Монголын цахилгаан мэдээний агентлаг “МОНТА”-ийн хураангуй сэтгүүлд нийт Монгол үндэстний асуудлыг тусган мэдээлсэн нь
Сонирхуулах үүднээс Ардын Засгийн эхний хоёр жилд Монголын цахилгаан мэдээний агентлагаас тараасан бусад монгол үндэстний талаарх бараг бүх мэдээллийг түүвэрлэн хүргэж байна.
Сонирхуулах үүднээс Ардын Засгийн эхний хоёр жилд Монголын цахилгаан мэдээний агентлагаас тараасан бусад монгол үндэстний талаарх бараг бүх мэдээллийг түүвэрлэн хүргэж байна. Ажиглавал Халимгийг нүүлгэн ирүүлэх, Буриадуудын тухайд нүүлгэн ирэгсдийг суурьшуулахыг дэмжиж, Туваг өөрийн мэдлээс алдахгүй байхын тулд Засгийн газраа зоримог шүүмжилж, Өвөр монголын тухайд Хятадын генералуудын (энд дузюн гэжээ) самууныг анхааралтай ажиглаж, аль хүчирхэг бүлэглэлд дарамт учруулах байдлаар буфер болгож тусгаар тогтнолоо хадгалах бодлогыг барьж байсан бололтой байна. Буриадын асуудлаар зарим мэдээллүүдийн агуулга зөрж байгаа нь Орос хэл дээрх мэдээллүүд Оросын эрх ашгийг тусгаж, Өргөөд болон Оросод олон ажил зохиосныг дэлгэрэнгүй мэдээлж, буриадыг төвшитгөхийг зорьж байгаагаа харуулсан бол монгол хэл, бичгийн хураангуй сэтгүүлүүдэд нүүн ирэгсдийг суурьшуулахыг дэмжиж, энэ бодлого амжилттай хэрэгжвэл өлсгөлөнд нэрвэгдсэн Халимгуудыг мөн жишгээр нүүлгэн ирүүлэх “үлгэрлэвээс хожмын сионизм лугаа адил” бодлогыг барьж байсан бололтой. Уншигчид өөр олон зүйлийг анзаарах биз ээ. Бүхэлдээ мэдээлэлд нутаг дэвсгэрийн өнгөлзлөгө бус харин бусад многолчуудаа өөрийн нутагтаа ирүүлэх санаа их тусчээ. Зөвлөлтийн ивээлийг хэт шүтдэг байсан гэж одоогийн бид бат итгэдэг улсын удирдагчид, албан мэдээндээ ивээгчтэйгээ марган буйг нь бас л сонирхон судлууштай. Ямар ч үед гадаадын аль нэг улсын нөлөөнд хэт авахгүй, өөрийн бодлогоо барьж чадахын жишээ энэ болов уу? Лав л нэг улс байтугай нэг компанитай учраа ололцож чадахгүй байгаа өнөөгийн биднээс хувь илүү байжээ, тэр үед гэж бодогдоно. Тэр үед Халимгийг торгууд, Туваг урианхай л гэдэг байж. Одоо бид “хамаатнуудаа” оросоор (калмык, тува гэж) л нэрлэдэг шүү дээ.
Дараагийн удаад технологи, Европ, Ойрхи дорнод, Америк, Японы тухай мэдээллүүдийг хүргэе гэж бодож байна. Учир нь одоо нэн элбэгшээд байгаа үндэстнээ үл тоогчид тэр үед ердөө тулга тойрсон мэдээлэлтэй байсан мэт бодох вий гэж болгоомжилсных. “Болзоот” Бароных ч биш, мөнгө ч биш, харин Засгийн газрын өрийн бичиг байсныг нотлохоор тэнэг монголчуудад тийм юм хийх ухаан байхгүй гэж уурлагчид олон байдгийг мэдэх учраас тэр.
