Дээд боловсролын доод утга
Жил бүр ойролцоогоор 30 мянга орчим дээд мэргэжилтэй боловсон хүчин хөдөлмөрийн фронтод нэмэгддэг. Хөдөлмөрийн судалгааны институтийн 2013 онд хийсэн Барометрийн судалгаагаар манай зах зээлд “менежер” илүүдэлтэй байгаа аж. БСШУЯ-ны сайдын 2010 оны 235 тоот тушаалын хавсралтад “менежмент” гэдэг тодотголтой 19 мэргэжлийн чиглэл багтжээ.
Төрийн, хувийн гэлтгүй бүх их дээд сургууль менежер бэлтгэдэг. Гагцхүү дээд сургуульд л орох гэсэн залуусын хүслийг бүх төрлийн “менежер” хангах бөгөөд дөрвөн жил эцэг эхийнхээ хэдэн төгрөг, улсын төсвийн мөнгийг үрээд эцэст нь ажилгүйдлийн судалгааны үзүүлэлт төдий л үлдэж байна. Мэргэжлийн чиглэлийг зах зээлийн хэрэгцээнээс шалтгаалан тодорхойлдог гэх боловч төрийн өмчийн нэг их сургуульд давхардсан мэргэжил захаас аван бий. Жишээ нь, МУИС-ийн хэд хэдэн салбар сургууль тус бүрдээ гадаад хэлний мэргэжилтэн бэлтгэдэг. Олон улс судлалын дээд сургуулийн Ерөнхий захирал Д.Дашпүрэв “ХААИС хүртэл гадаад хэлний мэргэжилтэн бэлтгэж байна. Энэ бол завхралын тод жишээ” гэлээ. Харин “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийн зөвлөх Р.Бат-Эрдэнэ “Нэг эзэнтэй буюу нэг этгээдийн бий болгосон сургуулиуд хоорондоо өрсөлдөх нь аль ч утгаараа зохисгүй. Төрийн өмчийн их сургуулиуд мэргэжлээ давхцуулаад байвал үр ашиггүй” гэдгийг хэлж байна. Иймээс БШУЯ 2012-2016 онд “Дээд боловсролын шинэчлэл төсөл” хэрэгжүүлэхээр болжээ. Ингээд өнгөрсөн гуравдугаар сард сайд нь А/78 тоот тушаал гаргаж 817 байсан мэргэжлийн индексийг 170 болгосон байна. Гэхдээ энэ нь мэргэжлийн тоог хассан явдал биш, харин суурийг нь өргөтгөсөн хэрэг гэж Р.Бат-Эрдэнэ тайлбарлалаа. Ухаандаа, элсэгч менежер хөтөлбөрөөр суралцаж эхлээд явцын дунд аль хэрэгцээтэй салбараар мэргэших юм байна.
Дээрх мэргэжлийн индексийг гаргахдаа ноднин арваннэгдүгээр сард ЮНЕСКО-оос баталсан дээд боловсролын мэргэжлийн индекс, ангилал, кодыг ашигласан гэж БШУЯ-ны Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр хэлэв. Дээрх өөрчлөлтөөр “Манай бүрэлдэхүүний 16 сургууль найм болох дүр зураг харагдаж байгаа. Мөн 137 мэргэжлийн хөтөлбөрөө 70 орчим болгож ангилсан. Түүнийг БШУЯ-аас сая 68 болгож баталсан” гэж ШУТИС-ийн ректор Б.Очирбат ярилаа. Д.Дашпүрэв дээрх шинэчлэлтийг их зөв зүйл гэж үзэж байгаа бөгөөд “Тэгэхээр одоо их ухамсартай үйл ажиллагаа шаардана. Тухайн сургууль өөртөө мэргэжлийн тэнхимгүй, багшгүй, материаллаг баазгүй атлаа хамаагүй мэргэжлийн индексээр дипломын боловсрол олгохгүй гэсэн үг” гэв. Дээрх мэргэжлийн индексийн өөрчлөлтийг ихэнх их дээд сургуулиуд нааштай хүлээн авсан тухай Р.Бат-Эрдэнэ ярьж байна. Үүнээс хойш нэг хичээлийг хүртэл мэргэжил болгож индексжүүлдэг байсан дээд боловсролын завхрал арилна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Хүн төрөлхтөн анхандаа бүгд анчин байсан бол удалгүй малчин, тариачин болж өнөөг хүрэхдээ хэдэн мянган ажил мэргэжил бий болгожээ. Гэхдээ энэ зуур мэргэжил зөвхөн нэмэгдээд байсан юм бас биш. Цаг үеэсээ шалтгаалан зарим нь алга болж байлаа. Харин манай дээд боловсролын системд нүүрлээд байгаа хямралын шалтгаан бол мэргэжлийн индексийг олшруулсан явдал. Гэхдээ үүнд шалтгаан бий. Төрөөс дээд боловсролын төлбөрийн дээд хэмжээг хатуу тогтоочихсон учир их дээд сургуулиуд үйл ажиллагаагаа явуулахын тулд олон оюутан элсүүлэх хэрэгцээ амьдралаас урган гарсан байна. Ингэж суралцагчийнхаа тоог нэмэгдүүлэхийн тулд нэг их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиуд ч давхардсан хөтөлбөр зарладаг. Түүнээс гадна нэг мэргэжлийг жиргэж жижиглэдэг байна. Гэхдээ ШУТИС-ийн ректор Б.Очирбат үүнийг тус салбарт ажиллаж буй багш эрдэмтдийн алдаа биш. Харин ч зах зээлийн хүнд үед ийм арга замаар л дээд боловсролын тогтолцоогоо алдчихаагүй хэмээн үзэж байна. Тэрбээр “Ерэн оноос хойш манай дээд боловсролын систем зөвхөн сургалтын төлбөрөөрөө 20 жилийг тууллаа. Төр 2007 оноос хойш тогтмол зардлыг өгч эхлэсэн. Тэр хүртэл сургуулиуд өөрсдөө л аргалж явсан” гэв.
