-Марксист ленинист үзэл сурталгүй түүхэн тэмдэглэл-

    
Аливаа улс орнууд хөгжлийнхөө явцад туулж үзээгүй зам мөр гэж үгүй. Улс төржилт, дайн самуун, үзэл бодлын хуваагдал, эдийн засгийн хямрал, хөрөнгө мөнгөний гачигдал гээд урт жагсаалтыг сийрүүлж болно. Манай улс эдгээр элдэв замыг тойрох бус дайрч байна. Тэгшитгэлийн коммунист нийгмээс салснаас хойш эдийн засгийн хүндрэл, дэлхийн эдийн засгийн хямрал гэдэг үг ч нэгэнтээ танил болж, бүсээ чангалах гэдэг ойлголтыг хүн бүр мэддэг болоод тэвчээртэй хүлээдэг, туулдаг болсон. Ардын хувьсгалын үеэр ч бүсээ чангалах шийдвэрийг засаг цөөнгүй гаргаж байжээ.

Бодоог Ерөнхий сайд болоход улс орон мөнгөгүй, эдийн засаг хүнд нөхцөл байдалд байв. Ерөнхий сайд Бодоо шаазан тавцан дээр гарч ард олныхоо өмнө “доклад” хийжээ. /Үг хэлэхийг доклад хийх гэж тэр үед ярьдаг байсан гэнэ Г.Д/  Тэрээр “Манжийн төр уначихаад байхад Манжийн хааны шагнасан, ноёдын зэрэг дэв жинс отгыг зүүсэн ноёд олон байна. Цэргүүд гэзэгтэй байна гэдэг нь гагцхүү манжийн заншил. Цэргүүд тав гэзэгтэй байгаа нь дайн тулааны үед дайсандаа үсдүүлэх, үс гэзэг нь бөөс, хуурсны үүр болж байна. Ардын намын Засгийн газар сургууль соёл нээх мөнгөгүй ядаж байхад хуучин засаг ба засаг бус ноёдын хатад, авгай хүүхнүүд далавчин үсэндээ “сургууль байгуулах хэмжээний алт мөнгө шүр сувд зүүгээд баярхан” явцгаана. Цэргүүдийн тав гэзгийг авч, эхнэр хүүхнүүдийн гэзгийг тайрвал боловсон ёсонд нийцэх нь зүй. Ноёд хатад хэт хээнцэрлэн, пүүст өр тавьж байж, үнэтэй ёслолын хувцас өмсөх нь шинэ төрийн ёс биш манжийн ёс. Дэлхийн орнуудын боловсон ёсыг эрхбиш дагах цаг болсон. Хэт хээнцэрлэлгүй алт мөнгө эдлэх хэмжээг заасан Богд хааныхаа лүндэнг биелүүлэхгүй явна. Богд хаан зүүдлээгүй би өөрийн биеэр энэ тухай танилцуулсан” гэж ирээд ухуулах, ухааруулахыг урьтал болгосон байдаг.

 Бодоо сайд Хүрээнийхнийг цуглуулж ингэж хэлсэн нь тэр үеийн баяд ноёдын том эсэргүүцэлтэй тулгарчээ. Харин ардууд ажил хэрэгч ноёд эхнэр үс, элдэв хээнцэрлэхийг устгах нь зүйтэй гэж үзэж байв. Ерөнхий сайд Бодоо хэт хээнцэрлэж болохгүй, эхнэр хүүхнүүдийн толгойн хэрэгсэл зүүх, манжийн үеийн тогосын отго, үнэт чулуун жинс зүүх, хоргой магнаг хүрэм, шүр сувдан гутал гутал хэрэглэхийг халах хүрэм, тухай бодлого боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар оруулжээ.

