Н.Номтойбаяр: Шаналалдаа автаад яваад байдаг хэрнээ уучлаарай гэдэг үг хоолойн дээр ирэнгүүт гацчихаад байдаг
Бид өнөөдөр та бүхэнтэй УИХ-ын гишүүн, парламент дахь МАН-ын бүлгийн дэд дарга Нямтайширын Номтойбаярыг уулзуулж байна. Түүний өөрийн гэсэн зан төрх, шулуун тодорхой байдал уншигч таны сэтгэлд ч нийцнэ гэдэгт итгэж байна.
Бид өнөөдөр та бүхэнтэй УИХ-ын гишүүн, парламент дахь МАН-ын бүлгийн дэд дарга Нямтайширын Номтойбаярыг уулзуулж байна. Түүний өөрийн гэсэн зан төрх, шулуун тодорхой байдал уншигч таны сэтгэлд ч нийцнэ гэдэгт итгэж байна.
-Манай VIPerson зочноор анх удаа МАН-ын гишүүн уригдаж байна. Бид зөвлөлдөж байгаад оны өмнө шинэ, залуу, эрч хүчтэй зочин урихаар шийдэж таныг сонгосон юм. Ерөнхийдөө монголд Н.Номтойбаяр гэдэг хүнийг танихгүй хүн байхгүй байх. Гэхдээ түүний дотор яг ямар хүн байдгийг бас мэддэг хүн ховор болов уу. Хэвлэл мэдээлэл, цахим ертөнцөөр бол бас нэг дүр явчихсан. Та ч тэр болгоны араас явахгүй юм. Тийм учраас тэр дотор байдаг Н.Номтойбаярыг уншигчидтайгаа уулзуулах гэж зорилоо.
-Баярлалаа. Манай намын зүгээс уригдсан анхны улстөрч нь болж, танай нэр хүндтэй сонинд зочноор уригдаж байгаадаа баяртай байна. Үүнээс илүү бас нэг зүйлд баярлаж байна л даа. Улс төрд хөл тавьсанаас хойш сонин хэвлэл, сайт, сошиал ертөнцөөр Н.Номтойбаяр гэж хүний талаар нэг тийм төсөөлөл, бараг би өөрөө танимгүй дүр зураг хэдэн жилийн турш явлаа л даа. Тэр дүр нь сайн гэхээсээ илүү муу тал руугаа. (инээв) Би ч тэрний араас хөөцөлдөж явдаггүй. Ганц нэг удаа арай хэтэрсэн тохиолдолд арга буюу хэвлэлийн хурал хийж байсан. Тэр нь хувь хүний асуудал гэхээсээ илүү манай залуучуудын холбоо, цаашлаад намын нэр хүндэд, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн нэр хүндэд нөлөөлж байсан учраас яах ч аргагүй байр сууриа илэрхийлэх ёстой болсноос шалтгаалж байлаа. Үүнээс бусад тохиолдолд ерөнхий утгаараа бол сөрөг мэдээллүүдийн араас би хөөцөлдөж байгаагүй. Энэ ярилцлагын бас нэг агуулга нь хувь хүн Н.Номтойбаяр гэж чухам хэн юм бэ гэдгийг таниулах гэж та хэллээ. Миний хувьд намайг урьж ярилцаж байгаа хүн маань хэн бэ гэдэг их чухал байна. Учир нь таныг ямарваа нэг байдлаар бусдын нөлөөнд автдаг гэж нийгэм хүлээж авдаггүй. Нөгөө талаараа бас улс төрийн хүрээнийхний хувьд тантай ярилцлага хийнэ гэдэг бол нэр төрийн асуудал байдаг гэдгийг нуугаад яахав.
-Баярлалаа.
-Миний хүндэлж явдаг С.Баяр даргаас эхлээд манай намын лидерүүд, ер нь Монгол улсын төр нийгмийн зүтгэлтнүүд, бусад салбарын топуудтай та ярьдаг. Тийм учраас таны ярилцлагын зочноор уригдаж байгаадаа хувь хүнийхээ хувьд баярлаад байгаа юм. Бас би алдаатай оноотой олон зүйл ярих байх. Гэхдээ Н.Номтойбаяр өөрөөрөө л байх нь илүү чухал болов уу.
-Тэгэлгүй яахав. Та бүхэн сая нэлээн хүнд шийдвэр гаргах шиг боллоо. Мэдээж улстөрч хүнтэй уулзаж байгаа юм чинь энэ талаар асуухгүй байж болохгүй нь. Улс төрийн хүрээнд ажилладаг нийтлэлчийн хувьд эмзэг хүлээж авч байгаагаа бас нууж чадахгүй нь. Үнэндээ МАН-ыг засагт орно гэж ерөөсөө бодсонгүй. Яагаад ийм шийдвэрт хүрэв ээ. Ажиглагчдын хэлж байгаагаар залуучууд нь их тэсвэргүй байна гэнэ, ерөөсөө оръё л гэж дайрсан гэх. Улс эх орноо бодъё энэ тэр бол зүгээр л гоё тайлбар. Яг улс төрийн эрх ашгийн хувьд хэр хэрэгтэй шийдвэр юм бэ?
-Маш товчхоноор бол үнэхээр улс орныхоо эдийн засгийг бодож хамтарч зүтгэхээс өөр арга алга. Гэхдээ бидний хэлж байгаа эдгээр тайлбарууд гаднаасаа харагдахдаа шинэ Засгийн газарт орж байгаагаа хаацайлах гэсэн юм шиг буугаад байх шиг байна.
- Үнэндээ бол тийм. Хээнцэр, нэг тийм онолын шинжтэй сонсогдож байгаа.
-Гэхдээ яг энэ зөвшилцлийн ажлын хэсэгт ажиллаж байгаа хүний хувьд яах аргагүй эдийн засаг маань үнэндээ уначихсан байна. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорлоо. Дөрвөн үндэслэл бүхий шаардлага бид нар гаргаж тавьсан л даа. Гол нь эдийн засгийн л асуудал байсан. Хоёрт, эрх зүйн хүрээнд хууль зөрчсөн асуудлууд байсан. Гуравт, хувь хүний болон өндөр албан тушаалтны хувьд тавигдах ёс суртахуунтай холбоотой асуудлууд байсан. Үндсэндээ засаглалийн хямрал болон эдийн засгийн хямралын үед үнэхээр энэ улс орны амьдрал явахгүй байнаа гэдэг нь бодит илэрхийллээр Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсноороо нотлоод өгч байгаа юм л даа. Хоёр дахь том нотолгоо нь юу гэхээр шинээр сонгогдсон 28 дахь Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг Ерөнхий сайд болмогцоо УИХ-д суудалтай улс төрийн намуудад хамтарч ажиллая гэсэн урилгыг албан ёсоор өгсөн. Энэ бол яах аргагүй хямрал нүүрлэчихээд байгааг хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл. УИХ-ын дарга З.Энхболд тухайн үед Ерөнхий сайдад нэр дэвшиж байсан Ч.Сайханбилэгийн хамт манай бүлэг дээр орж ирж зургаан цаг хаалттай хуралдсан. Тэнд юу ярьсан бэ гэхээр ерөөсөө эдийн засгийн л асуудал ярьсан. Ерөнхий сайд болмогцоо хэлсэн үг нь байгаа. Нэгт, эдийн засаг хоёрт, эдийн засаг гуравт, эдийн засаг гэж. Энэ бол маш хариуцлагатайгаар өөрөө улс орныхоо байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Бодит илрэл бол ийм л байна. За, өөр нэг илрэл нь юу вэ гэхээр сая манай бага хурал дээр сандал ширээний асуудал ерөөсөө яригдаагүй. Зөвшилцлийн ажлын хэсэг өнөөдрийг хүртэл дөрвөн удаа хуралдсан. Гурван өдрийн хугацаанд нийт дөвөн удаа хуралдлаа. Одоо тав дахь хурал нь болно.