Олон мэргэжлээр оюутан элсүүлж ирсэн нь дээд боловсролын системээ аварсан байж болох ч энэ зуур сургалтын чанар хаягджээ. Оюутан элсүүлсэн тоогоор нэг ангид олон оюутан сурна гэсэн үг. Тэр олон дотор сайн хүүхэд ч бий, муу нь ч бас бий. Дөнгүүр оюутнууд өөрийгөө хамт сурч буй нөхөдтэйгөө харьцуулах нь дамжиггүй. Тэгээд өөрийгөө боломжийн төвшинд явж байна гэдэг ойлголттой болно. Ингэснээр оюутнуудын өрсөлдөөн доод хэмжээнд хүрнэ. Багш нар ч оюутнуудынхаа дунджаар үнэлгээ тогтооно. Тэгэхээр оюутан дундаас дээгүүр л бол “сайн” болоод явчихна. Монгол-Германы ашигт малтмал, технологийн дээд сургуулийн гүйцэтгэх захирал доктор Ч.Алтаннар “Тэгэхээр дүн гэдэг хоосон зүйл болж хувирна. Гурван сая хүнтэй Монгол бүгдээрээ дээд боловсролтой болчихвол сайн хэрэг. Гэвч бүгдээрээ хоёрын хооронд боловсролтой болчихвол жинхэнэ сүйрэл тэр” гэж байна. Сургуулиуд оюутны тоо нь ихсэх хэрээр багшаа нэмэхээс өөр аргагүй. Гэтэл их, дээд сургуульд хичээл заах хэмжээний багш манайд хангалттай бус. Тиймээс багш нарын чанар ч эрс мууджээ. Энэ бүхний дүнд Монголын дээд боловсролын системийг шинэчлэхээс өөр аргагүй болсон аж.
Монголд дээд боловсролын үнэ цэцэрлэгийнхээс ч доогуур. Хэлд ороогүй шахам балчирт гадаад хэл заадаг нэртэй цэцэрлэгүүд сард 300 мянга орчим төгрөгийн төлбөртэй. Тэр нь бардаагаар жилдээ гурван сая төгрөг. Дээд сургуулиуд нийт орлогынхоо 80-аас дээш хувийг сургалтын төлбөрөөс олдог. Харин засгийн газраас өгдөг тогтмол зардал нөхөх мөнгө нийтийн орлогынх нь долоон хувь орчимтой тэнцдэг байна. Энэ бүх мөнгөнийхөө талаас илүүг багш нарынхаа цалинд өгдөг боловч сайн мэргэжилтэн тогтоон барих хэмжээнд хүрдэггүй аж. Мөн боловсролын чанарт хамгаас чухал шаардлагатай тоног төхөөрөмжөө авч чаддаггүй гэнэ. Уулзсан хүн бүхэн сургалтын чанарт төлбөр чухал нөлөө үзүүлдэг гэж байлаа. Харин төрөөс дээд боловсролын төлбөрт хязгаар тогтоочихсон учир хувийн дунд сургуулийнхаас хавьгүй бага зардлаар сургалтаа явуулдаг. Олон улс судлалын дээд сургуулийн Ерөнхий захирал Д.Дашпүрэв “Таван сая төгрөг төлөөд сурах нь сураг л дээ. Чадахгүй нь хямд газар руугаа яваг. Тэгэхгүй бол улсын сургуулийн ил төлбөр нь маш бага байгаа. Гэтэл таван сая төгрөг төлөөд орчих хүн үлдсэн гурван сая төгрөгөө нууж өгдөг. Бид бүгдээрээ үүнийг мэдэж байгаа” гэж шулуухан хэлэв.