Урианхайн асуудлаар бичсэн нь:
ШҮҮМЖЛЭЛ
Гадаад яамнаас Тагна Тувагийн ардын засгийн гадаад яамнаас ардын засаг байгуулан тусгаар тогтносон учир үүний урд Монгол ардын Засгийн газарт цахилгаан мэдээгээр явуулсан нь хариу ирсэнгүй одоо яахан толилсоныг хариу ирүүлмүй гэх зэрэг бичиг хүргэн ирсэн тул хэрхэн хариу явуулахыг тогтоон заамой хэмээн ирснийг манай засгийн газар хэлэлцээд Тагны харъяат Урианхайчийн газар болбоос язгуураас манай Монгол улсын харъяат нэгэн хэсэг газар болох бөгөөд язгуур үндсийг дагаж амар чөлөө, эрх хэрэглэх явдлыг манай Монгол улсын Ардын засгийн газраас урианхайн ард түмний чин зорилт ба ард улсын сурталд нийлүүлэн хэлэлцэж шийтгэвээс зохимой. Тийм атал одоо энэхүү ирсэн бичгийн дотор орос сайд Валески ирж Орос зөвлөлт засгийг түшиглэн ардын засаг байгуулав хэмээвч хэрвээ үнэн аваас даруй хэрэг буй за. Хоёр улсын найрамдалд нийлэлцсэнгүй тулд харьяат Урианхайн газраас даруйхан төлөөний хүн ирүүлж хэрхэн ямар эрх чөлөө хэрэглэх зэргийг эртнээ хэлэлцүүлэн тогтоолгох явдлыг Гадаад яамнаас зохих газар хариу явуулж гүйцэтгүүлэхээр тогтов.
Хураангуй сэтгүүл № 46 (Монгол хэлээр)
Монгол орноор
УРИАНХАЙ УЛСЫН ХҮСЭЛТ
Бүгд Найрамдах ардчилсан Урианхай улсын Гадаад явдлын Яам Тагна-Тувагийн Ардчилсан онцгой улс байгуулах тухай үүний өмнө тавьсан асуудалд хариу өгөхийг Монголын Гадаад явдлын Яаманд хатуу шаарджээ.
Урианхай бол Монголын уугуул нутаг гэдгийг анхааралдаа авч, басхүү Монголын Ардын засгийн газар урианхайчууд өөрийн үндэсний өвөрмөц онцлогийн дагуу засаглалын дуртай хэлбэр тогтооход хэзээ ч саад болохгүйг мэдэгдэн, Монгол улсын засгийн газар уг асуудлыг Монгол, Урианхайн хоёр талын хэлэлцээрээр шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.
Дашрамд, Урианхайгаас хүрэлцэн ирсэн ЗСБНХОУ-ын бүрэн эрхт төлөөлөгч гүн Фальский Урианхайд ЗСБНХОУ-ын ивээл дор бие даасан улс байгуулагдсан гэж мэдээлжээ. Энэ баримтыг шалгаж, уг асуудлыг Монголоос ЗСБНХОУ-тай байгуулсан гэрээнд хөндөөгүйг онцлон тэмдэглэх нь чухал юм. Энэ бүхнийг тодруулах зорилгоор Монгол, Урианхайн хооронд харилцаа тогтоох тухай хэлэлцээ хийлгэхээр өөрийн бүрэн эрхт төлөөлөгчдийг илгээхээр шийдвэрлэжээ.
Хураангуй сэтгүүл № 47. 1922 оны арванхоёрдугаар сарын 21. (Оросоор)
Буриадын асуудлаар бичсэн нь:
ЦАГААЧ БУРИАДУУДЫН ТУХАЙД
Монголд аж төрж байгаа буриадуудад үйлчлэх зорилгоор цагаачдын төв хороо байгуулжээ.
Ардын засгийн газар мах цусны тасархай омгийнхныхоо хэрэгцээг харгалзан буриадуудад газар олгож, орон нутагт өөрийгөө удирдах ёсны байгууллагууд байгуулан ерөөс буриадуудыг монголд төвхнүүлэн ингэснээрээ үл ойлголцох явдал гарахаас сэрэмжлэхээр төлөвлөж байна. Цагаачдын төв хороо буриад хүн амын төлөөлөгчдийн хурал хуралдуулахаар бэлтгэж байна. Үүнээс гадна төв хороо соёл-гэгээрлийн хэд хэдэн арга хэмжээ төлөвлөжээ.
