Доржхандын Төрмөнх. “Нохой орон”-ы Д.Төрмөнх. Түүнийг  энэ хоёр тодотголооор (State of dogs documentary ) Coogle.com оос хайвал  14  сая 300 илрэц гарна. Түүний нэрээр (Dorjkhandyn Turmunkh) хайвал 12500 илэрц  олно.   За үүнээс өөрөөр зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийг тодотгох хэрэггүй гэж бодох тул түүний ярилцлагыг тухлан сууж  уншина уу.


-Таныг олох нэг бодлын хэцүү нөгөө бодлын их амархан юм аа. Та ямар нэг найр наадам хүлээн авалтын чимэг болж явдаггүй учраас олох хэцүү. Гэвч  facebook-т ороод л олоод авах нь амар юм. Тэнд л та “онолдож” бусад нь лайк дарж байгаа харагдах.  Танд энэ тийм тааламжтай байх юм уу?
-Үгүй яахав дээ, би одоо энэ facebook–т ороод бараг гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.  Урьд нь бол би өглөө ажилдаа явдаг орой ирдэг тийм хүн байлаа. Яагаав нөгөө ТВ9-д дарга хийж байв даа.  Тэр үедээ  би ордоггүй байсан. Харин одоо бол өглөө босоод компютер асаагаад л юм бичиж эхэлдэг болохоор орох юм. Зарим нэг нийтлэлээ тавьчихна. Тэгэнгүүт хүмүүс хэрхэн хүлээж авч буйг, санаа бодол нь ямар байгааг мэдээд авчихна. Социлогын судалгаа ч юм шиг.  Саяхан  “Монгол Монголдоо дургүй”  гэдэг  нэг нийтлэлээ тавиадахсан чинь  370 хүн share хийсэн байна.  За лайк  бол бүр тоогоо алдсан.  Тэгээд би бодлоо. “Би хүнд юмаа уншуулах гээд байдаг хэвлүүлсэн ном маань мянга гэтэл энүүгээр лайк дараагүйтэйгээ нийлээд бараг мянга гарах  юм биш үү”  гэж.  Тэгээд л орж суудаг хаяа “угаадас татчих” л юм. Хэ хэ.

-Та наад сошиал медиагаасаа залхахгүй байна уу?
-Үгүй. Юу гэж залхах вэ. Зохиолчид дээр цагт судалгаа хийнэ гээд явдаг байлаа. Энэ бол судалгаа бараг тагнуулын сүлжээ шүү дээ. “Байж байгаа царайг нь...” гэдэг үг их зохиод байх шиг. Сошиал медиа бол нийгмийг өөрийгөө, бусдыг ажиглах ертөнц юм биш үү.    Энэ фасебүүкт нэг авууштай тал байна. Жишээ нь  чи надаас ярилцлага авна гээд асуултаа бэлдэж багцалчихаад ирж байгаа тийм үү?  Харин фасебүүкт бол тийм юм байхгүй. Шууд хариу үйлдэл хийгээд явчихдаг. Тийм болохоор их үнэн талтай. Би боддог юм. Үг бол хэзээ ч худлаа байдаггүй. Хальт ч хэлсэн бай, уурлаад ч хэлсэн бай дандаа үнэний ортой.  Дандаа шүү....  Тийм болохоор тэр цахим орчинд хүн сэтгэлээрээ  харьцаад байна уу даа гэж бодох болсон. Бас ч гэж тэгш амгаланг их шалгадаг талбар. Мэдээж олон түмэн олон түмэн л ааштай байж таарна. Тэгэхээр би шилэн байшинд сууж байгаа биз дээ. Нөгөө шилэн данс гэгчээр... Тэрийг хүмүүс уншаад уурлах нь уурлана, баясна, дэмжинэ... бүүр хоорондоо хэрэлдэнэ.  Одоогоор би их амар тайван амьдарч байна. Долоо хоногт нэг удаа “Тойм” сэтгүүл нийтлэл бичнэ. Тэрийгээ би биеэр аваачиж өгөөд байх шаардлага байхгүй. Батбаяр луу мэйлээр  шидчихнэ.  Батбаяр сэтгүүлдээ тавьчихна тэгээд л гүйцээ. Кино зохиол их ирдэг харин би яг өөрөө чадах сэдэв бас найруулагчийг нь хардаг.

