Ц.Элбэгдорж ноднин Нью-Йоркоос буцахдаа гэрээр нь ороод гарсан Шинзо Абэтай энэ удаа албан ёсоор уулзав. Ерөнхийлөгч, ерөнхийд сайд хоёр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах зарчмын тохиролцоонд хүрлээ. Японы иргэн, эдийн засагч, судлаач Тазаки Масами блогтоо бичсэнчлэн Ц.Элбэгдорж бадар барьсангүй. Тэрбээр уулаасаа мөнгө гуйх субьект ч биш, хоёр орны харилцааг ойртуулах, бүх салбарт итгэлцлийг бэхжүүлэх ерөнхий баримт бичигт л мутраа үлдээх ёстой. Ц.Элбэгдоржийн айлчлал долдугаар сарын 21-24 хооронд багтсан юм. Харин Тазаки Масами сантай NTV-ийн захирал М.Уламбадрахын буянаар хоёронтаа оройн хоол идсэн. Мэдээж бас хатуу дарс ч хүртсэн. Байдаг л нэг судлаач бас бичээч, манайхнаас ялгаагүй.  

  Мэдээ хийгээд мэндчилгээ

Долдугаар сарын 22-ны The Japan Times сонины тэргүүн нүүрт Хойд Солонгост хулгайлагдсан Японы иргэдийн талаар мэдээ гарчээ. Хятадын хилтэй ойролцоо орших БНАСАУ-ын Синыйжү хотод Пхеньяны ажилтнууд арав гаран жилийн тэртээ хулгайлсан 10 илүү япон байгаа гэнэ. Ерөөс Япон улсын хамгийн ихээр санаа тавьдаг асуудлын нэг нь энэ аж. Бүр хулгайлагдсан иргэдийн асуудал эрхэлсэн сайдтай юм билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсан Японы албаны хүмүүс түүнийг өмнөөс нь нүүр улалзтал магтахын зэрэгцээ хулгайлагдсан иргэдийг нь онцгой анхаарч, бодитой ажил хийсэн гэж ёс мэт давтан талархаж байлаа. 1977 онд “хүний болсон” Ёкота Мэгүмигийн 26 настай охиныг өнгөрдөг хавар Улаанбаатарт өвөө, эмээтэй нь уулзуулсныг дэлхий дахин хожуу мэдсэн. Арван гурван насандаа “богтлогдож” хожим амиа хорлосон бүсгүйн ная гарсан эцэг, эхтэй хийсэн ярилцлагууд Японы хэвлэлээр шуугиан тарьсан байна. Үүнээс хойш япончуудын хандлага эрс өөрчлөгдсөн гэдгийг тэнд суугаа Элчин сайд С.Хүрэлбаатар хэдэн жишээ татаж хөхүүн хуучилж билээ.

Дээрх сонины 23-ны дугаарын Business буланд Ц.Элбэгдоржийн нэр бүхий нэгэн мэдээ оржээ. Монгол Улсын Засгийн газар болоод Кэйданрен байгууллагаас хамтран зохиосон Монгол-Японы бизнес форумд Ц.Элбэгдорж үг хэлснийг дурьдаад Шинзо Абэтай албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах болсныг нь онцолсон байлаа. Кэйданрен нь Японы 1 281 компаний 1 601 гишүүнийг эгнээндээ багтаасан, нөлөө бүхий бизнесийн холбоо аж. Японтой бизнес ярихаар бол Шинзо Абэг даваад дараа нь Кэйданрентай хэл амаа олох учиртай гэнэ. Манай Засгийн газар хамтарсан форум хийе гэдэг саналаа тус холбоонд тавихад ерөнхийлөгчөө оролцуул гэдэг хүсэлт-шаардлага тавьсан гэх явган яриа чуулганы танхимд сонстож байлаа. Ямартай ч Монголоос 130 гаруй компани, Японы 180 орчим төлөөлөгч оролцсон форум чөлөө завгүй оволзоод өнгөрсөн.

“Никкэй” сонины мөн өдрийн дугаарт Монголд үйл ажиллагаа явуулдаг Японы томоохон компаниуд зай талбай худалдан авч “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та Япон улсад тавтай морилно уу” гэдэг “мэндчилгээн сурталчилгаа” тавьсан байлаа. Сурталчилгаа л бол сурталчилгаа. Харин түүнийг хоёр дахиа сонгогдож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргийг дахин өргөх ёслолд Япон Улсын Үндэсний аюулгүй байдал, хулгайлагдсан иргэд, байгалийн гамшгийн асуудал эрхэлсэн сайд Кэйжи Фүрүя оролцсныг бид анзааралгүй өнгөрчээ. Япон-Монголын харилцаа эдийн засгийн тэр тусмаа харилцан эрх тэнцүү болох учиртай, үүний түлхүүр нь Хойд Солонгос юм.

