Хэлж ирдэггүй хийсч ирдэг жаргал
1972 онд Монголын улс төрийн түүхнээ нэгэн чухал үйл явдал болжээ. Юу гэвэл Төрийн тэргүүн Ж.Самбуу тэнгэрт хальж, түүний орыг хэн залгах бол гэх асуулт улс төрчдийн тархийг гашилгав.
“Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал номын төслийн хүрээнд
бичигдэж буй “Жамбын Батмөнх” номын хэсгээс
бичигдэж буй “Жамбын Батмөнх” номын хэсгээс
1972 онд Монголын улс төрийн түүхнээ нэгэн чухал үйл явдал болжээ. Юу гэвэл Төрийн тэргүүн Ж.Самбуу тэнгэрт хальж, түүний орыг хэн залгах бол гэх асуулт улс төрчдийн тархийг гашилгав. Гэвч асуудлыг 1972 оноос шууд холбож авч үзэхэд учир дутагдалтай. Д.Төмөр-Очирын 1962 онд ярьж байснаар Ж.Самбууг огцруулах асуудал хэзээ мөдгүй босч ирэхээр буй, 1964 онд Б.Нямбуугийн ярьснаар Цэдэнбал Самбууг золионд гаргаж Сайд нарын Зөвлөлийн даргын суудлаа хэн нэгэнд нь өгөх гэж буй, 1969 онд Ж.Самбуугаар “нас өндөр болсон, улсын хөгжлийн шаардлагыг хангахуйц ажиллаж чадахгүй байгаа” тул АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаас чөлөөлөгдөх тухай өргөдөл бичүүлж байсан баримт байх юм.
Ард түмнийхээ дунд эх оронч, ардчилагч, хэлмэгдэгч хэмээн үзэгддэг Дарамын Төмөр-Очир гуайн талаар цуу үг, явган яриа хэтэрсээр үлгэр домгийн баатарын хэмжээнд очих дөхсөн. Хэлэх гэснээ хэлдэг, нэлээд задгай яриатай, аргагүй л нэг их сургуулийн багш байж, индрийн араас оюутнуудыг илбэн тохинуулж байх одонд төрсөн нэгэн байж уу дээ гэх бодол надад төрдөг юм. Тэрээр 1962 онд МАХН-ын Төв Хорооны II бүгд хурал дээр хэлсэн үгэндээ “Монгол төрийн өвөө”, “Улс түмний хооронд энх тайвныг бэхжүүлэхийн төлөө Лениний шагналт цорын ганц монгол хүн”, чухам л бахархан дууриах ахмад, хөшөө дурсгалаа нийслэлийнхээ төвд сүндэрлүүлсэн Ж.Самбуу гуайг арай ч хэтрүүлсэн юм уу гэмээр санагдана. Тэрээр хэдий муу нэр дууллаа ч манай улсын Ерөнхийлөгч маань шүү дээ!
Нөхөр Д.Төмөр-Очир хэлэхдээ:
- Нөхөр Самбуу дээр энд янз бүрийн санал гарч байна. Самбуу гуайг бид бүгдээрээ хүндэлж байдаг. 1922 оны намын гишүүн, ахмад настны хувьд ч нам, улсын төлөө урт удаан хугацаагаар зүтгэсний нь хувьд ч аваад үзвэл тийм хүн манайд ховор оо. Гавьяатай хүний нэг аргагүй мөн юм. Тэгэхэд нөхөр Самбууг энэ хавьд өргөмжлөн тахиж шүтээд л, нас бартал нь байлгаад байх юм уу гэдэг бол зүйн доторхи асуудал юм аа. Нөхөр Самбуу, Цэнд хоёр хоорондоо их сайн. Тэр ч зүйтэй хэрэг. Тийм байх ёстой. Төрийн төлөө зүтгэж яваа хүмүүс тийм найрамдалтай байлгүй яахав. Гэтэл өнөөдрийн гарсан шүүмжлэлд н.Цэндийн хариу өгч байгаагаар үзэхэд, бас л элдэв юм бодуулахаар, сэжиг авахуулахаар байна. “Самбуу гуай их хурлын даргаар байж л байг. Бидэнд хэрэгтэй юм заримдаа хэлдэг юм” гэлээ. Ер нь Моломжамц энэ хоёрын санал яг нэг байна. Товчоор тэр хоёрын саналыг хэлбэл манай удирдлагад нэг настай хүн байвал зүгээр чимэг болно гэсэн шиг бололтой дуулдав. Ингэж ярихад хүрч байгаа бол би бодсоноо хэлье.
