Манай Viperson анхны эмэгтэй зочноор Монголын нефтийн салбарын магнат, хатагтай Ж.Оюунгэрэл уригдлаа. Тэр бүр хэвлэл мэдээлэлд ам нээгээд байдаггүй энэ хүчирхэг хатагтайн бизнесийн орчны өнөөгийн байдлаар талаарх илэн далангүй  дүгнэлт бидэнд нэгийг хэлж, нөгөөг тунгаалгаж байна. Ингээд та бүхэн бидний ярианд анхаарлаа хандуулна уу.

нхны эмэгтэй зочноор таныг сонгосондоо таатай байна. Их олон хүмүүстэй ч зөвлөлөө. Яагаад ч юм хүмүүс нийгэмийнхээ сайн сайхны төлөө үгээ хэлэхээс ч ядарсан, бас залхсан байна.  Нэг л идэвхгүй, сэтгэл гутралын байдалд орчихсон ч юм шиг. Тиймэрхүү шинж ажиглагдаж байгаа. Ернь л хэцүү байна. Эдийн засагч хүнтэй, хувийн хэвшлийн нөлөө бүхий хүнтэй уулзахаар сонгосон  нь учиртай. Үнэхээр манай эдийн засаг юу болоод байна вэ гэж асуухаар яарч байна. Засгийн газарт ажиллаж байгаа шинжээчид “Хямрал бишээ. Хасах үзүүлэлт рүү үл ялиг л хэлбийж байна” гэх юм. Яг хөрсөн дээрх борог амьдрал бол хэцүүдлээ. Түрүүчээсээ  “Оюутолгой” 300 ажилчнаа цомхотгоод онгоц онгоцоор наашаа буцаалаа. Үнэхээр яахаа мэдэхгүй, үймэрсэн залуучууд ажилгүй болоод бууж ирж байна.Тэгэхээр бид эдийн засгийн цаг агаараа ямар байна гэж ойлгох ёстой вэ?

-90-ээд оны эхээр би улсын мэдлийн “НИК” гэдэг компанийн захирлаар Засгийн газраас томилогдож байсан юм. Яг намайг ажил хүлээж авч байх тэр үед манай улсын сан хоосорчихсон байлаа. Үнэхээр маш хүнд байсан. Цахилгаан станцууд зогсчих гээд. Мазут нь  байхгүй. Тэгээд би 340 мянган долларын мазут авах гээд тэр үеийн Ерөнхий сайд дээр орсон юм. Д.Бямбасүрэн гуай  дээр ороод цахилгаан станцууд хөлдөх аюул нүүрлээд байна гэж гуйж байж  340 мянган доллар цохуулж авч байлаа. Тэгээд Н.Хүдэрчулуун гэж улсын банкны ерөнхий хорооны дарга дээр нөгөө шийдвэрээ аваад очсон. Гэтэл мөнгө байхгүй  байхад чи яах гээд байгаа юм бэ гээд өгдөггүй. Алт диллерийн хэргийн асуудал ид боссон үе юм. “Та чинь улсын санг барьж байж яахаараа 340 мянган доллар байдаггүй юм бэ...” гэсэн чинь байхгүй гээд намайг бүр хөөж гаргаж байлаа. Яахаа мэдэхээ байсан л даа. Эрдэнэтийн Ш.Отгонбилэг захирал руу бараг уйлаад ярьж билээ. Одоо яг л тэр үетэй адилхан харагдаж байна. Компаниуд  хоорондоо маш их өр авлагатай. Монголын гол экспортын нэг болох нүүрс нь алдагдалтай үнэ рүү орчихлоо. Экспортын орлого маш их буурлаа. Энэ хэмжээгээр төсвийн зардал буурсангүй.  Манайд үнэхээр хямрал нүүрлээд байна. Манай компанийн борлуулалт бараг 40 гаруй хувиар буурсан.  Хамгийн аймшигтай нь бид нар гадны хөрөнгө оруулагчдаа  үргээчихсэн. Гадаадын өндөр мэргэжилтэй, дэлхийн төвшний технологи эзэмшсэн мэргэжилтэнгүйгээр, гадны хөрөнгө оруулалтгүйгээр Монголын эдийн засаг хөгжихгүй. Гурван сая хүний маань бараг тал  нь хүүхдүүд шүү дээ.

- Манай сэтгүүл зүй энэ асуудал дээр үүргээ тийм ч муу биелүүлж байна гэж  би жишээ нь, харахгүй байна. Хөрөнгө оруулалтын орчинд бодитой аюул нүүрлэчихлээ гэж бид байнга анхааруулж байсан. Хар амлалаа, одоо дуудаад аваад ирнэ л гэж загнасан. Ерөнхий сайд маань ч гэсэн хөрөнгө оруулагч нарыг дуудчихлаа, одоо ирнэ гээд ярьдаг л даа. Ийм тоглоомтой, хууль эрх зүйн болоод улс төрийн тогтвортой орчингүй улс болчихлоо л доо. Ийм байхад  эрх баригчид хөрөнгө оруулалтын орчинд савалгаа үүсээгүй л гээд байх юм.