-Ардчилсан намтай шүү дээ.
-Тийм. Ардчилсан намтай. Манай намын бага хурал дээр бол ерөөсөө эдийн засгийн л асуудал ярьсан. Үндсэндээ бага хурал дээрээ бүгдээрээ ярилцаж хэлэлцээд 2016 оны сонгуулийг хойш нь тавьлаа. Намынхаа эрх ашгийг хойш нь тавьлаа. Ингээд ярихаар нэг тийм драм ярих гээд байгаа юм шиг санагдаад байгаа юм. Гэвч үнэн хэрэгтээ бодит байдлын өөр нэг тод илрэл эдийн засгийн хэмжүүр болсон тоон үзүүлэлтүүд дээрээ одоо болтол бид нар тохирч чадахгүй л байгаа шүү дээ.
-С.Баяр дарга 2008 оны сонгуулийн дараа ялалтаа хуваах шийдвэр гаргаж байсан. Энэ бол маш том түүхэн шийдвэр л дээ. Энэ бол жишиг. Түүнтэй дүйх хэмжээний шийдвэрийг та бүхэн сая гаргалаа. Гэхдээ танай бага хурал халуухан л болсон болов уу. Ялалтынхаа талыг бэлэглэсний хариуд сонгуулийн өмнө нөгөө нөхдүүд засгаас хаяад л гарсан. Хэний ч санаанд ороогүй юм болсон. Мэдээж танайханд гомдол байгаа. Тэрийгээ та нар яаж дарж шийдвэр гаргав. Бага хурал чинь бас янз бүрийн потенциалтай олонлог шүү дээ.
-Би хувьдаа ер нь бол шинэ Засгийн газарт орох нь буруу л гэсэн байр суурьтай байсан. Дараагийн сонгууль болоход жил зургаахан сар үлдчихээд байна. Нөхдүүд өөрсдөө эрх барьж байгаа юм чинь асуудлаа өөрсдөө л шийдээд аваад яваг. Бид нартай бид наргүй явнаа л гэсэн. МАН-ыг газрын хөрснөөс арчина ч гэлүү элдэв үг чулуудаад л байсан. Тэр нь бол тодорхой хэмжээнд нэг тийм гоморхол, зэвүүцлийг мэдээж манайханд төрүүлж л байсан. Хамтарч өчнөөн явж явчихаад эргээд энэ намыг байхгүй болгоно, сөнөөнө гэхээр хэн л дуртай байв гэж . Саяны бага хурлын энэ асуудалд хандаж байгаа өнцгийг харж байхад эсэргүүцэж байгаа улсуудаас хоёр том үндэслэл харагдаж байсан. Жишээ нь, сонгууль дөхсөн байхад бид сөрөг хүчнийхээ байр суурин дээр л ажиллаад явах нь зөв шүү дээ гэсэн байр суурьтай хэсэг байсан. Энэ өнцөг бол одоо их хуралд байгаа манай бүлгээс ер нь гараагүй юм ш дээ. Яг үнэндээ нэг том зовлонтой юм байгаад байна. Үүнийгээ бид сайн мэдрэх, олж харах хэрэгтэй. Сөрөг хүчний байр суурь өөрөө бидний ажиллаж сурсан байр суурь биш байгаа байхгүй юу. Манай нам дандаа эрх барьж байсан. Магадгүй тодорхой хэмжээнд энэ улс орны өнөөгийн зовлон зүдүүрийн зарим нэг хэсэг бол манайхтай хамааралтай шүү дээ. Бид 100 хувь бүх буруу Шинэчлэлийн Засгийн газрынх гэж түлхэхгүй. Зарим юман дээр бид буруу явж байсан уу гэвэл буруу явж байсан. Гэхдээ хэн нь буруутай байсныг жинлэх юм бол 60-70 хувь бол сүүлийн хоёр жилд эрх барьсан нөхдүүдийн буруу л даа. Түүнээс биш 100 хувь тэдний буруу гэж би яагаад ч хэлж чадахгүй. Дээр нь цаашдаа сөрөг хүчин хэвээрээ явна гэхэд олон жил эрх барьсан намын хувьд их зовлонтой юм билээ. Байнгын л нэг тийм хэрүүл өдөөгөөд байлтай биш, дээрээс нь хамгийн том зовлонтой юм нь юу гэхээр хөдөө орон нутагт очоод иргэдтэй уулзахад өө, тэр нэг эрх баригчид гээд нэг хэдэн юм болохгүй байна гэж надаас салгаж ард иргэд асуудлыг хөндөж байна уу гэхээр үгүй л байгаа байхгүй юу. Сая Дорноговьд очиж ажиллалаа. Баянгол дүүрэг дээр ажилласан, Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Ерөөсөө “та нар” л гэж иргэд нэгтгэж ханддаг. Энийгээ манайхны зарим олж харахгүй байсан л даа. Өөр нэг хамгийн гол миний хэлэх гээд байгаа юм бид л сөрөг хүчин гээд хэрүүл уруул хийгээд яваад байх нь өөрөө нийгэмдээ дарамт өгөх гээд байна. Нийгэм маань одоо ядуурал, ажилгүйдэл, архидалт гээд бүхий л муу томъёололтой зүйлүүдэд идэгдчих гээд, юу юугүй газар авчихаад байхад бид л сөрөг хүчин, хяналт тавих л үүрэгтэй гээд шүүмжлээд байхаар энэ нөхдүүд л төрийн ажлыг гацаагаад түгжээд байна гэсэн ойлголт суугаад байна л даа. Энэ бүх нөхцөл байдлуудын дундаас үнэхээр нэг зүйл дээр би хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Хүмүүс ярьдаг, ардын нам жагсаж чаддаггүй, ардчилсан нам эрх барьж чаддаггүй гэж. Манай нам үнэхээр жагсаж чадахгүй нь үнэн. Сөрөг хүчний үүргийг гүйцэтгэхдээ туйлын тааруухан юм байна. Тэрийг бол би дэндүү мэдэрсэн. Хэцүү ш дээ. Нэг акц хийе гээд ингээд хөдлөх гэхээр үргэлж эрх барьж байсан улсуудын тогтсон нэг төлөвшил байна. Мэдээж энэ чинь хүмүүжил, мэдлэг боловсролын асуудал хойш нь зулгаагаад байгаа байхгүй юу. Тэр нэг буйдантай суултыг хийх гэж бид нар яаж хийлээ дээ. (инээв) Ичин барин л хийсэн.
-Үнэхээр танай хэд сурцгүй, ичиж зовсон байдалтай харагдаж байсан шүү.
