"Хануй ...нд сайн" гэсэн яриа танилаас танилд ам дамжсаар байна. Энэ зунжин энэ голын эрэг хүнээр тасарсангүй. Булган айм­гийн Баян-Агт сумын ИТХ-ын дарга С.Ганболд: "Манай сумын нутаг дээрх Хануй голын рашаанд энэ зун багцаагаар лав 20000 хүн ирсэн шүү. Цаашид есөн сар хүртэл ра­шаанчид цувна" гэлээ. Олон мянган хүний анхаарал татсан энэ газар усны талаарх мэдээлэл сурвалжлага нь манай уншигчдын өнөө маргаашийн бас нэг хэрэгцээ биз ээ хэмээв.



Хануйн рашаан руу Улаанбаа­тараас явдаг нийтийн унаа гэж сонссонгүй. Иргэд хоорондоо баг болцгоон өөрс­дийн унаагаар Дархан-Эрдэнэт-Булган чиглэлийн хар замаар дав­хиул­саар Түлүү­гийн давааны цаах­на салж, баруун тийш 60 гаран кило­метр шороон замаар явж Хануйн гүүрэн дээр очно. Булганы төвөөс 135 км. Хануй гол нь өөрөө Чулуут, Тамир голууд­тай бараг цуг эх авдаг Хангайн нуруунаас эх аван Архан­гай айм­гийг нэвт туулан 400 км урссаар Сэлэнгэд цутгадаг  урт бо­ловч том биш гол. Геологчид сайн мэдэх эртний ээлжит галав юүлэл­тээр халуун лав газрын хэвлийг цоолж замдаа тааралдсанаа "цементлэн" хэвгий даган урссан юмаа даа. Мянга мянган жил өнгөрөхөд лав хатан хад асга болж ормоор нь ус урсдаг болж. Ус замдаа бараг нэвчихээргүй болсон хоёр хавцал дундуур гүйх тул үл ширгэн ийм хол зам туулна. Дэлхийн гүнээс оргил­сон хатиг шиг галт уулс "амьд сэрүүн"-дээ газар доорх  усны суд­лыг эвдэж дээш чигтэй сийч­сэн. Өдгөө тэр сиймхий­гээр тээр дороос хур борооноос үл ха­маа­ралтай ус ирж буйг бид ра­шаан хэмээн нэр­лэ­жээ. Албан ёсны рашаан суви­лал XVI зуунд Евро­под Баден Баден, Карлобаро зэрэг газруудад анх нээгдсэн нь одоо ч хэвээрээ байдаг. Хамгийн их рашаантай орон гэвэл Болга­раас гадна Японы арлуудыг нэрлэ­дэг. Энд сөнөсөн ба унтраагүй галт уул элбэгээс тэр юм.

Хануйн рашааны түүх мөн л дундад зуунаас эхтэй. Занабазар Богд гадна дотны маарамба нар­тай хамт голын адаг орчим дахь баруун эргээс ундрах жижиг горхи­нуу­дыг шинжлэн улмаар шашны эмнэлэг хүртэл байгуулж байсан юм билээ. Бүхнийг устгагч хэлмэг­дүү­лэлтийн үед шашинжсан уг рашаан зүгээр өнгөрөөгүй нь мэ­дээж. Хожим 1960-аад онд Булган аймгийн эмнэлэг элэгний шар өвч­нөөр өвчлөгсдөдөө дарагдаж хүч­рэхээ байгаад эндээс усны маши­наар рашаан зөөсөн гэдэг. Тэгээд шар өвчин ч дарагдаж дагаад рашаан ч мартагдсан байна. Одоо болтол эндхийнхэн уг рашааныг уудаггүй бөгөөд өвдвөл эмнэлэг барааддаг хэвээрээ.

