Аз жаргал сэтгэлд бий
Айлаас эрэхээр авдраа нээ
Атаа хорсол ч сэтгэлд  бий

Цонхон дээр суусан ялаа цомгоос.


Манай нэрт драматур Д.Намдаг агсан маш үгэнд дуртай хүн байсан тухай түүний гарын шавь Ш.Гүрбазар ихэд ярьдаг билээ. Намдаг гуай гадуур уншигдаад шуугиад байгаа номыг уншсан хүнээр нь эхлээд яриулдаг байжээ. Ном уншсан хүн хэрвээ сайтар ойлгосон бол бусдад ярихдаа гол зүйлийг нь хэлж чаддаг. Тэгж яриулсны дараа нарийвчлан ойлгохоор тухайлан сонгож унших бас их сайн арга гэж би боддог.

Одоо цагт энэ интернэт маш их мэдээлэл агуулж байгаа ч бас олон бодол нисванисыг хөгжөөдөг болохоор олж харах, тогтож бодох, шүүж авах гэдэг маш том ажил бий болжээ. Маш их хурд дунд үзэгдээд өнгөрдөг болохоор тогтоож  бодож унших дадал аажмаар алга болж нэг л их яаруу сандруу хальт мулт юунд ч юм яараад ойлгосон, ойлгоогүй хариу үйлдэл хийхийг урьтал болгодог  хүний тоо өссөөр л байх юм.

Олон сонголтоос юм олж шүүрэх тийм ч амар ажил биш билээ. Ёстой л Бурхан багшийн сургаснаар “Үзэх гэдэг үзэхийн төдий, Сонсох гэдэг сонсохын төдий…” гэгч жинхэнэ утгаараа болоод ирлээ. Бодит зүйлс улам л хоосон чанартай болж байна. Хөгжмийг ердөө өчигдөрхөн эхлээд пянзан дээр, дараа нь си ди дээр бичиж худалддаг байлаа. Гэтэл одоо  бол iTunes хэмээх хоосон чанарын ертөнцөөс  татаж авна. Тэр нь хэзээ ч дуусахгүй ийм л нэг сонин хоосон чанарын ертөнц улам хүрээгээ тэлсээр л байна. Энэ самбар дээр шохойгоор бичихээс ч хурдан арилж үгүй болдог, үй түмэн бичвэр бодол санаа нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлэхэд маш их нөлөөтэй ажээ. Зарим оронд болж буй хувьсгалыг твиттерийн хувьсгал гэж хүртэл нэрлэж байгааг харахад маш их нужидтай эд болж таарч байна.
    
Бид энэ өнгөрсөн хугацаанд маш их туйлширсан сэтгэлгээтэй болж амжжээ. Хоёр зуун жил Манжийн нөлөөнд, 100 орчим жил Оросын нөлөөнд автаж буруу номтон болсны хар гай. Дайсны тал манай тал гэж хар багаасаа кино, номоор нүдүүлсний ч бас хар гай байж мэднэ. Баян хүн бол адгийн амьтан гэж бараг социализмын үеийн кино болгонд сургадаг байснаас атхаг сэтгэл бусдыг ялгаж харах үзэл ихэд дэлгэрсэн байх талтай юм. Бүр тэр аяараа анги болгон хуваагаад ангийн  тэмцэл гээд нийтээр нь талцуулж дайсагнуулдаг байсан цаг. Социализмын үед ядуу малчин ардын хүү гэж гурван үеэрээ гуйлгачин байсан гэж бахархах нь холгүй бичдэг байлаа.