  Гоол хийгээд гол юм

Төмөр замын цариг тойрсон маргаан дэгдээж Ц.Элбэгдоржид донгодуулсан Х.Баттулга наадмын маргааш “Тусгай элч” гэгдэн БНАСАУ-ыг зорьсон юм. Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг уг айлчлалыг Ким Чен Уны их бууны дуутай холбон мэдээлжээ. Манайхан “Улаан туг, залуучууд хоёр ихэр юм” гэгчээр төмөр замтай бас нүүрстэй нь уяж байлаа. Гэтэл Ц.Элбэгдоржийн “Никкэй” сонинд өгсөн ярилцлагаас Х.Баттулгын зорилго ил болов. Тусгай элч нь ”Хойд солонгосчуудын Японд хандах хандлага, хэрэглэдэг үг хэллэг нь өөр болсон байна” гэснийг тэрбээр ярианыхаа явцад онцолжээ. Мөн “Хэрэв Японы тал хүсэлт тавих аваас Улаанбаатарт хоёр талын болон бусад талуудын уулзалт зохион байгуулахад бэлэн” гэдгээ ч нотолсон байна. Ц.Элбэгдорж анх ерөнхийлөгчөөр сонгогдсон жилээ БНАСАУ, Япон хоёрыг Их тэнгэрт хэлэлцээрийн ширээнд суулгаж дөнгөсөн юм.

Буруу хэлсэн үгэндээ бантаад тэрчигтээ зүтгэчихсэн хүүхэд аятай гөжүүд гүрний ая талыг олох гэж НҮБ ч барьц алддаг. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ удирдагчтай болсноос нь хойш БНАСАУ-ын Төрийн хүндэт харуулыг жагсаасан анхны зочин болсон билээ. Тэрбээр тус улсын Ардын дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам нарын дээдстэй нь олон асуудлаар ярилцсан гэдэг. Албан мэдээгээр аялал жуулчлал болон хөдөө аж ахуйн салбарт хамтрах хэлэлцээрт гарын үсэг зурсан гэнэлээ. Мэдээж Зүүн хойд Азийн аюулгүй байдал гол сэдэв болсон байна. Харин сая Шинзо Абэтэй хамтран гаргасан мэдэгдэлд дурьдсан гурван зүйлийн сүүлийнх нь “Бүс нутгийн энхтайван, аюулгүй байдлыг хангахад хоёр тал хамтран ажиллах” байлаа. Баримт бичгийг үзэглэхийн утга учир нь энэ заалт гээд хэлчихэд хилс болохгүй.

Хүүхдээр мануулсан хөлбөмбөгийн хаалганд гурав цохиод ганцыг нь ч алдаагүй Ц.Элбэгдоржийг бид дараа нь баахан шоолсон. Үнэндээ бас шог харагдсан л даа. Гэхдээ тэр гоол гол юм биш ээ. Мөнөөх үе залгамжилсан удирдагчтай уулзсан эсэх нь ч одоогоор нууц хэвээр. Гэхдээ дэлхий нийтийн анхаарлыг Монгол руу хандуулж, Зүүн хойд Азийн геополитикт давгүй тоглогч гэдгээ нотолсныг нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Хоёр их гүрний хямдхан тоглоом болчих гээд савдаг Монголд хэрэгтэй гурав дахь хөршүүдээс газар зүй болоод ардчиллын үнэт зүйлээрээ ойр нь Япон. Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Ясүхиса Шиозаки Монголын NTV телевизэд өгсөн ярилцлагадаа үүнийг нотолжээ. Тэрбээр “Монголын хувьд  хөрш орнуудтайгаа эв найртай зэрэгцэн оршин тогтнох асуудлыг ойлгож хүлээн авахын зэрэгцээ Монгол Улсын хөгжилд чухам юу хамгийн гол вэ гэдгийг ямагт санаж, хоёр талаас харилцан ашигтай хамтран ажиллах нь чухал гэж бодож байна” гэсэн юм.