-За тэгвэл сошиал медиаг ажиглаж, түүнд идэвхитэй ордог хүний хувьд манайхны оюун санааны төвшин хаахна явна гэж бодогдох юм бэ?
- Ер нь сошиал медиа гэхээсээ энэ түрүүнд манай хэвлэл мэдээлэл маш их авгайжсан байна. “Тэгсэн гэнэ шүү.... ингэсэн гэнэ шүү...” гэх мэтээр мэдээлэл хүргэж байгаа  нь хүртэл ховын шинжтэй.  Би бол насаараа  хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа хүн. Манай хэвлэл мэдээллийнхний бараг 80% нь бүсгүйчүүд болчихож. Тэр дундаа бүр өрх толгойлсон бүсгүйчүүд байвал яах уу. Амьдралдаа сэтгэл хангалуун биш хүн хүн бүрийг үзэн яддаг.  Энэ бодит байдал нь одоо мэдээллийн хэрэгсэлээр нэвт харагдаж мэдээ, нэвтрүүлэгт хүртэл “эм” шинж чанараа бүрэн олж байна. Урд телевизээр гарахын тулд хэдэн сар дадлага хийж байж арайхийж нэг эфирт эхлээд гар нь, дараа нь хажуугаасаа гардаг болоод сүүлдээ нүүрээ харуулдаг байлаа. Эсвэл бүр хэзээ ч гардаггүй байсан. Гэтэл одоо өнөөдөр сургууль төгсөөд  маргааш ажилд ороод нөгөөдөр нь эфирт гарч байна.  Энэ бол  эмгэнэл юм даа. Одоо яалтай ч билээ. Хэвлэл мэдээлэл өөрөө ийм байгаа болохоор хүмүүс өөрсдөө ч мэдэлгүй тэднийг дагаж байна.  Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл,  масс медиа гэдэг юм бол их хүчтэй.Гэтэл тэр хүчирхэг зэвсэг нь ингээд баларч доройтчихоод байхад нийгэм нь дагалгүй яахав дээ. Одоо гудамжны цэвэрлэгч за бүүр архичин хэнбугайгаас ч “Монгол улсын нэг яамны сайдыг хэн бэ” гэхэд бүгд нэрийг нь хэлнэ. Бүр аль намын ямар фракцынх гэдгийг нь хэлнэ дээ. Яагаад ийм байна гэхээд сонин, телевиз, радио хэрхэн улстөржиж тархи угааж байгаагийн илрэл. Гэтэл баруунд Англи, Японд ч юмуу  Ерөнхий сайд эсвэл нэг том сайдыг нь асуувал танихгүй дээ. Яагаад гэвэл тэдэнд падгүй асуудал. Хэвлэл мэдээлэл нь ч гэсэн өдөр шөнөгүй тэгж улстөрийн хов зөөдөггүй л байхгүй юү.   Ийм нэг нийтийг хамарсан тахал бий болчихсон. Энэ тахлыг тараагч нь чи бид юм л даа... 

-Тарьсан тахлаа та бид яаж буцааж анагаах вэ?
-Анагаах арга бараг байхгүй дээ. Өдөр бүр шинэ залуу тахал тараагчид гарч ирж байхад.

-Хэзээ ч үү?

-Хэзээ ч эдгэхгүй гэж туйлширч болохгүй. Улс үндэстэн бүхэн  үндэсний  нэг онцлог чадвар мөн чанартай байдаг.  Тэрүүгээрээ амьдарсаар ирсэн. Тухайлдбал,  хятад хүн бол ногоо тариад, барилга байшин бариад  амьдраад байдаг. Харин монгол хүн юу хийж чадах юм бэ.  Гэтэл монгол хүнд ерөөсөө хоёрхон  мөн чанар, чадвар байна.  Малчин эсвэл хулгайч дээрэмчин гэсэн хоёр чанар л бидний төрлөх чанар.  Ямар ч монгол хүн мал маллаж чадна.  Хотод өссөн хүнийг ч хөдөө мал дээр аваачаад тавьчихад хэдхээн хоноод л малаа маллаад амьдраад эхэлнэ.  Яагаад гэвэл монголчууд  6000 жил мал адгуулж ирсэн. Үүгээрээ бусдаас ялгарч  амьдарч ирсэн ард түмэн. Нэгдүгээрх нь энэ.  Хоёрдугаарх нь бол  ерөөсөө л хулгай дээрэм хийх. Чи бод. Монголчууд өөрсдөө юм хийж бүтээж түүнийгээ зах зээл дээр зарж амьдарч байсангүй. Гэр оронд нь юм хэрэгтэй болвол морио унаад л сэлмээ эргүүлж давхиад дээрэмдээд эсвэл агнаад аваад ирдэг. Дээрэм хийж чадахгүй дорой нь хулгай хийнэ. Шилийн сайн эр гэж үлгэр домог болгодог чинь малын хулгайч биз дээ...Одоо ч энэ хоёр чанар нэвт харагддаг. Хөдөөгүүр эрчүүд нь архи уугаад, худлаа яриад  давхиад байна. Авгайчууд нь л хөөрхий малаа малладаг. Харин бүсгүйчүүд нь эдийн засгийн эрхтэй байж. Одоо ч эхчүүд л хаа сайгүй ажиллаж эрчүүд ууж наргисаар л байгаа. Бид ийм л хоёрхон унаган чанартай ард түмэн. Тэрийг нь л хийлгэвэл чадна. Жанцанноров гуай саяхан нэг ярилцлагандаа “Монголчуудын багш  бол мал юм”  гэж хэлнэ лээ. Үнэн ш дээ.   Би бүр боддог юм. Одоо хулгайч дээрэмчин чанартайнууд л сайн амьдарч байна. Ажил хийж чадахгүй. Төр засгаа аваад явж чадахгүй. Олон олноороо төрд гарч бүлэг бүлгээрээ хулгай,  дээрэмээ хийнэ. Ганц нэг нь л ганзага хийж баяжсанаас ихэнх нь банк ухаж дампууруулж баяжаа биз дээ? Зээл аваад зугтсан улс...Нэг нам нь идээд дараагийнх нь идэхээр орж ирнэ. Улсын юм бол хэний ч юм биш болохоор тэндээс л хулгай хийх хамгын ашигтай бизнэс. Ийм л улс ш дээ бид. Малаа  малласаар  48 сая боллоо. Гэтэл өөрсдөө гуравхан саяулаа. Мал маллахаас өөр юм хийж чадахгүй хүнээр барилга бариулна гэж ер нь юу байхав дээ.