Бүгдээрээ жигд амьдрах гэгч социализмын үед социалист хуулиар, социалист үзэл суртлаар дарамталж, эрх чөлөөг боомилж хүний үзэл бодол, чадавхийг нэг хайрцагт оруулж байсан ч харин тэр үед манайхан амьжиргааны түвшнээр бол бүр бүгдээрээ дундаж давхрага байжээ. Улс төрийн товчооны хэд арай дөнгүүр ч гэлээ бас өнөөдрийнх шиг баяжсан олигархийг тэднээс олох ямар ч арга байсангүй. Гэхдээ бас нэг сайн тал байсан нь төр засаг мэргэшсэн боловсон хүчинтэй байлаа. Одоо л төр данхайлаа гээд байж байгаад л сайд нараа, яамдаа цөөлөх гээд байдаг ч үнэн хэрэг дээрээ 1970-1990 оны үед Засгийн газар 42-46 хүнтэй байсан тухай саяхан Баабар нийтлэлдээ дурджээ.

1990 оноос  энэ капитализм орж ирснээр дундаж давхрага үгүй болж баян ядуу гэсэн хоёрхон ангид хуваагдаж эхлэв. Баячуудыг яалт ч үгүй улс төрчид зонхилох бөгөөд улс төрөөс өөр бизнес бараг үгүй болж байна. Одоо хүн бүр босс болох тухай, болж л өгвөл арван хүний ч хамаагүй дарга болох тухай л бодно. Гэвч босс болох гэдэг хүн бүрт заяадаг чадвар биш ажээ. Ер нь  онолоор бол нийт массын дөнгөж 20 хувь л удирдах, тэргүүлэх чадвартай байдаг бөгөөд үлдсэн 80 хувьд тийм чадвар байдаггүй байна. Өнөөдөр дундаж давхрага маш хэврэг цөөнх болсон бөгөөд чив чимээгүй ядуу давхрага руу гулсаж орох  өндөр магадлалтай болжээ. Олон ч айл чимээгүй доошоо гулсаж унасаар л байгаа. Зарим нь хэлээд ядуу давхрагад орж байгаа бол ихэнх нь манай нэрэлхүү зангаараа дуугүйхэн хувь тавилантайгаа эвлэрч байна. Цаашдаа ч энэ ангал улам бүр холдож мэднэ. Гэтэл саяхны нэг нийтлэгдсэн “Хятадыг хэн тэжээх вэ?” гэсэн гарчигтай Т.Галбадрах гэгч докторантын бичсэн нийтлэлд; “Одоогийн байдлаар Хятадын ард түмний 10 хувь нь дундаж түвшинд байгаа ч 2020 онд энэ түвшнийхэн нийт хүн амын 40 хувийг эзэлнэ гэсэн тооцоог Брукингсийн Волфинсон Хөгжлийн Төвөөс гаргасан байна. Энэ нь 670 сая хүний тухай ярьж байна гэсэн үг юм. Хятадын дундаж давхрагынхны өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулдаг мөнгөн дүн ойролцоогоор 100 ам.доллар буюу 182300 төгрөг байхад манай улсын хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин үүнээс бага буюу сарын 149900 төгрөг байна” гэж дурджээ.

Манай дундаж давхрага тэдний дундаж давхрагын нэг өдрийн хоолонд зарцуулдаг мөнгө сарынх нь зарцуулах мөнгөнөөс бага байна гэсэн үг. Цаашдаа бид дундаж давхрагагүй болох зам руугаа явж байдаг.

Уг нь  бизнесмэн гэх хүн зөв сэтгэлтэй бол хамгийн бодитой буян тараагч шүү дээ. Тийм хүмүүс маш олон хүний амьдралыг чирч явдгаас гадна бусдын идэх, өмсөх, эдлэхийг хийж бүтээж байдаг болохоороо буян л хийж байгаа хэрэг юм. Номин гэх улс орон даяар тархсан сүлжээ дэлгүүрийн хийж буй буяныг баргийн хүн хийж дөнгөхгүй шүү дээ. (Гэхдээ харамсалтай нь өөрсдөө талх махнаас бусдыг шахуу гаднаас л авч байна) Гэтэл бид анх ардчилалд ороод л  бүх зүйлийг гаднаас хайж гарлаа. Рокфеллер, Форд, Билл Гэйтс  энэ тэр л гэж ярихаас Номингийн Баярсайхан Женко Баттулга MCS-ийн Оджаргал гэж хэн ч үл ярина. Яривал үзэн ядсан атаархсан өнгөөр л муу хэлнэ.  Айлд л сайн сайхан байдаг, манай гэрт бол  юу ч байдаггүй бололтой.