Хураануй сэтгүүл № 5. 1922 оны 06 дугаар сарын 06
ЭЛДЭВ ЗҮЙЛИЙН СОНИН
Буриадын Комитет нь монгол язгууртныг гэгээрүүлэн боловсруулах үүр тогтооно хэмээжээ. Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмт Жамсрангийн хамт буриадын доод Агын суманд болох ард түмний эрдэм соёл хуралд намын төв хорооноос одсон төлөөлөгч Гүрсэд нэр эгэж иржээ.
Ардын цэнгэлдэх хүрээлэнд үдэш бүр цахилгаан сүүдрийн наадам гаргаж буй. Зургийн төлөв нь монгол, орос хоёрын аж суудлын тухай байдал хэмээнэ.
Хураангуй сэтгүүл № 6. Олноо өргөгдсөний 12-р он 5-р сарын 21, 1922.07.15
Орос орноор
БУРИАДУУД БА ЗӨВЛӨЛТ ОРОС УЛС
Читад болсон үндэсний хурал АДБНУ-ын өөртөө засах мужийн буриад-монгол хүн амын нэрийн өмнөөс Лениний нэр дээр, үндэстэн ястнууд өөртөө засан тохинох тухай лоозон ам хэлэн дээр биш ажил хэрэг дээр хэрэгжсэн дэлхий дээрх цорын ганц орон Зөвлөлт Орос Улсад мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Хөдөлмөрчдийн засаглал империалист махчингуудыг нэр төртэйгээр ялна гэдэгт итгэлтэй байгаагаа буриад-монголын эрх баригчдын төлөөлөгчид илэрхийлсэн байна.
Хураангуй сэтгүүл № 26. 1922 оны есдүгээр сарын 30
Монголын Засгийн газрын үйл ажиллагаанаас: БУРИАДЫН АСУУДАЛ
Буриадын аймаг, хошуудын захиргаа Монголын засгийн газарт хандаж цагаачлан ирсэн буриадуудад Улз, Онон, Малчар, Сэлэнгийн хавиар хошуу байгуулж, газар олгохыг хүсчээ.
Ер нь бол бүх монгол омог аймгийг нэгтгэх нь зүйтэйг Засгийн газар хүлээн зөвшөөрсөн боловч энэ асуудал хөрш улсуудын эрх ашигтай холбоотой учир түүнийг газар дээр нь урьдчилан тодруулах нь чухал гэж үзжээ. Үүний учир цагаачдын тоо, тэдний нас, эрхэлдэг ажил, малын тоо зэргийг яг тодорхойлж засгийн газарт оруулахыг Буриадын аймаг, хошуудын захиргаанд санал болгожээ.
Уг асуудлыг шийдвэрлэх явдал удтал хойшлох бололтой.
Хураангуй сэтгүүл № 36. 1922 оны 11 дүгээр сарын 12
Монгол орноор
ӨРГӨӨ ХОТЫН БУРИАД-МОНГОЛ ЗАЛУУЧУУД
Өргөө хотын буриад залуучууд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн дэргэд үүр байгууллаа гэж бидэнд нөхөр Дугаржав мэдээлэв. Одоогоор 23 хүн, түүний дотор хоёр эмэгтэй гишүүнээр бүртгүүлжээ.
Буриад үүрийн гишүүд долоо хоногийн даваа гариг бүр цугларч байна. Арваннэгдүгээр сарын дунд үе гэхэд дөрвөн удаа хуралдаж, хувьсгалт залуучуудын эвлэлийн зорилго, зорилтуудыг тодорхойлон ярилцжээ. Түүнээс гадна эвлэлийн үүр цаашдын ажлаа хэрхэн, ямар чиглэлээр явуулах гэж байгаа тухай илтгэлийг хуралд оруулсан байна. Илтгэлд гишүүдийн улс төрийн боловсролыг дээшлүүлж, орон нутагтай холбоо тогтоох нь чухал байгааг онцлон тэмдэглэжээ.