-Эрт үед морио унаж сэлмээ эргүүлээд дээрэм хийдэг байсан бол одоо хууль ярьж, хөгжил амлах маягаар “ухаалаг” хулгай хийдэг болж тийм үү?
-Би ч гэсэн өөрийгөө тэгэж боддог юм.   Би дөрвөн  жилд нэг удаа тэдний гар хөл болдог. Тэрэндээ ч  сүрхий авьяастай юм шиг байгаа юм. Тэрийгээ PR-чин гэж нэрлэчихээд байгаа юм шүү дээ. Угаасаа авъяастай юм чинь. Манайх бол мал аж ахуйн орон  байсан,  цаашдаа ч мал аж ахуйн орон байх болно. Оюутолгой энэ тэр гэхээсээ илүү бүгдийг нь малчин болгох хэрэгтэй дээ. Үүнд төрийн бодлого хэрэгтэй.  Малаа маллаад баян байя л даа. Жишээ нь Австрали, Шинэ Зенланд  шиг... Уг нь энэ ардчиллын хийсэн хамгийн том юм бол малыг малчдад үнэгүй өгсөн явдал юм. Бас гадаад паспорт . Худалдаачин хүн хуруу хазайвал хулгайч гэдэг биз дээ. Малынхаа буянаар  ноолуурыг зарж, махыг нь идэж, арьс ширийг нь ченжүүдэд аваачиж өгөхөөс өөр юу ч мэдэхгүй. Гэтэл өнөөх улаан паспортын ачаар юм сурч мэдээд эндээ хийж байгаа хүмүүс бас байнаа. Ч.Чадраабал гээд нэг найз минь бас л “хулгайч” зангаар Австралиас тэдний малын үр хөврөл олж ирээд монгол хонийг “тээгч” болгож үзсэн маш ашиг шимтэй хурга гарсан байх юм. Суффолк гэдэг тэр хурга монгол хонины хэвлийд бойжоод гарч ирж. Өнөөх Холивуудынхан үр хүүхдээ эрүүл залуу тээгч эхэд суулгадаг шиг. Өнөөх хурга нь төрөхдөө 4 кг төрөөд 7 сарын дараа 4 жил болсон хонь шиг болж 60 кг амьдын жин татаж байх.Монгол нас бие гүйцсэн хонь 30 кг хүрвэл дээд. Өвөл үзэлгүй 12 сард л нядалгаанд орчихдог болохоор эрсдэл байхгүй. Зуд турхан гэж үзэхгүй . Ийм хоньтой улс баяжилгүй яах юм бэ? Тэндээ бол кг нь дээд тал нь 100 доллар гэнэ. Тэхээр 200 хоньтой хүн жилийн эцэст сая доллартай болж байна. Гэтэл энэ хонины махыг манай баячууд онгоцоор авчируулж идэж байгаа. Нэг кило  нь 100 ам.доллар байдаг мах шүү дээ. Гэтэл бүр тэр үр хөврөлийг нь монгол эм хонинд суулгаад бүр сайжруулаад гаргачихаад бараг 1000 хургатай болчихсон хүн одоо байж байна.Энэ бол ёстой эдийн засгын эрх чөлөө гэгчийг малчин удамтай ард түмэндээ өгөх бүр эдийн засгын хувьсгал юм шүү дээ. Бид бүгдээрээ баян болж болох нь. Энэ чинь л тооноос чанарт хувилсан өнөөх хоёр чанараа ашигласан ажил биш гэж үү?“Apple“ байхад бид түүнээс илүү компьютер хийх гээд яах юм бэ. Чадах ч үгүй. Түүн шиг хэн юу чадахаа л хийе. Энэ олон ажилгүй архичдыг малчин болгоё л доо. Бүгдээрээ хөрөнгөтөн болно. Би энэ тухай нэг нийтлэл бичиж байгаа.Тойм сэтгүүлд гарна.

-Таныг тэгвэл малчин болгоё л доо?

-Би тэртээ тэргүй хөдөө гарна. Нэг уулын мухарт сайхан байшин бариад могол суффолк хонь аваад сууна. Тэгээд харин чиг олсон мөнгөөрөө кино хийнэ гэж бодох болсон. Арван таван жил олоогүй киноныхоо мөнгийг өөрөө олно шүү дээ.Интернэтээрээ Улаанбаатар байтугай дэлхийтэй харилцна.  Чи зүгээр нэг боддоо. Социализмын үед Орос манайхаас нэг жилд  15 сая мал хөлөөр нь авдаг байсан. Хил дагасан 40 гаруй жижиг мах комбинат шиг юмыг үгүй хийсэн тэд. Чаддаг юмыг нь үгүй хийсэн байгаа биз дээ. Тэхээр хулгай хийхээс өөр юу хийх юм.