- Их хурал дээр ч ажил хийх хэрэгтэй байна. Чимэг энд огт хэрэггүй. Нөхөр Самбуу гуайн тухай бүгд хурлын гишүүдээс гаргасан саналыг би хувьдаа зөвшөөрч байна. Өнөөдрийн бүгд хурлаар н.Самбууг Улс төрийн Товчооноос гаргаж, маргаашийн чуулганаар Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаас хасаад аль гэж би асуудлыг тавихгүй. Тэгвэл буруу. Харин н.Самбууг цаашид байлгаад байх уу, үгүй юү гэдэг бол зарчмын том асуудал гэж би үзэж байна.
- 1940 онд Улсын Бага Хурлын даргаар Бумцэнд гуайг н.Калининыг дууриаж тавьсан. 1954 онд Самбуу гуайг нөхөр Ворошиловыг дууриаж тавьсан. Одоо СССР-ийн Дээд Зөвлөлийн даргаар н.Брежневийг тавьснаар үзэхэд тэр дээд тушаалд бас залуувтар, ажил хийх чадвартай хүн байж болдог л юм байна.
- Заавал нэг зөнөг залгасан өвгөн байхын хэрэггүй гэдэг улам ч тодорхой болоод ирлээ. Зөвхөн зөвлөлтийг дууриасан ч гэсэн нөхөр Самбуу гуай заавал Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар байж байх шаардлагагүй болжээ. Үүн дээр төдий л их бодол ороод, ном уншаад, амьтан хүнтэй зөвлөөд байхын хэрэг алга аа.
- Нөхөр Цэнд Самбуу гуайг байлгах гэдэг нь ямар учиртай юм бэ? Би учрыг сайн ойлгохгүй байна. Аймгийн дарга нарын аль олигтой нь зүй ёсоороо үүрэгт ажлыг нь залгамжлан авч нөхөр Самбуу гуайн өсгийг гишгэх ёстой. Нэг тийм чадвартай хүнийг зөв таньж олоод дэвшүүлчихвэл аштай ч байх билээ дээ.
- Ухаан нь өнөөдөр Ерөнхий сайдын яах вэ? Бэлтгэлтэй хүн байна уу, үгүй юү гэж эрэхэд хүрч байна. Тэгж байхын оронд Самбуу гуайн оронд 2-3 жил ажиллаж, гадаад дотоодын олон хүнтэй учирч нүүр хагарчихаад, олон аавын хүүтэй уулзаад, гадаад дотоотоор яваад, улсын хэмжээний өндөр дээд тушаалын биеэ даасан том ажил дээр өсчихвөл тийм хүн манайд олдошгүй ховор эрдэнэ болно. Ёстой л манай алтан фонд тэр болно шүү дээ.
- Самбуу гуайг одоо өвгөрсөн хойно нь гар хоосон орхихгүй л дээ. Ямар эрх ямба, цалин хангамжтай байдаг юм бэ? Тэр бүгдийг өгье. Сүүлийн үед малаар хөөцөлдөж байгаа хэдий боловч бас чоноор их хөөцөлддөг болж байгаа гэнэ билээ. Тэр чонондоо яваг. Ан гөрөө хийж л байг. Бүх бололцоогий нь хангаж өгөх хэрэгтэй. Тэр талаар манай улс Самбуу гуайгаас юу ч хайрлаж харамлахын хэрэг байхгүй. Тэр бол юм эдэлж хэрэглэх эрхээ өөрөө зүтгэлээр олж авсан хүн юм гэжээ.