-Үнэхээр тэгж харагдаж байгаа биз дээ. Харин бид нар хариуцлага хүлээгээд, ажил хийж бол чадах юм байна аа гэдэг дээр би 100 хувь итгэлтэй байгаа. Хоёрдугаарт, нэг зүйлийг би бүр онцгойлон хэлье гэж бодоод байгаа юм. Манай зарим гишүүд дандаа өнгөрснөө яриад байна. Үргэлж өнгөрснөө л ярьж байна. “Эд нар чинь хулхи шүү. Ийм тийм хударгагүй шүү, биднийг ингэж байсан юм шүү” гээд л. Энэ үнэхээр залуучууд бидэнд залхмаар санагдаж байна. Жишээлбэл, манай Ц.Нямдорж гуай бага хурлын индэр дээр гараад үгээ хэлсэн л дээ. Наадуул чинь тэгж ингэж хулхидаж байсан шүү гээд л. Дандаа өнгөрсөн цаг дээр. Дандаа хөндүүр юмаа түшиж, сэтгэлийн шархаа сэдрээж сануулаад байх юм. Үнэн л дээ. Тэр хулхидаж байсан энэ тэр нь. Гэхдээ манайх ч бас зүгээр байгаагүй л байх. Тэгээд заавал одоо цагт бид өнгөрснөө яриад л, өш хонзон санаад яваад байх юм уу. Бас дээрээс нь их зан гаргаад байх шаардлагагүй. Бид нар тэгж явснаараа юу хожих юм. Жишээлбэл, би цэргийн хүн. Цэргийн хүмүүст тавигддаг нэг тийм зарчим байдаг л даа. Хоёр ижил цолтой цэргийн хүн учирхад илүү их цэргийн хүмүүжлээр хүмүүжсэн нь, илүү зарчимтай, ёс зүйтэй нь, илүү түүхтэй нь түрүүлж ёсолдог. Одоо би дэд хурандаа цолтой хүн байлаа гэхэд адилхан дэд хурандаатайгаа таарахад яг адилхан зиндааны цолтой хоёрын хэн илүү хүлээцтэй, тэвчээртэй нь, соёлтой нь л түрүүлж ёсолдог байхгүй юу. Тэгэхээр заавал энэ хүнд үед өш санаад л, гомдол тээгээд ихэрхээд явах хэрэггүй. Одоогийн энэ зовлонтой байдал 100 хувь бидэнд хамааралгүй биш шүү дээ. Мэдээж тодорхой хэмжээнд сургамж ирж байна. Мэдээд л авчихъя л даа. Ерөөсөө эд нар чинь зангаа хувиргадаг шүү. Ханилж яваад хадардаг шүү. Хүний үнэргүй зан ааш гаргаад явдаг шүү гээд мэдээд л авчихсан. Гэхдээ тэд тэгж байсан гээд улс орноо ийм байдалд байхад яах юм. Энэ зовлон дээрээ л цуглаж байгаа гэдгээ ухаарах хэрэгтэй. Үнэндээ бодоод үзэхээр төрийн аливаа хямралууд ерөөсөө хувь хүмүүсийн л үл ойлголцлын асуудлаас болж байсан юм байна лээ шүү дээ.
-Үнэн л дээ. Ерөөсөө хориодхон лидерийн л “байлдаан” хорин хэдэн жил явчихлаа шүү дээ.
-Тийм. Тэр нь гэхдээ яг хоёр том намын төвшинд байсан ч юм уу, үгүй ч юм уу. Бас зовлонтой шүү дээ. Ганц нэг хүмүүсийн хоорондын үл ойлголцлоос болоод зөрчилдөөн үүсч, түүнээсээ гарах арга замаа эрж хайх явцдаа хулхидуулж байсан ч юм билүү, хэн мэдлээ дээ. Нөгөө талаас бас яах аргагүй Ц.Нямдорж гуайн хэлсэн үгнээс бодох ёстой юмнууд олон бий. Тэрийг бид харж байгаа. Мэдэрч байгаа. Гагцхүү улс төрд үлдээсэн тэр муу соёл, муухай түүхийг залуу үедээ чирч ирж наагаад байх хэрэгтэй юу, үгүй юу.
-Тэр тусмаа улс эх оронд маань аваарын дохио хангинасан ийм үед гэж үү?
-Аюулын дохио хангинаагүй байсан ч гэсэн бид заавал өнгөрсөнтэйгээ зууралдах ямар шаардлага байгаа юм. Би жишээлбэл тэр үед байгаагүй ш дээ. Манай залуучууд тэр үед байгаагүй. Тэрийг сайн мэдэх ч үгүй. Магадгүй өнөөдөр эрх барьж байгаа Ардчилсан намын 35-ыг бүрдүүлж байгаа улсуудын зарим нь ч байгаагүй биз. Мэдэх ч үгүй шүү дээ. Ардчилсан намын араасаа түрж гарах залуучууд энд ер нь ямар хамааралтай юм. Ардын намын залууст ямар хамаатай юм. Сургамж л болог л дээ. Түүх болог. Дурсамж болог. Алдаж байсан, бие биенийгээ хулхидаж байсан бол тэр үедээ шингээгээд л дуусгана биз дээ.
-Жишээлбэл, би илүү улс төр талаас нь хараад, улс төрийн эрх ашгийг нь хараад байгаагаа мэдэрч л байна. Гэхдээ бас таны үгийг сонсоод эргэцүүлэх зүйлс гарч ирж байна. Түрүүн би асуусан. С.Баярын ялалтаа хувааж байсан тэр шийдвэртэй дүйх төвшний хүнд шийдвэр энэ мөн үү гэж ?
