Сургуулийн сурагчдын зуны амралт эхэлж, хүүхдийн цэцэрлэг, яслиуд үйл ажиллагаагаа түр завсарлалаа. Мэргэжлийн тогооч нарын мэдлэг, ур чадвар, эхийн сайхан сэтгэлээр   бэлтгэдэг  хоол ундааг үр хүүхэддээ хийж өгөх үүрэг, хариуцлага  эцэг эх танд   түр болов шилжин очиж байна. Юу ч атугай зуны гурван сард та энэ үүргээ жинхэнэ ёсоор биелүүлэх учиртай. Ингээд бага насны хүүхдийн хоолны онцлогийн талаар танд бяцхан зөвлөмж бэлтгэснээ толилуулья.

  • Хүүхдийн эрчимтэй өсөлт, хөгжилттэй уялдан уургийн хэрэгцээг ихэвчлэн амьтны гаралтай уургаар хангана. Амьтны гаралтай уургийн гол эх булаг нь мах, загас, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн байдаг тул эдгээр бүтээгдэхүүн оролцсон хоол өсөж яваа организмыг уургийн хэрэгцээгээр бүрэн хангаж чадна. Харин ургамлын гаралтай уургийн эх булаг нь будаа, гоймон, төмс, талхан бүтээгдэхүүн тул эдгээрийг хачир, бие даасан хоол байдлаар бэлтгэх хэрэгтэй
  • Хүүхдийн хоолонд өөх тос дутагдах нь тэдний эрүүл мэнд, ялангуяа дархлал тогтох шинж чанарт муугаар нөлөөлнө. Өөх тосны дутагдлаас болж хүүхэд хүйтэнд тэсвэр муутай, гаднын нөлөөнд цочромтгой болох, амьсгалын замын өвчинд хялбар өртөх нь олонтой байдаг. Өөх тосны дутагдлаас шалтгаалан хүүхдийн мэдрэлийн системийн үйл ажиллагаа хямарч өсөлт удаашрах сөрөг талтай болохыг шинжлэх ухаан аль хэдий нь нотолсон билээ.  Иймд хүүхдийн хоол тэжээлд өөх тос чухал ач холбогдолтой. Энэ нь хүүхдийн организмын өсөлтийг уян налархай болгож сайжруулах, ялангуяа тархи мэдрэлийн эд эс бүрэлдэн тогтоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөх тос нь А, D, К, Е зэрэг аминдэмийн шингэцийг идэвхжүүлэх уусгагч болж өгдөгөөрөө онцлог юм. 
  • Хүүхдийн хоолонд фосфатид, А, D аминдэмийг агуулсан цөцгийн тосыг өргөн оруулах нь зүйтэй. Түүнчлэн тосны ханаагүй хүчлүүдээр баялаг байдаг ургамлын гаралтай тосыг зохих хэмжээгээр өгч байх нь зүйтэй.  Харин хүүхдэд хэмжээнээс хэтэрсэн ханаагүй өөхний хүчлийг өгөх нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг тул ургамлын тосыг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.
  • Хүүхэд  насны нэг онцлог нь тэд байнгын хөдөлгөөнд байж илч их зарцуулдаг явдал юм. Иймд тэдний булчингийн үйл ажиллагааны илчлэгийн  эх булаг болох нүүрс ус чухал ач холбогдолтой. Хүүхэд хоногт хэрэглэх уургаасаа 4 дахин их нүүрс ус хэрэглэх шаардлагатай бөгөөд үүнийг хялбар шингэдэг нүүрс ус болох саахар, зөгийн бал, жимс, жимсгэнэ, чанамал зэргээр хангана. Түүнчлэн цардуулаар харьцангуй баялаг будаа, талхны зүйлээс нүүрс усныхаа хэрэгцээгний зохих хэсгийг хангадаг. Ер нь хүүхдийн хоногт алдаж байгаа илчлэгийн 50%-ийг нүүрс ус нөхөж байвал зохимжтой гэж үздэг.
  • Хүүхдийн өсөлт, ачаалалд чухал үүрэгтэй A аминдэмийн хэрэгцээг цөцгийн тос, зөөхий, загас, түүнчлэн хүнсний ногооны найрлага дахь каротин, D аминдэмийг загас, загасны тос, цагаан идээний зүйл, В бүлгийн аминдэмийг ургамлын гаралтай хүнс, будаа, сүү, бяслаг, үхрийн мах, элэг, бөөр, өндөгний шар, вандуй, шар буурцаг, РР аминдэмийг гурвалжин будаа, вандуй, шош, хонь, үхрийн мах, С аминдэмийг нохойн хошуу, үхрийн нүд, гүзээлзгэнэ, яншуй, ногоон сонгино, цэцэгт байцаа, улаан лооль, бууцай, төмс, алим, жүрж, нимбэг, гадил жимс, Е аминдэмийн хэрэгцээг ургамлын тос зэргээр тус тус хангана.
  • Хүүхдийн ясны эд эсийн бэхжилтэнд гол үүрэг гүйцэтгэдэг кальцийн хэрэгцээг сүү, сүүн бүтээгдэхүүн, түүнчлэн байцаа, хар чавга, зэс, төмрийн хэрэгцээг малын элэг, тархи, өндөгний шар, фосфорыг мах, загас, овъёосны будаа, буурцаг, өндөг, бяслаг, фторыг сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, үхрийн мах, цай, ундны усаар дамжуулан хангана. Түүнчлэн хүүхдийн хоол хүнсний найрлагад натри, йод зохих хэмжээгээр агуулагдсан байх шаардлагатай. 
  • Сургуулийн насны хүүхэд өдөрт 4-5 удаа хооллох дэглэмийг баримтлах нь тэдний биеийн өсөлт хөгжилт, ажиллах чадварт тохирно хэмээн үздэг. 
  • Физиологийн хэрэгцээг хангасан найрлага, илчлэг сайтай олон нэр төрлийн хоол, хооллолтын зохистой дэглэм нь хүүхдийн биеийн болон оюуны хэвийн хөгжлийг хангаж, эрүүл чийрэг, ухаан төгс, гоо үзэсгэлэнтэй болгох үндэс болж өгнө.

