Завсар дахь ЗАСАГ
Анхны бүтэц “хэргээ хийсэн”. Шинэчлэлийн Засгийн газар яамдынхаа тоог цөөлөх болсон шалтгааныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг ингэж тайлав. Гэхдээ 16 яамтай ажилласан бүтэц үр дүнтэй байж, “эдийн засаг, уул уурхай, барилга, хот байгуулалт, зам тээвэр зэрэг салбарын бодлого тодорхой” болсныг дээрх тайллынхаа тайлбар болгосон юм. Тэгээд яг эдгээр салбаруудын зургаан яамыг өөр хооронд нь нэгтгэн багцаллаа.
Ерөнхий сайдын цавчаа
Энэхүү учир шалтгаан, түүний тайлбар болон үйлдлийн уялдаа холбоог дүгнэхийн тулд юуны өмнө Шинэчлэлийн Засгийн газрын анхны бүтцийг тоймлоё. Н.Алтанхуягийн гэж хожмоо түүхчлэгдэх Засгийн газрын анхдагч бодлого нь төсвийн гэж хэлж болох Сангийн яамны “халааснаас” эдийн засгийн бодлогыг тусад нь гаргаж, ач холбогдлын эрэмбийн зохих түвшинд гаргаж тавьсан, нийгмийн халамж, хамгаалал хийгээд хүн ам зүйн асуудлуудын хавчуурганд байсан хөдөлмөр эрхлэлтийг өргөж гаргасан, эдийн засгийн “зүтгүүр” болж байгаа уул уурхайг тусгайлан авч үзсэн, үндсэндээ 1990-ээд оны дундаас орхигдсон соёлын салбарыг татан авсан гээд олон онцлогоороо ялгагдаж байлаа. Магадгүй, сүүлийн 20 гаруй жилийн бүх Засгийн газруудаас хамгийн өргөн бүтэц, өнөр бүрэлдэхүүнтэй нь байх. Хэдийгээр “данхар” гэх нэр зүүж, давхардал хийдэгдлийн тухай шүүмж хаяглуулж байсан ч гэлээ бүтцийн харьцангуй тодорхой, илэрхий байдал нь давуу тал болж байв. Дэд бүтцийн салбаруудыг салгаж, бодлого, чиг үүргийг нь зааглан, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл барьж ажилласан нь илэрхий үзэгдэхүйц өрнөсөн.
Өөрийн гэсэн онцлогтой, зорилго зорилт нь томруун харагдсан энэ бүтцээ эрс өөрчилж, өмнөх өөр намын Засгийн газрынхтай ижилсүүлсэн өөрчлөлтийг хийхдээ Ерөнхий сайд эдийн засгийн голлох яамдаа цомхотгох бодлого баримтлав. “Үүргээ гүйцэтгээд дуусчихсан” гэх тайлбар нь итгэл үнэмшлээс холуур сонсогдоно. Харин ч өргөтгөл шинэтгэл, бүтээн байгуулалтын их ажлынх нь эхлэлийг тавьсан зам тээвэр, барилгын болон эдийн засаг, эрчим хүчний асуудлуудад цааш цаашдын нарийвчилсан зохицуулалтууд улам илүү хэрэгтэй үед тас цавчсан гэнэтийн шийдвэр гаргаж байгааг чухам улс төрөөс өөр юугаар ч тайлбарлах боломжгүй.
Хоёр жилийн өмнө Засгийн газрын тэргүүн “Улс төр, бизнес хоёрыг хутгахгүй” гэж байлаа. Энэ эрмэлзлээрээ тэр салбарууд, ажил үүргийн заагийг нарийн тодорхой ялгасан бүтцээр танхимаа байгуулсан. Эрх зүйн утгаар нь “парламентын олонхи” болох улс төрийн шаардлагаар үхрийн бөөр шиг фракц, эвслүүдийг зангидсан нь шалтгаалсан байх. Гэхдээ л тэр энэ шалтгааныг зөв маневрлаж, “төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чадавхийг нэмэгдүүлэх, нөөцийг зөв хуваарилах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх” зарчмаар сайд нараа бүрдүүлж чадсан. Ерөнхийдөө шүү дээ. Харин тодорхой түвшинд энэ шалтгаан гүйцэтгэх засаглалын ажилд жинхэнэ саад тотгор нь байсныг хэлэх хэрэгтэй. Танхимын доторх уур амьсгал ямар байдалтай байсныг сайд А.Гансүх, Ц.Оюунгэрэл нарын жиргээч Ц.Баттай холбоотой хэвлэлийн мэтгэлцээн тод томруун харуулсан. Өөд өөдөөсөө хараад сууж байгаа сайд нар өөр хоорондоо үг солилцохгүй хэмжээнд ажилладгийг тэд илэн далангүй ярьсан. Нэг танхим, нэг Засгийн газар гэхэд итгэхэд, ойлгоход бэрх тийм харьцааны тухай илэрхийлсэн тэдний энэ “жижиг сажиг” үйлдэл мөн чанартаа Засгийн газар доторх улс төрийн уур амьсгалын бодит төрхийг илтгэн харуулсан юм.