Үүрийн дэргэд хоёр бүлгэм байгуулахаар төлөвлөж байна. Нэг нь улс төрийн ажил явуулж, нөгөө нь соёл гэгээрлийн ажил эрхлэх болно.
Хураангуй сэтгүүл № 40. 1922 оны 11 дүгээр сарын 27
Орос орноор
БАЙГАЛЬ ХАВИЙН НУТГИЙН БУРИАДУУД
Байгаль хавийн нутагт болсон хувьсгалт тэмцлийн үе Орос, Буриадуудын аль алиных нь аж ахуйд хүчтэй нөлөөлсөн юм, үүний сацуу буриадууд газрыг нь булааж авсны улмаас сэтгэл санаагаар их унасан билээ. Буриадууд цаашдаа амгалан тайван хөдөлмөрлөж маргааш газрыг минь булаагаад авчих вий гэж айх айдасгүй байхын баталгаа гаргаж өгөхийг шаргуу хүсч байна. Энэ оны хавар Баргузин, Хижингийн район, Дээд Үдийн хошууны асуудлыг шийдвэрлэх болно. Учир нь эдгээр нутагт Орос, буриад хүн амын хооронд газрын маргаан туйлын хурц байдаг юм.
Хураангуй сэтгүүл № 58-59. 1923 оны 01 дүгээр сарын 28
Орос орноор
СЭЛЭНГЭ АЙМАГТ* ӨЛСГӨЛӨН БОЛЖ БАЙНА
Бүрэн бус мэдээгээр бол эдүгээ Сэлэнгэ аймагт нийт ард иргэдийн 30 хувь өлөн зэлмүүр байна. Түүнээс гадна тэнд хоёр жил дараалан гэдэсний хижиг, балнад, бам, цагаан бурхан өвчин гарч байна. Аймгийн эмийн санг Унгерний цагаантны дээрэмчид тоносон тул эм бэлдмэл огт байхгүй болжээ. Буриадын эрүүлийг хамгаалах газрын дарга тус аймгийг шаардлагатай эмээр яаралтай хангаж өгөх тухай хүсэлт тавьжээ.
Хураангуй сэтгүүл № 70. 1923 оны 02 дугаар сарын 28. Лхагва
*-1923 онд Монголын засаг захиргааны хуваарийг өөрчлөөгүй байв. Энэ Сэлэнгэ аймаг нь Орос дахь буриад аймаг юм.
ӨРГӨӨ ДАХЬ БУРИАД ХОРООНЫ ЭМНЭЛЭГ
Эмнэлэг нь 1922 оны 10-р сарын 2-ноос албан ёсоор ажиллаж эхлэжээ.
Эмчлэх зарчмууд:
- Ядуу буриадууд болон монголчуудад доктор үнэгүй эм олгоно. /Зарим тохиолдолд эмийн үнийг өөрийн өртгөөр нь төлнө/
- Түр хугацаагаар эмчлүүлэх зарим буриадууд болон монголчуудыг доктор Селезнёвын үзэмжээр шнэ төлбөргүй юм уу, зээлээр эмчилнэ.
- Эцэст нь эмчилгээний төлбөр эмчийн орлого болно.
Өвчний төрлийг хувиар авч үзвэл тэмбүү яр 70 хувь, арьсны бусад өвчин 10 хувь байна. Нүдний болон бусад өвчин 10 хувийг эзлэж байна. Арьсны өвчнөөр монгол буриадууд хамгийн бага өвчилж байна. Гэдэсний хижиг цагаан бурхан улаан эсэргэнэ зэрэг өвчнөөс гадна арьсны өвчин их дэлгэрэн халдварлаж байгаа нь зохих эмчилгээ байхгүй, хүн ам өөрсдөө хөшүүн хойрго, ариун цэвэрч бус байгаатай холбоотой бөгөөд энэ бүхэн нь төрөлт бага ер нь хүн амын өсөлт удаан байгаад нөлөөлж байна.