-Би танд нэг түүх ярья. 2008 онд С.Баяр дарга сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулж ажиллавал ямар вэ. Ийм шийдэл гаргавал жишээ нь чи яаж харах вэ гэж надаас асуусан юм. Би тэгэхэд тагнуулд офицер байсан. Төрийн гурван өндөрлөг ийш тийшээ явахад бас дагаж явдаг тийм журамтай. Би дагаж явж таарсан юм, тэр үед. Тэгэхэд надаас гэнэт асуусан. Би тэрэн дээр үнэндээ хариулж чадаагүй юм. Асууж байсан асуулт нь юу гэхээр манай нам парламентад олонх болсон. 46 суудалтай. Засгаа дангаараа бүрдүүлэх ёстой ч гэсэн би энэ удаад Ардчилсан намыг уриад хамтарсан Засгийн газар байгуулаад эдийн засгийн хүрээнд шийдвэрлэх ёстой асуудлуудаа шийдэх гарцыг бодож байна. Томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтраад явуулъя гэсэн бодолтой байна. Чи юу гэж бодож байна вэ гэж. Бас нэг ийм төвшний залуу хүний бодлыг сонирхоё гэж С.Баяр дарга бодсон байх. Би их гайхсан. Хариулахад их хэцүү байсан л даа. Улс орны эдийн засгаа бодох юм бол болж байна. Тэр тусмаа би тэр үед яг эдийн засгийн аюулгүй байдлыг хариуцаж ажиллаж байсан юм. Сөрөх тагнуулын газарт. Гэхдээ л би хариулж чадаагүй юм. Тэгээд би яг одоо шууд хариулж чадахгүй байна гэдгээ хэлсэн л дээ. Одоо эргээд яг таны асуултан дээр буухад тухайн үед бол зөв шийдвэр байсан. Хамтраад мэдээж юу юуг хийж бүтээж чадах вэ гэсэн гол асуулт байсан. Оюутолгой, Тавантолгойг эргэлтэнд оруулъя. Улс орноо хөшингө байдлаас гаргая. Гол үзэл санаа нь тэр л байсан. Гэтэл үр дүн гарав уу. Үр дүн гараагүй байхгүй юу. Гараагүй гэж том утгаар нь хэлж байна л даа. Гацаанд байсан төслүүд хөдөлсөн үү гэвэл хөдөлсөн. Энэ бол үр дүн мөн үү гэвэл мөн. Гэхдээ тэр үр дүн маань тодорхой хэмжээнд л гарсан. Эцсийн байдлаар өнөөгийн байж байгаа байдлаа харахаар том үр дүн гараагүй байхгүй юу. Хаа байсан зургаан жилийн өмнөх шийдлийн үр дүнг үзчих хангалттай хугацааг бид нар өнгөрөөчихсөн байна шүү дээ. Гарах ёстой байсан тэр үр дүнг гараагүйн, гаргаж чадаагүйн буруутан нь бол сонгууль бодоод орхиж явсан АН. 2012 онд арай илүү суудал авсан АН манайтай хамтраад ажлаа үргэлжлүүлье гэж уриагүй нь том алдаа. Энэ удаа манай нам Засгийн газарт хамтрах шийдвэр гаргасан маань бол тэр үр дүнг л харъя гэсэн хамтын шийдвэр гэж харж байна. Тэгэхээр энэ хамтын шийдвэрийн эхлэлийг бол С.Баяр даргыг тавьсан гэж би хувьдаа бодож байна. Өнөөдрийн энэ хүнд хэцүү үед ийм шийдэл рүү өөрийн эрхгүй очих уур амьсгалыг сэдээж өгсөн шийдэл зургаан жилийн өмнөх тэр шийдэл байсан байна. Энэ буухиаг үргэлжлүүлж ажиллах гэж байгаа хоёр намын Энхболд дарга нар, Сайханбилэг Ерөнхий сайдад талархаж байна.
-Би ч гэсэн тэгж бодож байна. Өнөөдөр С.Баярын дуугаа хураан сууж байгаа байдал ч энэ цэг дээр ирж уншигдаж байна л даа.
-Тийм. Үр дүн гэдэг нэг юмыг бид үзмээр байна шүү дээ. Би жишээ нь, эхэндээ хамтрах нь буруу даа л гэж бодоод байсан. Би бас л ойрын зайн, зөвхөн улс төрийн өрсөлдөөн талаас нь харж байж. Магадгүй намаа бодож байсан. Сүүлдээ олон талаас нь бодоод, тэр тусмаа энэ зөвшилцлийн ажлын хэсэгт ороод ажиллаад үзэхээр хамтарсан нь зөв юм байна. Маргашгүй зөв гэдэг дээр санал нэгдсэн.
-Өмнөх Ерөнхий сайдын тухай танаас асуумаар байна. Та бол тодорхой фактууд гаргаж ирсэн. Тэмцсэн. Тасралтгүй үзэлцсэн. Явцын дунд тэр огцорлоо. Гэхдээ энэ уналтыг зөвхөн сөрөг хүчнээс болсон гэж би хувьдаа үзэхгүй байна.
-Тийм шүү дээ. Жишээлбэл тэр МАХН-тай хийсэн гэрээ энэ тэр гээд хөндлөнгөөс нөлөөлсөн зүйлс байгаа. Н.Алтанхуяг Ерөнхий сайдтай миний зөрчилдөж эхэлсэн асуудал юу байсан бэ гэхээр 2012 оны орон нутгийн сонгуульд Дорнодод манай нам ялсан. Гэтэл манай иргэдийн хурлаас засаг даргад нэр дэвшүүлсэн хүнийг ерөнхий сайд батламжлаагүй. Иргэдийн хурал нь хуралдаж байхад иргэдийн хурал дахь МАН-ын бүлгийн даргыг баривчлаад л аваад явж байх жишээтэй. Тэгээд л шууд хамаатныхаа хүнийг тавьсан. Энэ бол арай хэтэрхий явдал мөн биз дээ. Тэгээд анх Үндсэн Хуулийн Цэцэд тэр асуудлыг би тавьсан. Тэгсэн чинь л миний дэд сайд хийж байсан үеийн ажлыг шалгуулаад эхэлсэн. Тэгэхэд нь би хэлсэн. “Шалгалтад чинь би онц авна гэдгээ мэдэж байнаа, янз бүрийн хууль зөрчсөн юм наана чинь юу ч байхгүй” гэж. Тэгээд л таг болсон. Дараа нь Эрдэнэс Тавантолгойтой холбоотой асуудлууд гарч ирсэн. 4 сарын 9-ний Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр яг энэ нүүрсний зах зээлтэй холбоотой асуултуудыг тавьсан. Энэ нь явсаар байгаад нөгөө Дэнзэн гэдэг асуудал руу орчихсон. Гэхдээ энэ дээр нэг зүйлийг хэлмээр байна. Дэнзэн гэдэг залуу руу энэ асуудлыг өөрөөс нь асууя гэж би гурван удаа туслахаа явуулж дуудуулсан. Ирээгүй. Гурван удаа би өөрөө утсаар залгасан, утсаа аваагүй. Нийтдээ би яг долоо хоног хүлээсэн. Тэгээд болохгүй болохоор нь гаргаад тавьчихсан.
-Бас адилхан залуу улсууд байна. Өөрт нь асуудлыг эхэлж тавья гэж та бодсон байх л даа.
-Мэдээж өөрөөс нь асууж тодруулалгүй яахав дээ. Эвгүй ш дээ. Гэвч тэр хүн асуудалд тийм байдлаар л ханддаг юм билээ. Дараа нь “Эзэн 100” гээд л нэг юм гарлаа. Хяналтын ажлыг би ахлаад ажиллалаа. Сая ч Ерөнхий сайдыг огцруулах асуудлын хүрээнд Ардын намын бүлгээс ажлын хэсгийг ахалж ажилласан. Гэхдээ энэ тухай хөндсөнийх бас бодох ёстой юм их байна. Одоо бүр толгойн өвчин болчихоод байна. Үнэнийг хэлэхэд зарим нэг зүйл дээр би алдсан гэж бодоод байгаа юм. Нэг л жижигхэн Монгол улс шүү дээ. Гэтэл бид хэмлэлдээд л, бие биенийхээ ухархайг ухалцаад яваад байдаг. Эцсийн дүндээ хэн хожив. Хэн ч хожоогүй шүү дээ. Би л лав өөрийгөө хожсон, ялсан гэж үзэхгүй байна. Намаа хожчихлоо гэж бодохгүй байна. Тэгээд би эндээс юу харсан бэ гэхээр ер нь энэ улс төржилт дээр чинь бас хил хязгаар, хэр хэмжээ гэж байх ёстой юм байна. Уг нь улс төржилт гэдэг үг өөрөө бол их гоё үг байхгүй юу. Хяналт тавьж, хариуцлага нэхэж ажилллах чинь л улстөржилт шүү дээ. Даанч улстөржилт гэхээр манайд буруу ойлголт явдаг болчихоод байна. Тэгэхээр би нэгэнт буруу тогтсон ойлголтын хүрээнд нь хэлье. Улс төржилтөд заавал хил хязгаар байх ёстой юм байна. Бид хэтэрхий их улс төржөөд үндэснийхээ язгуур эрх ашиг руу хэлбийж ороод байна . Хэм хэмжээг хаа хаанаа тогтоох цаг болж.
