Нинжа эдийн засаг
Сангийн сайд Ч.Улаан 2013 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, эдийн засгийн дүнг танилцуулав. Манай дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 17 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 12 хувиар өсчээ. Төсвийн зарлага ДНБ-ий 35 хувьтай тэнцэж, алдагдлыг хоёр хувьд барьсныг тэр мэдээлэв.
Сангийн сайд Ч.Улаан 2013 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, эдийн засгийн дүнг танилцуулав. Манай дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 17 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 12 хувиар өсчээ. Төсвийн зарлага ДНБ-ий 35 хувьтай тэнцэж, алдагдлыг хоёр хувьд барьсныг тэр мэдээлэв.
Төсвийн 5.9 их наяд төгрөгийн орлогын гуравны нэгийг татварын, 27 хувийг гаалийн салбар төвлөрүүлсэн буюу төсвийн орлогын 60 хувийг нь татвар төлөгчид бүрдүүлжээ. Татварын 1.8 их наяд төгрөгийн орлогын тэн хагасыг арав, нөгөөг нь 70-аад мянган аж ахуйн нэгж төлсөн байна. Энэ арвыг “Эрдэнэт” 362 тэрбум төгрөгөөр манлайлж, АПУ 154 тэрбумаар удаалж, “Оюутолгой” 87, МАК 83, “Тавантолгой” 57, “Энержи ресурс” 54, “Монгол тамхи” 45, “Эрдэнэс Тавантолгой” 40, “Бороо гоулд” 36, “Мобиком” 34 тэрбумаар дараах байруудыг эзэлжээ. Эдгээр компанийн эдийн засагт оруулсан хувь нэмрийг хүндэтгэн тэмдэглээд, улсын татварын бүтцийг тодруулж харвал нэгэн сонин дүрх төрх гарч байна.
Үндсэн
ажил нь газар ухдаг, бусад үед архи ууж, тамхи татдаг, хааяа утсаар
ярьдаг хүнийг бид дайчин-яст мэлхийн тухай хүүхэлдэйн киноны дүрээр
“нинжа” гэж нэрлэдэг. Эдийн засаг нь иргэдийнх нь аль хэр газар ухаж,
архи ууж, тамхи татахаас голчлон хамаардаг, хөдөлмөрийн хүчний бараг
арван хувь нь нинжа болчихсон эдийн засгийг нинжа гэх нь гашуун ч гэсэн
үнэнд нийцнэ.
ГАНЦ ЧАДДАГ АЖИЛ НЬ ГАЗАР УХАХ
Нинжа зөвхөн газар ухаж л чадна. Ухсан нүхээ ч буцаагаад булахгүй. Байгальд дэндүү харгис. Манайхан ч, Колумб, Боливи, Перугийн нинжа ч яг адилхан гэж бичил уурхайн олон улсын нэгэн төслийн мэргэжилтэн ярив. Манай эдийн засаг ч ухсан нүүрс, урд хил рүү машинаар зөөж борлуулсан хэмжээнээсээ бас хамааралтай. Монгол 2013 онд найман тонн алт, 18 сая тонн нүүрс, 645 мянган тонн зэсийн баяжмал, 6.7 сая тонн төмрийн хүдэр экспортолсон бөгөөд төмрийн хүдрээс бусад нь төлөвлөсөндөө ч хүрээгүй.
Нинжагийн тосгоны хамгийн нөлөөтэй нь “боссууд” буюу алтыг нь газар дээр нь бэлэн мөнгөөр авдаг, битүү хар шилтэй жийпүүдийн эзэд байдаг. Боссууд алт цуглуулж, борлуулдаг нууц сүлжээтэй. Монгол бол олборлосон алтныхаа дийлэнхийг хууль бусаар хил давуулж алддаг орон.
Улс төрийн намын нэрээр сонгуульд орж, төрийн эрхэнд ээлжлэн гардаг хоёр зуугаад “боссууд” уул уурхайн хууль, журмыг өөрсдөдөө ашигтайгаар өөрчилж, баялгийг дахин хуваарилдаг бөгөөд тэдний чин сонирхол нь ухах болохоос газраа сэргээх, өөр салбарыг хөгжүүлэх явдал угаасаа биш юм.
Монголын боссууд эдийн засгаа олон тулгууртай болгож солонгоруулна гэж олон жил “хошгируулж”, жил бүрийг шинэ гуншингаар чимж зарлан, хоосон амлахаас хэтрэхгүй байна. Экспортын орлогын 80 хувь нь газар ухахаас хамааралтайгаар арваад жилийн нүүр үзлээ. Хамгийн их өсөж, 2.5 дахин томорч, өндөр ашигтай гэх барилгын салбарын аль компани нь хамгийн их татвар төлсөн юм бэ? Зөвхөн өндөр орлоготой айлд биш бага орлоготойд нь зориулсан ганц ч байшин барихгүй байгааг юу гэж ойлгох юм бэ? Барилгын салбар газрын мафитайгаа хоршсон хэвээрээ юү?
Төрийн
“босс” болсон нь баяжиж, жирийн “нинжанууд” өдрийн хоолоо арай чүү
залгуулах болсоор Монголын иргэд нэгэн үеэ элээж байна. Иргэдийн орлогын
ялгаа улам ихсэн, нийгэмд шударга ёс алдагдсаар байна. Улстөрчдийн
ухуулга сурталчилгаа нарийсч, олон тэрбум төгрөг хамсаатнуудтайгаа
завшсаны дараа “Улаанбаатарын утааны чанар нь сайжирч, өнгө нь цайрч
байгаа” гэнэ. Агаарын бохирдлоос болж хүүхдийн уушги муудаж, иргэд хорт
хавдраар өвдөн, жилээс жилд олон зуун хүн амь насаа алдсаар байна.
