“G class”-ийн хэрэглэгчид кнопоо дарж “Prius”-чүүдийн эрх ашгийг хамгаалж өгөөч!
Дээхнэ би “Range rover”, “Excel”-ийн үнийн талаар бичиж байсан даа.Сануулбал, “Range rover”-ийн үнийг Монголын автомашины дундаж үнийн жишиг болгон зарласнаар “Excel”-ийн үнийг өсгөөд байсан тухай юм. Харин одоо тэрхүү санаатайгаар буруу харьцуулалт хийж зохиомлоо үнэ ханшийг хөөрөгдсөний үр дүн гарч инфляци өссөөр байна.
Гэтэл бага орлоготой иргэдийг дундаж орлоготны эгнээнд дэвшүүлэх гэсэн оролдлогыг төрийн хүнд суртал, УИХ-ын гишүүдийн “чухал ба чухал бус”-ыг ялгах чадвар гацаасаар байна. Яаж? Бидний “Чингис хаан” нисэх онгоцны буудалдаа хүртэл сурталчилгааг нь залсан “Bank of China”-гийн салбарыг нээвэл манай эдийн засгийг аврах уу. Своп хэлэлцээрээс өөрөөр бодитой ямар санал байгаа юм бэ. Төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр “Нэг ийм санаа төрлөө, баталчих уу” гэвэл тэд яах бол. Оросын Ерөнхийлөгчийг ирэхэд нь “Роснефть”-ийн сурталчилгаагаар угтаж “Шатахууны үнийг чинь боломжтой болохоороо төлье, хойшлуулж өгөөч. Манайхаас бусад орон бэлэн мөнгөөр төлдөггүй биз дээ, “өөр” аргаар төлж байя” гэж гуйх уу. Тэд ямар болзол тавихыг, манай саналыг хүлээж авах эсэхийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ л горь тасарсан нэг арга мөн.
Дашрамд дурдахад худал, үнэн мэдээлээд, тэр нь няцаагдаж шившиг болоод байсан байгалийн хийн гэрээний анхны хэлэлцээрийг хийж байсан Ходорковский анд маань өртэй ч гэсэн нөлөөтэй, өөрөөр хэлбэл эрх чөлөөтэй болчихоод байгаа. Түүнтэй гар барин гэрээ хийчих “хоншоортой” хөвүүд манай төрийн түшээд дунд ховор гэж монгол түншүүд нь ярьж байна.
Монголбанк мөнгөний бодлогын хүүг 1.5 хувиар нэмж 12 хувьд хүргэлээ. Уг нь манай эдийн засагчид, ОУВС, Дэлхийн банк үүнээс ч илүү бодлогоо чангалахыг зөвлөсөн. Гэвч Монголбанк ам.долларын ханшийг буулгах гэсэндээ бус уул уурхайн экспортоос 90 орчим хувийн хамааралтай эдийн засгийн өсөлтөө бодож, бага, дунд орлоготой иргэдийн нуруун дээр ирэх инфляцийн ачааг бодож ийм шийдвэрийг хүсээгүй ч гэсэн хийснээ өчиж байна.
Мэдээж бодлогын хүүг чангалчихаад суугаад байтал инфляци гэгч “өндөрт мандсан туг” аяндаа буугаад ирэх байсан нь үнэн. Гэхдээ ажилгүйчүүдийн эгнээг тэлэх, хувийн хэвшлийнхнийг мөнгөөр цангаах нь эдийн засгаа хумих ийм шийдвэр хэнд хэрэгтэй юм бэ. Зөвхөн “үтэр түргэн зөв арга хэмжээ авч ам.долларын үнийг буурууллаа” гэсэн үнэлгээ хүссэн улстөрчдөд л хэрэгтэй байх. Ийм үнэлэмж Монголбанкныханд лав чухал биш аж.
