Өгүүлбэртэй бодлогын өгөгдлийг уран зохиолын хэмжээнд ойлгодог хүн манай БСШУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийг хийж суугааг бид мэдэж авлаа. Орой ярьснаа өглөө үгүйсгээд, хамаг буруугаа хөөрхий нэг сэтгүүлчид тохохыг нь ч бас харлаа. Харин энэ жил Монголын радиогийн “Үлгэрийн цаг” тавин насныхаа ойтой золгож буйг бидний хэн нь ч анзаарах сөхөөгүй олон нийтийн сүлжээгээр БСШУЯ-ны түшмэл Б.Насанбаярын галзуу тэнэгийг гайхцгаав. Орой бүр “Үлгэрийн цаг” сонсож өссөн нэгэн үеийнхэн өнөөдөр төр барьж байгаа ч уран зохиол байтугай үлгэр манатай сууна.


Шинэ үнэн

Фэйсбүүк хуудсанд Шагайхүүгийн үлгэрийн “Аргай аргай түг, аавын толгой хага” гээд эцгээ хөнөөдөг хэсгийг оруулаад “Бид хүүхдүүддээ ийм үлгэр уншиж өгөх ёстой юу” гэдэг асуулт тавьснаар дориухан хэрүүл дэгдээжээ. Харин Хэл, зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Т.Баясгалан “Тэнд зөвхөн төгсгөл хэсгийг нь аваад тавьчихсан байсан. Түүнийг зэрвэсхэн уншвал нээрээ л эцгээ алчихаж байгаа” гэлээ. Тэрбээр дөрвөн настай хүүхэддээ мөнөөх үлгэрийг уншиж өгөхөд жигтэйхэн дуртай байдаг аж. Сонсож дуусаад хүү нь “Шагайхүүгийн аав хорон санаатай тийм ээ” гэдэг гэв. Чухамдаа бол Шагайхүүгийн эцэг мангас ирээд найман зуун адууг чинь идэх үү, найр алга морийг чинь идэх үү, наян настай чамайг идэх үү, найман настай Шагайхүүг чинь идэх үү гэдэг. Гэтэл аав нь “Шагайхүүг минь ид ээ, би тоглоомыг нь буурин дээрээ орхиод явчихъя” хэмээдэг. Алаг үрээ малаас доор үзсэн эцгийг зарим судлаач “Хойд эцэг байх магадлалтай” хэмээн үздгийг Т.Баясгалан ярьсан юм. Харин Монгол ардын билэг зүй судлаач, доктор, профессор С.Дулам Шагайхүүгийн үлгэрийг эцгийн эрхт ёсны оргил үеэс өнөөг хүрсэн байж болно гэлээ.

“Үлгэр бол газрын үе давхаргатай зүйрлэбэл геологийн хурдас шиг зүйл. Үлгэр их олон он цагийн чанадаас наашаа явж байгаа учраас дамжиж ирсэн үе бүрийнхээ мэдээллийг агуулдаг” гэдгийг С.Дулам онцлов. Тиймээс зарим үед, зарим төвшний хүмүүст ойлгомжгүй болж ирдэг гэнэ. Олон үлгэр овгийн байгууллаас өнөөг хүрсэн аж. Тэдгээрийг эдүгээчлэх үзлээр, одоогийн хүний нүдээр харвал олон янзын зөрчил үүснэ гэдгийг С.Дулам анхааруулж байна. Харин түүхэн зүйн үүднээс харвал утга учир нь харагдах учиртай аж. Сэтгэл судлалын үндэсний төвийн захирал Б.Ууганцэцэг “Цаг үетэйгээ уялдаад зөвхөн монгол ч биш, бусад олон ард түмний үлгэр өнөөдөр ингэж ад шоо үзэгдэх болсон” гэж байна. Тэгэхээр ганцхан монгол үлгэрт л хүчирхийлэл гардаг мэтээр шогшрох нь гоомой зан ажээ. Ерөөс “Гурван 13-ын харьцаа буюу хүмүүс нийгэмд буй сөрөг зүйлийг нь илүү тусгаж авдаг” болохыг Б.Ууганцэцэг сануулаад “Цаана нь байгаа наян хувийн эерэг мэдээллийг огт олж хардаггүй. Зуун үлгэрээс хорь нь л хүчирхийлэлтэй байгаа” хэмээн нэмж хэллээ. МҮОНР-ийн Нэвтрүүлгийн хэлтсийн дарга Б.Баярсайхан “хоёр сандал давхарлан гэрийн баганад өлгөөтэй радигоор үлгэр сонсож” өссөнөө дурсав. Тэрбээр үлгэртэй холбоотой “Элдэв санал ирсэн ч бид нар хүлээж авахгүй, энэ бол редакцийн бодлого. Бид аль болох шинэ үлгэр олж илрүүлж, фонддоо оруулах бодлого барьдаг. Үлгэрээс хүн муу муухай хүмүүжил олно гэж боддоггүй” гэдгээ эрсхэн хэллээ. Т.Баясгалан өнөөдөр үлгэрийг “Ойлгох, ойлгуулах арга хэлбэр нь өөр байхыг үгүйсгэхгүй. Эцэг, эх нь тайлбарлаад өгье гэсэн ч өөрсдөө мэддэггүй” мөртөө нэг их ухаантан болох гэж хэсэг бусаг юмаар нь хүний анхаарал татах гэсэн “аав”-ыг бууртгаж байна.