Улаанбаатар хотын 375 жилийн ойн кино хийж явахдаа нэг зүйлийг бат нут ойлгосноо дэлгэхэд, энэ хотыг бид 50-иад оноос хятадуудаар, тэдний Засгийн газрын буцалтгүй тусламжаар бариулж эхлүүлээд, оросуудаар гүйцээж  дуусгасан байх юм. Гол бүтээн байгуулалтыг Орос хийжээ.  ЗХУ гэж бурхны ивээлээс гараад хог дээр үсрээд туслах хүнээ одоо ч гэсэн гаднаас хайсаар л байгаа ажээ. За тэгээд яг ийм сэтгэлгээгээрээ тэр үеийн ерөнхийлөгч, намууд, бүр бүх улс төрчид гадаадын хөрөнгө оруулагчийг л татна гэж 25 жил яриад  овоо олон гадны хөрөнгө оруулагчдыг татсан ч 2012 оны сонгуулийн өмнөөс амтай болгон манайх 51 хувийг эзэмшинэ гэж нэгэн дуугаар  зэрэг шуналтсанаас болж арай гэж нааш харуулсан тэднийгээ хөөж орхив.

М.Энхсайхан өөрийнхөө постондоо “Үргээлэг 2012” нэртэй бичвэр бичиж түүндээ доорхи зүйлсийг дурджээ;

“2012 оны сонгуульд одоогийн парламентад суудал бүхий намууд ямархуу байр суурьтай оролцож байсны жишээг харъя. Сонгуулийн хөтөлбөрөөс нь авав.

АН: “Уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгож, хэрэгжүүлнэ”

МАХН-МҮАН: “Оюу Толгойн Монголын талын эзэмших хувь хэмжээг 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр гэрээг өөрчилнө. Тавантолгойн ордыг бүхэлд нь ард түмний мэдэлд байлгаж, монголчуудыг өмч хөрөнгөтэй баян чинээлэг амьдрах нэгэн чухал үндэс суурийг бүрдүүлнэ”

МАН: “Стратегийн ордуудын жагсаалтыг өргөтгөж, 50-иас доошгүй хувийг нь Монголын тал эзэмшдэг болгоно. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул, судалгаа хийгдсэн ордуудыг ашиглахдаа төрийн оролцоог 51-ээс доошгүй хувиар тогтооно”

Дээрх заалтууд мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгалаа олсон байгаа. Монгол мөнгөтэй, чадалтай, туршлагатай байсан бол за яахав гэхсэн. Хүсэл нь бололцооноосоо хавьгүй хэтэрсэн тул үүнийг хэрэгжүүлэх бололцоогүй”
    
Тэгээд үр дүн нь 2012 онд 4,452 байсан гадны хөрөнгө оруулалт энэ хоёр жилд 380 болтлоо шалдаа буужээ. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав гэдгийн үлгэр энэ мөнөөсөө мөн ажээ.

Бид дандаа бие биенээ дуурайдаг. Нэг нь бар нээвэл бүгд бар нээж бар улс болно. Хэн нэг нь телевизтэй болбол би яаж дутахав гэсээр одоо 60 гаруй телевизийн дунд “олдвол өлдөнө” гэдгийн үлгэр болоод сууж байна. Өнөөдөр телевиз ч үзэхээ байлаа, сонин ч уншихаа байлаа. Бүгд энэ интернэтээр л хүссэн ч эс хүссэн ч хамаг мэдээллээ олж хардаг болж. Энэ бол хэн ч хамаагүй юу ч хамаагүй бичиж болдгоороо өнөөх хийрхлийг дэвэргэх талбар юм. Энэ бас саяхнаас хотжиж хамтаараа амьдардаг болсон уугуул хөдөөний хүмүүсийн зан авир ч байж мэднэ. 1910 оны хүн амын тооллогоор Улаанбаатар хотод ердөө 50 мянга орчим хүн амьдарч байсан тухай мэдээлэл байдаг. Энэ тоо одоо бол нэг сургуулийн л хүүхдийн тоо шүү дээ.

