“Багшийн бэлгэ чанарыг Марва хэлмэрчийн намтраас үз. Шавийн бэлгэ чанарыг Гамбова отчийн намтраас үз” гэсэн дээдсийн захиас бий. Эдгээр намтар цадигийг монголчууд арван тавдугаар зуунаас эхлэн эх хэлэндээ хөрвүүлж, судалж ирсний сүүл үеийн хувилбар болох Марва хэлмэрчийн намтрыг Буриадын Онон цүүгэл дацангийн хувраг Д.Галсанжамбын 1871 оны орчуулга, Гамбова отчийн намтрыг нэрт тольч, орчуулагч С.Шагжийн 1925 оны орчуулгаар хэл бичгийн ухааны доктор Б.Няммягмар төвд эхтэй нь тулган, удирдлага зүүлт сэлттэйгээр “Монголын төвд судлалын цуврал”-ын 12, 13-р боть болгон хэвлүүлжээ. Номын цагаан буянд даган баясч, хоёр их аршийн түүхийг уншигч олноо товч дурдъя.


Марва хэлмэрч – Чойжилодой (1012-1097)

Төвдийн Лховраг нутагт мэндэлсэн тэрбээр багаас хурц сэргэлэн боловч догшин ширүүн зантай, хэрүүл тэмцэлд баясамхай нэгэн байсан тул эцэг нь “Энэ хүүг номын мөр хөөлгөхгүй бол голомтыг минь баллаж мэднэ” гэж санаад хол газар эрдэм ном сургахаар явуулжээ. Арван таваннаснаас самгарьд хэл, дуун ухаан судалж мэргэшсэн хүү чанагш Балба, Энэтхэгээр аялж алдарт бандита, шидтэн нараас гэгээрлийн сургаал шимийг цуглуулсан аж. Эхний удаад арван хоёр жил, дараа нь зургаан жил, эцэст нь гурван жил үргэлжилсэн эдгээр аялал нь амь өрссөн хүнд бэрх сорилтуудаар дүүрэн байв.

Нэгэн тохиолыг дурдахадномын харамж болгох гэж олон сар жилээр хурааж цуглуулсан алтаа аван, Энэтхэг оронд хэрмэл даяанч багшаа эрэн цавчим халил, балар ширэнгэ, их мөрөн, ээрэм газрыг туулан, араатан хийгээд хортон, хижиг өвчин, дээрэм тонуул зэрэг түмэн аюулыг туулаад багштайгаа золгож, алтан мандлаа өргөхөд нь Наро банчин тоож хараагүй гэнэ. Ахин дахин болгоож хайрла хэмээн гуйхад нь “Тэгвэл гурван эрдэнэд тахил болгоод өргөчихье” гээд алтыг нь хавцал руу цацаж орхижээ. Харамсах сэтгэл эрхгүй төрөхөд нь “Надад алт хэрэггүй. Харин чамд хэрэгтэй бол хар” гээд хөлөөрөө товшиход нь бүх газар дэлхий алтан мандал болж харагдсан гэдэг. Түүнчлэн Марва хэлмэрчийг сорихын тулд нэгэн удаа түүний бясалгадаг ядам бурханыг огторгуйд хувилгаад, “Чиний ядам бурхан огторгуйд заларч байна. Чи надад мөргөх үү, ядам бурхандаа мөргөх үү?” гэхэд гайхамшигт үзэгдэлд автсан Марва хэлмэрч ядам бурханы хот мандалд мөргөжээ. Тэр үед Нарова “Багш үгүй бол бурхан хэмээх нэр ч үгүй. Сайн цагийн мянган бурхан ч багшид шүтэж тодорно” гэж хэлтэл ядам бурханы хот мандал Наровагийн зүрхэнд шингэжээ. Энэ сорилтонд эндсэндээ Марва хэлмэрч ихэд харамсан гунихарснаас болж хүнд өвчинд нэрвэгдэж, үхлийн босгонд ирэхэд нь Нарова “Хамаг амьтанд цаглашгүй нигүүлсэл, бодь сэтгэлийг бясалга” гэж захижээ. Эцэст нь түүний үнэнч байдлыг үнэлж, нууц сургаал бүхнээ заасан гэдэг.