-Үүсэхээр барах уу. Гадаадынхны 60 хувь нь гараад явчихлаа. Зүгээр энгийн амьдралын төвшинд л харъя л даа. Төлбөрийн чадвартай байр түрээсэлдэг хүмүүс одоо байхгүй байна.

Ажиллаж байгаа уул уурхайг тойроод Монголчууд ажилтай байсан. Бодит хүч чадлаа харъя. Бид нар дангаараа ийм том уул уурхайн төслүүдийг хийнэ гэж байхгүй нь ойлгомжтой. Гадаадынхан өөрийн хөрөнгөөр эрсдэл гаргаад, монголын газар нутаг дээр баялаг олборлоод экспорт хийчихэж байгаа. Хуулиа  байн байн өөрчлөөд, засаг солигдох болгонд  өөр өөр юм яриад байхаар хэн бидэнд итгэж орж ирэх юм. Төрийн залгамж чанар, урт хугацааны тогтвортой төрийн бодлого гэж алга байна.

- Би бас хэд хэдэн ийм тохиолдол сонссон. Гадаадад очоод өмнөх Засгийн газрын шийдвэр хамаагүй шүү гээд ярьж байгаа тухай. Төрийн бодлогын залгамж чанар гэдэг ойлголт сарниж байна. Нефтийн хууль гурван жил парламент дээр гацлаа. Олигтой хэлэлцүүлэг ч явагдахгүй юм. Манай парламентад янз бүрийн төлөөлөгчид орж ирэх юм даа. Бөө, удган, бөх гээд. Гэвч бидний л сонголт. Том том стратегийн ордууд эргэлтэд оруулахаас эхлээд том зургаар нь харж шийдвэрлэх асуудлууд дээр эдийн засагчид, инженерүүд гэх мэт мэргэжлийн нөхдүүдийн байр суурь өөр байдаг. Манай нийгмийн ухааныхан самрах л талдаа харагддаг. Энэ бас бодох асуудал юм шиг ээ?

-Улстөрчид эдийн засагч, инженер бус хүн байж болно л доо. Гэхдээ яг амьдрал дээр энэ бизнесийг хэрэгжүүлж байгаа, татвар төлж байгаа тэр салбарынхаа төлөөллийг сайн сонсох ёстой. Биднийг саналаа өг гэдэг. Өгдөг. Тэгээд хаашаа орчихдог юм бүү мэд. Мэдэхгүй хогийн саванд хийчихдэг юм уу. Саяхан би сонссон. Оросын Гадаад хэргийн сайдтай манайхан уулзаад түрүүчийн Засгийн газрын шийдвэрүүд  бид нарт хамаагүй гэж хэлж байна гэсэн. Лавров сайд “...хүүе, танай улс чинь байгаа биз дээ...” гэж асуусан гэж байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг дээр би өөрийн салбар дээр бодит жишээ хэлье.Газрын тосны салбарт бид нэлээн эрчимтэй хайгуул хийсэн. Саяхан газрын тосны хайгуулийн талбай авахын тулд гадаад дотоодын компаниуд өрсөлдөж , олон улсын тендер зарлаж талбай авдаг байлаа.  Манай компанийн хөрөнгө оруулалттай Петроматад гэдэг компани гурван талбай авсан юм. Тэгээд Лондонгийн хөрөнгийн бирж дээр гадаад дотоодын татвар төлөгчдийн 50 гаруй сая долларын хөрөнгө босгож газрын тосны хайгуулд хөрөнгө оруулалт хийсэн. Яагаад гадаад дотоодын хөрөнгө оруулагчид газрын тос гэдэг хамгийн эрсдэлтэй салбарт хөрөнгө оруулахаар шийдсэн учир нь газрын тосны хууль сайн хууль байсан  бөгөөд урт хугацаанд тогтвортой байлаа. Гэтэл энэ хуулийг шинэчлэнэ гээд гурван жил боллоо. Хуулиа сайжруулж батлаасай гэж залбирч сууна. Бидний нүүр царай яг л ийм байна. Бизнес эрхлэгчдийн хувьд бид нар  Монгол Улсын Засгийн газарт татвар төлж байгаа. Түүнээс бид намд  татвар  төлдөггүй. Намын төлөө ажиллаагүй.  Бид нар ажил хийхдээ Монгол улсдаа л баялаг бүтээж байна гэж хийдэг. Татвараа төлөөд л гүрийтлээ ажилладаг.  Тэр баялаг маань бидний үр хүүхдийн, ирээдүйн монголчуудад сайн сайхан амьдрал болж очих ёстой гэж итгэдэг. Газрын тосны хууль яаж өөрчлөгдөх сургаар гадаад дотоодын компаниуд ажлаа зогсоосон. Нэг цооног өрөмдөхөд 2- 3 сая доллар байдаг. Тэгээд юу ч гарахгүй бол тэр хөрөнгө оруулагчийн эрсдэл болно. Нефть оллоо гэхэд  Засгийн газар 60 хувийг нь авна. Бүтээгдэхүүн хуваах гэрээний онцлог энэ юм. Өөрөөр хэлбэл Засгийн газар ямар ч эрсдэл хүлээхгүй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг залхаасан  сонгодог жишээ бол “Оюутолгой”.  Зургаан жил Засгийн газар Их хурлаар “Оюутолгой”-той хийх гэрээг хэлэлцэж, бөөн хэрүүл тэмцэл болж байж батлагдмагц юу болов.