ӨНӨӨ Л БОЛБОЛ МАРГААШАА МАРТ
“Сэтгэл зүйн хувьд гүнзгий хямарсан, хөгжлөөс хэт хоцорсон, эрүүл мэндээр доройтсон..., зөвхөн маргаашийн төлөө өнөөдөр амьд үлдэхийг хүссэн... “нинжа” нар... гэрээсээ намар нь гарч яваад хавар нь ирэх. Ирэхгүй, цагийн шуурганд эвдэрч, идэгдсэн нь ч бий” гэж “Моngolian Economy” сэтгүүлд бичжээ.
Нинжа өнөөдрөөр амьдардаг тул хуримтлал бий болдоггүй. Манай төрийн “боссууд” бас адил маш том зээлийг яаралтай авах ганц л эрмэлзлэлтэй. Зээл төлөх нь дараагийн Засгийн асуудал. “Чингис” бондын төлбөрт 2017 онд 500 сая доллар, 2022 онд 10 сая доллар төлөх хуримтлалыг хэн, хаана бүрдүүлж байгааг өнөөдрийн аль ч “босс” хэлж чадахгүй. Юунд зарцуулах нь тодорхой биш байтал дахиад л “Самурай” гэх бонд гаргаж, 300 сая доллар энэ долоо хоногт авчээ.
“Боссууд” алсын бодлогогүй учир хэзээ хойно үр дүн нь гардаг боловсрол, эрүүл мэндийн салбар бүрэн дампуураад байна. Монголд албан ёсны бүртгэлтэй 37 мянган хүн ажилгүй байхад гадаадын 18 мянган хүн ажиллуулж байгаа гэнэ. Ажилгүй хүмүүсийн гуравны нэгийг дээд боловсролтой иргэд эзэлж байна.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын систем, улсын эмнэлгүүдийн хөдөлмөр зохион байгуулалт дэлхийн хөгжлөөс дэндүү олон жилээр хоцрогджээ. Өвчтөн олон хоногоор эмнэлэг дамжин дугаарлаж, түмэн шинжилгээ хийлгэдэг ч, үр дүнг нь уншиж тайлаад, зөв оношилж чаддаг эмч нэн ховор. Онош нь буруу тогтоогдсон иргэд олон хоног буруу эмчилгээнд явж шаналан, удалгүй ядуу нь үхэж, арай гайгүй нь гадагшаа явдаг. Хөх хот, Бээжин, Бангкок, Сингапурын эмнэлгийг монголчууд дүүргэж, олон зуун сая доллар гадагш гаргасаар байна.
Монголчууд
өргөн хэрэглээний барааныхаа дийлэнхийг импортолдог. 45 сая малтай гэх ч
сүүний хэрэглээнийхээ 70 хувийг гадаадаас оруулж ирж байна. Өөрсдөө
хийж чадахгүй байж, хийж чаддаг гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөгөөд
явуулчихлаа. Энэ бүхэн зөвхөн “боссуудад” л ашигтай хэрэг.
ЭДИЙН ЗАСГАА ЯАЖ ӨӨРЧЛӨХ ЮМ БЭ?
Юуны өмнө, толгойгоо нүхэнд шургуулчихаар өөрийгөө нуугдчихсанд тооцдог тэмээн хяруулын тэнэг зуршлаа орхие. Байдлыг бодитой үнэлж, бултаж зугтахгүй тодорхой үйлдэл хийх цаг иржээ. Асуудалд улстөрчдийн биш хувь хүний нүдээр, сонгуулийн биш хойч үеийнхээ амьдралын хугацаагаар хандъя.
Өдөр тутам хийж буй үйл, хэрэлдэж маргаж буй асуудлаа бусад орны бүтээн байгуулалтын хурдтай харьцуулъя. Газраа ухаж олсон хөрөнгөөрөө эдийн засгаа өрсөлдөх чадвартай болгоё. Үүнийг хөнгөлөлттэй зээл олгох замаар шийдэхгүй болохыг амьдрал харууллаа. Тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөгөөтэй, төвлөрч хөгжүүлэн, гадаадын зах зээлд гарган хөл дээр нь босгоод, дараа нь олон нийтэд хувьцааг нь гаргадаг Чилийн сангийн туршлагыг хэрэгжүүлье. (дэлгэрэнгүй www.jargaldefacto.com/санхэттэн/) Өрсөлдөх чадвартай болохын тулд банкны зээлийн хүүг бууруулах ёстой. Бодлогын хүү нь хоёр оронтой байхад инфляц нэг оронтой байж яаж болох билээ.
mongol urkh
mongol urkh
itgel
itgel
itgel
ubman mn-s unshaarai xumuus ee
Naraa
Батнэрэн
Зочин
Зочин
Зочин
TTT
Ганаа
"Матарын нулимс" унагаж буй Жаргалсайхан ламтанд
Tatvar tologch
Зочин
mongol hun
Зочин
Зочин
Нямаа
Зочин
Зочин
Зочин
Nomadicman (202.126.91.159)-т
Зочин
Зочин
zochin
Зочин
zolo
Зочин
yahav unen l yum gehdee yaj hiih ve?
hehe
уб
Nomadicman
Сүрнээ
zochin
NB
Зочин
уншигч
Zochin
boldoo
Зочин
Зочин
Зочин
zochin
zohin
zochin