УИХ-ын намрын чуулган эхлээгүй байна. Гэнэт яагаад л Засгийн газраас хэн нэгнийг “шилгээх” тухай яриа дэгдээд унав даа. Айлчлалууд цэгцэрч улстөржилт хийх “ногоон гэрэл” ассаных уу. Айлчлал гэснээс зочид ч яах вэ, яваад өгнө. Үр дүн нь тодорхой. Ядарсан Монголын эдийн засгийг намгаас татаж гаргаж өгөөд ирлээ л гэцгээж байгаа биз. Харин миний Монгол оронд юу үлдэв. 

Хамгийн айхавтар “хайчин галын” дундуур сөрж хэлэлцээр хийгээд үр дүнд нь салбараа сэвхийтэл босгоод ирсэн хүн бол Зам тээврийн сайд А.Гансүх байлаа. Түүний хувьд энэ өдрүүд хүнд байсан биз. Ямартай ч нэр хүнд нь дотооддоо “унаж босоод” л, гадаадад харин гайхагдаж байсан шүү. Энэ лав өнөөх “тамын тогооны үлгэр” гээчтэй нь холбоотой биз. Ардын аман зохиолоос гадна амны билэг, ашдын ерөөл гэж бас байдаг.

“Зам, тээврийн сайдаар А.Гансүх ажиллаж байгаа цагт л Монголд ашигтай хэлэлцээрийг хоёр хөрштэй хийж чадна” хэмээн мэдэгдэж байсан минь саяхан. Харин энэ удаад Зам, тээврийн сайд А.Гансүх улс орныхоо нийтлэг эрх ашигт нийцсэн хэлэлцээрийг амжилттай хийж итгэлийг минь биелүүлсэнд баяртай байна. Ингэж хэлэхээсээ ичих шалтгаан надад үгүй. Учир нь ийм л тодорхой үр дүнг хүлээж байсны хувьд БНХАУ-ын дарга Си Жинпинь Монгол Улсад айлчлаад буцлаа. Айлчлалаар “Транзит тээврийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “БНХАУ-ын нутгаар далайд гарах буцах, дамжин өнгөрөх Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Төмөр замын хилийн боомтын  тухай протокол”, “Төмөр замын салбарын хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын санамж бичиг” гэсэн дөрвөн баримтад гарын үсэг зурсан байдаг.

Хамгийн гол нь манай улс Хятадын нутгаар дамжин гуравдагч улстай худалдаа хийх боломжоо баталгаажууллаа.  Хятад улсын хойд болон зүүн хойд нутгийн далайн боомтуудыг ашиглах эрхтэй болсон. Ингэснээр өмнө нь зөвхөн Тяньжин боомтыг ашиглах гэрээтэй байсан бол одоо Дандон, Далиан, Жинжоу, Ингкоу, Чинхундао, Хунхуа зэрэг боомтуудыг ашиглах боломж нээгдсэн. Мөн дээр дурьдсан далайн боомт руу очих Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг Хятадын нутгаар, төмөр замаар тээвэрлэх нөхцөл, тээврийн тариф, экспортлох хэмжээ, хугацаа зэргийг Монгол Улсад маш ашигтайгаар тохирсон. Үүний тулд тус яамгы ажлын хэсэг 11 удаа Бээжин явж, 20 удаа хэлэлцээрт орж сайд А.Гансүх дөрвөн удаа биечлэн хэлэлцээр хийжээ.

Дараа нь энэ сарын 3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал мөн л гайхалтай үр дүнд хүрсэн. “Гайхалтай” гэж хэлэхдээ хөөргөж эрчлэх шаардлага байсангүй. УБТЗ-ын одоогийн хүчин чадлыг нэмэгдүүлж 100 сая тн хүртэл ачаа тээвэрлэх боломжтой болгох,  цахилгаанжуулах, хос замтай болгох, Салхит-Эрдэнэтийн салбар төмөр замын шугамыг баруун хойд чиглэлд үргэлжлүүлэн Монгол Улс, ОХУ-ын хилд хүргэж ОХУ руу төмөр замын шинэ гарц нээх, ингэснээр цаашид ОХУ-ын Тува Улсын Кызылтэй холбогдож ОХУ-ын уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д гаргах шинэ гарц нээх гэхчлэн олон том боломжийг нээжээ.

Мөн айлчлалын үеийн яриа хэлэлцээний үеэр Монгол Улс, БНАСАУ дахь ОХУ-ын хөрөнгө оруулалттай Ражин боомтод хувь эзэмшиж, хамтран ашиглах зарчмын тохиролцоонд хүрэв. Ингэснээр Монгол Улс анх удаа өөрийн гэсэн далайн боомттой боллоо. Энэ үеэр Орос, Монгол, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх ОХУ-аас БНХАУ-ыг чиглэсэн ачаа тээврийн хэмжээг 2015 он гэхэд 6 сая тонн, 2020 он гэхэд 20 сая тоннд хүргэж ажиллахаар тохиролцжээ.

Гэхдээ айлчлал дараа жирийн уншигч, үзэгчдийн хувьд “толгой эргүүлсэн” нэг асуудал байсан нь хос төмөр зам тавих болсон явдлыг “Нарийн царигтай төмөр зам огт тавихгүй гэсэн яалаа” хэмээн ам асуумаар санагдаж буй нь анзаарагдсан. Энэ нь Хятадтай төмөр замын салбарт хамтарч ажиллана гэхээр нарийн царигийг хүлээн зөвшөөрчихөж гэх эргэлзээ байв. Царигийн хувьд Монгол, Орос, Хятад улс тус бүр өөр өөрийн улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, аюулгүй байдал, бүх талаас баримталдаг бодлоготой. Манай улсын ЗТЯ ч бодлогоо боловсруулан Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөлдөө танилцуулаад дэмжигдсэн аж. Гэхдээ энэ талаар олон нийтэд зарлаж болохгүй шалтгаан бий гэсэн.

Ямартай ч “А.Гансүхгүйгээр хоёр хөрштэй хэлэлцээр хийх боломжгүй” гэх таамаглал батлагдаж зургаан жилийн турш төрийн алтан аргамжааг хоёр хөрш, гуравдагч хөршүүдтэй хэлхсэн түүний  хэлэлцээрүүд амжилттай болж үнэмлэхүй үр дүнд хүрснийг үгүйсгэх аргагүй юм. Үүний үр ашиг нь А.Гансүх гэдэг хувь улстөрчийн халаасанд орохгүй. Гавьяаг нь ч аль нэг Засгийн газар, эсвэл хэн нэгэн дарга үнэлэх шаардлага ч үгүй. Хамгийн гол нь ард түмэн харлаа. Цаг хугацаа хэний зөв байсныг, ямар ирээдүйн төлөө шийтгэл мэт хатуу үгсээр булуулсаар ажилласныг үнэлнэ гэдэг энэ буюу.


Томоор үзэх бол зураг дээр дарна уу.