Кино урлаачдын анхааралд
Энэ талаар уншигчид асуугаад буй тул хариулъя. 1940 оны сүүлчээр би 6-7 настайдаа мэдээ орсон шиг байгаа юм. Аав ээж мөн нутгийн хөгшдийн уйлан хайлан ярьж асан “үрэгдсэн, буудуулсан” гэх үгс 6-7-той миний чихэнд хоногшиж эхэлсэн бөгөөд нарийн учрыг балчир хүү-би бээр яахан ойлгох билээ.
“Улаан орхимжны давалгаа” романаа
“Шаргал манан” кино зохиол болгоод толилуулъя.
Киночдыг элбэгхэн новштой ноцолдог гээд нуршиж
орхисондоо хүлцэл өчөв
“Шаргал манан” кино зохиол болгоод толилуулъя.
Киночдыг элбэгхэн новштой ноцолдог гээд нуршиж
орхисондоо хүлцэл өчөв
Энэ талаар уншигчид асуугаад буй тул хариулъя. 1940 оны сүүлчээр би 6-7 настайдаа мэдээ орсон шиг байгаа юм. Аав ээж мөн нутгийн хөгшдийн уйлан хайлан ярьж асан “үрэгдсэн, буудуулсан” гэх үгс 6-7-той миний чихэнд хоногшиж эхэлсэн бөгөөд нарийн учрыг балчир хүү-би бээр яахан ойлгох билээ. ХХ зуунд манай нутгийнхан ямар гээч аюумшигт дайрлагад нитгэрүүлснийг би насны эцэс хүртэл мөшгөж явна. Судлах тусам элэг эмтэрнэм. Түүхээ, ялангуяа эцэг эх, өвөө эмээ, нутаг усныхаа зон олны эдэлсэн гашуун зовлонг үнэнээр нь мэдэхийг хүссэн намайг хардаж мохоодог хүмүүс бишгүй байв. Удам угсааныхаа туулсан амьдралыг социалист нийгэмд би зөвхөн мэдэж авахын тулд өөртөө зориулж нууцаар судалсан бөгөөд эдүгээ ардчиллын буянд зохиол-ном болгож чадлаа. Хэлмэгдлийг нүдээр үзэж, биеэр амссан нутгийн хөгшдийг уул овоогоо дэрлэсэн хойно зохиолоо хэвлүүлж хожимдсондоо гэмшнэм. Номоо тэдэнд уншуулсан бол юутай сайхан! Дарангуйллын эрхшээл үг дуугүй дагасан эр зориггүй амьтан би бээр яалтай ч билээ. Тэднийг амьдад 1990 оноос өмнө ийм роман хэвлүүлэх амиа хоролсонтой дүйх байсныг уншигч та мэдэж буй.
Энэ романыг 1982 оноос бичиж эхэлсэн авч нэгэнт батлагдахгүй, тэр ч бүү хэл, толгой оосорлох роман учир аажуухан бичихийн завсар “Тэнгэр дуугарахын өмнө”, “Цагийн өнгө”, “Баба”, “Овчарка” зэрэг тэрслүү зохиолуудаа хэвлүүлж амжсан тул жаахан тайвширсан байх. Гэтэл 1990 он! Бөөн баяр! Би романаа эхнээс нь шинээр шударсаар 1991 оны эхээр гүйцээв. Яргаллыг илчилсэн роман гарна гэдэг юутай аз гээч вэ. Анх хоёр дэвтэр роман гэж хөөрцөглөж, эхнийхийг “Үр удам Танаа” нэртэй гаргалаа. Хоёр дахь дэвтэр “Улаан орхимжны давалгаа”-г бичих явцдаа цахим мэдээлэл хөгжсөн орчин үед тоосго шиг зузаан нуршаа номноос уншигчид бүхүүрхдэг болсныг анзаарч хоёр дэвтрээ нэгтгэж, нэг ном болгон хураангуйлсан болой.
