Сэтгэл нь өөдрөг хүн байнга хэтрүүлж архидаад байдаггүй аж. Тиймээс ажилгүйдэл, ядуурал нь архидалтыг гааруулдаг гол нөхцөл гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч байна. Манайхан ерээд оны эхнээс эхлээд арав гаруй жил архинд живсэн.  Улсын эдийн засаг ч аймар байсан даа. Харин 2000 он гарсаар уул уурхай цэцэглэж мөнгөтэй болцгоосон. Зэрэгцээд монголчууд гадаад орнуудаар явж юм үзэж нүд тайлсан. Миний харж байгаагаар 2007-8 оны орчмоос эхлээд архи хэрэглэх соёл төлөвших байдал анзаарагдсан. Байдал улам сайжирсаар, хүмүүс хэмжээгээ тохируулах болсон төдийгүй сонголт нь  өөрчлөгдөж эхэлсэн байна. Нийт борлуулалтад хатуу архи ба шар айрагны эзлэх хувьд архиных багасаад, пиавных өсөөд байгааг борлуулагч нар нэгэн дуугаар хэлдэг.


Архи ба хутга шөвөг

Согтуугаар нэгийгээ хутгаллаа, аллаа гээд байдаг чинь баар ресторанд болдын биш. Тэнд чинь дарга гишүүд хутгаар тоглодог болохоос жирийн хүмүүс гэртээ, хашаандаа, орц хонгилдоо л нэгнээ алуул алдаг улс.  Тэхээр гэмт хэрэг хамгийн их гардаг газар бол “орон байрны архидалт”.

Өнөөдөр энэ төрлийн архидалт эрс багассан. Байрны найр л биш бол хүмүүс, нэгнийдээ цуглаж архидахаа больсон. Тэрний оронд уулзаад, уучаад салаад явцгаадаг болсон. Захын л нэг булан тохойд архидаад сууж байдаг нөхөд үзэгдэхээ больсон нь яах аргагүй баримт биз дээ?

Ерөнхийд нь бичиж байгаам шүү. Тэхээс өнөө өглөө таны харсан гудамжны хоёр гарын тухай яриагүй. Гудамжны архичид байсаар байгаа, үнэн. Ер нь байх ч ёстой. Байлгахгүй гээд ч яахын, алалтай биш.


Архины хууль

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өөрийн санаачилсан “Архины хяналтын хууль”-аа  Их хуралд өргөн барьж байна. Уг хуульд сайн, саар заалт аль аль нь бий. Баталгаагүй бүтээгдэхүүн болоод үйлдвэрүүдийг цэгцлэх нь тун ч сайшаамаар. Зар сурталчилгаагаар ч яадын Монголчуудад архи багадаагүй. Харин саар нь мэдээж бүтээгдэхүүний борлуулалтыг хязгаарлах.

Монголчууд урьд өмнө архийг хязгаарлаж байсан тохиолдлууд бий. Наяад оны дундуур Горбачёвын ЗХУ-д хийсэн архины хоригийг манайд бас дуурайсан удаатай. Шанд нь гутлын цавуу үнэрлэх, үнэртэй ус болон  цэнхэр спирт хөнтрөх зэргийг сайн сурсан. Шаг гэдэг хэллэг амны уншлага болов.

1992 онд хүнсийг картаар олгож эхлэхэд мөн л архийг хязгаарлаж шагийг гааруулсан. Өвгөнт гэдэг дотно найзтай болсон. Хориглоод дийлээгүй, харин ч “Өвгөнтийн хөндий”-тэй болсон билээ. 

2008 онд нэгэн хувийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээс хордож хүний амь эрсдэхэд бас хязгаарласан. Тэр хязгаарлалтын үеэр нэгэн аймагт дөрвөн эр халамцаж мансуурахын тулд техникийн шингэн ууж газар дээрээ “яваад өгсөн” мэдээ байдаг. 

Тэрхүү хоригийг цуцалсан өдөр монголчууд хамгийн түрүүнд тааралдсан баар луу шунган орж шар айраг, архийг шунамгай гэгч нь залгилсныг санаж байна.  Муулахаа түр хүлээ, ууж л байвал хүний адаг биш юм шүү.


Гадаадад яасан байна?

Сархад хүний тархинд аз жаргалын даавар ялгаруулдаг. Өдөр бүр үй түмэн асуудал шийдэх гэж зовдог учир хүн энэ ундааг хүртэж, алжаалаа тайлан суух эрхтэй.  Тиймээс ч шашны гэх мэт шалтгаанаар тодорхой хүрээнд хорьсноос бусад бүх улс оронд сархадыг чөлөөтэй хэрэглэдэг. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэх гэсэн сөрөг үзэгдэл энэ хэрэглээний сүүдэр нь. Бараг бүхий л улсад тулгарсан энэ асуудлыг  шийдэх гэж оролдсон  аргыг үндсэнд нь Хязгаарлах ба Сэнхрүүлэх гэж хоёр ангилж байна.

