“Улаан пальто”
“Шүүдэр” продакшны хоёр дахь бүтээл “Улаан пальто” кино нээлтээ хийгээд удаагүй байна. Урьд нь домогт “Ану хатан”-ы тухай түүхэн киногоороо үзэгчдийн мэлмийг мялааж байсан тус продакшныхан энэ удаад Шүүдэрцэцэг хэмээх уран бүтээлийнхээ нэрээр алдаршсан зохиолч, сэтгүүлч Б.Тогтохбаярын “Улаан пальто” өгүүллэгээр кино хийжээ.
“Улаан пальто” кино нь олон шинэлэг хуудсыг манай кино урлагт үлдээхээр уран бүтээл болжээ. Хүний урьд, хойд төрлийн талаар дэлхийд яригддаг сонин жишээнүүд байдаг. Бас монголчууд энэ насны амьдралаа дуусгаад одож буй нэгнээ эргээд төрөхөд нь мэдэхийн тулд тэмдэг тавьж үлдээдэг уламжлалтай ард түмэн. Үнэхээр ирдэг эсэхийг нь баталж чадахгүй ч бид тэгээд л сурчихсан улс. Харин “Улаан пальто” кино далд ертөнц, эх үрийн нандин холбоог энгийн амьдралд ойртуулан үзүүлж чаджээ. Сүүлийн үеийн кинонууд Монголд хэзээ ч болж байгаагүй, болох ч үгүй зүйлсийг хүмүүсийг татах үүднээс гаргадаг болсон нь нууц биш. Бас шорон харуулж, эсвэл хэн нэгнийг хүчирхийлснээр үйл явдлыг өрнүүлдэг ганцхан аргатай болчихсон. Харин “Улаан пальто”-д хүний өмнө хойд амьдрал, далд ертөнцийн талаар хөндсөн ч гэсэн амьдралаас тасарчихсан өгүүлэмж нэг ч байхгүй юм билээ. Бидний л дунд байдаг амьдрал. Нээрээ л ингэнэ шүү гэж сэтгэлд буумаар. “Улаан пальто” кинонд энэ цаг үеийн хамгийн эрэлттэй байгаа жүжигчин О.Долгор, шоу бизнесийн ертөнцөд дуулж хуурдаж, жүжиглэж нэвтрүүлэг хөтөлж явснаараа алдартай, сүүлийн үед нам гүмхэн болчихсон байсан жүжигчин Т.Өөдөө, И.Нямгаваа найруулагчийн нэгэн үеийн сайн кинонуудад нь гол дүр бүтээж байсан хуучны жүжигчин О.Байгаль нар тогложээ. Өөрөөр хэлбэл, тухайн үеийнхээ нэртэй явсан жүжигчдийг эргэж дэлгэцнээ гаргаж чаджээ, энэ кино. Дүрийн сонголт тун аятайхан болсон шиг санагдсан. Баян мөнгөтэй хүмүүсийг дүрслэхдээ манай киноныхон буруу аргаар хөрөнгөжсөн талаас нь гаргачих гээд байдаг. Харин энэ кинонд мэдлэг чадвараараа сайхан амьдрал цогцлоож чадсан архитекторч залуу бас өөрийн гэсэн тогтсон ажлаа явж байгаа бүсгүйн амьдрал гарна. Гэвч амьдрал хатуугаа хүрвэл дэндүү хатуу. Жаахан охин нь ээжтэйгээ хамт гэрийнхээ гадаа ирж, аавыгаа хараад гүйх тэр агшинд машинд дайруулан амиа алдана. Жүжигчин О.Байгаль дэлгэцнээ эргэн ирэхдээ үрээ алдсан эхийн гунигтай дүрийг сайн гаргажээ. Түүнийг харахаар л өмнөөс нь өр өвдөж, шаналаад байсан. Гэр оронд нь дутуу зүйл үгүй ч инээд хөөр цалгиулах үр нь үгүй. Хосуудын хамаг гуниг зовлон нь тэр байлаа. Харин хотын захын хороололд эгэл борог хэрнээ өөрсдийнхөөрөө амьдралаа залгуулж яваа нэг айл бий. Сувилагч эхнэрт нь Т.Өөдөө, засварчин нөхөрт нь жүжигчин аавынхаа шийрийг хатааж яваа Равдангийн Баттогтох тоглож. Тэдний цэцэрлэгт явдаг охин нь заримдаа өөртөө байхгүй улаан пальто, даашинзыг байх ёстой гээд л нэхнэ. Бас өөр том гэр, аав ээжийн тухай ч ярина. Охиныхоо төлөө байгаагаа өгөхөд бэлэн аав, бас хүн ойлгохгүй юм ярихад нь бухимдах ч эл байдалд нь санаа зовних ээж. Ерөөсөө л амьдрал дунд байх энгийн эгэл дүрүүдийг сайн үзүүлж чаджээ. Энэ кинонд нэгэн дүр гарах нь оюутан бүсгүй Минжээ. О.