-Ганц манхны үйлдэр ч биш олон юм байхгүй болсон доо...?
-Бид зүгээр “шинэ байшин”-гийнхаа зургыг ч сайн гаргаагүй байж хуучин байшингаа нураагаад шатаачихсан хүмүүс. Тэгэхдээ “шинэ байшин”-гийн   сурагаар шүү дээ. Гэтэл ямар өнгө зүстэй, ямар хэлбэртэй байшин барихаа ч төлвөлөөгүй мод чулуугаа татаагүй, газраа авааагүй байснаасаа болоод гудамжинд гарчихсан. Ийм л дүр зураг надад харагддаг.  Жишээ нь би нэгдэлийг бол зөв байсан гэж  боддог юм. Тэрийг үгүй хийхгүйгээр зүгээр л  хувьцаатай болгочих байсан юм.  Нэгдэлийн гишүүн бүр өөрийнхөө оруулсан малаараа хувьцаа эзэмшихгүй юу. Одоо хар л даа жалгын нэг малаа яахаа мэдэхгүй улс.Газар тариаланг ч мөн адил.  Орос, Хятад гээд хоёр  том ёроолгүй сав байхад чинь ........

-Таны яриад байгаа энэ бүхнийг хэрэгжүүлэхэд төрийн толгойд юм сэтгэдэг, хийдэг хүмүүс гарах ёстой. Гэтэл 23 жил хүлээлээ...байдаггүй. Ярьдаг л хүмүүс гараад байх юм.
-Миний бодлоор тэнэг хүмүүс дээр гарсан гэхээсээ энэ систем үндсэн хууль нь зөвхөн төвөөс зугтаах хүчээр л хийгдсэн юм шиг. Шоронгоос л гарахаа бодсоноос гараад юу хийхээ бодоогүй. Юм гэдэг  их хачин юм.  2012 оны сонгуулийн дараа “Соёлын сайд ” болчих шанс цухалзахад  би ч нээрээ чадах ч юм шиг санагдаад   нийтлэл энэ тэр бичиж байлаа.  Харин одоо би болоогүйдээ баярладаг.  Би одоо энэ Ц.Оюунгэрэлийг хараад их өрөвддөг юм. Хөөрхий “Ногоон нүдэн лам”-ынхаа хоёр дахийг бичээд  явж байсан бол  хичнээн сайхан амьдрах байсан бол. Одоо тэгэхэд  өдөр шөнөгүй ажиллаад ч нэмэр алга.  Одоо энэ Улаанбаатар сая гаруй хүнтэй болчихлоо. Хөдөөнийхөн бүгд хот руу нүүж ирээд байгаа мөн үү. Одоо эргээд хотынхон хөдөө нүүх  хэрэгтэй.  Би бол одоо үнэндээ тэгэж боддог болсон. Хөдөө захдуу нэг хөөрхөн гоё байшин барьчихаад амьдарна даа гэж. Тэндээ бүх асуудлаа шийдчихнэ. Интернэт, утас, цахилгаан халаалт гээд.  Би энэ хотынутаан дотор сууж байхернь ямар шаардлагатай юм бэ. Манай  Аюурзана байна.  Лагерт суучихаад л хаяаа номынхоо мөнгийг хураах гэж хот руу орж ирдэг. 