Оноо, алдааны жинлүүр
Уурхайнууд зогсож байна. Хөрөнгө оруулалтууд буцаж урслаа. Доллар хомсдож, ханш нь чангарав. Импортоос хэт хамааралтай эдийн засаг халлаа. Хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүний 70 хувийнх нь үнэ өсөв. Инфляци хөөрч, худалдан авах чадвар суларлаа. Бизнес царцав. Компаниуд алдагдал хүлээж эхэллээ. Татварын орлого тасалдлаа. Эдийн засгийн өсөлт саарав.
Үндсэн хэмжигдэхүүнээр дүгнэвэл Шинэчлэлийн Засгийн газрын эхний хоёр жилийн эдийн засгийн засгийн үзүүлэлтүүд ийм илэрхийлэлтэй. Дугаар хорооны иргэн Дорж, Долгор нарын амьдрал сүүлийн хоёр жилд үнэхээр сайжраагүй. Сайжраагүйгээр барахгүй үнийн дүнгээрээ буурсан. Инфляцид нөлөөлнө гэж үзээд цалин, тэтгэврийг тогтвортой байлгасан ч бусад хүчин зүйлээс шалтгаалаад бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн. Тооцоолуур дээр тоон дүн ингэж л гардаг. Харин тоон дүнгүүдийн цаад агуулга руу ялимгүй шагайвал бодит үр ашиг арай өөр дүр төрхтэй харагдана.
Засгийн газар энэ жил аж үйлдвэрлэлийг дэмжсэнээр нийт үйлдвэрлэл ноднингийнхоос 40 шахуу хувиар нэмэгджээ. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл зогсож байгаа юм шиг харагдаж байгаа ч бараг 50 хувиар өссөн байх юм. Боловсруулах үйлдвэрлэл 30 хувь, эрчим хүчний үйлдвэрлэл 20 хувиар нэмэгдлээ. Эдгээр өсөлтүүд гараагүй бол Монголын эдийн засаг дээр дурдсан макро үзүүлэлтүүддээ татагдаад уначих байсан биз. Цаашилбал, ус, ундаа, шингэн сүү, бууз, банш, сүлжмэл эдлэл, цэвэр ус, гурил, гоймон, зайрмаг, вакуум цонх, хаалга, зүсмэл материал зэрэг жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн бараг 250 хувийн, алтны үйлдвэрлэл 65 хувийн өсөлт үзүүлжээ. Экспорт бараг 25 хувиар нэмэгдэж гадаад худалдааны алдагдал буурлаа.
Амгалангийн дулааны станц, “ТЭЦ-IV”-ийн өргөтгөл ирэх сард ашиглалтад орчихвол энэ оны зургадугаар сард бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн “ТЭЦ-III”-ийн 50 мВт-тай нийлээд сүүлийн жилүүдэд бий болсон эрчим хүчний эрэлтийг ирэх хоёр жилийнхтэй нийтэд нь хангана. Сүүлийн хоёр жилд дэвссэн автозамын нийт урт 1990-2011 онд тавьсан бүх замыг нийлүүлснээс хол давав. Орон сууц, барилгын болон арматур, цемент, ханын материал зэргийг үйлдвэрлэх хүчин чадал ойрхи жилүүдийн хэрэгцээг хангахуйц хэмжээнд хүрлээ. Хөрш орнуудын төрийн тэргүүнүүдийн айлчлал болоод Бишкекийн гурамсан уулзалтын дүнд “Талын зам” санаачилга дэмжигдэн, цаасан дээр байсан санаа газарт бууж ирэв.