Та энэ номоос Төмөр-Очир гуайн ярьсныг бүрэн эхээр нь уншиж болно
“Намын эсрэг бүлэг” гэгчийн идэвхтэй гишүүн Б.Нямбуу 1964 оны 12 дугаар сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны бүгд хурал дээр хэлсэн хурц шүүмжлэлдээ:
- Цэдэнбал чадвал байр сууриа хэвээр хадгалж хоцрох, ядвал Самбуу гуайг золионд гаргаж Сайд нарын Зөвлөлийн даргаа хэн нэгэнд нь өгч хуураад болбол хэдэн жил тэсэх юмсан гэж яг таг бодож суугаа гэжээ.
Ж.Самбууг солих, өөрөө огцрох тухай яриа өрнөж байсныг зохиолч Ж.Бямбын өөр эх сурвалж бас хэлж байна. “... Шалгарсан гарамгай удирдагч Ю.Цэдэнбал” хэмээх улс төрийн хөрөг нийтлэлийн “Албан тушаалын хэнээрхэл” бүлэгт:
- Цэдэнбал Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн даргаар олон он жил улиран ажиллахдаа ч албан тушаалдаа сэтгэл нь ханасангүй. Түүний сэтгэлийн угт төрийн тэргүүн болох далд хүсэл хадгалагдсаар байжээ. Тиймээс ч Ж.Самбуу 1969 онд “нас өндөр болсон, улсын хөгжлийн шаардлагыг хангахуйц ажиллаж чадахгүй байгаагаа” хэлж АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаас чөлөөлөхийг хүсэхэд Цэдэнбал уг асуудлыг Намын Төв Хорооны бүгд хуралд оруулахгүйгээр өөрөө санаачлан Улс төрийн Товчооны тогтоол гаргуулж Ж.Самбууг цаашид ажиллуулахаар шийдсэн нь түүнийг хайрлан хүндэтгэсэндээ биш, өөрийн далд санаагаа хэрэгжүүлэх тохироо бүрдэх цагийг хүлээсэн хэрэг байжээ. Хожим Ж.Самбууг хүнд өвчтэй байхад нь Ю.Цэдэнбал “Та орондоо хэнийг АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга болгох тухай гэрээс бичиж өгөөч” гэж шаардсан явдлаар дээрхи дүгнэлт нотлогдоно. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн даргын албан тушаалд өрсөлдөгч гараад ирж магадгүй гэж тэрбээр сэрдэн болгоомжилсноос л тийнхүү шахаж шаардан Ж.Самбуугаас гэрээс гаргуулжээ гэжээ.
Баабарын надад ярьсан өөр баримт байна. Мөн л 1960-аад онд бололтой юм. Түүний нагац болох Б.Ринчинпилжээ гэх зүтгэлтнийг БНМАУ-ын Улсын төлөвлөгөөний комиссын дарга байхад нь Сайд нарын Зөвлөлийн даргаар дэвшүүлэн ажиллуулах санал тавьж байжээ.
Ж.Самбуу гуайн албан тушаалын хувь заяа ийнхүү түүнийг нүд анихаас өмнө нэгэнтээ шийдэгдсэн болохыг дээрхи эшлэлүүд бэлхнээ хэлж өгч байна. Тэр үедээ бүх юман дээр үйл хөдлөл, үг хэлээрээ даган дууриаж байсан Зөвлөлт Холбоот Улсад гэхэд л Төрийн тэргүүн, намын тэргүүний албыг хамтруулан хашсан түүх, туршлага, сургамж байгаагүй атал манай улсад тэр дундаа Ю.Цэдэнбалд тийм бодол зурсхийн орж, баттай тогтсон бололтой юм.
С.Жалан-Аажав гурван ч ярилцлагад энэ тухай бүр ч тодорхой байна:
- Ж.Самбууг нас барсны дараа Цэдэнбал АИХ-ын Тэргүүлэгчдийн даргын албан тушаалыг авах гэж яарч сандрахдаа гурван өндөр албан тушаалыг шууд өөртөө эзэгнэж хараахан болохгүй байсан учраас намайг Сайд нарын Зөвлөлийн дарга болгох гэж элдвээр шахаж шаардаж байсныг тэр үеийн Улс төрийн Товчооны гишүүд, яамдын сайд, дарга нар сайн мэднэ. Би хэдийгээр бүх шатны сургуульд суралцаж төгссөн боловч миний мэдлэг чадвар, ерөнхий тэнхээ тамир Сайд нарын Зөвлөлийн даргын өндөр албан тушаалд тэнцэхгүй хэмээн үзэж, эх орон, ард түмнийхээ ашиг сонирхлыг урьтал болгож тэр албан тушаалаас татгалзаж байна гэдгээ тайлбарлан хэлж байсан.
