Одоо болноо
Одоо болноо. Дахиад 300 жил хүний түүхийн адагт алхаж бусдын доромжлол доор ичиж явах гээгүй л юм бол одоо болно төрийн түшмэдүүдээ, сайд нараа, их хурлын гишүүдээ.
Яг одоо өмнө чинь байгаа тухайн монгол хүн чамаас тэнэг мэт харагдавч монголчууд тэнэг биш, монгол хүн тэвчээртэй бүр хэтэрхий тэвчээртэй санагдавч Монголчуудын тэвчээрт ч бас хязгаар бий.
Ард түмэн чинь та нарыг 90 онд тэнд байсан юм, үгүй ядахнаа дараа нь арай сэргэлэн байсан юм, эцсийн эцэст бидний үр сад юм гэж өршөөсөөр өдий хүрлээ. Гэхдээ өөрсдийгөө хэт сэргэлэн, бүр хэтэрхий сэргэлэн байна гэж андуураад эцэс төгсгөлгүй үргэлжилбэл, та нар эх орон ард түмнээ үл тоон дор үзэж зөвхөн өөрсдийгөө л супер хүн гэж бодож идэж уусаар 15 толгойтой мангас болон хувирвал, ядарсан олны дундуур шавхай цацан давхих гаж донтой болж байгаа бол бидний тэвчээр дуусч тэр ханаж цаддаггүй гэдэс гүзээг чинь хага огтлон өөрсдийн баялагаа буцаан авах болно. Ямар ч юманд хэмжээ гэж байдаг. Одоо үүнээс цааш 1 ч алхах хэрэггүй. Тэвчээр маань үнэхээр барагдаж байна. Харин одоо энэ хүртэл идэж уусан дээрээ л зогсоод үр хүүхэд чинь шударга бусаар олсныг чинь шударгаар үржүүлж эхэлбэл бид харин дуугүй тэсэх болно. Өдий хүртэлхийг чинь бид өршөөе. Үр сад минь учраас тэвчин өршөөе.
Эс бөгөөс Латин Америкийн далайн эргийн жижиг хотуудад бүх хөрөнгөө сэмхэн гаргаж үлдсэн насаа нуугдаж амьдардаггүй л юм бол (гэхдээ одоо дэлхий дэндүү жижигхэн, ойрхон болсон шүү дээ) ядарч, өлсөж, доромжлуулж ханасан ард түмэн чинь та нарыг, магадгүй үр хүүхдийг чинь ч хамт багалзуурдан шорлог хийхэд бэлэн болсон байна. Тийм ирээдүй та нарт хэрэгтэй гэж үү? Тийм аймшгийн төлөө та нар үхэн хатан зүтгэсэн гэж үү? Үгүй гэж найдая. Та нар үр хүүхэдтэйгээ хамт эх орондоо тайван амгалан нүүр бардам хүн шиг амьдрах гэж хүсэж байгаа биздээ. 2200 жил төрийн сүлд өршөө гэж шүтэж явсан ард түмэн одоо төр засгаа үл хүндэтгэх байтугай үзэн ядах болсон байна. Өөрөөр хэлбэл та нарыг үзэн ядаж байна.
Одоо та нар энэ Монгол улсынхаа төлөө зүтгэж эхлэх цаг чинь болсон. Энэ хүртэлхийг чинь бид өршөөе. Амьдралынхаа ядаж сүүлийн хэдэн жилд хүний ёсоор амьдраач. Зарим нэг нь, жишээ нь Энхбаяр ерөнхийлөгч ард түмнээрээ хэдэн жил үзэн ядагдаж жигшигдсэний эцэст одоо л нэг ойлгож эхэлж байх шиг, Улс Монголынхоо төлөө зовж бодож эхэлж байх шиг. Та нар ч бас ойлгох хэрэгтэй. Өөр зам байхгүй. Эцэг өвгөд, ард түмэн чинь 1000, 1000 жил халуун амь, асгарсан цус, шүд зуусан тэвчээрээр бидэнд үлдээсэн Монгол орныхоо баялаг, боломж, эрх чөлөөг хамтдаа эдэлж бүгдээрээ хүн шиг амьдрах бололцоог ард түмэндээ олгооч. Тийм улс төр, эдийн засаг, нийгмийн орчинг бий болгохын төлөө үлдсэн амьдралаа зориулаач гэж та бүхнийг уриалая. Одоо болноо тэвчээр барагдаж байна.
Ард түмэн өдий хүртэлх луйвар булхай болгонийг чинь өршөөе, тэвчин өршөөе
Их хурлаас эдийн засгийн гэмт хэргийн өршөөлийн хуулийг гаргая.
Төрийн бүх түшээд эд хөрөнгийн болон орлогын мэдүүлгээ үнэнээр нь гаргаж (эх үүсвэрийг нь бид асуухгүй) олон нийтэд танилцуулж энэ хууль гарсан мөчөөс хойш татвараа төлж, санхүү эдийн засгийн хатуу чанга хяналтан доор ил тод амьдарцгааг. (1 машин, 1 гар утас авсан ч эх үүсвэрээ тайлагнаж байг)
Монголчуудад одоо цаашид төр шиг төртэй байх өөр арга бараг байхгүй. Эсвэл бид бүх төрийн түшээдээ шоронд хориод цоо шинэ хүмүүсээр дахин цоо шинэ төр байгуулж турших л үлдлээ. (энэ хэт эрсдэлтэй сонголт бидэнд 2008 он юм уу түүнээс өмнө ч бий)
Одоо болноо.