Өргөө хотын монгол буриад болон бусад хүн амын ер нь нийт Монголын хүн амын дотор эмнэлэг улам бүр нэр хүндтэй болж байгааг анхааран эмнэлгийн дэргэд хэвтэж эмчлүүлэх цэг (ядахдаа гурван ортой) нээх хөрөнгө олох нь чухал байна. Ядуусаас эхлэн ноёд дээдэс хүртэл, тэрчлэн Богдын өөрийнх нь тус эмнэлэг рүү илгээж буй өвчтнүүд зэрэг бүх хүн амын бүх давхарга эмнэлэгт ирж үзүүлдэг болж байна.
Ингэвэл доктор Селезнёвийн ажлын хөлс, ядуу өвчтөнүүдэд олгох эмийн үнийн зардлыг нөхөх бололцоо олдоно. Бас эмнэлгийн нийт зардлыг ч нөхөж болох юм. Үүнд доктор Селезнёв сард 90 хүртэл доллар* гаргаж байна. Хөдөлмөрийн хөлс эмчилгээний үнийн тухайд бол энэ бүхэнд 500, түүнээс ч илүү доллар зарцуулсан гэж доктор Селезнёв тооцоолжээ. Харамсалтай нь доктор Селезнёв эмнэлэгт хэчнээн хүн төлбөртэйгээр эмчлүүлснийг тайландаа дурдаагүй байна.
Эмнэлгийн ажил практикийн асар их ач холбогдолтой нь тодорхой билээ. Монголчууд болон буриадууд шинжлэх ухаанч европын эмчилгээний аргад дасаж байна. Европын энэ арга ариун цэврийг сахихад ч дэлгэрээсэй гэж хүсэх байна. Өрөө тасалгаагаа цэвэрлээгүй, халаат өмсөлгүй гэрийн цамцтай ажиллаж байгаа, алчуурууд хиртэй, хагалгаа хийдэг өрөө хогтой байгаа зэрэг нь эмнэлэгийн тухай ойлголттой авцалдахгүй байна. Ариун цэврийн зардал өчүүхэн мөнгө гаргаж байна.
*-Энэ нь тухайн үед Монголд гаргаад байсан үндэсний мөнгөн тэмдэгт юм. Аман ярианд Данзангийн доллар гэдэг.
Хураангуй сэтгүүл № 71-72. 1923 оны 03 дугаар сарын 03. Бямба
ТАЙЛАН
Буриад-Монголын Төв хорооноос Өргөөд 1923 оны 3 дугаар сарын 10-нд зохиосон үдэшлэгийн тухай.
Орлого: Тасалбар худалдсанаас 120, Буфетнээс 342.23, Номын худалдаанаас 206.60, Биллиарднаас 15. Дүн: 683.83.
Зардал: Хүнсний бүтээгдэхүүн, дарс, буфетны бараа, байр хөлсөлсөн болон бусад зардалд зарцуулсан нь 341.38.
Цэвэр орлого 342.45.
Үдэшлэг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст Төв хороо гүн талархал илэрхийлж байна. Буриад-Монголын Төв хорооны дарга Дашиев.
Хураангуй сэтгүүл № 81-82. 1923 оны 03 дугаар сарын 25. Ням
НОМЗҮЙ
Буриадын хувьсгалт хорооны хэвлэл “Шинэ амьдрал” сонин Читад буриад хэлээр хэвлэгдэн гарав.
Энэ сонинд гарч буй өгүүллүүд (ялангуяа орчуулгын) сонирхолтой, сургамжтай, цаг үеэ олсон байдаг хэдий ч бараг ойлгомжгүй, маш муу хэлээр бичигдэж байгааг харамсан тэмдэглэмээр байна. Чухам юу гэх гээд байгааг дандаа таахаас өөр аргагүй байна. Нөхөр Амагаев, Козьминий Буриадын БНУ-ын тухай өгүүллүүд практикийн их ач холбогдолтой учир энэ нь бүр ч харамсалтай байна.