Сэнхрүүлэх аргыг хэрэглээд амжилтад хүрсэн улсууд их. Хамгийн сүүлийн үеийн жишээнд Скандинавын орнуудыг нэрлэж болно. Тэнд үйл явц наяад оны сүүлч, ерээд оны эхээр эхэлжээ. Сургууль, цэцэрлэгүүдэд алкохольт ундааг хэтрүүлэн хэрэглэхийн хор уршгийг зааж, нийгэмд архины хор хөнөөлийг илчилсэн маш их мэдээллийг илгээж. Архинд живсэн Финланд орон өнөөдөр сэргэн өндийж, соёлтой хэрэглээг ойлгон сэнхэрсэн бүхэл бүтэн үе өсч өндийв.  Энэ бүхний эцэст худалдаалах цэг ба цагийг хязгаарлах болсон гэж үзэж тодорхой журам гаргасан байна. Нийгмээ ингэж бэлдсэн учир одоогоор мэдэгдэхүйц сөрөг нөлөө гарсан гэх мэдээ алга.

Гэвч сүүдэр бүрэн арилдаггүй л юм байна.  Энэхүү хориг гарангуут л Финийн буланд, далайн дунд их хэмжээний архи ачсан Оросын “диваажингийн” хөлөг онгоцон дээр амралтын хоёр өдрөөрөө салам архидаж өнгөрөөх гэсэн финчүүд улам нэмэгдсээр байгаа гэх мэдээ байна.  Бэлдэж, сэнхрүүлсэн ч гэсэн хориг л бол хориг бөгөөд соёлт финчүүдийн доторх “араатныг” догшруулж байгаа нь энэ шүү дээ.


Хуулийн заалтыг уншихад

Эрхэм гишүүн хатагтай Монголын архин бүтээгдэхүүнийг борлуулах цэг ба цагийн хуваарьт хязгаарлалт хийх гэж байгаа

Цэгийн хувьд 2000 хүнд нэг “найман нэрийн дэлгүүр” оногдоно гэж хуулийн төсөлд заажээ. Ардаа олон ам тэжээдэг, тойрч шавсан хэд хэдэн найман нэрийн дэлгүүрийг хуугаар нь “зургаан нэрт” болгох нь. Тэднүүс аавал архи зарж амьдрах гээд байгаамуу? Гэдэгтээ тулбал бодууштай юм бас байна.  Ер нь дэлгүүрт хүний хэрэгцээт бүх бараа байдаг тулдаа худалдан авагч тасардаггүй, бизнес нь уначихалгүй байдаг аж. Ганц шил архи өвөртлөөд гарах хүн бий боловч хажуугаар нь чихэр жимс,  талх боовноос эхлээд ядаж л “даруулга” худалдаж авдаг хүмүүс бас их байдаг гэнэ. Айлд ирж байгаа зочин бол бүр ч өгөөмөр загнана.

Эрхэм гишүүнийхээр бол тухайн тойрогт байгаа шаардлага хангасан дэлгүүрүүдээс сонгон шалгаруулалт хийж архи борлуулах зөвшөөрлийн төлөө санал авахад өрсөлдүүлэх юм байна. Номин, Миний дэлгүүр, Сансар, Оргил гэх мэт том сүлжээ дэлгүүрүүд өөрийн гялгар сайхан салбаруудаараа Нийслэлийг хэрчихсэн байхад шүү! Номингийн нэг сайхан цэлгэр уужим дэлгүүрийг тойроод хэдэн арван умгар “найман нэрт” бий. Хэнд нь боломж харагдаж байна даа?

Мөн өндөр хатуулагтай бүтээгдэхүүнийг орой 20 цагаас хойш худалдан борлуулахыг нь үндсэндээ хориглож байна.


Үр дагаварыг нь таамаглахуйд

Юуны өмнө хуулиар батлагдсан “ховор нандин зөвшөөрлийн“ төлөө найман нэрийн дэлгүүрүүд “алалцах” болох нь. Хэнд нь зөвшөөрөхийг иргэд хуралдаж шийднэ гэж байгаа боловч гэрийнх нь сантехникийг шийдэх гэж байгаа СӨХ-ийн хуралдаа ч ирдэггүй тэд дэлгүүрийн төлөө ирэх үү?!! Ирдэг байлаа ч эцсийн шийдийг зөвшөөрөл өгөх эрх бүхий албан тушаалтан л гаргах учир тэр азтай дарга алтаар үнэлэгдэх цаг ирнэ. Түүний өмнө найман нэрийн дэлгүүртэй хөөрхий хүмүүс бөхөлзөх болно.  Авилга ингэж цэцэглэдэг.