Дөнгөж ажлаа эхлээд, нөгөө үйлдвэр нь ашиглалтанд ороод зогсчихлоо. Би  зэс баяжуулах тэр аварга том үйлдвэрийг нээх ёслолд оролцоод маш их сэтгэл хөдөлж байсан. Маргаашнаас нь эхлээд л нөгөө гэрээг чинь хянана, болиулна гээд л хашгиралдаад эхлэсэн. Уул уурхай мэддэггүй ч хамаагүй залхуу нь хүрээгүй хүн бүр олон улсын хэмжээний гэрээг хэлэлцэж  байсан. Зургаан жилийн турш Засгийн газар, УИХ гэрээ хэлэлцэж байхад тэд юугаа хийж байсан юм бол гэж боддог юм.  Гэрээ батлагдсаны дараа дахин өөрчлөлт хийнэ гээд шоу хийгээд Монгол улсын нэр хүнд шалдаа буутал уналаа.  “Оюутолгой”-д батлагдсан гэрээнийхээ дагуу ажиллах боломж олгосон бол бид нар өдийд зэсээ экспортлоод эдийн засаг ийм байдалд орохгүй байсан. Улстөрчдийн шоуны золиос нь Монголын эдийн засаг, татвар төлөгч бид, жирийн ард түмэн.

- Гурван жилийн өмнө уулзахад та газрын тосны анхны өрмөө тавиад эхэлж байсан.

- Тийм. Миний эртний мөрөөдөл бол газрын тос олох юм. Одоо шинэ хууль гайгүй батлагдвал хамтрах гадаадын компаниуд байна.  Хууль хэлэлцэхэд гурван  жил алдлаа. Хайгуул хийх хугацаа ч дуусах нь. Хамтарч ажилладаг түншүүддээ хэлэх  ч үг олдохгүй үнэхээр хэцүү байна. Гадаадын улс орнуудтай харилцахдаа Монгол улсын Засгийн газрын өмнөөс ярьж улс төрийн нэг намын өчүүхэн эрх ашгийг хэзээ хойш нь тавих юм бол. Нөгөө боловсруулж ажиллаж явуулсан санал алга болчихдог. Хичнээн ч ажлын хэсэг байгуулагддаг юм. Ямар ч завтай хүмүүс байдаг юм. Бид нарт бол цаг хугацаа чухал.  Үр дүнд нь манай хөрөнгө оруулалт зогсчихсон. Одоо бүгд ажил хийж чадахгүй, мөнгө байхгүй байж байна. Төрийн хийх ёстой ажил бол бизнесийн тогтвортой орчныг хангах. Ойлгомжтой, дэлхийн жишигт нийцсэн хууль гаргаад гадаад дотоод гэхгүй бүгд тэр хуулиа мөрдөөд ажиллах л чухал.

- Улс төр гэдэг өөрөө хуурах том урлаг юм л даа. Тантай уулзаад асууя гэж бодож байсан юм. Ардчилсан нам, Ардын нам гэдэг бол манай улс төрийн голлох хүчнүүд. Тэгээд МАН энэ удаагийн сонгуульд  том ялагдал хүлээлээ.  Харин  үүний дараа дотоодын зарим группүүд рүү ирсэн хамгийн том цохилт танайх руу ирсэн юм болов уу гэж харж байсан. Төртэй хагаралдуулах үүднээс асуугаагүй шүү.

-Төр бол татвараа л авах ёстой.Манай компанийг Ардын намын компани гээд гадуурхах явдал гарч байсан.  Компани  Ардын намын гишүүн надаас өөр хэд байдгийг би сайн мэдэхгүй . Мэдэхийг ч хүсэхгүй. Ажлаа л хийж байвал боллоо шүү дээ. Манай компани 2000 мянган ажилтантай . Тэр 2000 мянган хүн аль намын хүмүүс байдгийг би мэдэхгүй. Хөдөө сум болгонд манай салбарын эрхлэгч нар байгаа. Тэднээс чи ямар намынх юм гэж би асууж үзээгүй. Тэгээд би бодсон. Намын гишүүн байсныхаа төлөө энэ компанийг маш хүнд байдалд оруулаад байгаа юм байна. Ерөөсөө намаасаа ч больдог юм билүү гэж. Ер нь бизнесийн хүн намд байх буруу юм байна гэх бодолд орсон. Гэтэл бас намаа ялагдчихсан байхад гарах нь өөдгүй хүний явдал биз дээ. (инээв)  Сонин үйлдлүүд гарах л юм. Жишээ нь, манай салбарт шатахууны үнийг тогтворжуулах зорилгоор зээл өгөхөөр шийдсэн. Гэвч тэр нь манайд хагас жилийн дараа олгогдсон. Тэр хугацаанд  манай компани том хохирол амссан даа. Манайх Улсын хэрэгцээний 40 хувь,Хөдөө орон нутгийн жижиглэн борлуулалтын  бараг 60 хувийг хангадаг айл. Ийм л хүндрэлтэй ажилллаж байна.