Монголын түүхэн трагеди-аймшигт сэдвийг харамсалтай нь чадах чадахгүй хүн сэглэж, үнэ цэнийг унагаж, улиг болгох хандлага гарав. Амтгүй олон зохиол хүн амын сонирхлыг унтрааж, өвөө эмээ эцэг эхийнхээ толгойг залгисан аюулыг үл тоомсорлох хүмүүс үүсэх шалтгаан болбол юутай харамсалтай вэ! Халх буриадыг хүйс тэмтэрсэн хядлагын айдас хүйдсийг язгуураар нь онгилж, хойч үеийнхээ цусанд шингээж өгөлгүй мартуулбал түүн шиг нүгэл үгүй билээ. Гайхалтай нь мартуулах нууц сонирхолтой нам, хүн хоёр сэнтийдээ заларсаар байна.
Оросын үзэл сурталд тааруулсан худал түүх миний үеийнхэнд, миний өмнөх үеийнхэнд заасныг эдүгээ мэдэхгүй ч хүн байна, мэдсэн ч огт тоодоггүй амьтад бас бий. Түүх бол бидний багш, залуурч мөн. Үнэн түүх үндэсний бахархлын хөтөч. Тиймээс Монголынхоо туулж ирсэн түүхийг алдаа оноотой нь яг үнэнээр нь шижир мэт тунгааж аваад, алдаа оноо хоёулангаас нь сургамж адилхан авч явах ёстой. Худал түүх бусдын номхон зарц, үндэс угсаагаа дээдлэх ой санамжгүй боол болгох зорилгоор гаднаас зохиогддог тул худал ташаа түүх шүтвэл мөнхийн боол явна гэсэн ухаарлыг яс махандаа шингээх хэрэгтэй. 1920-иод оноос эхэлсэн Орос ахын яргаллыг бид хэлмэгдэл гэж зөөлрүүлж хэлэх болсон. Албан тулгалтаар тэр шүү дээ. Хэлмэгдэл бол яргалал. Монгол түүхэндээ үзээгүй аймшигт үндэсний эмгэнэл.
Хэлмэгдлийг залгаад бид мэхлүүлсэн. Аль л эрдэм номтой удам судраа хөнөөсөн хойноо сүнсний нь араас шороо цацаж, шар хар феодлаар нь дуудаж, кино жүжигт хүн итгэхийн аргагүй ой гутахаар дүрсэлсэн. Арай ухаантай эх оронч сэхээтнүүдээ сорчлон тонилгосны дараа тэднийг ардын дайсан, японы тагнуул гэж гүжирдсэн үзэл суртлыг Оросын шууд заавраар 70 гаруй жил тархиа мунхартал ухуулсан. Оросын худал сурталд итгээд оюун нь сэргэшгүй үүрд гэмтчихсэн хүн одоо ч зөндөө бий. Тэд буудуулсан удам судраа дайсан хэмээн үзэн ядаж, буудсан болъщевик улаан оросыг аврагч хэмээн мөргөсөөр үхэх тавилантай амьтад. Буудсан нь бурхан, буудуулсан нь чөтгөр гэсэн үзэл суртлыг зөвшөөрөөгүй хүнийг тэд матаж, тэдний зовлонгоор амь зуусан улаан сэрээнүүд. Хууртана гэдэг ямар ужиг хорлолтойг мэхлэгдсэн хүмүүст ойлгуулах гэж би энэ романыг бичсэн юм. Ганц энэ роман бус энэ сэдвээр би олон зохиол бичсэн хүн.
Роман маань өвөр Монгол, Казахстанд хэвлэгдэв. Мөн Солонгос Туркт хэвлэгдэх сурагтай. Монголын хэлмэгдлийг дэлхийн уншигчдад бага ч атугай сонордуулбал миний санаа амархсан. Цаазлагдсан монгол хүний тоог гаргахаас зайлсхийдэг. 20-30 мянга гэдэг ч тооцоонд ороогүй, ямар ч тогтоолгүй хээр хөдөө буудсан олон мянган хүнээ зориуд нуусан. Ганга сайранд нууцаар хэдэн арваар, зуугаар нь буудсан лам хуваргын шарил үерийн усаар нуур тойромд урсаж ороод, тэдний орхимж усны мандал дээгүүр салхинд улаан давалгаа мэт намирч байсан гэдэг юм. Ялангуяа оросын харгислалын эсрэг тэмцсэн 32 оны эсэргүүн гэх гартаа зэвсэггүй шахам иргэний хөдөлгөөнийг даран сөнөөхдөө онгоцоор бөмбөгдөж, танкаар няц дайрахаас гадна, хөдөө ууланд хэдэн зуугаар нь олон үсэрдэг хурц буугаар шүршсэн тохиолдол газар сайгүй бий. Ингэж шүршүүлсэн ардуудын яс өч өчнөөн жил цас мэт цайрч байсан тухай нутгийн хөгшчүүл дурсдаг. Ингэж хөнөөгдсөн хүмүүсийг дансандаа оруулаагүй нь мэдээж.