-Эцэст нь Ч.Сайханбилэг гэдэг тоглогч 28 дахь Ерөнхий сайдаар гарч ирнэ гэж та жишээ нь харж байсан уу?
-Үгүй.
-Таниас надад ирж байгаа нэг сайхан мэдрэмж юу байна гээч. Одоо манай залуусаас их ховор тэмтрэгддэг зүйл. Таны дотроос нэг тийм өвдөлт мэдрэгдэж байна. Засаг огцорч, Н.Алтанхуяг буугаад явахад ямар нэг зовиуртай мэдрэмж танд төрсөн үү. Түүнийг хүнийх нь хувьд хэр таньсан бэ?
-Таньсан. Олон ч хүнээс сонсч байсан. Бас за гэвэл ёогүй, хэлсэн үгэндээ байж чаддаг. Олон залуучуудыг дэмжиж хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн гэдэг юм билээ.
-Ерөнхий сайдын зиндаанд зангараг жаахан дутсан ч тэр бол хэлэлцээрийн сайн мастер. Их зүтгүүр, хэл амаа ололцох гэж хичээдэг, тэвчээртэй хүн л дээ.
-Хүмүүс ярьдаг даа. Манай баруун монгол хүний зан характерын талаар. Тэр чанар бол түүнд байдаг. Нэг хөмхий зуувал зуудаг, нэг сайн хүндээ сайн ч гэдэг юм уу. Эдгээр шинж чанарууд бол харагдаж байсан. Гэхдээ энэ хугацаанд бид хоёр яг нүүр тулж тухтай уулзаагүй шүү дээ. Нэг л удаа уулзсан юм. 30 хоног өрөөнийх нь үүдэнд хүлээлээ. Тэгээд хүлээж авахгүй болохоор нь хичнээн ч удаа уулзах гэж бичиг явуулав. Тэгэж байгаад нэг уулзаад, аятайхан яриад ойлголцоод явж байсан чинь нэг хүн хөндлөнгөөс орж ирээд буцаад маргаад явчихсан. (инээв) Манай том гэгддэг улсуудын нийтлэг чанар л мэдрэгдсэн л дээ.
-Залуу улстөрчийн хувьд ийм нээлттэй, хүчтэй зан чанартай байгаад тань үнэхээр баяр хүргэмээр байна. Бид бүгдээрээ гүн хорон санаа агуулаагүй. Бүгдээрээ хайрлах чадвартай.
-Баярлалаа. Ер нь жижиг чанарууд, хувийн аахар шаахар зангаа арагшаа тавьж сурах хэрэгтэй байна л даа.
-Дараагийн асуулт, хүн болгон таныг Монголын тэргүүн тэрбумтны хүү. Мөнгө төгрөгөөр хахаж цацаж байдаг, эрх танхил, борог амьдрал мэдэхгүй гэж харж байгаа. Бас нөгөө талаас ямар ч байсан энэ залуу төрийн хэтэвч рүү гараа дүрэх хүн биш гэж итгэдэг. Улс төр хүнээс олон чанар нэхдэг л дээ. Эр зориг, зарчим дээр зогсох тэнхээ, мэдлэг боловсрол гээд. Тэдгээрээс олон чанарууд танд бий. Зоримог атлаа зөөлөн хайлган, нээлттэй хэрнээ хатуу. Энэ бүх чанарын нэгдэл дээр Н.Номтойбаяр гэдэг залуу лидер босч ирж байна. Гэвч мэдэхгүй улсууд буруу эрхэлсэн, монголыг мэдэхгүй, гадны хөрсөн дээр бойжсон хүн гэж хардаг. Би бас Нямтайшир гуайтай уулзаж байсан. Бас л хатуу чанга хүн. Тийм ч нялцгай хайр энхрийллээр хүүгээ өсгөсөн нь юу л бол гэж бодогдох?
-Хүмүүс их л буруу ойлгоод байдаг юм байна л даа. Манай аав бол маш хөдөлмөрч хүн. Үнэхээр хөдөлмөрийн үр шимийг маш сайн мэддэг. Хөдөлмөрлөхийн хүнд хэцүүг нугачаа даваа болгоноор нь насаараа туулсан хүн. Тийм хүн хүүгээ тэгж хүмүүжүүлэх үү. Үгүй шүү дээ. Нэг тийм эрхийн тэнэг, дуртай юмаа авах гээд л сарвайж байдаг тийм хүмүүжлээр манай дүү бид хоёр огт хүмүүжээгүй. Яг л хэм хэмжээндээ өссөн. Хэцүү үе энэ гэр бүлийн түүхэнд байгаагүй биш байсан шүү дээ. Ерээд онд бүх л айл хэцүү байсан. Тэрийг бүгд л бид даван туулж л байсан ш дээ. Адилхан картын бараагаараа л амьдардаг. Нөгөө картыг чинь скочидчихоод л дэлгүүрт дугаарлаад л явж байсан. Тэгэхээр нэг их тийм дээр үеийн нударган баян гэдэг шиг тийм байдал бол ерөөсөө байхгүй ш дээ. Баялаг нь юу байсан бэ гэхээр мэдлэг боловсрол л байсан. Манай өвөөгөөс аавд бол асар их мэдлэг боловсрол хадгалагдаж үлдсэн. Аливаа асуудлыг дандаа улс орны хэмжээнд харах, зөвхөн компаныхаа хувьд ерөөсөө биш шүү гэдгийг манай аавд бол байнга хэлж байсан. Яг бизнесийн явцын дунд аливаа асуудлыг дандаа улс эх орондоо үлдэх эрх ашгийг эн тэргүүнд тавьж харж байх тэр төлөвшлийг манай Д.Содном гуай жишээ нь, энэ компанид суурьшуулж өгсөн. Тэгэхээр ийм гэр бүлд хүмүүжсэн хүн мөнгөний үнэ цэнийн талаар ямар нэг баримжаагүй өснө гэж үү. Хүмүүс бас өрөөсгөл боддог юм шиг байгаа юм. Түрүүхэн нэг сэтгүүлч над руу яриад яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж байгаа юм. Би үнэнээ хэлсэн. Ийм асуудалд би дургүй. Хүмүүс намайг ер нь юу гэж бодоод байдаг юм бэ гэж. Дээр бас нэг бухимдаад намайг хүмүүс ер нь АТМ гэж хардаг юм шиг байгаа юм гээд ярилцлага өгч байхдаа хэлсэн. Манайхан их сонин ааштай. Адаглаад нэг юм худалдаж авах болоход үнээ нэмчихдэг. Мөнгөний үнэ цэнийг мэдэх хүн ямар зохистой үнээр худалдаж авахыгаа маш сайн мэднэ биз дээ. Гэтэл манайхан доромжилж байгаа юм шиг, тохуурхаад байгаа юм шиг үнээ нэмдэг ч юм уу иймэрхүү таагүй ааш аяг их гаргадаг. Дорнодын ард иргэд намайг сонгосон. Эргээд нөхдүүдээс асуухад “Энэ залуу төрд очоод тендер энэ тэртэй зууралдаад, хувийнхаа эрх ашгийн төлөө, хувийнхаа санхүүгийн төлөө асуудалд хандахгүй” гэж л намайг сонгосон гэдгээ хэлдэг. Тэгэхээр энэ бол миний хичээн эрхэмлэж явах зарчим байхгүй юу.