Ам.долларын ханшийн хэлбэлзэл ч мөн адил Монголбанкныхны хийсэн ажил биш. Ханшийн өсөлтийн гарал үүслийн хувьд төлбөрийн тэнцлээс үүдсэн үүдэлтэй ханшийн хэлбэлзэл учраас төлбөрийн тэнцлээ засаагүйгүй цагт тойруулан ямар ч ажил хийгээд үр дүнд хүрэхгүй байв. Тиймээс ч гадаад валютын нөөцөө өсгөх биш үрэх аргаар УИХ-ыг алдаагаа засахыг нь, тодруулбал төсвөө бодит байдалд нийцүүлэн тодотгох хүртэл торгоож байна.
Өгөгдсөн нөхцлүүд дээр ямар ч мэргэн тоглогч гацаанаас гаргахад бэрх байна. Наад зах нь Өрийн удирдлагын тухай хуульд шууд хөрөнгө оруулалт болон хувьцааны хөрөнгө оруулалт авахын тулд авч буй зээлүүддээ Засгийн газрын баталгаа гаргуулах асуудлыг УИХ-аар шийдүүлэх хэрэгтэй. Төсвийн тухай хуульд ам.долларын ханшийг 1384 төгрөг байхаар тооцоолсноо болон зардлаа ядаж 20 хувиар бууруулах даалгавраа биелүүлээгүйгээ УИХ хүлээн зөвшөөрөх биз ээ. Энэ бүхний дараа хөрш орны төрийн тэргүүнүүдтэй гар барих, яриа хэлэлцээр хийх нүүртэй болох нь лавтай. Харин үүнтэй зэргэцүүлэн үрэлгэн зардал гаргаж Хөгжлийн банкнаас 1.7 сая ам.долларыг автозамын ажилд зарцуулах гээд байгаад нь бас Монголбанк хориг тавьсаар байгаа сурагтай. Учир нь эхлээд инфляциа тогтворжуулах, эдийн засгийн өсөлтөд анхаарахаас бус мөнгө “газар булах” нь нэн тулгамдсан асуудал биш гэдэг нь үнэний хувьтай.
Яг өнөөдрийн харж байгаагаар Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зоримог алхам, хэт яарсан шийдвэрүүдийг харахад Монголбанктай зэрэгцэн, түүнээс ч илүү эрх мэдэлтэйгээр ажлаа хийдэг “Засгийн газрын Төв банк” болчихоод байгаатай хэн ч санал нийлэх биз ээ. Тэгэхээр мөнгөний бодлогын хүүгээ аргагүйн эрхэнд нэмсэн Монголбанк инфляцийг илааршуулах, ам.долларын ханшийг бууруулахын төлөө зүтгэж байхад “Засгийн газрын Төв банк” буюу Хөгжлийн банк нь баруун солгойгүй цацаж байна.
Гэхдээ өөрсдийн хүчээр “олоод ирсэн” мөнгөө зарцуулж байгаа хэрэг биш шүү гэдэгт хамаг учир нь байгаа юм. Энэ тохиолдолд Монголбанкныхан хүсээгүй шийдвэр буюу мөнгөний бодлогын хүүгээ нэмсэнээ аль болох түргэн хугацаанд “засаж” бууруулахын төлөө ажиллаад яах ч билээ. Ингээд бодохоор Хөгжлийн банкийг анх байгуулагдахад нь л эсэргүүцээд байсан ТӨХ-ны дарга асан Д.Сугар гуайн зөв байж үү дээ. Тэрбээр Засгийн газар эрх мэдэл, мөнгө хоёртой нэг саванд багтахаараа яадгийг дэндүү сайн мэддэгийн хувьд суудлаараа дэнчин тавиад ч атугай эсэргүүцээд байж.
Засгийн газар ээлжит бус чуулганаар тулгамдсан ямар асуудлуудыг шийдүүлэх жагсаалтаа гаргасан. Одоо УИХ-ын эрхэм гишүүд цуглаж суугаад товчлуур дарж өгч буян болох л үлдэв. Тэд хариуцлага хүлээж сураагүйг сонгогчид мэднэ. Харин “G class”-ийн хэрэглэгчид хуулийн хаалтаа сэтэлчихвэл “Prius”-чүүдийн эрх ашгийг хамгаалах цорын ганц тусламж тэр л болчихоод байна.