Үүний дараа тухайн тойргийн нэг юмуу хоёр дэлгүүр зөвшөөрөл авч бусад нь эрхээ хасуулна. Энэрэлгүй энэ шийдийг энгийн “уламжлалт” аргаараа даван туулсан нь зах зээлд голтой үлдэнэ. Энэ арга нь “шаг”. Тэртэй тэргүй тамхи нууцаар борлуулж байгаа дэлгүүрүүдийн лангуун доор архи нэмэгдэх болно.  Бүх дэлгүүрүүд хууль зөрчигч боллоо. Ингээд л гол садаа болох хэсгийн цагдаа нартайгаа хэл амаа олох шаардлага гарна. Жижиг гарын авилгач цагдаа нар ингэж үүсдэг. 

Нэгэнт далд цэцэглэх энэ наймааны бараа далд тээвэрлэгдэж таарна. Зүсэн зүйлийн бүтээгдэхүүн энэ “нууц сүвээр” цутгаж эхэлнэ. Хортой бүтээгдэхүүн ингэж элбэгшдэг.

Бүгд ийм өрсөлдөөнд амьдрах чадваргүй учир олон дэлгүүр хаалгаа барих болно. Ажилгүйчүүдийн эгнээ тун ч ихээр өргөсөх нь. Ажилгүйдэл бол архидалтыг гааруулдаг гол шалтгаан. Улс орон архинд ингэж живдэг.

21-ийн тоо шидэт тоо болон хувирна. Шагчдын наймаа 21 цагаас хойш “шажигнах” болно. Шагчид 21 цагийг тэсч ядан хүлээнэ. Нийгэм ингэж өөрийгөө зохион байгуулдаг.

Тэртэй тэргүй “таванзуугийн” архи угжин өдөр хоногийн өнгөрөөдөг “гудамжныхан”-д энэ хууль хумсын төдий ч нөлөөлөхгүй. Нэгэнт тогтчихсон энэ  аймшигт харанхуй сүлжээг эрхэм гишүүн хэзээ ч устгаж чадахгүй. Устгах гэж оролдох тусам сүлжээ улам далд байдалд орохоос биш үгүй болохгүй. Яагаад гэвэл эрэлт байсаар байх тул. Хуулийн нэр хүнд ингэж унадаг.

Тэгэхээр энэ хуулийн төсөл өрөөсгөлийнхээ дээр хүртээмжгүй харагдаж байна.  Гэхдээ хуулийн НЭР хүн бүхэнд таалагдана. Харин хүн болгон үр дагаварыг нь бодохгүйгээр алга ташна. Популист хууль гэж ийм байдаг.

Архидалтын асуудалтай олон айл бий. Ялангуяа гэр хороололд. Ерөөс  айлд нэг л архичин байдаг ба бусад нь архийг үзэн ядагчид байх нь бий. Тэгэхээр дундаж гишүүнтэй нэг өрхийн 3-4 сонгогчийн нэг нь л хуулинд таагүй хандаж бусад нь талархах нь байна. Ер нь ч архичин бүр сэтгэлдээ архинаас гарах юмсан бодолтой явдгийг олон удаагийн судалгаа харуулсаныг тооцвол гэрээрээ манай гишүүнд талархаж, сонгуулиар нэрийг нь дугуйлна.  Популист улстөрч гэж үүнийг хэлдэг.

Үүний цаана үлдэх, хүний архинд ба хязгаарлалтад ханддаг байгалийн ба нийгмийн реакцийг яах вэ. Зуу татах хэрэгцээ шаардлагаа хангах гэсэн худалдан авагч заавал хол алхахгүйгээр дэргэдээсээ нэг юм олох нь амар болно. Дагаад орон байрны архидалт эргээд сэргэх нь байна. Дээр дурдсан бүх асуудлууд бас байна. Хууль санаачлагч энэ үед хаана байх вэ? Тэрээр чуулганы танхимд, “цагдаа сайн ажиллахгүй байна” гэж мэгээд бурууг бусдад нялзаасан шээг суух болно. Эсвэл “миний хууль ёстой сайн биелж байгаа!” гэдэг алдарт ахиад хэлэх биз. Популист улстөрчийн хариуцлага гэж ийм л юм байдаг.


Төгсгөлд нь үг дайя.

Архидалт байнаа байна. Уугаад байна. Том жижиггүй л балгалж байна. Гэхдээ сэтгэхүй, дадал зуршилтай бус бүтээгдэхүүнтэй тэмцэх гээд байгаа Эрдэнэчимэг эгч маань салхин тээрэмтэй үзэх гээд байдаг Кихот ноёнтой яг адилхан харагдаж байна. Түүнд Санчо л дутаж байна. Дусал архи үйлдвэрлэхээ болиод ч хүн уух архиар дутаж байсан түүх дэлхий дээр хэзээ ч байгаагүй юм. Сэлмээр биш үзгээр, уураар биш ухаанаар тэмцмээр байна. Ухаантай гэж сонгогдсон ард түмний элч эгчээ!