-Танай гэр бүлийн түүхэнд хэлмэгдлийн гунигтай түүх бас байдаг. Бүр сүүлд ч НАХЯ- д байсан аавын тань ахыг хэлмэгдүүлсэн гэдэг. Дараа нь аавыг тань мөн л яамнаас энэ замаар гаргаж явуулсан байдаг. Хэлмэгдэлд өртсөн гэр бүлүүдэд нэг тийм шазууртай гомдол үлдсэн нь анзаарагддаг юм. Таны зүрх сэтггэлд үүний ул мөр байдаг уу?
-Байдаг. Байлгүй яахав. Буриадууд юм чинь. Хэлмэгдүүлж, хэдэн үеэр нь зовоож байсан гашуун үе байсан. Хожим хэлмэгдүүлэхээс гадна хулхидаж хуурч мэхэлж байсан өчнөөн тохиолдлууд бий. Гэхдээ ийм зүйлд өш санах нь маш буруу. Ялалт нь хийсэн бүтээсэн юмтай, гэрэл гэгээтэй амьдралыг туулах шүү дээ. Үүнийг л маш том ялалт гэж би хардаг.
-Таны амьдралдаа авч байсан санаанаас гарамгүй хамгийн том бэлэг юу вэ ?
-Материаллаг талаасаа гэх юм бол юу ч толгойд орж ирэхгүй байна. За, наадах чинь ёстой сонин асуулт байна.
-Хамгийн сүүлд аавдаа хэзээ загнуулав?
-(инээв) Н.Алтанхуяг Ерөнхий сайдтай маргалдаж байсан үед аав бид хоёр маргалдаж байсан. Бас нөгөө фортуна Н.Батбаяр сайдыг огцруулах асуудал тавихад бас надад хэдэн үг хэлж байсан. (инээв) Манай аав чи яг ямар үндэслэл дээр суурилж дүгнэлтээ гаргаж байна вэ гэж асуудаг. Би өөрийн бодлоо хэлнэ. Тэгээд нэг их олон юм хэлээд байдаг хүн биш л дээ.
-Тэгвэл хамгийн сүүлд ааваас тань ирсэн магтаал ?
-Өө, манай аав ээж хоёроос надад магтаал загтаал байхгүй ш дээ.
-Тийм үү ?
-Ер нь нэг их магтаад байхгүй. Гэхдээ заавал сайн байна гэдэг үгээр биш цаад утгаараа бас илэрхийлэгдэх үе байна. Ерөнхийдөө баяр баясгалантай байгаа нь ч юм уу, сэтгэл тэнэгэр байгаа зэрэг байдлаас нь л харагдана уу гэхээс биш ёстой мундаг байна гэх мэт үгийг багадаа ч сонсч байгаагүй. Тийм харилцаа ерөөсөө дүү бид хоёрын хүмүүжилд байхгүй.
-Таны аав бол үр хүүхдийнхээ өмнө ч, нийгмийнхээ өмнө ч бахархалт аав л даа. Харин таныг болохоор их томоогүй аав гээд бичээд байх юм. Харин ахын хувьд та хэр ах вэ гэж асуумаар байна?
-Одоо тэрийг манай дүү л илүү сайн хариулах байлгүй дээ. Яахав дээ, бид хоёр чинь цөөхүүлхэнээ ш дээ. (инээв)
-Хүний дотор янз бүрийн л мэдрэмжүүд эргэлдэж, ээлжилж байдаг. Гуниг баяр сүлэлдэж, хайр төрөх, харуусах үеүдэд хүн тэр байдлаас янз бүрээр гардаг. Та ийм үеүдийг яаж шийдвэрлэдэг вэ?
-Хүн л болсон хойно мэдээж гуниж гутрах юм байлгүй л яахав. Үе тэнгийн залуучуудаасаа нэг их ялгараад, онцгойроод байх авьяас чадвар бол надад байхгүй. Нэг их илүүрхэхгүй. Харин хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэлээр нь эрэмблэх юм бол нэг их доогуур орохгүй байх. Хийж бүтээе гэж зорьж яваа зөндөө л юм байдаг. Тэрний хажуугаар юм л бол ноолоод л, янз бүрийн байдлаар ярьж бичээд л байхаар төвөгтэй санагдах үе бий. Үнэндээ миний нэг алдаа бол миний бүх юм энэ ажил руу ороод явчихсанд байгаа юм. Яахав, багын найз нөхдүүдийн хүрээнд тогтсон харилцаа бол байгаа. Багаасаа л би чинь чулуугаар байлдаж, бусад хүүхдүүд яаж өссөн тэрэн шиг л өссөн шүү дээ. Тэгж яваад би илүү найз нөхөд амьтай хүн болж төлөвшсөн. Гэр амь бол надад ер нь байдгүй ш дээ. Сүүлийн үед илүү ажил амьтай болоод байх шиг байна. Уншиж судлах шаардлагатай зүйлсдээ баригдаад, дараагийн ажлуудынхаа бэлтгэлийг хангах, бичиг баримт боловсруулах гээд түмэн ажлуудтай ноцолдож өдрийг өнгөрөөдөг хүн болж хувирсан. Заримдаа тамтай ч юм шиг санагдах, залуу үеийн амьдралаа хэцүү дарамттай амьдралаар сольсон юм шиг бодогдож бачимдах үе хааяа гардаг. Манай аав бол ажлыг ч мундаг хийж чаддаг, гэр бүлийн асуудлууддаа ч мундаг анхаарал тавьж чаддаг. Надад бол тэр гэр бүлд зарцуулах чадвар үнэхээр нойль. Гэрийн маань бүх ажлуудыг манай дүү л зохицуулдаг. Ямар салфетка авах уу гэдгээс эхлээд бараг нойлийн цаас байна уу, үгүй юу гээд бүх юмыг дүү маань зохицуулдаг. За, осолдохгүй нэг өөрийнхөө хувцас хунар, үнэртэй ус тиймэрхүү юмнуудаа л өөрөө авдаг байх.
-Таны ээж чамбай, чимээгүй, бусад нэр төртэй хүмүүсийн эхнэрүүдээс өөр хүн харагддаг. Танд ээжээсээ авсан ямар чанар байдаг вэ?
-Маш олон чанар байгаа. Ер нь энэ гэр орны уураг тархи гэвэл манай ээж юм шүү дээ. Сонин хэвлэлээр буриад, бөө мөө ч гэнэ үү янз бүрийн юм бичдэг. Тийм юм бол байхгүй. Хувь хүн нь бол их амьдрал үзсэн хүн. Их хүнд хэцүү амьдралыг багадаа туулж байсан. Мэдлэг боловсролын хувьд бол мундаг л даа. Ээжийгээ гээд мундаг гээд байгаа юм биш. Философи их судалдаг. Шашны гүн ухаан судалдаг тийм хүн л дээ. Аливаад маш цөөн үгээр онч голыг нь олж л дуугарна. Та өөрөө уулзаж үзээрэй.
-Би таныг урвалтад жаахан тэсвэргүй хүн болов уу гэж хардаг.
-Энэ бол өөрөө хүнд сэдэв шүү дээ.
-Сэтгэл өвтгөмөөр явдал уу?