Хуучин үнэн

“Интер ном”-ын Хүүхдийн тасгийн худалдагч (нэрээ хэлэхийг хүссэнгүй) уншигчид тэр болгон монгол ардын үлгэрийн эмхтэл авдаггүй гэв. Манай үлгэрийн номууд хэвлэлт муутайгаас гадна зураг чимэг нь ч тааруухан гээд хэд хэдэн жишээ харуулсан юм. Харин тус тасагт ирсэн “Дэлхийн хүүхдийн сонгодог зохиол 108” маш сайн борлогддог гэдгийг ярианыхаа завсар хавчуулж байлаа. Мөн өнөөгийн эцэг, эх хүүхдээрээ номыг нь сонгуулдаг болсныг онцоллоо. Тэгэхээр багачууд маань өнгө будагтайд нь илүү татагддаг аж. Монгол ардын үлгэрийн хэвлэлт өнгө зүс муутай гэдгийг Т.Баясгалан ч хүлээн зөвшөөрч байлаа. Түүнээс гадна зураг чимэгтэй ганц нэг нь үлгэрт огт гараагүй байдлаар баатруудыг нь дүрсэлсэн байх учир тэр бүр бяцхан уншичийн ой тонд буудаггүй гэж ярив. МҮОНР-ийн “Алтан фонд”-д өдгөө 2 500 орчим нэгж үлгэр байгаа бөгөөд түүнийгээ өнөө ч улам бүр баяжуулахаар тасралтгүй ажиллаж байгаа гэдгээ Б.Баярсайхан ярилаа. Харин “Үлгэрийн цаг”-ийн цагийг нь хойшлуулаад 21:45 болгосноо цаг үедээ зохицуулж буй хэрэг гэв. “Үлгэр цаг”-ийн сонсогч эдүгээ цөөрсөн гэдэгтэй тэрбээр санал нийлсэн ч Монголыг “Энэ дөрвөн уулын дундах хонхроор төсөөлж болохгүй” гэсэн юм. Хаа нэгтээ уулын мухарт суугаа малчны хүүхэд “Үлгэрийн цаг”-ийг хүлээдаг гэдэгт Б.Баярсайхан итгэлтэй явдаг байна.   

Хэрэгтэй хэрэггүй мэдээллээр тархиа дүүргэж, Өрнийн буюу Библийн соёлоор нүдүүлж суугаа одоогийн монголчуудын сэтгэхүй өөрчлөгдсөн байж болох уу? Бид чинь хурд, хурдатгалын зууны нэгээхэн хэсэг шүү дээ. Гэвч бараг үгүй гэнэ. Сэтгэл судлалын үндэсний төвийн захирал Б.Ууганцэцэг “Өөрчлөгдсөн гэж ярьдаг, гэхдээ бид өөрчлөлтөө яаж хэмжих вэ гэдэг асуудал бий. Миний бодлоор айхтар өөрчлөгдсөн зүйл байхгүй, хэлбэр төдий өөрчлөлт бий. Бид гудамжинд шээдэг хэвээрээ л байна. Бид нарын үнэт зүйлийн баримжаа айхтар өөрчлөгдөөгүй” гэлээ. Хүний сэтгэцийн уг үлгэр буюу архитеп ороод үндэстний сэтгэлгээний онцлог гэж бий. Түүнийг хамгийн баялаг агуулж байдаг хөмрөг бол үлгэр гэдгийг С.Дулам тайлбарлаж өгөв. Харин “хүүхэддээ монгол ардын үлгэр уншиж өгнө гэдэг нь түүнд агуулагдаж буй сэтггэлгээний хэв маягийг эзэмшүүлнэ гэсэн үг” ажээ. Тэрбээр монгол ардын үлгэр уншиж өгөхийг “Өвтгөхгүйгээр мэс засал хийхтэй зүйрлэж болох юм. Сэтгэлгээнд нь ажиллабар хийх арга” гэсэн нь чухам голоор нь хэлчих шиг санагдлаа. Багачууд тэдгээр үлгэр дотроос өөрийнх нь оюун сэтгэлгээнд шимтэй зүйлийг нь л аваад явдаг. Гэхдээ үүнийг лаборатид хийдэг химийн туршилт шиг үзэж харах боломжгүй юм. Ямар үлгэр хүүхэддээ уншиж өгөх нь тухайн хүний сонголт гэдгийг уулзсан хүн бүр онцолж байлаа.

Б.Баярсайхан “Үлгэр бол танин мэдэхүй, соёл гэгээрэл, гоо сайхан, уран сэтгэж гэх мэт бүх талаар нөлөөтэй” гэж цохон тэмдэглэсэн юм. Монгол ардын үлгэрүүдийг ангилах ёстой гэж үздэг Т.Баясгалан “Миний эмээгийн надад ярьж өгсөн үлгэрийг хүүхэд маань үгүйсгэвэл намайг үгүйсгэж байна гэсэн үг, миний ёс сурахууныг үгүйсгэж байна гэсэн үг“ гэв. Бид монголоороо л үлдье гэвэл үр хойчдоо монгол ардынхаа үлгэрүүдийг заавал уншиж өгөх учиртай аж. Доктор С.Дулам Шагайхүүгийн үлгэрийг З.Фройдын Эдипийн комплексоор тайлбарлаж болохыг сануулаад үлгэрийн үнэ цэнэ “Иргэншлийн ялгаанаас үл хамаарна. Бүх ард түмний үлгэрт байгаа үнэт зүйл бүгд адилхан” хэмээн ярилаа. Тэрбээр ярианыхаа төгсгөлд “Надад амьд амьтныг хайрлах сэтгэл байгаа бол Цуутын цагаагч гүү үлгэрийн ач тус гэж насан туршдаа боддог” гэв. “Гэм нь л монгол юм даа” гэлээ гэгчээр үндэснийхээ юм бүхнийг үгүйсгэх аваас бид өөрсдийгөө үгүй хийхийн үлгэр болох юм.