(Удахгүй хэвлэгдэх шинэ номын хэсгээс)

Ж.Батмөнх гэж хэн байсан юм, ямар хувь тохиолоор сайд дарга, бүр Төрийн тэргүүн болчихсон юм, түүнийг хэн гаргаад ирсэн юм гэх яриа хөөрөө, эргэлзээ тээнэгэзэл Монголын өмнөх нийгэмд ч, өнөөгийн нийгэмд ч байж ирсэн, байгаа. Ялангуяа ахмад хижээл насныхан энэ талаар элдэв үзэл бодлоо илэрхийлдэг, хэлдэг, бичдэг.

Бие хүний намтар түүх, тэр тухай дурсамж бол нэг хэрэг. Улс төрийн хөрөг нийтлэл гэвэл бас өөр өнцөг харагдаж болно. Энд би Ж.Батмөнх гэдэг ганц хүн дээр бус, “Хүмүүс түүх бүтээдэг” цувралын баатруудад хандуулан хэлж байна. Цувралын баатрууд бол гэр бүлдээ мэдээж сайн хань нь, үр ач нартаа бол сайн эцэг нь, өвөө нь (манай цувралын гол баатрууд бол гэм нь дан эрчүүд), анд нөхөддөө бол сайн найз нь байсан байж таарна. Тэр тухай голлоод ирвэл энэ маань “Хүмүүс түүх бүтээдэг” хэмээх цадиг бичгийн шалгууртай тэр бүр авцалдахгүй. Хэт харлуулаад шүүмж голлоод ирвэл өс хонзонгоор бичигдсэн болж таарна. Магтаал сайшаал, шүүмж муучлал аль алин нь хослон байж цувралын маань баатар босч ирэх учиртай.

Гэхдээ Ж.Батмөнх гуай дээр яг энэ загвараа би баримтлахгүй. Тэрээр магтаал сайшаал, шүүмж муучлалын аль алиныг өөрөөсөө холуур тойруулж чадсан нэгэн болов уу хэмээн би эцсийн бүлэгт дүгнээд сууж байна. Чадсандаа ч бус, ерөөсөө уг бие хүн нь төрөлхийн тийм чанарыг өөртөө шингээж төрж өссөн юм болов уу. Туйлын эгэл нэгэн байсан болж л  таарч байна. Чухам улс төрийн зүтгэлтэн болсныг нь түүхэн хувь тохиол гэх үү, эсвэл сохор аз байж үү гэдгийг энэ номоос уншигч Та олж тогтоох болно.

Хэрэв өмнөх коммунист дэглэм үргэлжлэн оршсоор, бид социализмаа үргэлжлүүлэн барьж байгуулсаар байсансан бол Ж.Батмөнх гуай түүхэнд дуурсагдахгүй өнгөрч болох байсан байх. Лав л “Хүмүүс түүх бүтээдэг” цувралын баатраар тодрохгүй байсан байх. Чухам тэгж тодруулах түүхэн агшин нь Монголын ардчилсан хувьсгал (“Цагаан морин жил”) байсан ба энэ хувьсгалыг улс төрийн мэдрэмжээрээ (хар зөнгөөрөө гэж хэлбэл хатуудна) хүлээн авч, хүлээн зөвшөөрснөөрөө Жамбын Батмөнх Монголын түүхнээ үүрд гэрэлтэх түүхээ өөрөө бүтээжээ.



Түүний улс төрийн намтрын хэсгийг хэд хэд үечлэн авч үзэхийг би зорилоо. Төрсөн, өссөн, суралцсан, их сургуулийн багшаас ажил амьдралаа эхэлснийг нь нэг үе гэж бүхэлд нь авч үзлээ. Энд тухайн үеийн нийгмийн мянга мянган сэхээтнээс ялгараад товойгоод байх Батмөнх тодрон гарч ирээгүй юм. Энэ бол МУИС-ийн захирлын албыг богино хугацаанд хашсан тэртээх 1970-аад он хүртлэх эхний үе нь. Энэ бол ардын багш Батмөнхийн алтан үе. Сайн хань, сайн эцэг, сайн нөхөр, сайн багш Батмөнх энэ үедээ л  товойн гарч иржээ.

Гэнэт улс төрийн алба хаших болсон 1970-аад оны дунд үеэс дараагийн Батмөнх гарч ирж байна.  “Гэнэт” гэдгийг хашилтад авч, онцгойлж үзлээ. Лав 10 жил тэрээр Ю.Цэдэнбалын сүүдэрт хал балгүй, алдар гавьяагүй, алдаа дутагдалгүй засаг толгойлжээ. Толгойлсон гэдэг нь ч бас хашилтад гээд ойлгочихож болно.