Ойлгомжгүй муу хэлээр гардаг учир сонин буриад уншигч олонд хүрэхгүй байна, ийм ч учраас орон нутгаас сурвалжлага, өгүүлэл ирэхгүй байгаа бололтой. Буриадын хувьсгалт хороо буриадуудад зориулан энэхүү монгол хэлээр гардаг цорын ганц сонинд хөрөнгө хайрлалгүйгээр туршлагатай ажилтнууд (ялангуяа редактор) олж ажиллуулах талаар санаа тавина гэдэгт бид итгэж байна. И.Д
Халимагийн асуудлаар бичсэн нь:
ТОРГУУД АЙМГИЙН ХӨӨРХИЙ БОЛСОН УЧИР
Торгууд аймгийн ард нь ертөнцийн их байлдаан ба ялангуяа орос улсын өөртөө самуурч харилцан алалдсан учир шалтгаанаас түүний аймгийн хүн сөнөөгдөж, гэр хөрөнгө хохирсон нь нэн үлэмж бөгөөд суудлын иргэн нэгэнт амьдрахуйяа бэрх болоод бас тариалангийн явдлыг боловсруулан чадахгүй олон амьтан өлсөх даарах зовлон зүдгүүрт унаж үхэх зэргээр торгууд аймаг бүрнээ сөнөж барагдахуйд хүрэв хэмээнэ.
Хураангуй сэтгүүл № 6.
Олноо өргөгдсөний 12-р он 5 сарын 21. Аргын улирлын 7 сарын 15
Орос орноор
ХАЛИМАГ МУЖИД ӨЛСГӨЛӨН БОЛЖ БАЙНА
Өргөөд хүрэлцэн ирсэн Төвийн Гүйцэтгэх Хорооны өлсгөлөнд нэрвэгдсэн Халимаг мужид тусламж үзүүлэх асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч нөхөр Бадушов Монгол ардын засгийн газарт дараах агуулга бүхий илтгэл танилцуулжээ.
Сүүлийн жилүүдэд ган гачиг болж малын тоо толгой асар их хорогдсоны улмаас халимагуудын байдал тэсэхүйеэ бэрх болов.
Халимагийн малын тоо толгой хорогдсон байдлыг дараах тоо баримт харуулж байна. Хувьсгалаас өмнө 118.000 толгой адуутай байсан бол хувьсгалаас хойш 8.400 болтлоо хорогджээ. Халимагуудын 270.000 толгой үхрээс 145.700 үлдсэн байна. 28.000 тэмээнээс 5.100 үлдэв. 1.200.000 толгой богоос 450.000 үлдлээ. Иргэний дайн, ган гачиг тус нутгийг бараг бүхэлд нь үгүйрүүлж, ард түмний аж ахуйн үндэс болсон мал аж ахуйг устгав.
Халимагууд өлсгөлөнд зовж байгаагаар барахгүй сүүлийн жилүүдэд хонины тоо толгой хорогдсон учир дээл хийх нэхий, гэр бүрэх эсгий хийх ноосгүй болж даарч хөрөх болов.
Нөхөр Бадушов илтгэлийнхээ төгсгөлд ядарч туйлдаж байгаа Халимагийн ард түмэнд ах дүүгийн ёсоор анхаарал тавьж, тусламж үзүүлэхийг Монголын ардын засгийн газраас хичээнгүйлэн хүссэн байна.
Хураангуй сэтгүүл № 63. 1923 оны хоёрдугаар сарын 10. Бямба.
Монгол орноор
ХАЛИМАГУУДЫГ НҮҮЛГЭЖ ИРҮҮЛЭХ ТУХАЙД
Өлсгөлөнд нэрвэгдсэн Халимагуудыг Монголд нүүлгэж ирүүлэхэд бэлэн байгааг Монголын засгийн газар илэрхийлсэнтэй холбогдуулан Төвийн Гүйцэтгэх Хорооны Халимагийн автономит мужийг өлсгөлөнгөөс аврах төлөөлөгч нөхөр Батушев засгийн газарт хандаж дараах зүйлийг лавлажээ.
1. Халимагуудыг нүүлгэх асуудал эрхэлсэн комисс байгуулагдав уу?
2. Тэдэнд тусламж үзүүлэх үү, үзүүлбэл чухам ямар тусламж үзүүлэх вэ?
3. Халимагуудад тусгайлан нутаг зааж өгөх үү, эсвэл аймгуудаар тараах уу?