Харин сүүлийн жилүүдээс хоо­лойны ангинатай хүүхдийн хөлийг голын хөвөөнд тогтсон хэсэгхэн ша­вартай усанд мэдээ алдтал дүрэ­хээр "жилээ дааж байна" гэж шуу­гиц­гаасан.  Ингээд элэг цөсөн дээр нэмээд хоолойд сайн болж таарав. Жилээс жилд рашааны ид шид нээгдсээр хэдхэн алхам урсаад Хануй руу нийлдэг бяцхан ундрага болгон учир жанцантай болжээ.

Эхний рашаан ургаа модны хол­тосны завсраас шүүрэн гарч бай­на. Түүнийг тойроод эхийн тухай дуу дуулж хундаганы чинээ хон­хрыг дүүрээд ирэхлээр нь нүдээ норгож эмчилнэ. Дараа нь таван литрээр нь толгой руугаа асга­даг мэдрэлийн, нүүрэндээ наадаг гоо сайхны шаврын, хамар руугаа сорж шавшдаг гамрит хар­шилын, ходоодны, савны, бөөр­ний, чих­ний, шүдний рашаан шав­рууд цааш үргэлжилнэ. Рашаан дахь уран сайхны халил, туйлш­рал хэтрээд зам дээр хугараад уначих­сан модны хатсан мөчир дээр очиж хүслээ шивнэж хадаг уяж, мөнгө өргөдөг болж. Тэр бүү хэл "Мөнхийн рашаан" гэсэн ярлик­тай булаг байна шүү. Ууцаар нь дүүрэн хатиг шавсан эрийг эхнэр нь болол­той авгай мөлгөр хадан дээгүүр чирч чангааж байхтай таарав. Тэр хоёрын араас бусад рашаанчид оочирлон мөнөөх ха­данд биеэ үрцгээнэ. Хөл, нуруу, бөөр бөгсөнд сайн хэд хэдэн хад энд тодроод байна. Чадал чалханд "сайн" гэх хоёр гозгор чулуун дээр харанхуй болж амьтны хөл татар­сан хойно хижээлдүүхэн хос ба­раал­хан тун сонор сэрэмжтэй шо­вол­зож сууна лээ. Элэгний рашаан ачаалал ихтэй. Сархад сэнгэнүүл­сэн амраг­чид өглөөгүүр тийшээ аягаа бариад гүйлдэцгээнэ. "Шар­лаад" эмнэлэгт хэвтэж байснаа орхиод ирлээ гэх өвчтөн уг рашаан дээр ирж бохир аягаар хээвнэг хутган залгилна. Үнэхээр халдварт өвчин туссан юм бол бусдад нь халд­даггүй юм байх даа гэж эргэл­зээ төрж байв. Уг рашаан дээр зааж зөвлөдөг мэргэжлийн эмч сувилагч, оточ маарамба харагд­сангүй. Хү­мүүс бөөн бөөнөөрөө хошуурцгаан түрүүлж ирснээсээ "Энэ юунд сайн гэнэв?" гэж сураг­лацгаан бүгдээс нь хоцрохгүйг хичээнэ.



Рашаан усыг хэрхэн хүртэх тухай орчин үеийн анагаах ухааны болон уламжлалт хэд хэдэн үндсэн зарчим байдаг юм байна. Үүнд рашааныг 7-14 хоногийн турш өдрийн гурваар ууна. Уух үед архи сүү харш тул хар цай уудаг, айраг үл хэрэглэнэ. Рашааныг мөнгөн аяганд хийж уух маш сайн. Зэс, төмөр, ялангуяа хуванцар аяга найрлагыг өөрчилдөг учир муу. Мод, шил шаазан бол зүгээр. Хууч­цуул аягандаа хөөрөгний шүрэн толгой хийгээд ууж байдаг. Японы Окинова зэрэг шүрэн арлынхан байнга рашаан ууж урт насалж өвчинд өртдөггүй нь үүнтэй хол­боо­той аж. Рашаан байнга хэрэг­лэж байгаагүй бол олдсон дээр нь ихээр уух дэмий. Ганц аягыг маш аажуухан ууж "Оточ манал минь арьс махны завсраар шингэж рашаан болох болтугай" гэхчилэн сайн ерөөл шившдэг. Энэ нь бул­гийн усыг  мэдээлэл дамжуулагч, шин­гээгч, амьд шинж чанартай гэл­цэх болсонтой холбож байна. Биеийн бүтцийн ихэнх хэсэг нь уснаас бүрэлддэгийг бид мэднэ. Төр­сөн бие нь "унасан газрын угаасан ус"-тай адил бүтэцтэй учир тухайн хүний хувьд хамгийн сайн тохирох рашаан гэвэл нутгийнх нь ус гэнэ шүү. Хэрэв Улаанбаатарт төрсөн бол Хатан Туулын ус уугуул өвөөгийн нутгаас илүү эерэг нө­лөөлнө гэсэн үг. Нутаг усаа хайрла гээд байдаг  чинь  ийм учиртай.