-Таны түрүүний хэлсэнээр монголчууд дээрэмдэх сэтгэлгээтэй гэсэн тийм учраас бидний бүтээлч сэтгэхүй алга тийм үү. Бид үнэндээ юу ч бүтээж чадахгүй байна?
-Ийм хачин хэт их тийм туйлширдаг,  комлекстой ийм ард түмнийг би бол мэдэхгүй юм байна. Юм болгоныг мушгиад  хэрүүл болгочихдог.  “Тэрийг ингээд хийчихье. Ингээд хийвэл зүгээр юм байна”  гэж огт ярьдаггүй.  Бүгд л “би...би...би надаа надаа ... би ” гэсэн эгогоор өвчилчихсөн, эгогоо л тэжээх гэж хүсэж  шунасан улс байх юм.Жишээ нь  багаасаа дарга хийчихсэн хүн өгөх дадалгүй болчихдог юм байна . Бүр Даргаа гэж хүндлэл өгөхгүй зүгээр аав ээжийнх нь өгсөн нэрээр дуудахад хүртэл эмзэглэдэг болтлоо авах дадалтай өгөх дадал нь алга болчихсон улс юм байна. Бусдаас авсаар байгаад өгөх сэтгэлгээ байхгүй болчихож.  Би өөрөө их олон дарга нараас юм гуйж үзсэн болохоор энэ аргаа барсан хүний үг л дээ.   Үйлийн үрийн тухай CD, жүжиг ,үзэсгэлэн, кинотой консэпт медиа мега төсөл хийх гээд яваад байдаг. Тэгсэн чинь нөгөө мега төсөл нь мини ч мөнгө байхгүй. Кино бол хамгийн азгүй урлаг. Яагаад гэвэл мөнгөнөөс шууд хамааралтай гэж А.Тарковский хэлсэн байдаг. Үнэн. Мөнгөгүй бол ямар ч кино гарахгүй энэ шургуулган дотор ингээд л хэвтээд цаас болоод л үлдэнэ. Үзэл сурталжсан соц үед киног төр нь продюсерлэдэг байлаа.“Өглөө”, “Тэмцэл”кинонуудыг тухайн үеийн Холлиувуудын киноны санхүүжилтийн дайны хөрөнгөөр бүтдэг байж. Тэр үеийн төсөвийг олоод нэг кг махны үнэээр бодоход тийм тоо гардаг юм билээ.  Яагаад ийм их мөнгө гаргаж байсан бэ гэхээр манай түүхийг гуйвуулахын тулд Оросууд шахаж байсан байх. Ер нь улс үндэстэнг устгахад эхлээд үйлдвэргүй болгочихдог юм байна. Гэхдээ бүгдийг нь устгахгүй ээ. Архины үйлдвэрүүдийг нь сэргээгээд хөгжүүлээд үлдээчихэж байгаа юм. Нэгдүгээрт энэ. Хоёрдугаарт, түүхийг нь өөрчилчихдөг. Засварлаад бүгдийг нь өөр болгоод хаячихдаг. Саяхан Баабар нэг бичсэн байна лээ 1911 оноос  хорин хэдэн оны хоорон дахь асар олон цагаан толбо байна гэж.   Яг яасан юм бүү мэд. Д.Сүхбаатар гэж чухам хэн ч юм бүү мэд. Таахын аргагүй.Шал өөр зохиомол түүхээ бол масс медиагаар дамжуулаад асар хүчтэй цацсаар одоо ч хүн бүр шахуу “Богд бол тэмбүүтэй Барон бол дүүжлүүртэй” гэж бодсоор л байна. Ингээд бид нар түүхээ мэдэхгүй, үйлдвэр байхгүй оронд нь яасан кола оруулж ирсэн. Тэр колагаа л яаж зарах уу гэж бодно өөр юм байхгүй. Тэд эхлээд мтв, кола ,дараа нь загалмайтны мисионерүүд тэгээд эцэст нь танк оруулдаг. Ер нь гадны улс яагаад манайхыг дэмжих гэж? Өвөг дээдэсийг нь алж талж ,эмс охидыг нь бузарлаж, хот тосгоныг нь шатааж байсан улсын хүүхдүүдийг... харин ч азаар бид бүр устчихаагүй улс. Хэрэв бидний өвөг дээдсийг Хятад тэгдэг байсан бол би л лав нэг ч гэсэн хятад ална л гэж бодно шүү дээ. Бидний өвөө ийм л юм хийж явсан шүү дээ.

-Төрмөнхийн нэг киног гаргаж хүмүүст оюун санааг цэнэглэж суухын оронд  зүгээр колагаа яаж зарах вэ гэдэг рекламанд мөнгө хаях нь амар бөгөөд  ашигтай байна шүү дээ?
- Киног тоохгүй телевиз л нэмж нээгээд байх юм. Гэхдээ кино их урт настай эд. Одоо ч хуучин соц кино олонд нөлөөлсөөр л байна.  Энэ нийгэм чинь хүний эго дээр л түшиглэсэн нийгэм шүү дээ. Форд гэдэг хүн өөрөө өөрийнхөө нэрээр машин нэрлээд байхдаа ч яахавдээ. Ийм л хачин шуналын ертөнц. Эдийн засгын алуурчин гэж анх би нэг нэвтрүүлэг хийсэн юм. Одоо бол сонгуулийн л сэдэв болж.Тэгээд би л болж байвал бусад нь хамаагүй. Намайг  яагаад иймэрхүү социолист өнгө аястай юм яриад байнаа гэж гайхах байх. Би бяслагадаг ухаантай юм.  Тэгээд энэ ертөнцийн бүх юм харилцан шүтэлцээтэй оршдог гэдгийг хэлэх гээд байна.  Би гэдэг бүр цаашлаад бид манай манай намынхан гэх мэтээр өнөөх эго томроод байдаг.  Тэгэхээр бид өөрөө өөртэйгөө ажиллах ёстой өөрийгөө өөр хүн шиг ажиглаж сурах хэрэгтэй. Өөрийн толгой дээрхээ яг л хүний хүн шиг харж сурахыг л бясалгал гэдэг. Тэгш амгаланг хөгжүүлэхийг . Өөрөө л үүнийг хийж чадна өөр хэн ч биш.

-Монгол хүний мөс чанар муудсан гэдэгтэй та санал нийлэх үү?