Араншин хийгээд ажил хэрэг

Ном журмаараа бол саях айлчлалыг Хөгжлийн яамны сайд Н.Батбаяр тэргүүлэх учиртай биз. Даанч мань эр ийм төрлийн уулзалтад олны өмнө “уран панаал” урсгахын оронд нүднээс далд гал тавьчих гээд байдаг зуршилтай. “Самурай” бондыг тэрбээр тахилгынх нь үр шим гэж одоо хэр нь итгэсээр яваа. Харин өнгөрсөн таван жилийн турш хийсэн Ц.Элбэгдоржийн “шоу”-ны хаялга юмаа гэвэл бусад нь ч бас эргэлзэнэ. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр бол төгрөгийн ханшийг түр торгоох бэлэн ам.доллар биш. Алс хэтдээ ам.доллар олох өргөн боломж. Түүнээс гадна япончуудын хөлс хүчээ шавхан байж дэлхийд хүлээн зөвшөөрүүлсэн стандарт юм. Энэ гэрээг байгуулж чадаж гэмээн нь бид төрөлх шуналдаа дөрлүүлэн хар аяндаа дэлхийн стандартыг өөриймшүүлээд авна. Одоо харин мөнөөх олон хуудастай гэрээг олигтойхон орчуулаад, УИХ-ын гишүүдэд ач тусыг нь ухуулах хэрэгтэй. Авдар савны байрлал тодорхойлдог дотор ухаанаар мэргэшсэн зарим нэг ясны “эх оронч”-ийг загнаад ч болов ойлгуулах ёстой. Гэрээг нэг л үзэглээд авбал аль ч нам төр барьсан төсөв бүрдүүлдэг татварынх нь эх үүсвэр болох юм хойно өмчирхөх гээд дэмий. Харин аливаа хууль амьдрал дээр хэрэгжихээс нь өмнө манай улстөрчид хувийн наадгай болчих гээд байдаг араншинтай улс. Тэр их зовлонг гэтэлгэж хайрла хэмээн Тэнгэрийг нь тахиад ч хамаагүй гуйцгаая аа. Шатраар бол нүүргүйн буянаар бэрс гарсан хүүгийнхээ ашиг тусыг эвтэй найртай хуваагаад хүртэцгээх юмсан, хүсэх л юм энэ байна.             


     


Би гэртээ зочин хүлээж авах нь их л ховор. Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдоржтой гэртээ энгийн сайхан уулзлаа. Монгол бол эрх чөлөө, ардчилал гэсэн нийтлэг үнэт зүйлтэй манай чухал түнш орон юм. Яг уулзаж байхад маань Ёкозүна Хакүхо эзэн хааны цом гардан авч таарлаа. Бөх бат харилцааг бий болгоход албан ёсны уулзалтаас гадна, төрийн тэргүүнүүдийн хувийн харилцан итгэлцэл, соёл болон иргэд хоорондын маань ардын дипломат харилцаа чухал. Орчуулсан М.Уламбадрах





1994 онд амиа хорлосон Ёкота Мэгүми 1970-1980 онд Хойд Солонгосын тагнуулын алба япон хэл заалгуулахаар хулгайлсан иргэдийн эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болоод зогсохгүй хоёр орны дайсагнасан харилцааны ч илэрхийлэл байсан юм. Мэгүмигийн эцэг Шигэрү, ээж Сакиэ нар Улаанбаатарт ирж зээ охин Ким Үнгёнтойгоо уулзах хүртлээ итгэж өгөхгүй байсан гэнэ. Хоёр орны харилцаа таатай бус нөхцөлд гуравдагч орон тэр дундаа Монгол Улс энэ уулзалтыг зохион байгуулна гэхэд маш их эргэлзэж явснаа хожим хоёр буурал хэвлэлд ярьжээ. Гэхдээ тэд Улаанбаатараас буцахдаа ганц зээгээ бус бүх хулгайлагдсан иргэдээ Монголоор зуучлуулан эх нутагтаа эргүүлэн аваачиж болно гэдэг итгэлтэй болсон байна.


БНАСАУ өдгөө Зүүн хойд Азийн улс орнуудаас Монголтой хамгийн ойрын харилцаатай байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноднин айлчлахдаа БНАСАУ-ын Ардын дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намтай албан ёсны хэлэлцээ хийсэн бол БНАСАУ-ын Ардын дээд Хурлын дарга Чой Тэ Бок, БНАСАУ-ын Сайд нарын Танхимын Ерөнхий сайд Пак Бон Жү нар түүнд бараалхжээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлагыг Солонгосын тал анхааран үзэж хоёр улсын Гадаад харилцааны сайд нарын түвшний Зөвлөлдөх уулзалтыг жил бүр зохион байгуулахаар тохиролцсон юм. Солонгосын тал Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүндэтгэх болно гэдгээ мөн албан ёсоор илэрхийлжээ.