4. Нүүж ирсэн халимагуудад хоол хүнс, орон гэрийн тусламж үзүүлэх үү?
Нөхөр Батушев шилжин ирэгчид Зүүн гараас гаралтай тул тэдэнд Ховдын хязгаар хамгийн тохиромжтой гэж өөрийн зүгээс үзэж байна.
Буриад Монголын өлсгөлөнд туслах хороо өлсгөлөнд нэрвэгдсэн халимагийн ард түмэнд хандив цуглуулах тухай тогтоолыг бүр 1922 оны өвөл гаргасныг дашрамд дурдая.
Хураангуй сэтгүүл № 70. 1923 оны хоёрдугаар сарын 28. Лхагва.
Орос орноор
АВТОНОМИТ ХАЛИМАГ МУЖИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙ
Хөдөө аж ахуй жинхэнэ утгаараа Халимаг мужид бага байр эзэлдэг юм. Энэ бол гол төлөв мал аж ахуй, загас агнуурын муж юм. Малын тоо толгой тус мужийн сайн сайхан аж амьдралын үзүүлэлт болж байдаг бол одоо энэ нь маш доод төвшинд ороод байна.
Тайван цагийнхтай харьцуулахад малын тоо 80 хувиар буурчээ. Газар тариалан хөгжүүлэх нь тус мужид Зөвлөлтийн эрх баригчдаас тавьж байгаа гол зорилт юм. Цаг уурын болон ахуйн нөхцөл өвөрмөц онцлог, хангалттай хэмжээний хэрэгсэл худалдаж авах хүрэлцээтэй нөөц байхгүй, өнгөрсөн жил ургац муу авсан зэрэг нь энэ зорилтыг хэрэгжүүлэх явдлыг туйлын хүнд болгож байна.
Нутгийн эрх баригчид нөөцөөр туйлын ядуу байгаа нь байдлыг улам хүндрүүлж байна. Татвар авдаг цорын ганц зүйл нь цөөн тооны мал учраас татвар хураалт туйлын удаашралтай байна.
Хөдөө нутагт Зөвлөлтийн байгууллагуудаас хийж байгаа ажлын тухайд бол сүүлийн жилүүдэд зөвхөн аж ахуйн арга хэмжээнд төвлөрч ирлээ. Зөвлөлтийн байгууллагууд зарим мужид асар их ажил хийжээ. Жишээлбэл хаант засгийн үед халимагчуудын дунд соёл гэгээрлийн ажил огт зохиож байгаагүй байсан бол одоо тус мужид 100 хүртэл сургууль ажиллаж байна. Хүн амын нүүдэлчин ахуйн улмаас эдгээр сургуулийг дотуур байртай сургуулийн хэлбэрээр байгуулсан учир асар их зардал шаардаж байна.
Ер нь Халимагуудын байдал туйлын хүнд байгаа учраас Халимаг муж цаашдаа үндэстний өөртөө засан тохинох нутаг болон оршиж чадах болов уу гэсэн асуулт гарч байна.
Хураангуй сэтгүүл № 85-86. 1923 оны дөрөвдүгээр сарын 1. Ням.
Редакцийн хаяг : Улс төрийн газар. Утас № 44
Хувийн пүүс, хувь хүмүүсээс зарлал хүлээн авна. Нэг мөрийн үнэ 10 цент.
Монгол, орос хэлээр гарна.
Өвөрмонголын асуудлаар:
ТҮРЭМГИЙ ӨШӨӨТНИЙ ЗОХИОСОН ХУДАЛ ҮГ нь
Чөлөөт эрхтэй Монгол Улсын олон дайсан эгнэгт амар суухгүй бөгөөд тэд нар өөрсдийн чухал бодлогыг нуухыг эрхэлж зүйд үл нийлэлцэх худал үг зохиомой. Үлгэрлэвэл Харбин хотын оросын сонин бичигт хятадын эрх баригчдын үгийг баримталж өгүүлэх нь
Монголын Засгийн газраас Хөлөнбуйрыг эзэрхэн авах бодлого буй бөгөөд Хайлаар Манжуур зэрэг газарт орос монгол цэргүүд үзэгдсэн ба Манжуурын төмөр замын баруун нэгэн хэсэг газарт цөмрөн орохыг завдана гэжээ. Ийм зохиолын худал чимээг баримталж хятадын эрх баригчид дурдсан газрын цэргийг нэмж бусад элдэв хэргийг бэлтгэмүй хэмээжээ. Үүнийг үзвэл чөлөөт эрхтэй Монгол Улсыг хатган үймүүлэх зэргийн санаа гаргаж буй бөлгөө. Иймийн тул олн цэргийн захирал ба цэргүүд та бүгд дайсны муу хэрэг үүсгэхийг завдан бүхийг урьдаар сэргийлж, буу зэвсгээ чанга баригтун.