-Хүн аливаа  юмыг дандаа  шүүх  гээд байдаг юм.  Жишээ нь чиний энэ асуултад ч гэсэн шүүх ажиллаж байна. Сайн муу гэж хоёр хуваагаад байдаг. Сайнтай муутайгаар сав дүүрдэггүй хорвоо мөн үү. Өөрийгөө өөр хүн шиг ажиглаж чадахгүй би би гээд байгаа болохоор л бүх юм өөр харагдаад байгаа хэрэг. Мөнхбаясгалан Төрмөнх гэдэг хүний нэрийг солилоо гээд чи бид хоёрт юу өөрчлөгдөх вэ? Уг нь бол юу ч өөрчлөгдөхгүй. Нэр бол шошго ярлик. Тэрнээс монгол хүн шиг адгийн муу хүн байхгүй америк хүн шиг сайн хүн байхгүй гэж байхгүй шүү дээ. Америк үндэстэн гэж байхгүй америкийн иргэн л гэж байгаа болохоос АНУ том болохоор л том санагдаад байгаан. Харин бид нар нэгдсэн үндэстэн. Казакуудыг эс тооцвол ... Сүүлийн үед тийм нэг хачин муухай комплекстой болчихлоо. “Монголд анх удаа Монгол хүн дэлхийн тавцанд” ч гэх шиг. Энэ одоо ямар муухай доромжлол вэ? Нэг л өрөвдмөөр өөрийг нь хэн ч тоохгүй байгаа юм шиг. Эрт дээрээс бид дэлхийд  аль хэдийнэ гарчихсан.   Өчүүхэн би хүртэл дэлхийн 23 шагнал авчихсан л байна шүү дээ.

-Ухаалаг төр гэж их ярих болж. Нээрээ төр нь тэнэг ч байсан юм шиг?
-Ухаалаг байхын тулд эхлээд ухаалаг хүмүүсээ дэмжээд үзэл сурталаар ард олныг ухаажуулах хэрэгтэй. Би киноны хүн киногоо л ярия. Зохиогчийн эрхийн хууль хэрэгжүүлээд эхэлсэн чинь зурагтаар нэг бол солонгос кино, нэг бол социолизмын үеийн үзэл сурталжсан киноноос өөр юу ч байхгүй болчихлоо.Бараг цагаан арьстан хүн гаргаж болохгүй гэж байгаа юм шиг... Дараагийн үеэ бид дахиад комунист үзэл сурталжсан киногоор хүмүүжүүлэх гээд байгаа юм уу. Эсвэл солонгосжуулах гээд байна уу.  Төрөөс ядаж хүүхдийн кино, түүхэн кино хоёрыг сайтар дэмжиж хайр найргүй мөнгө хаях ёстой. Соёлын яам нь энэ асуудлыг тавих ёстой. Дээр нь бид эх хэлээ алдаж байна.  Учир нь оросууд монгол бичигийг  маань хяргачихсан.  Бид үгийнхээ язгуурыг мэдэхээ байсан. Үгийнхээ язгуурыг мэдэхгүй юм чинь аажмаар монгол хэл устаж байна.  Жишээ нь бид “Уучлаарай” гэдэг үгийг өдөр бүхэн хэлдэг. Энэ үг чухам юу гэсэн үг вэ гэхээр мэддэггүй. Уучихаарай ч гэж байгаа юм уу бүү мэд. Гэтэл энэ үгийг монгол бичгээр бичвэл “Агуучилаарай”  гэж бичдэг . “Агуу ууч сэтгэл гаргаачээ”  гэсэн үг. Уулыг ч гэсэн “агуул” л гэж бичдэг биздээ. Хувьсгалаас өмнө айл бүрт  “Ганжуур Данжуур, “32 модон хүний үлгэр” чинь монгол хэл дээр орчуулчихсан монгол бичгээр байдаг байж.“Айлаас ирэхээр авдараа уудла” гэж  үг бий. Энэ нь авдар савны авдар биш. Бараг бясалгалыг хэлж. Өөрийнхөө сэтгэлийг ажигла ух цэврэл гэсэн үг.“Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр”, “Нэр хугархаар яс хугар” гэх зэрэг үгнүүд чинь бүгд л Гаанжуураас монгол хэлэнд хөрвөгдөж ардын аман зохиол болтлоо хөгжсөн байсан. Гэтэл тэр бүгдийг нь аваачаад шатаачихсан.  Ингээд бичиг үсгийг нь устгаад, филосифийг нь устгаад дараа нь шашиныг нь устгасан. Дараа нь ардчилсан хувьсгалаас хойш үйлдвэрийг нь устгасан. Ингэхээр монголчуудын оюун санааны файл устаж үгүй болсон. Одоо тэгээд солонгос кино үзээд эсвэл аль хэдийнэ сөнөж үгүй болсон Зөвлөлт гэдэг улсын үзэл суртлаар хийсэн хуучны кинонуудыг л үзэж ухамсараа бүрдүүлж буй хойч үетэй болсон доо. Энэ ухаалаг төрийн алхам мөн үү? Чингис хаанаар нь хэн дуртай мөнгөтэй улс ямар ч хамаагүй кино хийж л байдаг. Энэ ухаалаг төрийн явдал уу?