-Мөн байлгүй яахав.
-Уучлах таны хувьд хэр амархан бэ?
-Хэцүү ш дээ. Ер нь хэцүү. Зүгээр хүний хөл дээр гишгэчихээд уучлаарай гэх шиг амархан юм алга л даа. Гэхдээ том зүйл дээр хэцүү. Улс төрийн хүрээнд бол уучлалт гуйх ёстой нэг ганц хоёр хүн надад байдаг. Гэхдээ үйлдлээрээ тэр сэтгэлээ илэрхийлэх гээд хичээгээд л байгаа.
-Тэгвэл таны сэтгэлийн шарх их удаан аньдаг байх нь.
-Ёстой бүү мэд. Иймэрхүү юмыг чинь тайлбарлахад их хэцүү л дээ. Шаналалдаа автаад яваад байдаг хэрнээ уучлаарай гэдэг үг хоолойн дээр ирэнгүүт гацчихаад байдаг сонин нөхөр шүү дээ.
-Монголын тагнуулын байгууллагатай та бас хувь заяагаа холбож явсан хүн. Сүүлийн 25 жил тагнуулын байгууллага бол улс төртэй арилжаа наймаанд ордог газар болж хувирсан. Энэ байдлуудаас болоод дархлаа нь суларсан. Дотор нь байсан хүний хувьд та яаж харагддаг вэ?
-Зарчмын юмнууд алдагдаж байгаагийн тод илрэл үйлдлээрээ тагнуулын байгууллага дээр их илэрдэг. Би жишээ нь, гадаад тагнуулын газар байж байгаад яах ч аргагүй ажиллахад үнэхээр хүнд хэцүү болоод л өөрөө өргөдөл өгөөд гарч байсан л даа. Хүмүүс бол халагдсан гэж ярьдаг, тийм юм бол огт байхгүй. Харин ч гавьяа шагнал аваад явж байсан. Гэхдээ өөрөө өргөдөл өгөөд гарсан. Тэр нь юу гэхээр Намбарын Энхбаяртай холбоотой л асуудал. “МАК”-ыг шалгах хөдөлгөөн өрнүүлж байлаа. Та сайн мэдэж байгаа. Тэгээд л бага насны мөрөөдлөөрөө сонгосон тавилангаа орхиход хүрч байсан. Манай аавийн бие тааруухан эмчилгээнд явчихсан. Хэцүү үе байсан. Тэгээд л за за, тэгвэл магистраа хийчихээд улс төр лүү алхах цаг иржээ гээд л шийдвэрээ гаргаж байсан. Тухайн үед Р.Болд дарга намайг тагнуулаас гаргуулахгүй байх талаас нь тухайн үеийн Ерөнхий сайдтай бас ярилцаад явж байсныг хожим сонсоод би баярлаж байсан. Энэ бол тухайн үед миний хийж байсан ажлын үнэлэмж юм болов уу гэж боддог.
-Энэ байгууллагыг ер нь Ерөнхий сайдын харъяанд байх нь зөв гэж боддог уу?
-Ер нь бол босоо удирдлагатай байх нь зөв. Гэхдээ эрхэмлэж явах ёстой зүйлээ үл тоогоод бүхэл бүтэн улс үндэстний аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хойш тавих бол байж болшгүй явдал. Үндсэн чиг үүрэг нь бол ерөөсөө л төрийн бодлого боловсруулахад шаардлагатай мэдээ мэдээллийг гүйцэтгэх ажлын шугамаар олж авдаг л үүрэгтэй ш дээ. Яг үнэндээ бас тагнуулын байгууллага маань энэ үүргээ биелүүлж чадаж байна уу гэвэл чадахгүй байгаа. Р.Болд даргын үед бол ер нь суурь нь тавигдаж байсан. Шинээр томилогдсон Б.Хурц даргын үүрч байгаа хариуцлага бол буцааж төлөвшүүлэх юм.
-Улс төр бас их үймүүлж байна л даа ?
-Улс төр үнэхээр их үймүүлж байна. Маш өнгөцхөн юмыг харж байна. Үүнийхээ төлөөсөнд юу алдаж байгаагаа ч тооцох тамиргүй байна.
-Тагнуулын байгууллагад хэнийг ч дуусгаж, ямар ч хүний хувь заяаг төгсгөж, ямар ч хэлмэгдүүлэлт явуулах бололцоо бол байгаа юу?
-Байлгүй яахав. Жишээлбэл, Женког бол бас л будаа болгож байсан даа. Тэр 2005 онд. Н.Энхбаяр тэр хоёр муудалцаад нэг бөөн юм болоогүй юу. Тэгэхэд бүхэл бүтэн байгууллагыг хөдөлгөж байсан шүү дээ. Энэ бол маш буруу явдал. Ямар ч хамааралгүй чиг үүрэг байхад л дээрээсээ албан бус командтай “Чи ингэ” гэж үүрэг өгөхгүй ч гэсэн бүгдийг нь ажиллуулж байх жишээтэй. Энэ бол маш буруу жишиг. Монгол улсад ийм жишиг тогтож болохгүй.
-Нэлээн ноцтой захидал надаар дамжиж олон нийтэд хүрсэн юм л даа. Сөрөх тагнуулын газрын дарга асан, одоо хоригдож байгаа нэгэн хурандаагийн. Судлаад л байхад ерөнхий утгаараа улс төрийн хоригдол болчихож байгаа юм болов уу гэсэн тийм дүгнэлтэнд хүрээд сууж байна. Тэгээд таныг аюулгүй байдал хариуцаж ажилладаг төрийн түшээ хүний хувьд энэ талаар мэдээлэлтэй байгаа эсэхийг сонирхох гээд асууж байгаа юм.
-Ер нь бол нарийн ширийн мэдээлэл бол надад бий. Тэрийг дурьдаад яахав. Тангараг өргөсөн цэргийн хүмүүс эх орныхоо өмнө тангараг өргөж л тэр эрх мэдлийг авч байгаа. Хуулиар тэр эрх мэдэл нь олгогдчихсон. Тэрийгээ хувийн өш хонзон авах сэдлээр урвуулан ашиглаад байгаа нь өөрөө маш буруу. Аль аль талд нь буруу байгаа. Хоёр том бүлэг л зөрчилдөөд олон жил болж байна шүү дээ. Одоо үүнийгээ болиочээ л гэж хүсмээр байгаа юм. Ерөөсөө энэ их талцал, хуваагдал Монголд ашиггүй. Би эртээр 750 залуутай уулзалт хийсэн. Тэгээд би тэнд нэг үг хэлсэн юм. Тэр үед чинь яг Н. Алтанхуяг Ерөнхий сайд огцорсоны маргааш байлуу даа. Бүгд л баярлаад, хөөрцөглөөд байгаа нь ажиглагдсан. Тэгээд би үгийнхээ эхэнд юу гэж хэлсэн бэ гэхээр тэр үед хэвлэл байгаагүй л дээ. Ганц нэг камер харагдсан, тэр нь бодвол дотоодынх байлгүй. Энэ Ардчилсан нам бол бидний өстөн дайсан бишээ. Энэ бол бид нарын хувьд өрсөлдөгч нам. Өрсөлдөгчид маань юм гэж. Өрсөлдөгч нам дотор хямрал байна гэдэг бид нарт эсрэгээрээ муу шүү . Манай нэг залуу хэлж байна. Бид нар ер нь Ардчилсан нам дотор том шинэчлэл хийчихлээ дээ. Н.Алтанхуягаараа байсан бол зүгээр ч байсан юм болов уу. Одоо Ч.Сайханбилэг болоод бас тодорхой хэмжээнд сайжирч явуулна шүү дээ. Тэгээд аягүй л бол энэ генсекийнх нь, бүлгийн даргынх нь асуудал хөндөгдөнө. Илүү сайн хүн гарч ирнэ. Бид нар ингээд засаад сайжруулчихлаа гээд болгоомжилсон аястай ярьж байгаа юм л даа. Юунд тэгж болгоомжилдог юм. Өрсөлдөгч нам маань сайжирч байвал бид нарт тэрнээс илүү сайжрах шаардлага үүсч байгаа байхгүй юу. Зарим нь баярлаж, тэмдэглэж ч байх шиг. Засаг огцрох ерөөсөө Монголын баяр баясгалан биш.
