Таван толгойг “Эм Си Эс”-д өгөхөөр талууд ярилцаж байна
Төрийн өмчийн “Эрдэнэс таван толгой” компани үнэхээр сайн ажиллаж байгаа. Одоо дансандаа доллартай болсон. Биднүүсийн аль зургаан жилийн өмнө зээлээр аваад идчихсэн мөнгийг, хүн болгоны нэг сая төгрөгийн өрөндөө нүүрс нийлүүлэн төлж дуусч байна. Таван толгойд итгэх ард түмний итгэл 1072 хувьцааны горьдлого дахин нэмэгдлээ.
Урьд зээлээр аваад идчихсэн мөнгөнийхөө өрийг өгч дуусгана гэдэг бол энэ Засгийн газрын ч, “Эрдэнэс таван толгой” компанийн захирал Я. Батсуурийн том гавъяа. Бидний 1072 хувьцаа хурдхан шиг өсөж мөнгө болох аргууд олон бий. Таван толгойнхоо нүүрсийг газар дээр нь зарж мөнгө босгох. Гадаадын нэр хүндтэй оператор компани оруулах, эсвэл үндэсний томоохон компанийг дэмжиж удирдлагыг нь өгөх зэрэг. Улс төрийн хүрээнийхэн ярилцаж, хэлэлцэж байна. Харин тэд гурав дахь замыг нь сонгожээ. “Таван толгой”-н ордоос нүүрс ашиглахыг удирдах эрхийг “Эм Си Эс” компанид өгөх төсөл их л болгоомжтой яригдаж эхлэв. Удахгүй Засгийн газрын хурлаар орно. Алтанхуягийн Засгийн газрын хийсэн хамгийн зөв шийдвэр энэ байж болно. Монголчууд бид уул уурхайгаараа улстөржиж цаг хугацаа алдаж, хэрэлдэж, уралцаж муудаж ханавал ханах болсон. Манайхан чинь нарийн бүдүүн төмөр зам тавина гээд найман жил хэрэлддэг улс даа. Тэр үед Монголын “Таван толгой” нөөцөө задалчихаад дэлхий гайхаж Монгол руу валют урсаж байхад сураггүй байсан Орос, Казакстан улсын коксжих нүүрсний ордууд олзворлолтоо хийж Хятад руу экспортлоод эхэлжээ. Гэтэл бид хэрэлдсээр чи олигархи, энэ хулгайч гээд л заамдалцаад зогсч байгаа. Уул уурхай эрчим хүчээр мэргэшсэн үндэсний томоохон нэг, хоёр компаниа дэмжсэн шиг дэмжиж дэлхийн том компаниудын тоонд бодлогоор хүргэх нь Монгол Улсын хөгжилд нэмэртэй. Тэгвэл Таван толгойн нүүрсний бассейныг “Эм Си Эс” компанид менежментээр өгөх хувилбар бол хамгийн сайн нь байх. Уул уурхай, эрчим хүчний салбарт “Эм Си Эс” Монголдоо толгой цохих бүтээн байгуулалт хийж чаддагаа харуулсан компани. Ядаж хүний нөөцөө бэлтгэчихсэн, гэрээ хийгээд сурчихсан манай урдаа барьдаг компани. Таван толгойг “Эм Си Эс”- д өгнө гэхээр зэрэг л коммунист сэтгэлгээний хорсол буцалж, иргэний хөдөлгөөнүүд эсэргүүцээд занаж зүхээд гарна даа гэж бодож байлаа. Ард түмний сэтгэлгээ өөр болжээ. Хөрөнгөт нийгэм байгуулахад, төрийн бодлогоор дэмжиж томруулсан, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай компаниуд л улсыг авч явж чадна гэдгийг сэхээтнүүд ойлгосон байна. Твиттерт улс төр, эдийн засаг сонирхдог, айхтар зөв сэтгэлгээтэй хүмүүс байдаг юм. Тэдний санал бодлыг сонсох санаатай ”Таван толгойг “Эм Си Эс”-д өгөхөөр талууд ярилцаж байна. Зөв үү, буруу юу гэж бичсэн юм. Твиттерийнхэн за муусайн олигархиуд хувааж идлээ гээд л зүхэж гарах байх гэж санасан юм. Гэтэл манай хүмүүсийн сэтгэлгээ шал өөр болжээ. Нийт 69 жиргээч дэмжиж саналаа бичсэн байна. Хоёр нөхөр эсэргүүцжээ. Өөрөөр хэлбэл, “Эм Си Эс” компани түүний удирдлагын багийг ард түмний Таван толгойг аваад явна гэдэгт итгэж байна. Хэдэн жилийн өмнө бол муусайн олигархиуд Хятадтай нийлж Таван толгойг минь хулгай хийлээ гээд л хараал тэмцэл болох байсан юм. Хөрөнгөтөн нийгэм байгуулахад ард иргэд бэлэн болжээ гэж дүгнэж болно. Жиргээчид үнэтэй санал хэлж байна. “Эм Си Эс” аваад явж чадна. Өөрийн хөрөнгөөр тавьсан хар зам, нүүрс коксжуулах үйлдвэр, цахилгаан станц ч бий, ядаж л тохиолог сууринтай. Шууд ашиг хувааж чадах компани гэж итгэж байна. Ийм итгэл гэдэг бол улс төрийн шийдвэр гаргагчдад урам, бурам л гэсэн үг. Харин компанийн засаглалыг хамгийн ил тод байх, төрийн оролцоог хязгаарлах, хувьцаа эзэмшигч бидний оролцоог нэмэгдүүлэх зэрэг гэрээгээ нарийн хийх хэрэгтэй гэж жиргээчид зөвлөж байна. Харин “Эм Си Эс”-ийн удирдлагууд бүх ард түмний хувьцаа эзэмшсэн компанийг ав гэвэл бөөн дараа яршиг гэж хэлэх юм биш байгаа. Таван толгойг “Эм Си Эс”-д өгөхөд улс төрийн шийд гаргахаар ярилцаж байна. Энэ компанийн хувьцааг АН, МАН-ын томоохон улстөрчид эзэмшдэг. Ер нь хаант засгаас авахуулаад ардчилсан төр засагтай улс орнууд ч гэсэн нефть ,алт, зэс, нүүрс, зэрэг улс орныхоо баялгаас толгой улстөрчид нь хувь эзэмшдэг нь дэлхийн жишиг. Уншигч танд “Эм Си Эс”-д манай улстөрчдийн эзэмшсэн хувийг хөрөнгө оруулалтын мэдүүлгээс нь толилуулъя. -------------------------------------------------------------------------------------------------- нар тус тус эзэмшдэг байна. Би ч гэсэн 1072 хувьцаагаа өсгөхийг “Эм Си Эс”-д даалгаж баяжмаар байна шүү.