-Иргэдийнхээ оюун санаанд урлагаар дамжуулж юм хийснээс Оюутолгойгоос мөнгө олж тараагаад дараагийн сонгуульдаа ялсан нь дээр шүү дээ, Төрөө ах минь?
-Энэ чинь бол нөгөө дээрэмчин сэтгэлгээ чинь л байхгүй юу даа. Амиа л бодсон,  би гэдэг л өвчин  байхгүй юу. Би гэдэг эго томроод бид болсон хэрэг. Бид гэвэл бас л нам хэмээх эгоны бөөгнөрөл.Үр хүүхдээ боддоггүй юм байхдаа. Мөнгө байгаад эх оронгүй бол яах хэрэг вэ? Эх орон гэж үг их эргэлтэнд байлаа саяхан. Одоо бараг ийм үг хэлсэн хүн онигоо болно.Уг нь бид хэдүүлхэнээ юм чинь дарга улс л байх ёстой юм шүү дээ. Өөрсдөө малаа маллаад ухаалгаар чанартай цөөхөн малтай болоод хятад орос өнөөх америкаар барилга байшин хамаг юмаа хийлгээд л. Зальтай улс шүү дээ бид. Одоо тэр Катар бүх улсыг зараад л өөрсдөө дарга хийж сууна шүү дээ. Уг нь эхлээд жоохон том байхын тулд өнөөх л үзэл сурталаа үндэсний үзэл сурталаа тараамаар юм. Уг нь ерөнхийлөгч зарлиг гаргаад л  Архины тамхины үйлдвэрүүд кино бүр нэвтрүүлэгийг санхүүжүүлэхэд болдоггүй л юм байхдаа.Хийсэнийх нь хариуд тодорхой  татвараас нь чөлөөлхөд л болмоор юм.” Зарлиг гэдэг А4-ийн ганц цаас шүү дээ.Манай кино юм дуулгаад байгаа шүү дээ. Өнөөх ухаалаг төртэй Солонгос л ингээд байх юм.

-Таны уран бүтээлд үйлийн үр гээд нэг зүйл яваад байгаа юм. “Бодлын хулгайч” дээр “Хүн юу тарина тэрнийгээ хурааж авдаг” гэсэн философи явсан. “Ларьдма”ч мөн адил үйлийн үрээ амссан тухай. Гэтэл одоо та бас үйлийн үрийн тухай кино зохиол бичихээд л сууж байгаа.  Яагаад та энэ сэдвийг онцлоод байгаа юм бэ?
-Үйлийн үр бол миний философи бол биш дэлхийн философи. Энэ бол буддын философи. “Нохой орон” ч гэсэн үйлийн үр шүү дээ. Үйлийн үр гэхээр хүмүүс дандаа муу зүйл бодоод байх юм. “Нохой орон” бол миний бодлоор өөдрөг кино байгаа юм. Нохой хүн болсон түүх шүү дээ.Би үхэн үхтлээ ганц л сэдвийн дор юм хийнэ өөрөө л бясалгаад өөрийгөө болгох биш хүнд хэлмээр юм байна шүү дээ.  Одоо хийж байгаа “Цонхон дээр суусан ялаа”  медиа мега төсөл  ч гэсэн. Бүгд үйлийн үрийн тухай өгүүлнэ.  “Цонхон дээр суусан ялаа” төсөл эхлээд дууны  CD  болж англи,монгол хэл дээр гарах юм.. A sound ын Тэмүүлэн бүх аяыг би продюсер ухаантай бүх шүлэг нь минийх нийлээд есөн есөн дуутай англи монгол хэлээр  хоёр  CD гаргаж байна.  Зөвхөн бичлэгэнд гэхэд би 30 гаруй сая төгрөг зарчихаад сууж байна.  Дараа нь жүжиг тавина. С.Саранцацаралтын үзэсгэлэн гарна. Кино нь тавигдана. Цонхон дээр суусан ялаа  гэж байгаа боловч ANICCA гээд ерөнхий нэртэй л дээ. Анича гэдэг нь Мөнх бус гэдэг  үг. Бурхан багшийнпали хэлээр . Гадаадад гарч байгаа CD-гээ Анича гэж нэрлээд монголд байгаагаа Цонхон дээр суусан ялаа гэж нэрлэсэн юм. Цонхон дээр суусан ялаа гэж нэг хүрээ дуу бий. Би хуучин номын гудамжаар явж байгаад Монгол ардын хуучны дуунуудын шүлгийн түүвэрүүд гэсэн номыг аваад уншихгүй юу.
“Цонхон дээр суусан ялааг
Цохиод чи алчихаж чадна аа
Цохлоод ирсэн үйлийн үрийг
 Цохиод чи буцааж чадахгүй ээ” гэсэн мөр байсан. Тэгээд л медиа төслийнхөө  логлайнlogo line болгочихсон.  Дотроо хоёр кинотой “Кондуктор” “Элсэн доорхи далай” гэсэн хоёр кино зохиол бэлэн болсон.