Сүү, цагаан идээ элбэг зуны улиралд хүүхдэд сүү, цагаан идээг зохих хэмжээгээр өгч байх ёстой. Хэдийгээр эх орны үйлдвэрүүд сүүн бүтээгдэхүүнийг олон төрлөөр хийж байгаа ч үнийн хувьд тийм ч зохистой бус байна. Иймд аль болох хямд байдлаар  гэрийн нөхцөлд тараг бүрэх талаар зөвлөе.


Гэр ахуйн нөхцөлд тараг бүрэх арга


  • Таргийг хонь, ямаа, үхэр, сарлагийн сүүгээр бүрдэг. Бог малын сүүний таргийг амт чанарын хувьд нэлээд дээгүүр үнэлдэг байна. Тараг бүрэх сүүний чанарыг харгалзан түүхий сүүний, болсон сүүний, машиндсан сүүний гэж хуваана. 
  • Сүүгээ хөөрүүлж буцалгаад 40-450 хүртэл хөргөж таргийн хөрөнгийг сүүний 5% -ийн хэмжээнд хийж сайтар самарна.
  • Хөрөнгийн идэвхээс хамаарч тараг 4-8 цагийн дотор бүрэлдэнэ. Элгэн тараг бол жигд, нягт бүрэлдмэгтэй, шар сүү нь ялгараагүй, хийн бөмбөлөг үүсээгүй, язмагтаагүй байх шаардлагатай. 
  • Шинэ таргийг бүрэлдсэн даруйд хөргөхгүй бол шар ус нь ялгарч ээдэм нягтран тунаж тараг сагах ба таргийн хүчиллэг нь эрс нэмэгдэнэ. 
  • Таргийг бал, зэвгүй, хүчиллэгт тэсвэртэй сав суулганд бүрэх хэрэгтэй.
  • Тараг бүрэхэд тохиолдож болох зарим шинжүүд нь:
  • Тарагны бүрэлдмэг сул, элгэн биш байх нь хөрөнгө идэвх муутай байсан, бүрэн температурыг зохих хэмжээгээр барьж чадаагүй, хүйтдүүлснээс болно.
  • Хэт исгэлэн нь хөрөнгийг ихдүүлсэн юмуу бүрсэн даруйд хөргөөгүйгээс болно.
  • Сайн буцалгаагүй сүүгээр бүрснээс, эсвэл бүрэлдсэн даруйд сайн хөргөлгүй халуун газар байлгаснаас, мөн хөрөнгө хийгээд олигтой хутгаж самраагүйгээс  шар сүү ялгардаг.