Марва хэлмэрч Нарогийн зургаан ном гэж алдаршсан зандалын гал, гэгээн гэрэл, илбийн бие, егүүтгэл, балгадад орох, зуурдын увдис, тэрчлэн  их шидтэн Мидривагаас хүлээн авсан махамутрын ёогийг бясалган гэгээрч, Мял богд тэргүүтэн хувь ерөөлт шавь нартаа өвлүүлжээ.

Хүслэнт таашаалыг бясалгалд хувиргах увдисыг эзэмшсэн тэрээр эхнэр эвч, эгэл хүний ёс дүрээр амьдарч байсан боловч дотоод гүндээ цаглашгүй гэгээн чанарыг эрхшээснээ ийн дуулжээ.

Эрдэнэ дээд богд багш нартаа мөргөмү.

Эзгүй аглагт хий судлыг бясалгав.
Энэ бие, сэтгэлийг тогтоон тогтоон бясалгав.
Эдүгээ махбод хямравч айх зүйлгүй
Эгнэгт дэгжлэг гаргах нот зориг буй.

Өнө урьд гэгээн гэрлийг бясалгав.
Үзэгдэл бүхнийг хураан хураан бясалгав.
Үтэл мунхран одовч айх зүйлгүй
Үнэхээр хослон орохуйг мэдэх зориг буй.

Зүүдэн цагт илбийн биеийг бясалгав.
Зүйл бүрийн үзэгдлийг цацруулан цацруулан бясалгав.
Тийн атгаг үймэвч айх зүйлгүй
Тэмдэгтэйеэ илбэнд таних зориг буй.

Алив хүслийг эдлэхүйд бурханы биеийг бясалгав.
Амтат амтыг амсан амсан бясалгав.
Аль идээ ундаа тохиовч айх зүйлгүй
Ариун чуулганы тахилд мэдэх зориг буй.

Аргын мөр болгож бусдын биеийг бясалгав.
Амгалан жаргалыг төрүүлэн төрүүлэн бясалгав.
Асар эгэл болон одовч айх зүйлгүй
Аливаа хамт төрснийг мэдэх зориг буй.

Үхлийн тохиолд егүүтгэлийн увдисыг бясалгав.
Үлэмжийн чанарыг судлан судлан бясалгав.
Үхэхийн ёр боловч айх зүйлгүй
Үнэхээр төгсгөлийн зэргийг мэдэх зориг буй.

Үхлийн дараах зуурдыг онон бясалгав.
Үүл манан мэт зуурдын ертөнцийг танив.
Өөрт урин тачаангуй төрөвч айх зүйлгүй
Өөрөө гэтлэхийг мэдэх нот зориг буй.

Энэ бие бурханы хот мандал.
Энэ хэл номын охь рашаан.
Энэ сэтгэл бэлгэ билгийн чанар.
Эндүүрэлгүй ухаарч, бодь хутгийг нээюү.

Орчлонг тэвчигдэхүүн дор үл үзэх бөгөөд
Онц нирвааныг ч бүтээгдэхүүн гэж үзэхгүй.
Орчлон, нирваан өөрөө гэтэлсэн байгалийн агаар
Охь хослон орогч их амгаланд оноюу.



Гамбова оточ – Содномринчэн (1079-1153)

Төвдийн Үй нутагт мэндэлсэн тэрээр бага наснаас бичиг эрдэм, анагаах ухаанд суралцан, богд тэнгэр (лхаржэ) гэгдэх эмчийн алдар цолыг хүртсэн. Дагву лхаржэ гэж түүнийг мөн нэрийддэг. Хорин таван насандаа эхнэр, хүүхдүүдээ тахал хижгээр алдаад, сайн эмч болсон ч үхэл мөнх бусыг ялж чадахгүйгээ ойлгож, үлдсэн амьдралаа гэгээрэлд зориулахаар шийджээ. Улмаар хувраг болж, хийдэд шавилан бурханы ном судлах болов.

