Түүхэн шинэ орчинд, олон улсын харилцааны шинэ загварт Монголын геополитик ингэж төлөвшсөн хэмээн дараахи түүхэн гэрэл зургуудаар тайлбарлая.

Монгол Улсын Их Хурлын 2011 оны 10  дугаар тогтоолын хавсралт – Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын 14-р зүйлийн эхэнд:

  • ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Чингэхдээ энэ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзах хэмээн заасан билээ.

Үнэндээ ч Монголын геополитикийн өнгөрсөн ба одоог эргэцүүлэхүй, хоёр их гүрний дунд орших Монголд төвийг сахих, эсвэлд үл нэгдэх ямарваа статус огтоос таарахгүй, тийм үзэл бодол бидэнд байдаг бол тэр нь хүслээс цаашгүй, гагцхүү хоёр хөршийн геополитикийн хайчин дунд тэнцвэрийг зөв хангаж, хоёулантай нь идэвхтэй, зэрэг харилцаж  байж л тусгаар тогтнол, аюулгүй байдлаа баталгаажуулна.
 


1940 онд МАХН-ын (одоогийн МАН) Х их хурлаас сонгогдсон II дайны үеийн нам, төрийн дээд удирдлага буюу МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид (Х их хурлаас сонгогдсон 2 гишүүн нь хэлмэгдээд үлдсэн хэд нь энд сууж байна) хуралдаж байна. Энэ үед олон улсын эрх зүйн хувьд Монгол нь де-факто тусгаар тогтносон улс, гэвч эрх зүйн хувьд (де-юре) олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдөөгүй улс байлаа.




Гэвч тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гол нөхцөл нь дэлхийн II дайнд энхийг эрхэмлэгч хүчний талд тууштай зогсох явдлыг хэмээн дээрхи нөхөд эрүүлээр сэтгэсэн юм. Эх орны дайны үед фронтод бэлэг хүргэн очингоо маршал Х.Чойбалсан Улаан армийн цэргийн дээд дарга нарт одон шагнаж, маршал К.Ворошиловтой уулзаж нөхөрсөг харилцаагаа бэхжүүлж байсан нь нөгөөх л хүлээн зөвшөөрүүлэх дипломат бодлогынх нь илрэл байлаа.



Энэ бол онц сонирхолтой торгон агшин. 1945 оны 7 дугаар сар. Маршал Х.Чойбалсанг СССР-т анх удаа тусгаар тогтносон БНМАУ-ын Ерөнхий сайдын хувьд хүндэт харуул жагсаан төрийн дуулал эгшиглүүлэн хүлээн авч байна. Яг энэ агшинд Кремльд СССР ба Дундад Иргэн Улсын хооронд хэлэлцээ явагдаж “Гадаад Монголын асуудал” бүрмөсөн эцэслэгдэж байлаа.



Дахиад онц сонирхолтой торгон агшин. 1946 оны 2 дугаар сар. Маршал Х.Чойбалсанг СССР-т хоёр дахь удаагаа тусгаар тогтносон БНМАУ-ын Ерөнхий сайдын хувьд хүндэт харуул жагсаан төрийн дуулал эгшиглүүлэн хүлээн авч байна.



Энэ айлчлалын гол зорилго, агуулга нь БНМАУ ба СССР-ийн хооронд анх удаа олон улсын эрх зүйн тэгш эрхт хоёр субъектын хувиар гарын үсэг зурсан Найрамдал, харилцан туслах тухай Гэрээ байлаа. 1946.02.27



Энэ айлчлалын ёслолын арга хэмжээний нэг чухал хэсэг нь БНМАУ-ын Ерөнхий сайд маршал Х.Чойбалсанг Зөвлөлтийн Төрийн дээд одонгоор шагнах явдал байв. Нийтийн дайсан Японы эсрэг дайнд Монголын ардын армийг чадмаг зохион байгуулж удирдан оролцсоных нь төлөө СССР-ийн Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга М.Калинин зарлиг буулган гардуулжээ.



Энэ мөчөөс хойш БНМАУ-ын нам, төрийн удирдагчид Кремлийн тэгш эрхт хүндэт зочноор байнга уригдаж, Лениний мавзолейн бунхант индэр дээр олонтаа заларч байлаа.



1976 он, Москвад БНМАУ-ын нам-засгийн төлөөлөгчид дуулиантай айлчлал хийхээр очиж байна. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 5 гишүүн очсоноор нь дуулиантай хэмээн нэрлэсэн хэрэг. СССР-ийн нам, төр, засгийн гурван өндөрлөг гурвуулаа тосч авахаар очсоныг ч хэлж буй хэрэг.