Төрийн өмчийн сургуулиуд сургалтын төлбөрөө нэмье гэхэд нийгэм болоод төр засгийн зүгээс дарамт ихээр ирдэг байна. МОХ гэх улс төржсөн байгууллага намрын намарт төлбөр нэмлээ гэж жагсаал цуглаан хийдгийг бид андахгүй. Харин улсын их сургуулиудын удирдах зөвлөлийн гишүүдийн 51-60 хувь нь улстөрч байдгийг хүн болгон мэдэхгүй. УИХ-ын гишүүн А.Бакей ХААИС-ийн удирдах зөвлөлөөс хасагдчихаад удалгүй төгсөгчдийн төлөөлөл нэрээр эргээд орсон явдал гарсан. Элдэв популист амлалтаар эх орноо хорлодог улстөрчид дээд боловсролоос ч бас салах дургүй байгаа бололтой. “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийн зөвлөх Р.Бат-Эрдэнэ “Тэр хүмүүс шийдвэр гаргахдаа нийгмийн байдлыг их тусгаж байна. Төлбөр нэмснээр нийгэмд гарч болох сөрөг үр дагавруудыг тооцдог. Гэтэл нөгөө талд нь сургууль хөтөлбөрөө чанартай явуулах хэмжээний төлбөр тусгаж чаддаггүй” гээд “Нийтийн эрх ашгийг илэрхийлж чадах, нийгэмд тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээр удирдах зөвлөлийг бүрдүүлье. Тэр хүмүүс нь тогтвортой хугацаанд ажлаа хийх, эрх мэдлээ авч явах нөхцөлийг ч хангая гэдэг үзэл санаа явж байна” гэж ярилаа. Эс тэгвэл нам дагасан томилгоо ч дээд боловсролын чанарт сүүдрээ тусгадаг. Эцсийн дүндээ Долоон буудлын Должин эмээд таалагдах гэсэн улстөрч энэ салбарын үнэ цэнийг хүүхдийнхээ цэцэрлэгээс ч дор оруулж байна.
ЕБС төгсөгчдийн 74.3 хувь нь их, дээд сургуульд элсэн суралцдаг байна. Мэдлэг боловсрол олж авах гэсэн тэдний эрмэлзлэл буруу биш. Цөөн хүн амтай манай орны хувьд мэдлэгт суурилсан нийгэм асар чухал. Бид зөвхөн ашигт малтмал экспортлодог орон байхын горыг яг одоо амсаж сууна. Чадал, мөнгө нь хүрдэг юм бол залуус хувийн ч болов дээд сургуульдаа сууг. Хувийн сургууль гэхээр чанар муутай байдаг ч юм биш. Өмчийн хэлбэрээр нь сургалтын чанарт дүгнэлт өгөх нь хэт гоомой хэрэг. Ийм сургуулиуд зарим төрийн сургуулиас илүү бааз бүрдүүлсэн, дотор нь ажиллаж байгаа хүмүүстээ илүү итгэл найдвар төрүүлсэн систем бий болгожээ. Тэдэнд адаглаад аль нам ялах бол гэдэг айдас үгүй. Боловсролоор бизнес хийлээ гэж хараалгадаг ашгийн төлөөх хувийн сургуулиудын төлбөр тэгээд ч төрийнхөөс бага байдаг. Харин төрийн их дээд сургуулийн захиргаанд эрх мэдлийг нь шилжүүлэх замаар шинэчлэлийг гүнзгийрүүлмээр байна. “Дээд боловсролын шинэчлэл төсөл” ч энэ чиглэлд ихийг хийж гүйцээхээр төлөвлөжээ. Одоо тэдэнд нийгэм болон төр засгийн дэмжлэг маш чухал байна. Энэ бүхний эцэст бид улс орноороо, нийгмээрээ хожих юм.
Бат
гана
wowkich
TOM BOLOVSROL
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Батнэрэн
ONOM
Д.Батбаяр
Д.Батбаяр
Д.Батбаяр гэдэг нэрийг сайн тогтоо, Д.Батбаяр
Oyunii homsdol-д
Oyunii homsdol
Зочин
Дарангуйлагч нийтлэл
Зочин
Зочин
Зочин
Дарангуйлагч нийтлэлд
зочин
Д.Батбаярын сэтгүүлч хийх эрхийг бүр мөсөн хасъя.
Дарангуйлагч нийтлэлд
Ма