Нэгэн удаа хийдийн ойролцоо гурван гуйлгачин хөөрөлдөж суухтай таарчээ. Нэг нь “Амттай сайхан хоол цадталаа идэх юм сан” гэж хэлэхэд өөр нэг нь “Өнөөдөр цадлаа ч маргааш ахиад өлсөнө. Түүний оронд хаан болж жаргах юм сан” гэжээ. Гуравдахь нь “Тэр юуных нь жаргал байх вэ. Энэ насанд жаргавч үхээд л дуусна. Гагцхүү Мяларайва шиг шидийг олж, хувцасгүй ч даарахгүй, хоолгүй ч өлсөхгүй мөртлөө огторгуйн орноо зорчиж, дагинасын рашаанаар цэнгэж, төрөх үхэхийн айдасгүй санаа амар явах сан” гэж хэлжээ. Тэдний яриан дундаас Мял богдын алдрыг санамсаргүй сонсоод Гамбовагийн нулимс аяндаа бөмбөрч, зүрх сэтгэл нь хайлан догдолж гэнэ. Тэгээд Мял богдтой уулзахаар сэтгэл шулуудан явах үед нь дацан хийдийн багш нар нь “Тэр нохой нөмөргөт егүзэр дээр очиж яах нь вэ?” гэж хорьж үзсэн ч эцэст нь “Шарханд сайн бол нохойн өөх байсан ч тустай гэдэг. Явбал яв даа” гэж дурамжхан үдсэн гэдэг.

Түүний ирэхийг Мял богд хэдийн толилж байжээ. Учир нь багш бурхад түүнийг Мял богдын наран мэт шавь болно хэмээн эш үзүүлсэн юмсанж. Гамбова оточ олон сорилтыг туулж, их шидтэн Дилова, Наровагаас дамжсан бясалгалын авшиг, увдисыг бүрэн гүйцэд хүртсэн байна. (Авшиг гэдэг нь багштай сэтгэл зүрхээрээ нэгдэж, бясалгалын эрхийг хүртэх, увдис нь бясалгалын нарийн арга зааварчилгааг хэлдэг.) Хэдэн сарын турш бясалгал хийсний эцэст ариун үзэгдэлд нэвтэрсэн Гамбова отчид Мял богд ийн хэлжээ: “Эдүгээ чамд миний түшиг шаардлагагүй. Чи бурханы хувилгаан бие болоод жаргалант биеийг танилаа. Харин бурханы номын биеийг танихын тулд Үй нутагт очиж бясалга. Номын бие, сэтгэлийн чанарыг нот таньсан үедээ учралт шавь нартаа тусал. Тэр хүртэл ертөнцийн ашиг хонжоо, алдар нэрийг огоорч, нэгэн үзүүрт сэтгэлийг барь” гэжээ. Багшийн захиасыг Гамбова оточ ёсчлон биелүүлж, бясалгал гэгээрлийн дээдэд хүрээд олон хүнийг бодь мөрт хөтөлсөн юм.

Зөн билиг, рид хувилгааны гайхамшигт хүчийг цөөнгүй үзүүлж байсан тэрээр “Энэ бол янагуух үзэгдлийн эрдэм учраас гайхуулж бардах зүйл биш. Гагцхүү өөрийн сэтгэлийг таньж, үүсэлгүй чанарт нэвтрэх л үнэмлэхүй эрдэм юм шүү” гэж сургадаг байжээ. Жанч халах үедээ тэрээр “Би сансрын эцэст хүрсэн бодьсадва учраас надтай барилдлагатай бүхэн гэтлэх болно” гэж хэлээд ийн дуулжээ:

Солонгын зураг замхравч
Арилсан номын биед
Үхэл хаанаас байх вэ.

Илбийн хот эвдрэвч
Гэгээн гэрлийн агаарт
Үхэл хаанаас байх вэ.

Үүдсэн юмс сарнивч
Өөрийн сэтгэл төрөх, эвдрэх үгүйд
Үхэл хаанаас байх вэ.

Хормын үзэгдэл цуцравч
Хоосон чанар, нигүүлсэл ялгалгүйд
Үхэл хаанаас байх вэ...

Оршихуйн шүтэн барилдлагыг ухаарваас л
Багшаас үл хагацна.
Өөрийн сэтгэлийг дотогш үзвээс л
Багшаас үл хагацна.
Аглаг буйд бясалгалыг эрхэмлэвээс л
Багшаас үл хагацна.
Амьтан бүхнийг өөрийн үр шиг энэрвээс л
Багшаас үл хагацна.
Төрөл хийгээд үхлийг хоёргүйд оновоос л
Багшаас үл хагацна.
Түмэн бодист түгэгч бурханыг таниваас л
Багшаас үл хагацна.
Өөрчилж засалтгүй байгаль чанарыг мэдвээс л
Багшаас үл хагацна.
Өөрийн сэтгэл орь дээд багш учраас
Гаднаас эрэх хэрэггүй.