Хамгийн гол ярих гэж гарчигласан “авдраа ух” гэсэн сургааль огт амьдралд хэрэгжихгүй байсаар байгаад манай хоцрогдол оршиж байх шиг. Гадны л хүн бол хүн, Монгол бол Монгол шүү дээ гэсэн ухагдахуун бүр маш хүчтэй бидний далд ухамсарт  суужээ. Хэн нэг нь үхэж үрэгдэж алга болбол тэр суут хүн болж хувирна. Хажууд нь байвал огт тоохгүй. О.Дашбалбар агсныг хүний адаг, фашист зандалчин, архичин энэ тэр гэж  гэж ярьж бичиж байсан хүмүүс одоо бол “ээ гэгээн минь, түүн шиг эх оронч байгаагүй” гэж бичицгээх болж. Харин өнөөдөр юмаа хийгээд бүр хүний хийдгээс илүү хийгээд яваа нэгнээ бол аа тэр үү нэг хачин юм байсан шүү дээ гээд огт үл тоох ажээ. Нэг гадаадын сэхээтэн хүн; “Танайх их сонин орон. Юм бүтээсэн хүнээ огт харж үзэхгүй тусалж дэмжихгүй хэрнээ юу ч бүтээгээгүй зүгээр л наадмаар барилдаж даваад байсан бөх хүнийг бурхан мэт шүтэж даваа болгонд, шинжлэх ухааны бүтээл туурвил, ном зохиол бичсэн хүний бүх насаараа мөрөөдөөд авч чадахгүй үнэтэй жип машинаар шагнадаг уламжлатай нь бүр ч хачин” гэж билээ. Мэдээж Монголын нэрийг дэлхийд гаргасан Дагвадоржийг тэр хэлсэнгүй. Түүнд ч одоо бас олон түмэн тийм ч сайн хандахаа хэдийнээ больжээ.

Хүн бүрийн бүтэн хагас ч гэлээ уншсан “Монголын нууц товчоонд” гавъяа байгуулсан нэгнээ  9 ялаас хэлтрүүлж дархлах гэх мэтээр төр нь гавьяатнаа урамшуулж, бас  уучилдаг байсныг бараг бүгдээр мэдэх билээ. Цөөхүүлээ улс ингэж алдартнаа дархалдаг байж. Бид маш цөөхүүлээ. Нэг Монгол нөгөө Монголоороо гоёдог болох юмсан.

Уг нь бол хүн бүр хийж чаддаг ажлаа, сэтгэлээ бүрэн  гаргах ажлаа хийгээд тэрийг нь төр нэртэй дээдэс нь, төсөв нэртэй олноос хураасан мөнгөөрөө  дэмжээд явахад улс орон өөрөө хөгжөөд явдаг байлтай. Олзыг олуулаа гэдэг. Олигтой юм хийх хүн шиг олз гэж хаана байх билээ.

Улаанбаатар хотын даргаар Э.Бат-Үүл сонгогдоод хоёрхон жилд ямар их юм хийснийг харахад болмоор л  харагдаж байх юм. О.Магнай гэж хувьсгалч нөхөрт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг өгчихсөн, өнөөх нь амилаад ард олны тусын тулд ажил хийгээд эхэлсэн зэрэг бас ч газраа олбол болдгийг хэн хүнгүй харж л байгаа.

Иймэрхүү юм бичлээ гээд гэнэт хажуудхаа шүтээд унах нь ч юу л бол.

Ерээд онд бүх хүн ганзагачин байхад Польшид очоод нэг хүнтэй сүрхий дотночлон өөрийгөө танилцуулах гээд баахан Оросоор ярьтал өнөөх маань өөдөөс ойлгосон ч юм шиг ойлгоогүй ч юм шиг харж харж не разумием гэж билээ.

Өнөөдрийн улс төрийн байдал үнэхээр не разумием болчихоод байна даа.