-Танай залуучууд ер нь цул уу. Яг цул байж чадах уу?
-Би хувьдаа нэг их хэвэнд цутгасан юм шиг байх дэмий гэж боддог. Ямар хэрэг байна. Залуучуудын холбоо гэдэг чинь өөрөө олон өнгөтэй байх ёстой. Залуус өөрсдөө олон өнцөгтэй байх ёстой гэж. Аливаа нэг асуудлыг шийдэхдээ хүн болгон өөрсдийнхөө байр суурийг чөлөөтэй илэрхийлдэг, эндээсээ би жишээ нь мэдээгүй юмаа мэдэж авдаг, тооцоолоогүй тэр өнцгөө өөр нөхдүүдээсээ олж хардаг.Тэгж бид нар бие биенээ хүмүүжүүлээд явах нь л хамгийн чухал биз дээ. Харин залуу хүн хүлээцтэй л байх ёстой. Залуу хүнд заяанаасаа дутуу гэж бусдын хардаг болгоныг бид хамгийн түрүүнд нөхөж олж авч явах хэрэгтэй гэж би боддог.
-Үе солих явцын талаарх асуудлууд бүх нам дотор хүнд асуудал байдаг. Харин үүнд таны ханддаг хандлага ямар вэ?
-Ер нь бол үе үеийн төлөөлөл байх ёстой. Би хувьдаа залгамж чанар дээр маш их ач холбогдол өгдөг. Тэрнээс ч илүү удирдах удирдуулах тэр зарчим дээр илүү анхаарал хандуулдаг. Цэргийн хүний хүмүүжилтэй болохоор тэрийг илүү их эрхэмлэдэг байх л даа. Аав маань ч цэргийн хүн. Өнөөдөр би тодорхой хэмжээнд ажил үүрэг гүйцэтгэж байгаа ч гэсэн төрийн дээд төвшинд бол удирдуулах тэр мест дээр л байгаа. Үндэсгүй мөчир гэж байхгүй. Залгамж чанар зайлшгүй байх ёстой. Одоо бид гарч ирнээ гээд л механикаар өвгөн мод болгоныг булга татна гэсэн юм байхгүй шүү дээ. Бие биенийхээ үгийг сонсох, хүлээцтэй байх чанар улс төрд орсноос хойш миний сурсан зүйл. Би чинь цэргийн байгууллагад ажиллаж байсан. Хувийн компанид ажиллаж байсан. Хатуурхдаг, өөрийнхөөрөө зүтгэдэг зан ихтэй л байсан.
-Одоо ингээд бидний ярилцлага гарна. Тэгэхээр л Н.Номтойбаяр ямар нэгэн албан тушаалд очих нь гээд л шуугих байх л даа. Танд ямар нэгэн төлөвлөгөө байна уу. Сайдын суудал ч юм уу, тэмүүлж байгаа юм байна уу?
-Байхгүй. Батлан хамгаалахын сайд л гээд байна лээ. Энэ удаад бол үгүй. Гэхдээ байлдагчийн халаасанд генералын мөрдэс байдаг гэдэг дээ.
-Одоо ганцхан асуулт байна. Таны биеээ авч явж байгаа энэ имиж төрийн түшээгийн хувьд хэр зохицож байна вэ. Жишээлбэл, таны зүүж байгаа цаг яг улстөрчийн тань хэв маягт хэр нийцэж байна вэ. Та ядуу орны улстөрч шүү дээ гэвэл эгдүүцэхгүй биз дээ ?
-(инээв) Ёстой эгдүүцэхгүй. Ядуу орны иргэн даруу байх ёстой. Жижиг орны улстөрч юм чинь ноолойгоод л явж байх ёстой гэх маягийн яриа надад таалагддаггүй. Яагаад бид тийм байх ёстой юм. Жишээ нь, миний энэ цаг хямдхан цаг бол биш. Энэ костюм, гутал ч хямдхан биш. Гэхдээ энэ чинь хувь хүний соёлын л асуудал. Илүү нарийн нандин үгээр би талбайрлаж мэдэхгүй байна. Бид ийм л ядуу орны иргэд юм чинь яг л үүнтэйгээ дасан зохицсон буурай соёлтой, тийм сэтгэл зүйтэй л байх ёстой гэвэл би санал нийлж чадахгүй. Бас нэг ингээд хөдөлмөрлөөд явбал ийм нэг юм эдэлж хэрэглэх бодит боломж байдаг юм байна шүү. Би бас тийм амжилтад хүрнэ гэж яагаад залуу хүн бодож болохгүй гэж. Бүгд л нэг ноорхой ноолууран цамцаа өмсөөд, адилхан дарханы нэхийгээ өмсөөд яваад байвал болж байна л даа. Гэхдээ ямартай ч ширхэг хадаасны тендер төсвөөс авч үзээгүй надад бол нууж хаагаад байх юм алга. Харин юу хийдэг нь нууц нэг улстөрч баагий маш үнэтэй машин унаад л, маш үнэтэй цаг зүүгээд яваад байвал тэр л харин эвгүй байх. Тийм хүнээс та энэ асуултаа асуу даа.
-Миний залуу хүний амьдрал өөр хэмнэлтэй болчихлоо гэсэн утгатай үг түрүүн та хэлсэн. Таны хувьд бүсгүйчүүд, шоу цэнгээн, адал явдлууд, хайр дурлал ядаргаатай асуудал болсон энэ чигээрээ тогтчихвол яана?
-Хааяа бас нэг найз нөхөдтэйгөө гарч орох, диско клубт орох зэрэг байлгүй дээ. Би л улстөрч хүн шүү гээд эдэлж болох эрүүл эрхүүдээсээ татгалзахгүй, тэгж ч болохгүй ингэж ч болохгүй гээд явахыг би хүсэхгүй.
-Тодорхой хэмжээнд эрх чөлөө тань хумигдсан байх л даа.
-Тэгсэн. Гэхдээ би хумихын эсрэг байгаа.(инээв) Яах ч аргагүй тийм цаг, боломж нь гарахгүй байгаад байна.
-Би ч гэсэн хэлмээр байна. Эрх чөлөөгөө бас энэ залуу насаа бүтнээр нь битгий улс төрд булаалгаарай гэж. Бас танд амжилт хүсье.
-Харин тийм ээ. Ахиж олдохгүй шүү дээ, энэ нас. Та бүхэнд ч бас амжилт хүсье.