-Нэг талаас манай бизнесийнхэн хэтэрхий  номхон юм аа. Хорин хэдэн жил хувийн хэвшилд сайн муу хэлүүлээд энэ улсыг чирлээ. Бүгд төрд татвараа төлж байна. Хэний өгсөн татвараар тонгочиж явдгаа манайхан бодохыг ч хүсдэггүй. Тэгээд л баян хүн харахаараа цонхыг нь хага шидье гэж дайрдаг. Нэг ийм сонин олонлог л хөөсрөөд байдаг.

- Улс болгоны Худалдаа аж үйлдвэрийн танхим асар хүчтэй байдаг. Танхим нь хувийн хэвшлийн эрх ашгийг сайн хамгаалж чаддаг учраас  улстөрчид нь танхимын саналгүйгээр улс төр, эдийн засгийн  шийдвэр гаргахаас айдаг. Ийм жишиг бусад орнуудад тогтсон байдаг л даа. Манай Худалдаа аж үйлдвэрийн танхим уг нь зөв ажиллавал хүчтэй болж болно. Монголын бүх жижиг том компани, аж ахуйн нэгжүүдийг нэгтгэсэн байгууллага шүү дээ. Татварын мөнгө нь ч гэсэн овоо юм цугладаг. Гэсэн ч бизнесийн эрх ашгийг хамгаалж чадахгүй, татвар төлөгчдийн дуу хоолой болж чадахгүй байна. Бид аргаа бараад СЕО клуб , хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийг санаачлан байгуулсан.  Тэгсэн ч үндэсний хэмжээний олон нийтийн байгуулага байх хэрэгтэй нь харагдаад байна.

- Манай Засгийн газрууд ч, УИХ ч танхимын дүгнэлт, мэдэгдлүүдийг ойшоодоггүй л дээ. Одоо бол бүр байхгүйтэй адилхан дуу хоолойгүй байх шиг байна.

-Уг нь тэр байгуулагаа бизнес эрхлэгчид нь дэмжээд хүчтэй болгох хэрэгтэй байна. Ингээд л номхон томоотойгоор татвараа төлөөд л, загнуулаад л яваад байгаа нь бид нарын л арчаагүйнх.  Бизнесийнхэн  нэгдэж чаддаггүй юм.



-НИК- ын Оюунгэрэл гэдэг нэрээр анх та монголын ард түмэнд танигдсан.  Хийсэн ажлаараа хүссэн хүн болгон овоглуулж чадахгүй. Тийм ч учраас нийгэм биднийг цөөхнийг  ажил төрлөөр нь овоглодог. НИК гэдэг бол таны түүхийн чухал хэсэг.  НИК - ын захирлаас таныг чөлөөлж байхад “Та нар намайг харж л байгаарай” гэж хэлж байсан домог сонсч байсан юм байна.

-Ёстой худлаа үг шүү. Дотроо л тэгж бодсон байх. (инээв)

-Дотроо тэгж хэлээд гарах ч гоё шүү дээ. Та энэ үеийн дурсамжаа ярихаас татгалзахгүй биз дээ? ​

