Алдах эрхгүй ҮЗХ
АН-ын ҮЗХ ойрын үед гарцаагүй шаардлагаар хуралдацгааж, хэл үгээ ололцож, хариуцлагаа ухамсарлацгааж байна. Арга ч үгүй биз. Энэ байгууллага бол Монголын улс төрийн нэгэн том багана болох Ардчилсан намын эрх барих дээд байгууллага шүү дээ.
АН-ын ҮЗХ ойрын үед гарцаагүй шаардлагаар хуралдацгааж, хэл үгээ ололцож, хариуцлагаа ухамсарлацгааж байна. Арга ч үгүй биз. Энэ байгууллага бол Монголын улс төрийн нэгэн том багана болох Ардчилсан намын эрх барих дээд байгууллага шүү дээ.
Сүүлийн жилүүдэд АН нэг хүний, нэг хэсгийнхний амжиргааны төв, ашиг хонжоо олдог түшиц газар болон хувираад байсныг ҮЗХ тэвчээртэй хүлцэж ирсэн. Тэр бүү хэл намын их хурлаар сонгогдоогүй даргатай ч хүлээн зөвшөөрөөд л яваад байсан. Дөрвөн жил ч биш бүр зургаан жил шүү. Энэ зургаан жилд тус намыг эрх зүйн чадамжгүй гэж үзэж болох дарга удирдан залж ирсэн гэж хэлэхэд үнэндээ хилсдэхгүй. Сонгуулийн ялалтууд энэ сэдвийг хөндөх бололцоог мартагнуулж байсан хэрэг. Гэвч намынх нь дотоод тамир алдагдаж, буруу бараан үүлс дээгүүр нь миеэгнэж, хувьцаат компани шиг болон хувирч буйг хүчтэйхэн хөндөхгүй л байв. Энэ нь явсаар дарга нь намаа өөрийн охин компани шиг бодтолоо хадуурч, намыг өгөхгүй гэж эрээ цээргүй дайтадлаа замарчээ. Гэвч цагийн аяс ханз татан хаяж байна. Энэ намд даргыг биш хуулийг шүтдэг үе ороод ирчихсэн байна. Энд задарсан наймаа панзнаас жигшдэг, зарчим дээр хатуу зогсдог гишүүд нь сэрүүн байна. Үнэн хэрэгтээ өнөөдөр цахим сүлжээгээр “Түгжил”-ээрээ дуудуулан чичлүүлж байгаа гишүүд бол намдаа сэргээх эрчим хүч болон зогссон улстөрчид. Санал өгөөгүй бултсан хэд ч улс төр гэх хатуу талбарт орж ирчихээд энэ нутагт өөрийгөө авч явах гол зарчим дээрээ цоргитол ширтээд чанга зогсох зориг дутсан ч агуулгаараа бол буруу эргүүлгийг сөрсөн л хүмүүс. Улс төрд үнэт зүйл гэх бараг цорын ганц далд ойлголтон дээрээ нүүрээ ширлүүлээд ч хамаагүй мятрашгүй тэмцэх чанар хамгийн чуал. Оргож бусгасан, дотоод зөрчлөө амархан цэгцэлж чаддаггүй, ойрхон зуурын хямдхан нэр төр, ашиг завшаан бодсон, тал алдахгүйг хичээсэн, үнэн хэрэгтээ айсан туниагүй араншин хэрэггүй. Гэхдээ энэ 15 хүн парламентад байсан нь аз юм. Энэ аз АН-ын аз. Энэ азыг одоо Монголын аз болгохын төлөө зүтгэх цаг.
Өнөөдөр түгжил, урвагч, ар нуруунаас балиусдагчид гэх мэт элдвээрээ намнуулан байгаа ч энэ намын оройд байгаа лидерүүд нэгдмэл шийдвэрт хүрч, амь нас, залуу халуун үеээ бүтнээр нь зориулж, зольж байж босгосноо хамгаалж үлдэв. Тэд дараагийн үедээ энэ байр сууриараа бас л “хатуу самар”-нууд гэдгээ хэлж байна. Гэхдээ тэдний цаг хангалттай үргэлжилсэн, хувь заяаны эрх гадаа ирчихээд зогсож байгаа гэдгийг ч ухаарч байгаа биз. Ямар мөнхийн ус уусан биш дээ. Ахиад дараагийн үе ийм даруухнаар амбийцаа татаж авахгүй л болов уу.