Монгол хүний хувьд рашаан уух үедээ  хэт хүнд хүчир ажил хийхгүй, өлсөхгүй цадахгүй дэглэмээр зөв­хөн хонины мах хэрэглэн хооллох нь үндсэн гам юм. Өдөр унтахгүй байх, эм ба тан үл хэрэглэх, шарсан хуурсан зүйлээс татгалзах, өвчил­сөн эд эрхтэндээ дагнасан рашаан уухыг зөвлөж байна. Хоёр юм уу гур­ваас дээш төрлийн өвчинд зо­риул­сан өөр өөр рашаан хольж уухаар рашаануудын найрлага хо­лил­дож гашлан эмчилгээ бо­лох­гүй зөвхөн амны цангааг тайл­на. Ихэнх рашааны биед үйлчлэх ча­дамж 20-25 жилийн хугацаатай тул чу­хал биш бол хар нялхаараа ра­шаан­чин болоод дэмий. Тухайл­бал элэгний хатуурлыг рашаан ус хо­рин жил хүртэл бариад цаашид да­сал болж үйлчлэхээ больдог гэнэ.

Крантны ус рашаан хоёр мэдэг­дэхтэй үгүйтэй өчүүхэн ялгаатай. Тэгвэл зэргэлдээ хоёр рашаан бүр ч адилхан атлаа эмчилгээнд өөр өөр зориулалттай байдаг. Рашаан нь эргэн тойрон дахь байгаль орчин, өвс ургамал, тэнд амьдардаг ан амьтантай хүртэл найрагдан жор нь бүрэлддэг аж. Халуун хүйт­нийг эс тооцвол бусдаас ялгаагүй уснуудыг ямар эмчилгээнд хэрэг­лэж болохыг мэргэжлийн байгуул­лага шинжилж баталгаажуулдаг. Гэвч баталгаажсан гэгдэх олон рашаан өнөөдөр биед төдийлөн мэдрэгдэхээр үйлчлэхгүй байгаа. Энэ нь рашааны эргэн тойронд бие засч, хогоо хаяснаас тэр гэлцэх юм. Бохирдож үл ялиг өөрч­лөгдсөн рашааныг хүртэж илаар­шихын тулд маш гүн сүсэг бишрэл л тус болох байх. Нэгэнт сэжгээр өвдөж, сүжгээр эдгэхдээ тулбал крантны ус ч рашаан болж болно.

Уг нь Хануй голын рашаан нь сүсэг бишрэл тарни энэ тэр гэл­гүйгээр хүний биед шууд нөлөөлөх олон шинж чанарыг агуулсан газ­рын хэт гүнээс ундарч буй ус юм билээ. Хүмүүс оргүй худал зүйл рүү хошуурчихсан биш. Гэвч энэ голын хөндий тун айхтар бохирдож  эхэл­жээ. Алтны "Нинжа" нар цугларсан газар байхгүй юмгүй болдог доо. Тиймэрхүү дүр төрхөнд хэдийнэ шилжиж. Тарваганы боодог, архи, пиво, бүжиг диско, айраг сүү хуу­шуур гээд аль болохгүй хориотой юмны наймаа хяналтгүйгээр цэцэг­лэж хүмүүс булгийн эргэн тойрныг   хог новшоор булж бохир үнэр ханхална.