-Ер нь бол миний анхны удирдах ажил л даа. Би чинь нэг ч хүн удирдаж үзээгүй  хүн  шууд  дарга болсон.  Толгойтын   нефть баазад аж ахуйн нэгжүүдийн шатахууны лимитыг хариуцдаг лимитын мэргэжилтэн, нягтлан бодогч, эдийн засагч зэрэг ажлууд хийж   байсан. Миний ажиллаж байсан конторын өрөөнд хөдөөний жолооч нар чинь гаанстай тамхи татаад л, тэр дунд нь мансуурчихсан хүн л байдаг  байлаа. Тэгж хоёр жил болоод, гэнэт уур хүрээд би чинь Москвад нефтийн их сургууль төгсчихөөд яахаараа энд ингээд сууж байдаг юм бэ гээд “би гарлаа” гэж даргадаа хэлж байлаа. Сүүлд нь яаманд ирсэн юм. Ингээд ерөөсөө удирдах ажил хийж байгаагүй нөхөр л шууд томилогдсон. Нефтийн дээд сургууль төгссөн гэдгээр маань бас сонгосон л доо. Д.Бямбасүрэн гуай намайг их дэмждэг байсан. Хэцүү  үед бид хамтран ажиллаж  таарсан даа. Гэхдээ л тэр үеийн хүмүүс  сайхан ажилладаг байсан. Яамдууд шөнө дандаа цонх нь гэрэлтэй. Үнэхээр шилжилтийн хүнд үе байлаа.  Хэн ч юугаа ч мэдэхгүй. Бүгд л юмыг өөрчилье, шинэчлэе гэсэн зүтгэлтэй.  20- р тогтоол гээд гарчихсан. Мөнгө ч байхгүй. Оросууд хүлээж авдаггүй. Ёстой хэцүү үе байсан шүү.  Гэхдээ л бид ажилласан. Чадахаас чадахгүйгээ хүртэл хийсэн. Ажлаас халахад бол зүгээр л Оюунгэрэл ээ, чамайг халах гэж байгаа. Яагаад гэвэл энэ бол улс төрийн асуудал шүү гээд хэлчих байсан. Гэтэл гэнэт сүр сар хийж хэдэн хүн орж ирээд л, Засгийн газрын НИК компанийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг үндэслэн халж байна гэсэн. Тэгэхээр нь хэн, юу шалгаад ямар дүгнэлт хийсэн юм тэрийг чинь үзье гэхгүй юу. Тэгсэн чинь бүгдээрээ нүүр нь улайгаад хэлэх үггүй. Ингэж л халагдаж байлаа.  Таван захирал халагдахад надаас эхлэсэн. Тэрэнд нь би жаахан гомдож байсан. Урд өдөр нь надад нэг хүн чамайг маргааш халах юм байна гэж хэлсэн юм. Би сайдтайгаа уулзсан чинь “ чамайг халахгүй ээ, чи сайн ажиллаж байгаа” гэдэг юм. Гэхдээ би тэгж халагдсандаа баярладаг. Тэгж халагдаад зоримог ажиллаагүй бол өнөөдрийн энэ амжилт байхгүй байх байсан.

- Тэр үед ч та намд орчихсон байсан юм уу?

-Би намд орчихсон байсан. Манай аав ээж хоёр хоёулаа Ардын намын хүн л дээ. Намдаа жигтэйхэн үнэнч. Гурван төгрөг ч билүү намдаа татвараа өгөөд л үнэнчээр явдаг . Тэгээд л би энэ намд орьё гээд орсон. 1990 онд элссэн шүү дээ. Хүмүүс өөр намд орж байхад би Ардын намд орж байсан. Миний сонголт юм даа.

-Гэтэл намын харъяаллаар халагдчихдаг.

-Тийм. Хүн юу хийхээ ерөөсөө төлөвлөөгүй байдаг юм байна лээ. Мөнхийн л НИК- ийн захирал байх юм шиг бодоод л явж байсан. Тэгээд юу хийж яаж амьдрахаа мэдэхгүй  нэг  хэсэг гэртээ суусан. Өглөө босоод хүн ажилдаа явахгүй суугаад байх чинь эвгүй юм байна лээ.Тэгээд байж байтал гурван сарын дараа надтай тэр үед амжилттай бизнес хийж байсан залуус ирж уулзаад бид компани байгуулж нефтийн ирээдүй  гэдэг нэртэй  Петровис компанийг байгуулж байлаа.  Ингэж халагдсанаасаа 3  сарын дараа компаниа байгуулсан. Хүмүүс намайг  өрөвдөөд туслаж байсан  юм. Энэ хөөрхий амьтан халагдчихсан гээд,  манайхан чинь ядарч яваа хүмүүстээ сайн шүү дээ. Тэгээд  л энд тэнд шатахуун нийлүүлэх гэрээ хийж эхлэсэн. Бид нарт ганц ч  шатахуун түгээх станц байхгүй байсан.

-Тэгээд дараа нь НИК –ийн хувьчлалд ёстой шарандаа орсон уу?

-НИК-ийн хувьчлалд намайг Х. Баттулга оруулсан юм. Улсын компанид ажиллаад ерөөсөө авъя ч гэж бодоогүй байсан.  Нэгдүгээрт, мөнгө байгаагүй. Хоёрдугаарт, би чинь улсын компанид ажиллаад  нуруугаа авхуулчихсан морь шиг болчихсон.  Засгийн газрын компани  хэцүү, эргээд түүнтэйгээ  зууралдана гэхээр айдас хүрч байсан.

-Хүмүүс гаднаас нь уншихдаа шарандаа авч байна л гэж бодож байсан байх.