Дэлхийн боловсон ёсыг дагах тухай бодлогоо Богд хаанд учрыг тайлбарлан олон удаа бичиг явуулсан байна. Богд хаан Засгийн газрын энэ бодлогын зарим зүйлтэй нь санал зөрж байсан байна. Бодоо бас бошгыг халах залуучуудын эвлэл хариуцсан Ерөнхий сайдын хувьд эмэгтэйчүүд нь үс гэзгээ тайрч халимаг үстэй болох, эрэгтэйчүүд нь нэг их далбайсан нударгаа авч мухар ханцуйтай дээл өмсч, боловсон ёсоор хувцаслахад бошгыг халах залуус урьд нь явж манлайлах үүргийг өгчээ. Ийм үйл ажил болсон байна. Харин Бодоогийн тухай “Өглөө” кинонд юу гэж өгүүлдгийг бид мэднэ. Харин Бодоо сайд  бичиг үсэгтэй тулдаа, Засгийн газраас эхнэр үс, хэмжээгүй хээнцэрлэлийг зогсоох, ёслолын хувцасны тухай өгүүлсэн бичгээ Богд хаанд явуулж санал солилцож байжээ. Монголын тэр үеийн бүдүүлэг байдлыг гадаадынхан шоолж байна гэдгийг ч тодорхой бичиж үлдээжээ.

Ц.Дамдинсүрэн гуай, Г.Дэлэг багш нар энэ тухай “Наад түүхэн кино чинь   худлаа. Ардын намын анхны Ерөнхий сайд Бодоог хэлмэгдүүлж байна” гэж зүрхлэн бичиж, чанга дуугарч чадаагүй ч гэсэн Бодоо эхнэр хүүхний гэзэг огтолсон нь худлаа гэдгийг хэлсэн баримт баримт үлдээж чаджээ.

Бодоо Ерөнхий сайд байхдаа улс төрийн зүтгэлтэн нэг гадаад хүнтэй уулзсан гэнэ. Бодоо сайд ингэж асуужээ. “Сургууль байгуулъя гэхэд Ардын засаг мөнгөгүй байна. Төрийн сан хоосон шахуу байна” гэхэд гадаадын хүн “Танай улс их баялаг шүү дээ. Нэг эхнэрийн толгойн чимэг нь нэг сургууль байгуулахад хүрэх мөнгө байна” гэжээ. “Эмэгтэй хүний толгойн дунд зэргийн чимэг 100-150 алтан рубль хүрдэг байхад том ноёдын эхнэрийн толгойн чимэг хэдэн зуу мянган алтан рублийн үнэ хүрнэ” гэж Майский бичиж үлдээжээ. Эхнэр үсийг халах, хэт хээнцэрлэлийг болиулах, цэргийг гэзэггүй болгох зэрэгтэй холбогдсон түүхийн баримт гурван бичиг архивт үлджээ.

Марксист түүхчид Ерөнхий сайд Бодоогийн дэлхийн жишигт нийцсэн соёлтой  хувцаслалт,  Монголын бүдүүлэг байдлыг халах гэсэн Засгийн газрын энэхүү дэс дараалсан арга хэмжээг “Өглөө” киноны  сэдэв болгон авчээ. Тэгээд л Бодоо сайд гэгч нь эхнэр хүүхдийн гэзэг тайрч, эрчүүдийн нударга огтолсон ухаангүй нэгэн. Бодоо гэгч нь зэр зэвсэг цуглуулж Ардын нам, ардын Засгийг устгах гэсэн нэг асман лам мэтээр түүхэнд үлдээсэн. Харин үнэн түүхийн эх сурвалж нь харин ийн ажгуу.

Өдгөө ч Засгийн газрын хээнцэрлэлийг хэмжээлэх шийдвэр нь тэр бүр хүний санаанд нийцэхгүй таарахгүй байх нь олонтаа. Гэсэн хэдий ч ардчиллын замыг сонгосон манай улсын хувьд олонхийн шийдвэрээ хүндэтгэн хүлээн зөвшөөрдөг жишиг нэгэнтээ тогтоод байгаа билээ.