Эдийн засгийг идэвхжүүл гэж Засгийн газарт олгосон 100 хоногийн хугацаа дууслаа. Үндсэндээ оны хоёрдугаар улирлыг Н.Алтанхуягт “оноосон” хэрэг. Энэ гурван сарын өмнө түүний Засгийн газар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан болохоор сандал, суудалдаа зууралдаж, хугацаа хожих гэхдээ ямар ч үнэлж, дүгнэх аргагүй заль зохиож байна гэх хүмүүс ч олон байсан. Зарим эдийн засагчид, улс төрчид энэ хугацааг чамлаж, юу ч хийж амжихгүй, ямар ч үр дүн гарахгүй гэцгээн шүүмжилцгээж байхад Ерөнхий сайд, бизнесийнхээ орчин, хөрс суурийг зөв болгох бодлогын ажлуудыг амжуулахаа илэрхийлж байв.

Хэдхэн хоногийн өмнө Статистикийн үндэсний хорооноос оны эхний хагас жилийн эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийг зарлав. Цаг хугацаа, эдийн засгийн үечлэлийн хувьд “Засгийн газрын 100 хоног”-той ерөнхийдөө давхцаж байгаа энэ мэдээлэл үнэлгээ, дүгнэлтийн эш сурвалж болж чадна. Суурь үзүүлэлтүүд гэж хэлж болох инфляц өмнөх оныхоос улсын хэмжээнд 14.9 хувиар, нийслэлд 15.4 хувиар өссөн дүн гарчээ.



Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 30 гаруй хувиар сулраад байна. Зөвхөн эдгээр үзүүлэлт л Засгийн газрын үйл ажиллагаанд “муу” дүн тавихад хангалттай хүрэлцэнэ. Олон нийт ч эхнээсээ энэ таатай бус үнэлгээг өгч эхлээд байна. Хэдийгээр Засгийн газар энэ  100 хоногоо бодлогын асуудалд чиглүүлсэн нь зүй ёсны боловч валютийн ханш, үнийн өсөлтийг хязгаарлах үүрэгтэй байсан. Харьцангуй орхигдуулчихсан нь яах аргагүй том алдаа.




“Муу”-гаас тодорсон үнэн төрх

Шүүмжлэх амархан. Зөвхөн инфляц, валютын ханшаар тогтохгүй муу үзүүлэлтүүд өнгөрсөн 100 хоногт хангалттай байлаа. 2013 оны эцэст 2.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан гадаад валютын нөөц 1.6 тэрбум болж буурсныг гол үндэслэл болгон Олон улсын үнэлгээний Moody’s агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг буурууллаа. Ингэснээр бүр өнгөрсөн оноос татарч эхлэсэн гадаадын хөрөнгө оруулалт улам ширгэж болзошгүй нөхцөл үүсээд байна. “Банкууд хөрөнгө оруулалт, зээл олж ирж чадахгүй байхад компаниудад бол бүр ч хүнд шүү дээ” гэж Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Д.Батмөнх өгүүлсэн юм. Уул уурхайн идэвхжлээс шалтгаалсан хөрөнгө оруулалтын өсөлт үнэндээ эдийн засгийн бодит өсөлт байгаагүйг үйл явдал харуулж байна. Хөрөнгө оруулалт хумигдаад, гадныхан мөнгөө аваад гараад явчихаар өнөөдөр Монголын эдийн засгийн бүтэц, чадавхийн үнэн дүр төрх илэрч байгаа нь муу зүйл биш үзэж байгааг тэр тайлбарласан юм. “Бодит бус, хөөсөрсөн хоёр оронтой өсөлт хөөцөлдөх ямар хэрэг байна вэ? 2012 онд Хөгжлийн банк 582 сая ам.долларын, Засгийн газар “Чингис” бондоор 1,5 тэрбумын хөрөнгө босгосон. 2013 онд “Самурай” бондоор 580 сая ам.доллар оруулж ирсэн. Эдгээр хөрөнгө оруулалтууд байгаагүй бол ам.долларын ханш чухам хэд хүрэх байсныг төсөөлөхөд хэцүү. Би Монголбанкныхнаас асууж үзсэн, 3000 давсан байх байсан гэж тэд хариулсан” хэмээн Д.Батмөнх өгүүлж байна.

