Урсгалд орохуй
Авшиг (санъяас) бол жинхэнэ егүүтгэл. Амиа егүүтгэхийг би гэм нүгэл гэсэн үүднээс биш, зүгээр л дэмий үйлдэл болохоор нь буруушаадаг. Егүүтгэхийг үнэхээр хүсч байгаа бол санъяасин болбол зохино.
Авшиг (санъяас) бол жинхэнэ егүүтгэл. Амиа егүүтгэхийг би гэм нүгэл гэсэн үүднээс биш, зүгээр л дэмий үйлдэл болохоор нь буруушаадаг. Егүүтгэхийг үнэхээр хүсч байгаа бол санъяасин болбол зохино. Тэгснээр чи биеийн биш, сэтгэлийн төвшинд егүүтгэлийг үйлдэж, хорвоогоос гэтлэх замд орно. Тийм учир Будда түүнийг урсгалд орогч – сротапанна гэж хэлдэг. Хад цохион дээрээс далай руу үсрээд чи биеийн л үхлийг амсана. Харин Будда руу үсэрснээр сүнслэг үхлийг үзнэ. Багш дотор үхэх нь авшигийн утга. Энэ харанхуй там, будангуй зовлонд эргэж хэзээ ч хутгалдахгүй. Гэрэл гэгээ, баяр баясгалангийн эх булаг өөд улам дээш, улам цааш халин одно...
Үнэндээ амьдралаас хүн уйддаггүй, өөрсдийн явж ирсэн зам мөрөөс л уйддаг. Жинхэнэ амьдралыг та нар мэдэхгүй байж яаж түүнээс уйдах вэ? Та нар гагцхүү уйтан харанхуй, бохир заваан хонгилыг л мэддэг. Түүний төгсгөлд үхлээс өөр юу ч эс харагдах. Тийм байтал юуны төлөө энэ тамын зовлонг эдэлж суух вэ? Маргааш үхэх юм бол маргаашийг заавал хүлээх хэрэг юу байна? Өнөөдөр яагаад болохгүй гэж? Энэ бол амиа хорлохуйн логик. Энэ тухай огт боддоггүй хүмүүсээс илүү ухаан сэхээтэй хүмүүс л амиа хорлодог. Тэнэгүүд хэзээ ч тийм алхам хийхгүй. Тэнэгүүд амьдрал гэж боддог утгагүй давталтаас уйддаггүй. Харин оюунлаг хүмүүс “Энэ бүхний утга юу юм бэ? Нэг л хэвийн давталт, урьд ч ийм байсан, хожим ч тийм байх. Юуны төлөө би үргэлжлүүлнэ вэ?” гэж хааяа боддог. Тийм учир оюунлаг хүмүүс л амиа хорлодог. Гэхдээ илүү дээд, дунджаас хэтийдсэн ухаантнууд авшиг буюу бодь мөрийн талаар тунгаана. “Хязгааргүй оршихуй байсаар атал би эндээс ямар нэг утга олж чадахгүй, ямарваа жаргал хүртэж чадахгүй яваа нь юуных вэ? Би хэв загварт баригдаж, өөрөө өөртөө хаалт тавьсан юм биш байгаа? Магадгүй, амьдрах тэс өөр зам байж болох шүү дээ?” Энэхүү ‘амьдрах өөр зам’ нь авшигийн зам, гэгээрлийн мөр юм.
“Өдий хүртэл ашиг хонжоо, алдар нэр, амжилтын хойноос хөөцөлдлөө. Тэгээд зовлон, зовлон, бас дахин зовлон хураалаа. Одоо чанх эсрэгээр нь яваад үзье. Би шуналыг дадуулж ирсэн. Одоо шуналгүйг дадуулж үзье. Авахын төлөө л явж ирсэн. Одоо өгөхийн төлөө явъя. Би үргэлж бодол дотор амьдарч ирсэн. Одоо бодолгүй ухамсар, бясалгалыг амталъя. Би үргэлж хүсэл тачаалаар амьдарч ирсэн. Одоо нигүүлсэл хайраар амьсгалъя. Би нийгмийн хүчээр тулгасан зам мөрийг дагаж ирсэн. Одоо энгүүн байгалийн зам, аясаараа байх Дао, Дармын замыг дагаж үзье. Би үргэлж тэмцэлдэж, тулалдаж ирсэн. Одоо бууж өгөх, хүлцэхүйн амтыг мэдэрье. Би үргэлж урсгал сөрж явсан. Одоо урсгал аясаар хөвж үзье.” Энэ бол авшиг юм.
Дахин хэлье. Адгийн тэнэгүүд амиа хорлох тухай хэзээ ч боддоггүй. Мэдээж тэд авшигтны амьдралыг зүүд мөрөөдөлдөө ч агуулж чадахгүй. Амьдрал гэж нэрийдсэн зүйлийнхээ утгагүйг олж харах сэхээ тэдэнд дутдаг. Тэгвэл дундаж оюунлаг хүмүүс хорвоогийн утгагүй хоосныг олж харах мөртлөө “Энэ бол жинхэнэ амьдрал биш, зүгээр л миний хэв маяг биш үү?” гэж ухаарах чадвар дутдаг. Тиймээс тэдэнд амиа егүүтгэж хорвоогоос зугтах л санаа төрдөг. Тэгвэл оюун билгийн дээд Будда, Христ, Лаоз, Заратустра шиг хүмүүс учрыг даруй сэхээрдэг: “Явж байгаа зам маань буруу учраас л би төөрөөд байна шүү дээ.” Ингээд тэд зам мөрөө өөрчилдөг. Амьдралынхаа хэв маягийг орвонгоор нь эргүүлдэг. Энэ эрс өөрчлөлтийг авшиг буюу санъяас гэнэ. Би та нарыг илүү дээд, илүү оюунлаг аргаар егүүтгэлийг үйлдээсэй гэж хүсч байна. - Ошо
(“Агнистын гэгээ” цуврал -13. “Нирваан”)
Буг үхэхээс өмнө
Бурхан мэндлэхээс өмнө уучлал эрье.
Буг уучлал гуйна гэж үү?
Энэ гайхмаар гуйлт шүү.
Бугийг өршөөнө гэж үү?
Тэр биширмээр өршөөл шүү.
Бурханд уучлал хэрэггүй болохоор
Бурхан уучлал гуйх ч үгүй.
Бурхан мэндлэхээс өрсөж
Бугийг уучилж хайрла.