Бас л гэнэт дараагийн хувь тохиол учирчээ. “Гэнэт” гэдгийг бүр онцгой хашилтад авлаа. БНМАУ-ын нам–төрийн жолоо атгах болсон 1984 оноос гурав дахь үеийг би томъёолж гаргаж ирж байна. Тэр хүний хөгжил цэцэглэлийн оргил үе нь. БНМАУ-ын, тодорхой хэлбэл социалист Монголын хамгийн сүүлчийн коммунист удирдагч Ж.Батмөнх. Барууны ардчиллын үнэлэмжээр бол тэр үедээ “Kоммунист Монголын коммунист дарангуйлагч Ж.Батмөнх” л гэнэ. Нийгэм нь тоталитари, нэг намын хязгааргүй эрх дарх, эрх чөлөө ардчилал гэж ард түмэнд нь олгогдоогүй нийгмийн оройд суугаа хэнийг ч коммунист дарангуйлагч хэмээн үздэг тул би тэгж бичиж байна. Энэ үе маань 1989 он хүртэл үргэлжилсэн болов уу.

1989-1990 онд 4 дэх үеийн цоо шинэ,  их шуурганы өмнөх Батмөнх нүднээ буудаг юм. Даян дэлхийд коммунизм нурлаа, бүр системийн хувьд эвгүйтлээ гэдгийг чухам хар зөнгөөрөө олж харж мэдэрсэн Батмөнхийг би олж харж байна. Тэрээр хувь хүний хувьд социализм Монголд бүтэхээ байлаа гэдгийг дотроо маш сайн олж харж, тэр үзлээсээ зөрчилтэйгээр салж ядсан тэр дүр зураг буудаг юм. Эцэст нь татгалзсан даа. “Цагаан морин жил”-д тэрээр эх орныхоо хувь заяаг даатгасан. Тэр агшинд түүний гаргасан шийдвэр бол “түүхэн” гэх тэр тодотголыг яалт ч үгүй өөрт нь ногдуулахад хүргэсэн юм.

Энэ 4 үе шатны түүхийг л би энэ номдоо тусгахыг хичээлээ. Ном бичихэд бэрхшээл байсан уу гэвэл байсаан. Эх сурвалж эрж хайх, гэрчүүдтэй уулзах бол бэрхшээл биш юм. Цуглуулснаа эвлүүлэх гэж тархиа гашилган, дотор хүнтэйгээ ажиллах гэж л олон сар бэргэж, бэрхшээж, тойрч, дөлж явлаа. Түүнийгээ л бэрхшээл гэж нэрлэлээ.



1974 оны хавар, зуны эхэн сарын үйл явдлаас сөхье. Хэвлэл шүүгээд үзье. Тэр үеийн Монголын хоёр удирдагч нь МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нэгдүгээр орлогч дарга С.Лувсан нар. Тэр хоёрын нэр дээр ККН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Хувьсгалт засгийн газрын ерөнхий сайд Ф.Кастро Рус, БНКУ-ын Ерөнхийлөгч О.Дортикос Торрадо нараас ирүүлсэн баярын бичиг байна. 1974 оны 5 дугаар сарын 1-ний Майн баярын цуглаан жагсаалд оролцсон нам–засгийн удирдагчдын нэрс дотор Ж.Батмөнхийн нэр, бараа сураг нь ч алга байна. Гэтэл 10 хоногийн дараахи “Үнэн” сонин дээр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 5 дугаар сарын 8-ны өдрийн зарлиг нийтлэгдэж,  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Ж.Батмөнх гэх хүний зурагтай даруухан намтар сонины баруун доод өнцөгт тавигджээ. Сонин шүүгээд үзтэл лав сарын хугацаанд  Сайд нарын Зөвлөлийн шинэхэн орлогч Ж.Батмөнх гэх тэр хүний оролцсон хурал уулзалт, ажлын айлчлал, танилцах, шалган зааварлах ямарваа арга хэмжээний тухай ганц ч мэдээлэл алга. Монголчууд Ерөнхий сайдын шинэхэн нэг орлогчийнхоо талаар ямар ч мэдээлэлгүй явсаар анзаараагүй юү, эсвэл тэрхэн үедээ уншаад өнгөрсөн, мартсан байх талтай. Хожмын маргаан, эргэлзээг тайлах үүднээс би тэгж бичиж байна.

Нэг сар ил харагдаагүй, олонд огтоос танигдаагүй тэр орлогчийг 1974 оны 6 дугаар сарын 10-нд хуралдсан МАХН-ын Төв Хорооны VIII бүгд хурлаар Улс төрийн Товчооны гишүүнээр шууд сонгосон мэдээлэл яг маргаашийнх нь “Үнэн” сонинд гараад ирэв. Дахиад маргаашийнх нь дугаарт БНМАУ-ын Ардын Их Хурлын чуулганы мэдээ нийтлэгдэж Монгол Улс цоо шинэ Ерөнхийлөгч, цоо шинэ Ерөнхий сайдтай болжээ. МАХН-ын Төв Хорооны 1974 оны VIII бүгд хурлаар Улс төрийн Товчооны гишүүнээр шууд сонгогдсон  Ж.Батмөнх яг 10 жилийн дараа МАХН-ын Төв Хорооны ээлжит бус VIII бүгд хурлаар Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга болж, дахиад 6 жил өнгөрөхөд МАХН-ын Төв Хорооны 1990 оны VIII бүгд хурлаар Ж.Батмөнх тэргүүтэй Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчээ. Наймдугаар бүгд хурлууд түүнд ийнхүү ээлтэй, бас цөвтэй тусчээ...