-Та ингэхэд зохиолч юм уу? сэтгүүлч юм уу?
-Би өөрийгөө зохиолч гэж ам бардам хэлэх хаа ч байсан юм. Хоёрхон ном ,  хэдхэн л кино л бичсэн хүн шүү дээ. Харин бүх насаараа сэтгүүлчийн ажил хийсэн.  Ингээд сууж байгаа ч гэсэн одоо бол надад ямар нэгэн ажил албан тушаал, цалин ч байхгүй. Гэхдээ би бол долоо хоногт болж өгвөл нэг  нийтлэлбичээд “Тойм”-д хэвлүүлчихдэг. Ядаж сардаа хоёр.

-Та аз жаргалтай байж чадаж байна уу?
-Би бол аз жаргалтай байна гэж зуун хувь  хэлж чадна. Би дуртай юм аа хийж байгаа. Энэ ширээнийхээ ард суугаад  юмаа бичихээрээ би  жаргадаг л байхгүй юу.Хоббигоороо амьдарч байгаа хүн. Нэг сонин жишээ бий.  Нобелийн шагналаас татгалзсан  Францын Жон пол Сартр гэж хүн бий.  Тэр  яагаад татгалзсан юм бэ гэсэн чинь “Би одоо бүх л насаараа жаргачихаад жаргасаныхаа төлөө шагнал аваад байхдаа  яадгийн.... Хоёдугаарт би наад шагналыг чинь авчихвал миний эго томорчихно. Тэгээд би Нобелийн шагналтай хүн юм чинь муу юм бичиж болохгүй тэгээд эгоныхоо шоронд орчихно. Тэгвэл би аз жаргалаасаа сална шүү дэээ”  гээд аваагүй. Ернь  алдар нэр мөнгө хоёр бүтээгч биш устгагч чанартай.   Ганц сайн  кино хийчих мөнгө олдохгүй 15 жил болж байгаа гэхээр би баян биш . Гэхдээ би жаргаж байгаа. Кино хийх мөнгө л хайгаад байгаа болохоос хоолоор дутаад байгаа юм биш. Мөнгө болбүтээлийн  дайвар бүтээгдэхүүн юм. Би бодож бичиж байгаа бүх зүйлээ  сэтгэлээрээ үнэхээрийн жаргаж бичдэг. Тэгчихээд түүнийгээ сайн болж гэж бодохоор бүр их жаргалтай болдог. Гэтэл манайд нөгөө дайвар бүтээгдэхүүнээ нэгдүгээрт тавьчихдаг.   Мөнгө олно гээд улайраад байх юм бол улам зугтана тэр нь хүсэх тусам зугтдаг. Хүслээ дарж байж л хүсэлдээ хүрнэ. Хүсэл хэзээ ч багасдаггүй болохоор дарж сурах хэрэгтэй. Ер нь бодоод байхад хүн ер нь чардайж хүсээд ч яах юм бэ. Болдог юм болдогоороо л болно. Би ч ингэж амьдраад байгаа юм биш. Болох юм болж л таараа.

-Мөрөөдөл мөрөөдөх тусам биелэдэг гэж тийм учраас мөрөөдөхөөсөө өмнө эхлээд бод.  Хамаагүй юм бодвол биелэж ч магадгүй гэж нэг үг байдаг даа?
-Миний  эмээ намайг бага байхад “Муу юм бодоод л байна гэдэг чинь тэрийгээ захиалж байгаа хэрэг” гэж хэлдэг байж билээ.  Тэгэхээр бүх захиалсан юм ирдэг байх нь.  Энэ ярилцлага гарсаны дараа хүмүүс намайг  солиорчихож гэж бодож магадгүй. Гэхдээ би бүр үхэл гэж байхгүй юм байна гэж боддог болсон. Үхэл гэдэг чинь худлаа юм байна. Яагаад  гээч би үхлээ Төрмөнх гэж шошго л байхгүй болно. Хүний урдах төрлүүд эхлээд сэтгэлд файл болоод тэгээд хаа нэгтээ явж өөр процесорд суухыг л хэлээд байх шиг. Энэ хорвоо өөрөө бүхэл юм . Би гэдэг ханаар л тусгаарлагдаад байгаа болохоос бүхэл зүйл. Би гэх шоронгоос гарвал бүхэлд нэгдэнэ. Гэхдээ заавал үхэж нэгдэх ч учиртай биш.

-Гоо сайхан ертөнцийг аврана гэдэг үгд та итгэдэг үү?
-Гоо сайхан гэдэг заавал цаанаа айдастай байдаг юм шүү дээ. Маш сайхан хүүхнээс хүмүүс айдаг биз дээ. Жишээ нь, жүжигчин Сувдаа эгчээс би л лав айдаг. Аймаар гоё шүү дээ. Сонгодог уран зургууд ч гэсэн сайхан атлаа нэг л аймаар байдаг.

-Нээрээ аймаар гоё гэж ярьдаг. Та юунаас айдаг вэ?
-Гоо сайхан гэгч цаанаа л нэг айдастай байдаг ийм кино хийх гэж мөрөөддөг. Айдас өөрөө бас л эго буюу би гэх үзэлтэй нягт холбоотой. Өөрөөсөө л айж явах хэрэгтэй байх.