Өсөлтүүдийг шинжих нь

Хөрөнгө оруулалтын нөлөөлөл харьцангуй бага байгаа өнөөдрийн нөхцөл байдалд эдийн засгийнхаа дүр төрхийг тодорхойлохоор оролдъё. Бидний хэрэглээний 70 орчим хувь нь гаднаас шууд хамааралтай байна. Хэдийгээр импорт буурсан ерөнхий дүн гарч байгаа ч манайхны тансаг хэрэглээний худалдан авалт огт буураагүй байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалтаар хийгддэг импорт л дутаж тооцогдсон хэрэг.

“Хэрэглэгч улс” гэж бид өөрсдийгөө хочилдог. ДНБ-ий 53 хувийг худалдаа, үйлчилгээ эзэлж байна. Гэтэл аж үйлдвэрийн хувь хэмжээ ДНБ дотор ердөө 17 хувьтай, үүн дотроо 66 хувийг уул уурхайн, 25 хувийг боловсруулах үйлдвэрлэл эзэлж байна. Өндөр үйлдвэрлэлтэй байж болох хөдөө аж ахуйн салбараа манайхан ДНБ-ий ердөө 3.7 хувь болгон “тун амжилттай” бууруулж чадсан байх юм. Өөрөөр хэлбэл, манай эдийн засаг “маш муу” байна. Гэхдээ энэ бол асар ерөнхий агаад тойм яриа юм. Нэгэнт сүүлийн 100 хоногийн тухай сэдвийг хөндөж байгаа болохоор ерөнхий мэдээллийг нарийвчлах ёстой байх.



Статистикийн үндэсний хорооноос гаргасан мэдээгээр, Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны үнээр 4812.3 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1335.6 тэрбум төг буюу 38.4 хувиар, үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 1015.5 тэрбум төг буюу 45.5 хувь, боловсруулах аж үйлдвэрийнх 258.3 тэрбум төг буюу 27.1 хувь, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 61.8 тэрбум төг буюу 21.2 хувиар тус тус өсчээ. Үүн дотор молибдений баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, хайлуур жонш, газрын тос зэрэг бүтээгдэхүүний олборлолт 2.7-53.9 хувиар нэмэгдэж.



Ус, ундаа, шингэн сүү, бууз, банш, сүлжмэл эдлэл, цэвэр ус, гурил, гоймон, зайрмаг, вакуум цонх, хаалга, зүсмэл материал зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.6 хувиас 2.5 дахин өссөн байна. Алтны уурхайнуудаас Төвбанкинд 4.1 тонн алт тушаасан нь өмнөх оны мөн үеэс 65 хувиар өссөн үзүүлэлт юм. Импорт буурсан дүнтэй байгаа ч бөөний болон жижиглэн худалдааны салбарын нийт борлуулалт (оны үнээр) 4363.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 407.4 тэрбум төгрөг буюу 10.3 хувиар, нэг аж ахуйн нэгжид ногдох орлого 2675.5 сая төгрөг болж, өмнөх оныхоос 260.2 сая төг буюу 10.8 хувиар өссөн байна.



Гадаад худалдааны нийт бараа эргэлт ноднингийнхоос 49.9 сая ам.доллараар буурсан ч гэлээ үүн дотроо экспорт нэмэгдлээ. Бараг 25 хувиар буюу 586.8 сая ам.доллараар нэмэгдсэн нь үндэсний үйлдвэрлэлийн өсөлтийг илэрхийлэх үзүүлэлт гэж болно.




Түншлэх эрмэлзлийн агуулга

Импортыг орлох үйлдвэрүүддээ Засгийн газар анхаараад эхэлснийг Ерөнхий сайдын зөвлөх онцолсон юм. Цементийн үйлдвэрүүд энэ намар ашиглалтад орохоор байна. Хэрэгцээтэй арматураа бүрэн хангах хэмжээний үйлдвэрт хөрөнгө оруулсан тухай таатай мэдээлэл тун саяхных. “ Мэдээж, үйлдвэрүүдээс бодит үр дүн гарахад 3-5 жил шаардлагатай” гэдгийг тэрээр учирлаж байна. 100 хоногийн хөтөлбөрийнхөө гараан дээр хийсэн Засгийн газрын анхны алхам нь “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 11 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулан, 17 төрлийн зээл олгох шийдвэр гаргасан явдал байсныг онцлох ёстой. Үүний дотор импортыг орлох 2 тэрбумаас доош дүнтэй төслийг ЖДҮДС-аар санхүүжүүлэхэд зориулж 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн юм.