-Шар хөдөлсөн. Гэхдээ эхний үед биш. Бид авахгүй гэж бодож байсан. Тэгсэн чинь Х.Баттулга “ Би авчихъя, чи менежментийг нь хариуц” гэхгүй юу. Би “за” гэсэн. Тэгсэн чинь Х.Баттулга танай намынхан намайг дэмжихгүй нь ээ, би тендерт ялахгүй юм байна.  Болилоо гэдгээ хэлсэн. Тэгээд яах вэ дээ, бид тендерт орох гээд дангаараа чадахгүй. Хоёр удаа тендер нь буцчихсан байсан. Гадны компаниуд авах гэж байгаад л манайхан шалгаад болохгүй гэсэн юм шиг байгаа юм. Тэгээд тендер нь дахиад зарлагдсан. Тэгсэн манайхтай хамтарна гэсэн нөхдүүд  маань шал өөр хүмүүстэй хамтраад яг маргааш нь материал өгөх гэж байхад болилоо гэсэн. Тэгэхэд ёстой шар хөдөлсөн. Биднийг мөнгө олж чадахгүй гэж бодсон  байх. Тэгээд манай компанийн үүсгэн байгуулагчийн нэг, надад олон жил өмөг түшиг болж ажилласан Даваанямтайгаа зөвлөлдөөд үнээ тохирч би компьютер дээр шивж байлаа.  Тендерийн материал авах  хугацаанаас хоцрох шахаж  30 минутын өмнө амжсан юм.Тэр үед чинь машины тугжрээ гэж байхгүй манай ажлаас төрийн өмчийн хороо орох хооронд таван минутын дотор очиж байсан. Ялчихсан чинь мөнгө олох хэрэгтэй боллоо. Хүн болгоноос зээлсэн дээ. Тэгэхэд Х.Баттулга манай компанид хоёр сая доллар зээлүүлж байсан.

- НИК гэж та яг юу хүлээж авсан бэ. Би бодохдоо хөдөөгийн сумдад байдаг ганц ганц гандчихсан колонкууд. НИК гэдэг нэр, монгол орон даяар тогтсон сүлжээ л авсан юм биш үү. Бараг л тэгж бодогдож байсан. Эсвэл би бизнес мэдэхгүй болохоор буруу харсан байна уу?

-НИК чинь социализмын үед маш сайн сүлжээтэй байсан. Ажилчид нь ч гэсэн сайн. Ялангуяа орон нутгийнхан сайхан сэтгэлтэй, компанидаа их хайртай хүмүүс байсан. Би зургаан жил НИК-ийг удирдсан болохоор ажлаас бэрхшээгээд Даваанямыг удирдаж ажиллаач гэсэн. Түүний удирдсан баг маш сайн ажилласан. Бид НИК-ийг хувьчилж авсаны дараа жил бүр маш их хөрөнгө оруулалт хийсэн .  Манай НИК  социализмын үеээс задраагүй үлдсэн бүтцийн нэг нь шүү дээ. Манай станцын хүмүүс   хүмүүст тустай, сайхан сэтгэлтэй . Хөдөө хээр өвлийн хүйтэнд явж байгаа хүмүүс ямар нэг асуудал гарвал манай  станцуудыг л барааддаг  гэж  ярьдаг.  Хүмүүсийн итгэж найдаж очдог газар нь байдагт би үнэхээр баярладаг.

-Нэрүүдийг нь НИК- Петровис болгосон билүү?

-Одоо Петровис нь толгой компани . НИК нь охин компани болсон. НИК- ийг хувьчилж авчихаад төрийн өмчийн хорооноос гарч ирэхэд сэтгүүлчид надаас ярилцлага авсан. Тэр өдөр би “Найман жилийн өмнө ажлаа өгчихөөд энэ шатаар уруудаад гарч байлаа. Өнөөдөр НИК-ийг авчихаад өгсөөд орж ирлээ” гээд онгирчихсон юм.(инээв)  Тэр үг хүмүүст юм бодогдуулсан юм шиг байгаа юм. Заримд нь “Энэ яасан онгироо нөхөр вэ” ч гэдэг юм уу. Заримд нь “Нээрээ л намын харъяаллаар шууд л халаад гаргаж байсан даа” ч гэдэг юм уу.

–Таны хэлсэн үгнүүд бас их хүчтэй үгнүүд байдаг. Жишээ нь, та “Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хов ярьдаг” гэж анх хэлж байсан.

-Тийм юм байна лээ. Эмэгтэйчүүд хөөрхий ямар ч хоргүй хов ярьдаг байхгүй юу. Хүүхэд, нөхөр, эмээ өвөө гэсхийгээд л. Эрчүүд бол аль албан тушаалыг яаж авах, энэ тендерт яаж ялах гэх мэт асуудлаар хор найруулна.

-Таны амжилт, он жилүүдээр бахархахгүй байх аргагүй. Монголчуудын хайртай, дотно групп болгож та чадлаа. Харин хэдхэн жилийн өмнө бизнестээ дахин шинэ үе эхлүүлсэн. Энэ бол “Энержи ресурс” гэх монгол бизнесменүүдийн хамтарсан төсөл.

-“Энержи ресурс” бол Монголын хөрөнгийн том бирж дээр гарсан анхдагч компани. “Энержи ресурс”-ийг MCS-ийн чадварлаг, маш сайн баг удирдаж өнөөдрийн энэ амжилтад хүргэсэн.  Ийм менежменттэй компани өнөөдөр монголд байхгүй байх. Тэнд манай компани есөн хувийн хувьцаа эзэмшдэг. Тэндээс л би компанийн зөв засаглалтай шилдэг компанийг олж харсан. Мэдлэгтэй, чадварлаг сайхан  залуучуудын багийг сайн удирдлагаар хангаж ажиллуулж чадсан гэж би Ж.Оджаргал захиралд хэлдэг.

