутаар нь малчдад тараадаг байлаа гэхэд өнөөдөр үнэмшимгүй сонсогдож байгаа биз. Гэтэл билчээрийн малыг, тэр дундаа өөрийн биш малыг хуурай сүү найруулаад угжаад суудаг хүн ховор байсан бизээ. Голдуу л бууцан дээрээ үлдээчихдэг байлаа. Өдгөө тэндээс үлдсэн юм тун бага. Гол дагуулан ухсан хэдэн зуун худаг, үй олон хашаа саравчийг булаад түлээд дууссан. Тэгсэн мөртөө уриалаад шаардаад хүчлээд захиргаадаад малаа 25 сая хүргэж байгаагүй. Монгол билчээрийн мал илүү зардалд дургүй.

Өнөөдөр Улаанбаатарт хүн амын бараг тал нь, нийт хот суурин газар ная гаруй хувь нь амьдран сууж байна. Ийм төвлөрсөн газрыг мах сүүгээр хангана гэдэг тусдаа өөр мэнэжмэнт. Улаанбаатарын сүү, сүүн бүтээгдэхүүний ная гаруй хувь нь импортынх. Дархан Сэлэнгийн засмал замыг “маруужингийн зам” гэдэг нь оносон нэр. Энэ өргөн уудам нутагт тарсан малын сүүг бөөгнүүлж Улаанбаатарын сүүн заводод авчрана гэдэг бүтэшгүй өндөр өртөг. Хуучин чаддаг байсан, гэхдээ тэр чинь эдийн засаг тооцдоггүй байсан үе шүү дээ. Хот хүрээ тойрсон эрчимжсэн мал аж ахуйг эхнээсээ хувийнхан хийгээд эхэллээ. Төр дөвчигнөж оролцохгүй бол жамаараа явсаар удахгүй ийм мэнэжмэнт тогтон хотоо хангадаг болно.

Ингэхээр Монголын энэ их олон сая мал юунд хэрэгтэй юм бэ? Ерээд оны эхээр дэлхий дээр дөч гаруй улс захиргааны эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжсэн. Энэ маш хүнд шилжилт байлаа. Тэр зурвас үед бүгдээрээ их бага өлсгөлөн туулсан. Төв Европын Польш улсад сүмээс хооллох үнэгүй шөлөнд хэдэн зуун метр оочир үүсдэг байлаа. Орост бүр ч хүнд байсан. Ганцхан монголчууд л өлсөөгүй. Ер нь монголчууд түүхийн турш өлсгөлөн үзээгүй цөөхөн ард түмний нэг байх. Тиймдээ ч хэдэн мянган жилдээ ХХ зууны сүүлчийн хагасаас хойшхыг тооцохгүй бол амьдралын хэвшил нь огт өөрчлөгдөөгүй. Ганц зовлон нь билчээрийн хүрэлцээ. Манай архивт 1700 оноос хойшхи л баримт бичиг бий. Бараг тэр чигээрээ билчээрийн маргаан. Ямар ч ган зуд болоод нийтийн өлсгөлөнд хүргэх тийм гамшигт хүрч байсангүй. Ерэн онд дэлгүүрт давснаас өөр юмгүй болж, бараа түүний дотор мах картанд оров. Гэтэл байшин болгоны гадаа, гудамж болгоны үзүүрт мах ачсан ачааны машин дээрээс “мах аваарай” гэсэн хашгираан тасраагүй.

Манай мал махны нөөц их үү? Бид одоо жилд 300 мянган тонн мах бэлдэж байна. Манай экспортын чадвар хадаад 50 мянган тонн. Бидэндээ л их болохоос жишээ нь Хятадын манайтай зэргэлдээ Хэйлэнжан муж 850 мянган тонн мах жилд бэлддэг. Манай нийт мал мах Хятадын хэдэн өдрийн, Оросын хэдэн сарын хэрэглээ билээ? Үүнээс гадна экспортолж болох нь бараг л зөвхөн үхрийн мах. Гэтэл бид 2,5 сая үхэртэй, үүнээс хагас сая нь экспортлох нөхцөлгүй сарлаг. Цааш нь мал эмнэлэгт ихээхэн хөрөнгө хаяж байж л экспортын нөхцөл хангана. Одоо манайд дөчөөд мах комбинат ажиллаж байгаа ч 20 хувийн ашиглалт байхгүй. Тийм байтал чинь дотоодын үйлдвэрлэл дэмжих нэрээр төрөөс шинэ махкомбинатын зээл нэмж тараагаад л.

Өнөөдөр 10 тэрбум долларт хүрсэн Монголын эдийн засгийг мал мах пүл хийтэл нь урагшлуулж чадах уу? Бид бараг өрхийн тоотойгоо тэнцүү шахам автомашинтай болсон. Хэдэн үхэр нэг жип болох вэ? Ямааны тоо толгой хорин хэдэн сая болж билчээр сүйтгээд дууслаа. Гэтэл ноолуурын хэмжээ сүүлийн 20 жилд гурав дахин нэмэгдсэн ч нийт ДНБ-д эзлэх хувь нь байнга багассаар нүдэнд торойх юмгүй болж байна. Үүгээр сайн чанарын бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлээд ч бидний нийт мөнгөн хэрэгцээний өчүүхэн хувийг эзлэнэ. Монголын эдийн засаг ингэтлээ бүдүүрсэн байна шүү дээ.

Монголын билчээрийн мал мах бол бидний аврал, хэцүү цагт хэрэглэх нөөц, магадгүй амь аврах алтан фонд. Хорогдохоороо хорин сая, өсөхөөрөө жаран сая болдог энэ алтан фондыг маань хүн амын 15 хувь нь бөөцийлөөд л байж байг. Өнөөдөр дэлхийн байдал нэн түгшүүртэй байна, маргааш юу тохиохыг бид мэдэхгүй. Юутай ч малтайгаа байхад Монгол алзахгүй. Төрөөс мал махны экспортыг дэвэргэх хэрэггүй мэт. Экспорт хориглоно гэсэн үг биш л дээ, хувийн болон хилийн худалдаа байдгаараа л байг. Гэхдээ үнийн хувьд хөршүүдтэй харьцуулахад хэт бага байх нь мал махыг богино хугацаанд сорох нэг том суваг юм. Ус хэвгий газраа дагаж урсдаг байгалийн хууль эдийн засагт ч мөн адил үйлчилдэг.

Хилийн хувьд бүрэн демаркаци хилтэй, үүнийгээ хөршүүдээрээ хүлээн зөвшөөрүүлж, НҮБ-аар баталгаажуулсан дэлхийн цөөхөн орны нэг. Дайн болбол бид яаж ч чадахгүй боловч өнөөгийн ертөнц юутай ч олон улсын хууль дүрэм баримталдаг болсон. Хэлний хувьд монгол хэл улам л баяжаад батжаад байгаа шүү дээ. Өнөөдөр Зүүн хойд Азид дал орчим хэлээр ярьж буй боловч ирээдүйд тавхан хэл үлдэнэ гэж эрдэмтэд тооцоолсны нэг нь монгол хэл. Монгол хүн байхад монгол хэл устахгүй, мал байхад монгол угсаатан ч устахгүй.

2014.12.17