- Сайд нарын Зөвлөлийн дарга болгох гэсний хувьд бол ярих юм бий. Цэдэнбал үүнийг анх санаачилсан. Намайг дуудаж тэр өдрийн 16 цагаас маргааш өглөөний 4 цаг хүртэл тулгах, ятгах байдлаар хонуут ярилцсан. Би эрс татгалзсан. Тэгэх үндэс ч байв. Би улсын буянаар хоёр дээд сургууль дүүргэсэн ч эдийн засгийн мэдлэг хүрэлцэхгүй ээ. Сургууль төгсөөд удлаа. Боловсрол, мэдлэг, туршлага дутна гэдгээ шууд хэлсэн. Татгалзсан өөр нэг шалтгаан гэвэл Цэдэнбалын зан төрхийг багагүй гадарладаг болж, түүнтэй хамт ажиллахад аюултай гэдгийг ойлгосон байсан юм. Тэр хэрэгтэй гэж үзсэн цагтаа хүнийг магтаж байж ашиглаад, хэрэггүй гэж үзсэн цагтаа хайр найргүйгээр нухчин дарж, сэхэх үндэсгүй болтол нь ниргэж, хог дээр хаядгийг Төмөр-Очироос хойш сайн мэдэж авсан.
- Нөгөөтэйгүүр Самбуу гуайг нас барсны дараа АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга болох гэж Цэдэнбал их яарч байсан юм. Амьд байхад нь өөрийг нь ятгаж Цэдэнбалыг АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга болгох тухай гэрээслэл бичүүлж амжсан байсан. Тэгээд Сайд нарын Зөвлөлийн даргаас түргэн чөлөөлөгдөхийн тулд хэнийг ч хамаагүй тавих гэхдээ намайг ядаж ганц хоёр жил ч болсон хийж өг л дөө гэж гуйж байсан юм шүү.
- Тэр үед Майдар Сайд нарын Зөвлөлийн дарга болох гэж маш их идэвхтэй хөөцөлдөж байна гэсэн яриа дэгдсэн. Майдарын нэрийг дэвшүүллээ гэхэд Моломжамц, Рагчаа нар зөвшөөрөхгүй. Тэднийг өөрсдийг нь дэвшүүлэхээр Майдар зөвшөөрөхгүй байсан нь Цэдэнбалыг их зовоож байв. Ийм нөхцөлд, даан их удаагүй болохоор намайг дэвшүүлээд үзэх нь зүйтэй гэж үзсэн бололтой юм билээ. Би энэ бүхнийг ярихдаа өөрийгөө их даруу, албан тушаалд дургүй хүн болгох гэсэн хэрэг биш. Зөвхөн үнэнийг л хэлж байгаа юм.
Ю.Цэдэнбалын баг.
Дээрхи мөрүүдээс харахад Ю.Цэдэнбал нь маршал Х.Чойбалсангаас өвлөн авсан Ерөнхий сайдын тушаалаасаа салахын түүс болж, С.Жалан-Аажав нь мэргэжил, мэдлэгээрээ тэнцэхгүй гэж өөрийгөө чамлан, нөгөө талаас сэхэшгүй болтлоо хэлмэгдэж мэднэ хэмээн болгоомжлоод тэр албан тушаалаас татгалзсан мэт. Ерөөсөө нэг л өдөр Цэдэнбал яаж ч мэднэ гэсэн айдастай явсан юм уу гэмээр. Засгийн эрхийн төлөө тэмцэл ил далд өрнөж байсан нь Майдар–Моломжамц–Рагчаа нарын гурвалсан зөрчлөөс илт байна. Намын эв нэгдэл, хамтарсан ленинч удирдлага гээч үнэхээр үгүйлэгдсэн үү, эсвэл угаасаа байгаагүй юү гэдэг нь ч эргэлзээтэй...