Газар хол дам зардал багагүй гоожих учир тийм ч боломжгүй хүмүүс очдоггүй бололтой. Гэхдээ л есөн шидийн бүрэлдэхүүнийг харж болно. Үнэгүй юманд нугас­гүйгээрээ зах дээр худалдаа наймаа эрхэлдэг гарууд, ченжүүд их тааралдана. Эрүүл мэндээ эмнэлэг энэ тэр гэхгүйгээр ус уугаад анагаачихаж байна. Үнэгүй юм үнэгүй гэгчээр биеэ сайжирснаа тэмдэглэж зад ууцгаана. Тэгээд элэгний рашаанаас ууж шараа тайлаад явцгаах юм даа. Тэд хар­ваас андашгүй. Зах дээр тэрэг түрээд яваа шиг ээ "Алив холдоо­рой холдоорой" гэцгээн оочир дайран усаа савлацгаах, рашаан бүхнээс "пээпсий"-ний саванд дүүргэж авах зэрэг шуналаараа ялгарцгаана. Дараагийн бүлэг хүмүүс бол төрийн жижиг дунд тушаалын албан хаагчид бололтой хүмүүс байна. Өөрсдөдөө элдэв томилолт энэ тэр гаргаад хамт олноороо "салхинд гарч яваа" аймаг сум, нийслэлийн хурган дарга нар цувцгаажээ.

-Энийг уух нь зөв эсэхийг Ерөн­хийгөөс асууцгаая гэхэд (Ерөнхий гидрогеологич биш аль нэг бай­гуул­лагын Ерөнхий нягтлан бодогч ахалж яваа аж. сурв) Ерөнхий нь ца­райгаа төв болгон "Рашаан ус уух асуудал хэрхэн биенд зо­химж­той талаар холбогдох газрын нөх­дүү­дийн баталснаар бол шаард­лага хангагдсан эд гэж үзэж байгаа. Нөхдүүд боломж олдсон дээр нь сайтар ашиглах нь зүйтэй" ч гэх шиг. Нөгөөдүүл нь яршигтай тэр үгнүүдийг тэмдэглэж авах нь холгүй шимтэх нь  хошин шог үзэж байгаа мэт инээдтэй.

Амралтаа аваад гэр бүлээрээ их ирцгээжээ. Овоо том болж байгаа охид, хөвгүүд аав ээжтэйгээ энд өнөөдөр л хамтдаа өдөржин шөнөжин болж байгаа нь илт. Банди нарт зориулаад этгээд гацалттай яриад сурчихсан охид  ээждээ гоншигносон дуусдаггүй яриа дэлгэж нөгөөдөх нь бүр залх­чихсан байх жишээтэй. Аавууд хүүхэдтэйгээ мөн л анх нүүр тулж уулзалдалгүй уджээ. "Миний хөө, энхрий үрээ..." гэж түнтэгнэн ээжтэй нь суух гэж байгаа хойд эцэг аятай хэтэр­хий хэлбэрдэцгээнэ. Ажил сургууль гэ­сэн өөр өөр ертөнцөөс рашааны буянаар нэг дор цугларц­гаасан ха­луун ам бүл хэсэгтээ эвлэж өгөхгүй ямар өөр болцгоос­ноо дотроо гайхацгааж байгаа бололтой.

Хөдөөгүүр амрагчид, рашаан­чид ид цувж байна даа. Хүмүүс биеэ өвөлд бэлдэж сувилж асрахад санаа тавих болсон нь дэвшил юм. Харин хаачих, яах учраа олохгүй байх шиг. Жирийн дундаж иргэдэд зориулсан тэдний сэтгэлд нийцсэн  үйлчилгээ их үгүйлэгдэж байна.