АН-д сүүлд орж ирсэн нярай гэмээр үе бол байна. Ихэвчлэн төрийн албаар байршсан, үзэл санаа үнэт зүйл нь цэгцрээгүй энэ үеийг буруу ишилсэн сүх шиг болгох суурь тавигдаа юу даа гэж ажиглагчид хааяа дуугардаг. “Алтангадас” фракц залуусыг ингэж хэмхлэхэд багагүй үүрэг гүйцэтгэсэн байна. Тэрийг олж харж ядах юм үнэндээ алга. АН одоо энэ залуу үеээ үнэт зүйл дээрээ ирж жагсдаг, зогсдог болгон төлөвшүүлж авах цаг ирсэн байна. Нэг дарга огцроход цахимаар нэг нүүрээ шаагаад орилж байгаа тэднийгээ өөрчил. Тэдэнд өнөө маргаашийн цалинтай ажлаас илүү өөр ойлголт, өөр боловсрол, өөр мэдлэг чадвар, өөр сэтгэл зүрх хэрэгтэй. Залуу нас бол амин зуулганы төлөө үхэлдэж байдаг үе биш шүү дээ.
Түгжил гэдэг үгийг тэртээх “Тунгалаг тамир”-аас илүү моодонд орохыг үзлээ. Шударга ёс, эх орон, үндэсний үзэл, өвөг дээдэс, уламжлалт соёл ахуй ярьсан бүхэн доромжлогдож, эдгээр үгс үнэ цэнээ алдахыг харлаа. Сайхан санагдахгүй байна. Сайхан харагдахгүй байна.
Түгжил Түгжил л гэнэ. Үнэн хэрэгтээ жинхэнэ түгжил хэн бэ. Гурван сая ард түмнээ түгжилдсэн хүн хэн юм гэдэг асуултыг аяархан өөртөө тавиад нэг үзээрэй.
2016, 2017 онд чардайтлаа төлөх бондын төлбөр гэж сая сая долларын өр биднийг боомилон авахаар хүлээж байна. Энэ бүхний ард гарахын төлөө бүгдээрээ зүтгэнэ. Ийм дотоод зовлонтой үед Ардчилсан нам Төрийн дээр сандайлж болохгүй. Бид аль нэг намаар улс орноо зайдагнуулах сонголт ч хийгээгүй. Гэвч Н.Алтанхуяг нам төвтэй бодлого явуулах гэж тасралтгүй оролдлоо. Энэ оролдлогыг таслах нь зөв. Бид Төрийг дээдэлдэг үедээ хүчтэй байдаг. Одоо Төрийг тор гэж хардаг, түйтгэр, хамаг болох болохгүйн үүр гэж хардаг болчих гээд байна. Харах нүдийг минь хүртэл ингэж булингартуулж байгаад нийгмийн тодорхой хэсэг бухимдаж л байгаа. Энэ бүхнийг арилгахын төлөө шинэ Ерөнхий сайд ажиллана. Тийм учраас АН-ын ҮЗХ хариуцлагатай байх цаг.
ҮЗХ бол үндэсний хэмжээний энэ том намын “удирдлага”. Тийм учраас ахиад алиа шийдвэр гаргах, алиалагч сонгох эрх байхгүй. Монгол орон хямралтай тэмцэх хэрэгтэй байна. Эдийн засгийн, улс төрийн хямрал нүүрлэж ирчихээд байгаа ийм үед ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэгтээ хариуцлагатай хандахгүй бол энэ байгууллагын чадамжинд эргэж итгэх хүн байхгүй болно.
Саяхан хуралдсан ҮЗХ нэг хүнээс шалтгаалж дөрвөн цагийг нэг л зүйл тайлбарлаж ойлгуулахад зориулсан гэж бодохоор АН чинь Алтанхуягийг л хамгаалдаг газар болж хувираа шив дээ гэх эмзэглэлийг гадагшаа төрүүлж байна шүү дээ.
Гэсэн ч ҮЗХ олон цагаар хэрэлдэж хэлцэж байж Ерөнхий сайдаа тодруулах эрхийг парламент доторх намын бүлэгтээ шилжүүллээ. Олонхийн бүлэг нь 35 гишүүнтэй ч 27 нь дээрх хуралдаанд оролцож, Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэхийг 100 хувь дэмжсэн. Өөр нэг чухал шийдвэр нь АН-ын даргын МАХН-ын даргатай хийсэн гэрээг цуцалсан явдал. ҮЗХ ийнхүү зовж байж үндсэн шийдвэрүүдээ гаргав. Одоо энэ байгууллага жинхэнэ зарчимд суурилсан, хариуцлагатай байгууллага байх гарцаагүй шаардлагын өмнө тулж ирээд байна. Үүнийгээ ч тэд ухамсарлаж байгаа биз. Та бүхний ноён нуруу, та бүхний зарчим Монгол Төрийг төвшитгөх үйлсэд нэн чухал билээ.