Энэ оршуулгаас хойш СССР-ээс Монголд хандах нь “ах дүүгийн” гэхээсээ геополитик, реалполитикийн харилцаа болж аажмаар төрөл арилжсан билээ. Ю.Цэдэнбалын бунхант индэрт залардаг үе шувтарч байна. Үүний дараа тэрээр 1984 оны эхээр Ю.Андроповын оршуулгад оролцохдоо сүүлийн удаа энэ хүндэт индэрт гарсан юм.



Энэ бол мөн л онц сонирхолтой торгон агшин. БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал БНХАУ-ын үндэсний баярт ганцаараа хүндэт (дээд) зочноор очоод цэргийн парад хүлээн авч байгаа түүхэн зураг. Мао Зэдун, Жоу Эньлай нарын дунд ёслон зогсоо бүрх малгайтай цэл залуу Ю.Цэдэнбал. БНМАУ-ын тусгаар тогтносон улс болохыг Хятадын ДИУ 1945 онд манай бүх ард түмний санал асуулгын дараа арга буюу хүлээн зөвшөөрөөд 1946 онд дипломат харилцаа тогтоосон бол 1949 онд түүний халааг авч шинээр байгуулагдсан БНХАУ нь БНМАУ-ыг шууд хүлээн зөвшөөрч Элчин сайдын хэмжээнд дипломат харилцаа тогтоогоод удаагүй байх үеийн гэрэл зураг энэ байна. 






БНХАУ байгуулагдсаны 5 жилийн ойн түүхт арга хэмжээнд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчийн дарга Ж.Самбуу (одоогийнхоор бол Ерөнхийлөгч) оролцож баярын хуралд үг хэлж байгаа онц сонирхолтой торгон агшин. Танихаас СССР-ийн төлөөлөгчдийг Н.Хрущев ахалж, 1942 онд фронт дээр маршал Х.Чойбалсангаас одон гардаж авч байсан хожмын маршал Н.Булганин (2 дахь зургийг эргэж үзнэ үү) энд тэргүүлэгчдийн нүүрэн эгнээнд маршал хувцастайгаа зогсож байна. Захад нь монголчуудын хэзээний танил А.Микоян, мөн БНАСАУ-ын удирдагч залуу Ким Ир Сен энд байна. Ардын ардчилсан гэж тэр үедээ нэрлэж байсан социалист бусад орны төлөөлөгчдөөс таних хүн тун цөөхөн байна. Нөхөр Ж.Самбуу Хятадын хөдөө тосгонд айлчилж байгаа зураг байна.



МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамба ХКН-ын Төв Хорооны дарга Мао Зэдунтай гар барин мэндчилж буй түүхэн торгон агшин. 1956 он, Бээжин хот, ХКН-ын VIII их хурлын үеэр.



Энэ мөн л түүхэн торгон агшин. 1962 оны 12 дугаар сард БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал БНХАУ-д сүүлчийн удаа очлоо. Түүнийг дагалдан МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны  гишүүн Н.Жагварал хамт явжээ. Ерөнхий сайд Жоу Эньлай, Ерөнхий сайдын орлогч Хэн Лун нар угтан мэндчилж байна. Энэ түүхт айлчлалын дүнд Монгол Улс өмнөд хөрштэйгээ хилийн гэрээ байгуулжээ. Ийнхүү Монгол нь өмнөд хил хязгаараа мөнхөд аюулгүй, маргаангүй болгож авлаа.



Энэ бол 1950-иад оны эхэн үеийн зураг. Төмөр зам нээгдэж байна. Замын Үүд, Эрээний орчимд болсон найрамдлын цуглаан. Манай дипломат алба дүрэмт хувцастай болоод удаагүй байх үед. Дүрэмт хувцастай нь Элчин сайд Б.Жаргалсайхан, зэрэгцээ зогсоо бүрх малгайтай саарал цувтай нь хожим хэлмэгддэг тэр үеийн Ерөнхий сайдын орлогч, ГЯЯ-ны сайд Н.Лхамсүрэн.





Энэ гурван зураг мөн л ховор агшин. БНХАУ байгуулагдсаны 5 жилийн ойн түүхт арга хэмжээнд Ардын Их Хурлын Тэргүүлэгчийн дарга Ж.Самбууг дагалдан очсон  Монголын төлөөлөгчид Тяньаньмэнийн индэр дээр. Дипломатын ёслолын хувцастай нь Элчин сайд Б.Очирбат, дэргэд нь хожмын ГЯЯ-ны сайд нэрт дипломатч П.Шагдарсүрэн, мөн хожмын хурандаа генерал С.Батаа цэргийн ёслолын формтой, сүүлчийн зураг дээр Мао Зэдунд Монголын ард түмний дурсгал, мэндчидгээг гардуулж буй манай урлагийн төлөөлөгчид. Тэр цаана хожмын их удирдагч онолч Дэн Сяопин инээд алдаад зогсож буйг торгон агшин гэхээс аргагүй болов уу.