Ийм аймшигтай гай түүтгэр удам угсааг минь дайрсныг хойч үе үл тоох буюу мартах эрхгүй гэдгээ ухамсарлах ёстой. Та нарын ухамсарт миний зохиол өчүүхэн төдий хандив болбол гүйцэх нь тэр. Хувьсгалын өмнө 700 мянган хүнтэй, 10 гаруйхан сая малтай байсан гэдэг шал худал тоо. Устгал, дээрмээ зориуд нуусан увайгүй суртал. Суурь сууриар хил давдаг туувар зогсмогц мал сүрэг дорхноо 40 гаруй сая болсон нь нэгийг өгүүлнэм бус уу.
Өдгөө хэлмэгдлийг бузгай ухаарч байх шиг. Харин мэхлэлтийг ухаарах яагаа ч үгүй байна. Мэхлэгдэгчид шашнаа устгахаар сүм хийд судар номоо шатааж, язгууртан хуварга сэхээтэн чинээлэг малчдынхаа толгойг зад буудаж, зан заншлаа оросжуулах гэж хийрхээд, оросжоогүй ахан дүүсээ орос сургагч нартай элбээд нударч орхисон харамсалтай тэнэг түүхийг үр удамдаа хэлж өгөөд нүд анихгүй бол сэтгэл амрахгүй болтой. Үнэн түүх үндэсний үзлийн цэнэг, харьд уусахгүйн дархлаа гэдгийг алхам тутамдаа дээдэлж, насан турш шүтэж яваарай, хүүхэд минь. Боолчлох зорилгоор хариас зохиосон худал түүхэнд эргүүтсэн толгойн эргээг даруй гарга. Эргүү толгойт ямагт боол явдаг тавилантай. Дэлхийн шилдэг боловсролыг шамдан эзэмшвэл улаан оросын ухуулга тархинаас чинь аяндаа ул мөргүй арилсан байх вий. Дээрэнгүй бус, соёлтой, ажил хэрэгч ардчилсан замаар хөгжиж буй шинэ Орос хөрштэйгөө шударгаар түншлэхийг ямагт хичээ.
Хойч үе минь өрөвч сэтгэлтэй, өндөр мэргэжилтэй, хайр хүндэтгэл татам соёлтой, түүхээ дээдэлдэг, түүхээ хиртүүлэхийг тэвчдэггүй, хүчирхэг иргэд болоорой гэж ерөөе. Та нарыг минь бурхан өршөөх болтугай.
Харилцах утас: 98227903-99259730
Энэхүү романыг 1938 онд 34-хөн насандаа хэлмэгдсэн авга ах Лхасран гавжийн гэгээн дурсгалд зориулж бүтээв.
Зочин
Дэлгэрмаа
batsuuri
batsuuri
Зочин
Батнэрэн
зочин
Уншигч
батгэрэл
Цолмон
Багабулган
Бавуу
Mongol
Зочин
sarankhukhuu
Зочин
Tod Otgonbayar,London
Зочин
Зочин
нэгэн бодол
Dalai
Ард
VIC
Ganbold .Sh
жаал
жаал
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
а
Зочин
антикоммунист
Зочин
Зочин
tsomko
tsomko
TSOMKO
TSOMKO
Зочин
Baatar
Зочин
(182.160.44.126) -д
Зочин
kk
Зочин
Зочин
unshigch
Зочин
oirad
бодоод байхад
Зочин
Өлзий
Зочин
Зочин
Зочин
1
Зочин
Зочин
Зочин
Жамбалын Сүхбаатар
Mmmm
Доржготов гуайд
юмыг 2 талаас нт авч үзээрэй Доржготов гуай
Зочин
Зочин
avilgach
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Baagii
Зочин