Би “Энержи ресурс”-т орсноор нэлээн юм сурж авлаа гэж боддог. Одоо компанийн байдал хунд байгаа. Нүүрсний үнэ унаад олборлож, угааж байгаа өртгөөсөө зарим уед бага байна. Өнгөрсөн жил алдагдалтай ажилласан.  Хүнд үе байна л даа.  Гэхдээ хямрал бол нэг талдаа боломжийг бас гаргаж өгдөг. Одоо бүх компаниуд зардлаа маш сайн нарийн хянаж зарим бизнесээ хааж байна.  Цөөхөн хүнээр чанартай сайн ажиллахын төлөө л зорьж байна.  Бүх компаниуд тийм байдалд орж байна л даа. Манай “Энержи ресурс” д маш олон ундэсний чадварлаг ажилчид ажилладаг.  Би Ухаа худагийн  угаах үйлдвэрүүдийг ашиглалтанд орсон хойно очиж үзсэн. Гайхамшигтай үйлдвэр. Үүнийг монгол хүмүүс хийж чадсан гэдгээр бахархах ёстой.

- Одоо төмөр замын нарийн цагираг дээр л гацаад байгаа биз дээ ?

-Би төмөр замын мэргэжлийн хүн биш л дээ. Гэхдээ нүүрс гэдэг тийм их овортой ачааг өргөн замаар тээгээд тэгээд буцаагаад хятадын нутаг дээр шилжүүлээд ачих байгууламж хийгээд, дахиад бүх нүүрсээ өөр галт тэрэг рүү ачих юм байна л даа. Ингээд л Монголын нүүрсний үнийн өрсөлдөх чадвар буурч байна.  Бид бусад улсын нүүрснээс өртгийн хувьд өрсөлдөх чадвартай байхын тулд одоо зөвхөн тээврийн өртгийг бууруулах хэрэгтэй.

С.Баяр ерөнхий сайдын эвслийн засгийн газрыг тэргүүлж байх үед төмөр замын бүх техник эдийн засгийн үндэслэл бэлэн болчихсон, санхүүжилт нь босчихсон. Барих эзэн нь тодорчихсон. Тэгээд яг тууз хайчлах даваан дээр болохоо байсан. Хөөе, та хэдийг телевизэрээр авч өгч байна гэдэг юм. Яасан бэ гэсэн чинь хэдэн нөхдүүд монгол улсын аюулгүй байдлыг зөрчиж улс орноо худалдлаа гээд. Уул нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр тодорхой хугацааны дараа Монголын Засгийн газарт 51 хувийг шилжүүлэх гэрээтэй байсан. Юун тууз хайчлах. Үр дүнд нь яасан, өнөөдөр бид төмөр зам ч үгүй сууж байна шүү дээ. Тэгээд аргаа бараад авто зам барьж байгаа юм. Тэр бүх хөрөнгө оруулалт хэний мөнгө вэ.  Монголчуудын мөнгө шүү дээ.  Тэгээд  дээрээс нь хятадын баахан нүүрс зөөдөг машин худалдаж авч байгаа юм. Бас л монголчуудын мөнгө биз дээ. Гэх мэтчилэн бид нарын тэнэглэлээс болж Монголын нүүрс өрсөлдөх чадваргүй болоод байна.

-Би нуулгүй хэлэхэд нэг зүйлээс айж байна. Одоо яг яах ёстой юм бэ гэдэг дээр бүр олон нийтийг эргэлдүүлээд хаячихлаа. Таны  ярилцлагыг уншаад  нөгөө нарийн царигийн бодлогыг дэмжчихэж гэнэ. Нөгөө талаас очоод авахаар өргөн царигийн бодлогыг дэмжигчдээс мөнгө авчихаж гэж гөрдөнө.  Хэвлэл мэдээллийг ийм аймшигтай болгочихлоо шүү дээ.

-Сэтгүүлч хүн өөрөө бичих зүйлээ сайн судалж байх ёстой. Нарийн өргөн царигийнхаа тухай яг олон улсад ямар байх ёстой юм гээд судлах хэрэгтэй. Үнэндээ нарийн төмөр зам эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Хоёрдугаарт, бүх улс энэ царигт чинь шилжчихсэн байгаа. Орос, Финлянд зэрэг цөөн орон үлдсэн байдаг. Борлуулж байгаа бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг л өсгөх ёстой шүү дээ.  Бусад улс орнуудтай өрсөлдөхийн оронд дотроо өрсөлдөж, хэрэлдэж байх юм. Энэ л бидний хамгийн том эмгэнэл байна даа. Хүмүүсийн толгойг ингээд буруу мэдээллээр угаагаад гацаагаад байж болно. Гэхдээ хайран сайхан боломжуудыг л монголчууд бид алдаж байна даа. Би “Оюутолгой”- н ажил хэвийн явахгүй байгаад  үнэхээр харамсаж байна. Оюу толгой хэвийн ажиллаж байхад Өмнөговь аймаг буцалж байсан шүү дээ. Төмс тарьдаг  хүн нь төмсөө нийлүүлэх гээд. Сонгино тарьдаг хүн нь сонгиноо нийлүүлэх гээд л  буцалж байсан. 1000-аад жижиг компани гэрээтэй бараа, үйлчилгээ нийлүүлж байсан. Одоо тэгээд нам гүм, чимээгүй болчихлоо. С.Баяр даргын дэмжигч байна гэж хэлэх л байх. Гэхдээ үнэхээр С.Баяр даргын санал болгосон  таван төгөлдөршил зөв байсан юм. Иргэний  бүртгэлийг шинэчилсэн. Атар газар сэргэсэн үү, сэргээсэн. Улаан буудайгаар улсаа бүрэн хангах хэмжээнд  очсон.