Хураануй сэтгүүл № 1.
Олноо өргөгдсөний 12-р он. 4 сарын 27. Аргын улирлын 6-р сарын 22
Олноо өргөгдсөний 12-р он. 4 сарын 27. Аргын улирлын 6-р сарын 22
МОНГОЛЫН ДАЙСАНД ТУСЛАСАН ГЭХ УЧИР ЮУ ВЭ?
Бээжингийн сонин бичигт үзвээс монголын аль нэг ноён нь монголоос хоёр мянган морьт цэрэг элсэн дайчлах учир хятадын жанжин Ванг Чу Лингээс зургаан түмэн төгрөгийн тэтгэмж авбай хэмээжээ. Хянаваас ван гүн хэмээх атугай ч монголыг залгихаар завдсаар байх дайсан Ван Чу Лингээс тусламж авсугай хэмээх учир юу вэ? Чухам хэн болохыг үл тодорхойлжээ хэмээмүй.
Хураануй сэтгүүл № 8
ЧАХАРИД
Хятадын Ерөнхийлөгчийн зарлигаар Чахарийн татар генерал Жан Чин Фуйг Жан Зо Линий талыг баримтлагч учир албан тушаалаас нь зайлуулжээ. Түүний оронд Купейн гарнизоны дарга байсан генерал Жан Чин Линийг томилсон байна.
Хураангуй сэтгүүл № 14. 1923 оны зургадугаар сарын 2
ӨРГӨӨ ХҮРЭХ ТӨМӨР ЗАМ
Бээжингээс Баотоу хүртэл урт байнгын төмөр замыг уртасгах төсөл боловсруулж байна. Цаашдаа Хятадын Засгийн Газар энэ төмөр замыг умар зүг Өргөө хүртэл үргэлжлүүлнэ гэж найдаж байна. Энэ нь Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын хувьд ч асар их холбогдолтой байх болно, учир нь төмөр замын шугамыг улам цааш нь үргэлжлүүлж, Өргөөг Өвөр байгалийн төмөр замтай холбох юм. Ер нь бол нэг мод төмөр зам бүхэн дэвшлийн замаар ахиж байна гэсэн хэрэг юм. Гэхдээ одоогийн нөхцөлд төмөр зам нь аж үйлдвэрийн төдийгүй цэргийн ач холбогдолтой юм. Хятадын империалистууд Монголын талаарх төлөвлөгөөнийхөө үүднээс замын цэргийн ач холбогдлыг илүү их тооцоолон бодож байна.
Хураангуй сэтгүүл № 14. 1922 оны 6 дугаар сарын 2
Хятад орноор:
ЦУУРХАЖ ЭХЭЛЖ БАЙНА
Хятадын сониноос иш татан цахилгаан мэдээний “Ройтер” агентлаг мэдээлэхдээ, “Улаантны толгой хүчин Хаалганы хавьд ирлээ. Тэд Өргөөгөөс ирсэн бололтой. Нутгийн оршин суугчид сандралд орлоо. Зохих шалгалт хийхийг эрх баригчид Бээжингийн Засгийн газраас хүсэв гэж Хаалганаас мэдээлж байна” гэжээ.
Хураангуй сэтгүүл № 73. 1923 оны гуравдугаар сарын 8. Пүрэв
Зочин
Жунго
Зочин
Зочин
mongolzuu
Зочин
энхээ
Зочин