Энэчлэн тоочих сайн, муу олон үр дүн 16 яам, 19 сайдтай Н.Алтанхуягийн Засгийн газарт оногдоно. Бүтээмжийнх нь жин улс орны нийгэм, эдийн засгийн салбарууд, яамдын аль хэсэгт илүү дарахыг олон нийт надаар хэлүүлэлтгүй мэдэж, дүгнэж байгаа. Харин тэрхүү жин дарж буй хэсгийг цохлон авч “улс төрийн цомхотгол”-д оруулж буй Ерөнхий сайдын шийдвэр цаанаасаа “дарамт, шахалттай” гэсэн таамаг “хий үзэгдэл” шиг тэнүүчилж байна.
Хуучин тохироотой шинэчлэл
Засгийн газрын шинэ танхим 16 сайдтай ажиллана. Одоо байгаа сайд нарын гурав нь огцорч, дөрвийнх нь эрхлэх асуудлын хүрээ, статус өөрчлөгдөнө. Зарим сайд нарт хариуцлага тооцохыг УИХ дахь МАН-ын бүлэг шаардаж, Ерөнхийлөгч шинэ бүрэлдэхүүнээ парламентын гаднаас бүрдүүлэхийг санал болгож байгаа. Эдгээр нөлөөллүүдийг харгалзана гэвэл Засгийн газрын гишүүдийн тэн хагасаас ч илүү нь өөрчлөгдөж болзошгүй нөхцөл нэгэнт үүсээд байна. Хэрэв тийм байдалд хүрвэл Засгийн газар Үндсэн хуулийн дагуу бүрэлдэхүүнээрээ огцрох болох юм.
Ерөнхий сайд шинэ бүрэлдэхүүнийхээ талаарх саналыг УИХ-д өргөн бариагүй байна. Түүнд ердөө гурван сайдыг “цомхотгоод” танхимаа хуучин бүрэлдэхүүнээр нь үргэлжлүүлэн ажиллуулах сонирхол байсан болов уу. Гэвч гурамсаж эвссэн Засгийн газар бүрдүүлсэн түүнд энэ асуудлыг улс төрийн түвшинд шийдвэрлэх шаардлага тулгарлаа. Тэрээр хамтран ажиллаж байгаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй шинэчлэх бүрэлдэхүүнийхээ талаар зөвлөлдөж, тус тусын суудлаасаа нэжгээдийг хасах санал оруулсан тухай албан бус мэдээлэл байна. ИЗНН-ын дарга, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа болохоор чөлөөлөх боломжгүй гэгдэж буй. Огцрох хамгийн магадлалтай сайд нарын жагсаалтын эхэнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нар бичигдэж байна.
“Шударга ёс” эвсэлтэй хийх гэсэн Ерөнхий сайдын хэлэлцээ бүрэн гүйцэт болоогүйг үйл явдлын өрнөл нотолж байна. Учир нь тус эвсэл дэх нэг намынх нь дарга гадаадад байсан. АН-ын дарга Н.Алтанхуяг БСНУ-д эмчлүүлж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг дуудан ирүүллээ гэх хов жив эдгээр намууд хоорондоо байгуулахаар хагас жилийн өмнөөс төлөвлөсөн түншлэлийн гэрээтэй холбоотой. Ирэх хоёр ч удаагийн сонгуульд нэгдсэн бодлоготой оролцох тохироотой энэ гэрээ 10 жилийн хугацаатай төлөвлөгджээ. Хэдийгээр албан ёсоор байгуулагдаагүй ч энэхүү гэрээний тохироо үйлчилж эхэлснийг гадаадаас ирүүтээ Засгийн газрыг шинээр эмхлэх ажилд идэвхийлэн оролцож буйгаараа Н.Энхбаяр нотлон харуулж байна.
Хоёрдугаар хагасын чиглэл
УИХ бүрэн эрхийнхээ хоёр дахь хагаст орлоо. Ердөө жил гаруйхны дараа сонгууль болно. Энэ намрын чуулганаас эхлэн парламент, түүний бүтцийн нэгжүүд болон намын бүлгүүд дандаа улс төрийн, ингэхдээ дараагийн сонгуулийн бэлтгэл болох шийдвэрүүдийг гаргаж ажиллах болно. Цаг хугацааны энэ нөлөөллийг АН-ын дарга үечлэн үзэж, Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөхөөр шийдсэн бол шинэ танхимаас “хөгжлийн” гэж хэлж болохуйц алсын хараатай ажил, шийдвэр хүлээгээд нэмэргүй л болов уу. 2015 оны төсвийн төслийг боловсруулахаасаа эхлээд “сонгогчдод” чиглэсэн хандлагаа илтгэж байгаагаас хар сэрийн маань энэ сэжим улам лавшраад байна.
unshigch
Гана