Энэ бүхний зэрэгцээ төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах замаар зардлыг бууруулах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийн давхардал хийдлийг арилгах, зарим төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газрыг нэгтгэн зохион байгуулах, аж ахуйн тооцоонд үе шаттай шилжүүлж төсвөөс гаргах чиглэлээр нэгдсэн цогц арга хэмжээг авах чиглэлээр “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргаж хэрэгжүүлсэн. Үр дүнд нь төсвийн зарим урсгал зардлыг 10-30 хувиар буюу 38.4 тэрбум төгрөгөөр бууруулжээ.

Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэнээс гадна БНХАУ-ын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг эцэслэн боловсруулж, гарын үсэг зурахад бэлэн болгоод байна. ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр тавих боломжийн талаар ярилцаж, "Газпром" ХК-тай яриа хэлэлцээ өрнүүлж байна.

Ажил хэргийн цөм

34 дүгээр тогтоолоо баталснаас хойш ердөө сар гаруйхны дараа УИХ хаврын чуулганаа өндөрлөсөн. Тэр хооронд амжиж Засгийн газар батлуулахаар төлөвлөсөн 29 хууль, тогтоолынхоо төслийг боловсруулж өргөн барьснаас 10 нь батлагдав. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар зогсонги байдалд орчихсон байсан тусгай зөвшөөрлүүдийг олгож эхэлсэн бол Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон холбогдох бусад хуулийг шинэчлэн, царцаасан ажлуудыг хөдөлгөн, нэмүү өртөг үйлдвэрлэж эхэлсэн. Импортын гаалийн болон НӨАТ-ыг хоёр жилийн хугацаанд хэсэгчилэн төлөх боломжийг хуульчилж өгснөөр хувийн хэвшлийнхний бүтээн байгуулалт, үйлдвэрлэл сэргэх нөхцөл болж байна. ЖДҮ-ийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг  2016 оныг дуустал гаалийн албан татвараас чөлөөллөө. “Инженер, технологийн дээд боловсрол төсөл”, “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг УИХ-аар батлуулсан нийт дүнгээрээ 300 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт болохоор байгаа. Түүнчлэн банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаа хөрөнгийг орлогын албан татвараас чөлөөлж, оршин суугч бус этгээдийн арилжааны банкнаас худалдан авсан бондын хүүгийн орлогод 20 хувиар орлогын албан татвар ногдуулдаг байсныг 10 хувь болгон бууруулсан.

Эдгээр хууль, төслүүд эдийн засгийг идэвхжүүлэх ажлын цөм хэсэг юм. Үлдэж байгаа төслүүд батлагдсанаар цаашид эдийн засгийн хөрс суурь эрүүлжиж, эрчимжих нөхцөл бүрэн бүрдэнэ гэдэгт Засгийн газар эргэлзэхгүй байна. “Асуудлыг том хүрээгээр авч үзэж, эдийн засгаа дүгнэхгүй бол болохгүй. Анхнаасаа Засгийн газар 100 хоногоор төлөвлөсөн ажлынхаа хүрээнд эдийн засаг хүндрэх болсон шалтгаан нь юу юм, яаж засах юм, ямар шийдлүүд байгаа вэ гэдгийг гаргаж тавиад, шаардлагатай авах арга хэмжээг авч ажиллалаа. Хөтөлбөрт тусгаж төлөвлөсөн ажлуудаа боломжийнхоо хэмжээнд хийсэн. Хууль гаргаж хийхгүй бол болохгүй ажлуудыг Засгийн газар дангаараа чадахгүй шүү дээ” гэсэн Д.Батмөнх зөвлөхийг тайлбар үнэндээ илүүц боловч оруулж л орхиё.

Чухалчлал хатгасан үр дүн

Харин бизнесийнхэн саяхь 100 хоногийн “хамгийн том үр дүн” нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизмыг бий болгосон явдал гэж дүгнэж байна. “Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл”-ийн нарийн бичгийн дарга, “Нова Терра” ХХК-ийн захирал Бямбасайхан энэ талаар, эдийн засгийн шийдвэр гаргах процесст хувийн хэвшлийнхэн өөрсдөө оролцох хэрэгтэй. Нэгэнт ингээд оролцоод гаргасан бол тэр шийдвэрийг хэрэгжүүлэх ч оролцож чадна. Яагаад гэвэл тэр шийдвэрт бидний өөрсдийн маань хүсэл сонирхол багтсан байна гэсэн үг” гэсэн юм.  Засгийн газар энэ боломжийг нь нээж өгч байгаа нь онцгой ач холбогдолтой гэж тэр чухалчлаад, Ерөнхий сайдтай тохирсноор энэ механизм цаашид байнга ажиллана гэж мэдэгдлээ.

Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлийнхөн сүүлийн гурван сарын хугацаанд 180 гаруй компанитай уулзаж, тэдэнтэй бизнесийн орчныг хэрхэн сайжруулах талаар зөвлөлдөхөд ихэнх нь Оюутолгойн төслийг гацаанаас гаргах зэргээр том төслүүдээ эрчимтэй явуулах, одоо байгаа татварын хууль, тогтоомжоо шударгаар, бизнесийнхэнд элдэв дарамт, ачаалал болгохгүйгээр хэрэгжүүлж ажиллах, ашигт малтмалын салбарын эрх зүйг хоёрдмол бус, тогтвортой болгох гэсэн үндсэн гурван асуудлыг онцолжээ. Эдгээр асуудлыг 100 хоногийн хугацаанд тодорхой хэмжээнд шийдэж чадсан нь эдийн засаг цаашид идэвхжиж, хөдөлгөөнд ороход томоохон түлхэц болно гэж зөвлөлийнхөн үзэж байна.

“Хөрөнгө оруулалтыг татахын тулд бид бэлэн төслүүд байх ёстой” гэж Бямбасайхан өгүүлэв. Төсөлтэй байж гэмээнэ ажил хийгдэнэ. Энэ бол дэлхий нийтийн жишиг, стандарт болохыг тэр тодруулав. Тийм ч учраас Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлийнхөн энэ тал дээр ихээхэн анхаарал хандуулсан байна. Үүний үр дүнд Оюутолгой, Тавантолгойн төслүүдээс гадна Тавантолгойн цахилгаан станц болон ДЦС-5 гэсэн эрчим хүчний том төслүүд хөдөлж эхлээд байна. Саяхан болсон бизнесийн дээд хэмжээний уулзалтын үеэр ДЦС-5 төслийн концессын гэрээг зурсан. Үүгээр 1.3 тэрбум ам.долларын бодит хөрөнгө оруулалт Монголд орж ирнэ. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар болон “Оюу толгой” ХХК-ийн хооронд “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурснаар “Тавантолгой цахилгаан станц төсөл”-ийн мотор аслаа.

Итгэл, эргэлзээ сүлэлдэх нь

Монголын эдийн засгийн нөхцөл, хөрөнгө оруулалтын орчинд гадаадын бизнесмэнүүд харьцангуй итгэл суларсан нь гашуун үнэн. Сүүлийн 20 гаруй жил зүтгэж байж олж авсан итгэлийг богинохон хугацаанд алдаж болдгийг үзлээ. Тэдний итгэлийг бид өөрсдөө л сэргээхээс биш өрөөл бусад өмнөөс минь хийхгүй. “Итгэлийг сэргээх” гэж Бямбасайханы томъёолсон зорилгын хүрээнд багагүй ажилласныг тэр хэлээд, дээрх төслүүдийг нэрлэсэн хэрэг. Харин энэ талаар Д.Батмөнх, “Эдийн засгаараа улс төр хийж болдоггүйг л бид харлаа шүү дээ” гэсэн юм.

“Засгийн газрын 100 хоног” зүгээр нэг хоног, хугацаа байсангүй. Өнөөдөр хүн бүр үр дүн эрэлхийлж, нэхэж байна. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн “Тайлангаа тавиач ээ” гэсэн шаардлагыг хар, сэр хамтатган дайгаад байгаа. Бүлгийн дарга Д.Бямбацогт руу утас цохьвол “Ямартай ч хугацаа нь дуусаг. Тайлан мэдээг нь ч үзэж харъя. Тэгж байж бид улс төрийн үнэлэлт, дүгнэлт өгнө” гэлээ. Учир нь сэтгүүлийн маань энэ дугаар “Засгийн газрын 100 хоног” дуусахаас 1 хоногийн өмнө хэвлэлтэнд шилжсэн юм.

Томоор үзэх бол зураг дээр дарна уу.