Энэ бодлогыг үргэлжлүүлэхийн оронд Ардын намыг дэмждэг  гээд Гачууртын Л.Чинбатын улсад тушаасан улаан буудайн мөнгийг хоёр жил өгөхгүй хашраасан талаар сонсч байлаа. С.Баярын эвслийн засгийн газрын хамгийн том гавьяа нь  "Оюутолгой”-г эргэлтэнд оруулсан шийдвэр байсан. Үүний хүчинд улс мөнгөтэй болсон. Таван толгой гэдэг  урт настай удаан жаргалтай уурхайг хөдөлгөхийн тулд “Ухаа худаг”-ийн лицензийг нь олон жил хадгалсан юм чинь, та нар аваад яв гээд л өгч чадсан.

Тийм шийдвэр гаргаагүй бол тэр угаах үйлдвэрууд байх уу. Нүүрсийг баяжуулж чадах уу. Төрийн толгойд гарч ирсэн хүн ядахдаа ард түмнийхээ сэтгэлд үлдэхээр ганцхан юм хийх ёстой шүү дээ.  Төрийн толгойд гарч ирсэн хүн айдаггүй, хийдэг л байх ёстой. Монголын эрчүүд шийдэмгий зоригтой баймаар байна. Гаргасан шийдвэрийн буруу зөвийг цаг хугацаа, амьдрал харуулна. Сүүлийн үед Орос Хятадын харилцаа маш сайжирч байна. Тэд бидэнд сайн хандаж эхэлж байна. Нефтийн гадаад үнийг улс төрийн аргаар ярилцаж бууруулж чадлаа. Бид хоёр хөрштэйгээ найрсаг сайхан харьцаатай байх ёстой. Жижиг улсын удирдагчид их даруухан, ухаантай л байх хэрэгтэй. Хөршүүд мөнхийн учраас  тэдний хувьд найдвартай, хэлсэн үгнээсээ буцдаггүй байх нь их чухал байна.

Хатуухан хэлэхэд бид нар хөршүүддээ нэр хүндээ алдаж дуусч байгаа. Нэг шинэ засгийн газар гарч ирээд л түрүүчийн засгийн үед ярьсан юм одоо хамаагүй гээд л эрүүл саруул биш мэдэгдлүүд хийгээд явж болохгүй. Ёстой итгэж болохгүй хүмүүс гэдэг нэрийг баталгаатай авчихсан. Энэ бол бизнес дээр ч мэдэгдэж байна. Бид нарыг чинь таньж мэддэг хүмүүс бас их болчлоо шүү дээ.  Одоо “Петрочайна”-г  шинэ хуулиар чангална гээд л үзээд байх юм. Болохгүй биз дээ. Гадныхан газрын тосны  салбарт  хөрөнгө оруулахгүй болгоомжилж байхад тэд чинь нэг их наяд ам долларыг  энэ эрсдэлтэй салбар луу хийчихсэн компани шүү дээ. Хөрөнгөө хийчихсэн хойно нь одоо хуулиа өөрчилнө, чангална гээд л давшилж байдаг. Ер нь дотооддоо нөөцөө ашиглаж чадаад гадагш нь экспортолж чадвал бид нар орлоготой болж ард түмнийхээ боловсрол эрүүл мэндэд зарах хөрөнгө нэмэгдэнэ. Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг өндөр технологиор боловсруулж экспортлох асуудалд анхаармаар байна.  Ядахдаа махаа гадагшаа гаргавал сайн байна. Уг нь энэ салбарт хувийнхан их хөрөнгө оруулалт хийсэн шүү.

Засгийн газар  энэ хэдэн махны үйлдвэрийн экспортыг дэмжмээр байна.

 Ингээд л дотроо хэдүүлээ хоорондоо ноцолдоод уйтгартай юм аа. Бөөн хэрүүл. Нийгэм нь тэр аяараа стресстэй. Хэд хоног гадагшаа яваад сэтгэл санаа сайхан явж ирээд тэр дороо бүх сэтгэгдэл унтарч байна. Бид одоо залуу үеэ энэ муухай байдлаараа эвдмээргүй байна. Гадна сурч боловсрол эзэмшиж ирсэн залуус зохицохгүй байна. Нугарах гээд, буцах гээд л байна. Бид энэ бүх байдалдаа олон талын дүгнэлт хийх цаг үнэхээр болсон.