Долгорын тоглосон энэ дүрийн эзэн бол анагаахын оюутан бас сурахынхаа хажуугаар ажил хийж амьдралаа залгуулж явдаг хичээнгүй нэгэн. Дүүтэйгээ хамт амьдардаг түүний гайхшийг заримдаа “Надад өөр гэр, ээж аав байдагийнш дээ” гэж ярих хөрш айлын охин барна. Хуучин гэрт минь дагуулж очооч гэж гуйгаад байхаар нь нэг удаа дагуулан очно. Хашааны жаахан охин манай хуучин гэрийн хаалганы хонх шувуу шиг дуугардаг хэмээж, тэр нь таарахад оюутан бүсгүй гайхаж эхэлдэг. Гэвч охиноо алдсан гэр бүл хуучин байраа орхиж нүүсэн учир хэрэг явдал тийм ч амар тайлагдахгүй. Хөрш айлын оюутан бүсгүй өөр ээж, аавын талаар ээдрээтэй зүйл ярих Номин охины талаар цагдаад мэдэгдсэн ч тэнд ямар ч хүүхдийн хулгай болоогүй билээ. Харин Номин охин Саяана нэртэй урьд насныхаа амьдралыг санаж, хуучин ээж, аав руугаа тэмүүлсээр. Цэцэрлэгээсээ оргож хуучин гэртээ гүйж ирэх, бас охиноо алдсан ч үргэлж хаа нэгтэй байгаа мэт санагалзах ээжийн сэтгэл үзэгчдийг эрхгүй нулимс дуслуулахад хүргэж байсан. Томчууд хүүхдийн сэтгэлийн нандин холбоог хөндсөн ийм кино “Мартагдсан дууль” киноноос хойш гараагүй байсан гэхэд болно. Харин “Улаан пальто” энэ орон зайг нөхөж чаджээ. Жилд автомашины ослоор бүхэл бүтэн нэг ангийнхантай тэнцэхүйц хүүхдүүд амь насаа алддаг гэдэг. Харин нийгмийн энэ эмзэглэлийг “Шүүдэр продакшн” шинэ уран бүтээлээрээ гаргаж чаджээ. Киноны төгсгөлд Номин охин бас машинд дайруулж эмнэлэгт тааруухан байх үед нь Минжээ бүсгүйн хүчин чармайлтаар охиноо алдсан Солонго бүсгүй эмнэлэгт ирдэг. Охиноо алдчихаад шаналж яваа түүнд охин чинь гээд нэг хүүхэд таныг хайгаад байна гэхэд нь эргэлзэх, үл итгэхийн сүүдэр байх ч эрхгүй эмнэлэгт яваад очдог. Урьд хийгээд энэ насны хоёр аав, хоёр ээж. Гайхаж харамлах харц тусах ч үрийнхээ төлөө гэсэн эцэг, эхчүүд нэг нэгнээ хэлүүлэлтгүй ойлгодог. Үхлүүт байсан охин ч өндийгөөд ирдэг. Эх үрийн хайр, нандин хэлхээс ийм л хүчтэй байдаг байх гэж бодмоор. Охины дүрийг бүтээсэн 23 дугаар сургуулийн сурагч Ч.Энхномуун чадварлаг жүжигчин болохоо хоёр ч дүрийг зэрэг бүтээснээрээ баталж чадлаа. Жүжигчин О.Долгор, тус киноны ерөнхий найруулагчаар ажилласан Э.Чинзориг нарын охин Ч.Энхномуунд магадгүй цаашид олон кинонд тоглох урилга ирэх биз ээ. Ийм нэгэн кино үзэгч таны мэдэлд очлоо. Амжиж заавал үзээрэй гэж зөвлөе. Киноны нүүр хувиргалт, гэрлийн тавилт нь хамаагүй өөр байна лээ. Энэ нь чадварлаг нүүр будагч, бас сүүлийн үеийн хамгийн эрэлттэй зураглаач Г.Баттулгын ур чадвартай холбоотой биз ээ. Логик дараалал, монголжуу хэллэг, өвөрмөц санаа гээд үзэгчдэд таалагдах олон зүйл энэ кинонд бий. Бас киноны утга хэсгүүдийг холбосон өвөрмөц шийдлүүд ч таалагдах нь дамжиггүй.