Сайхан хотод санаархсан “Ай Си Си” цамхаг
Улаанбаатарын төв тэнхлэг дээр “Ай Си Си” буюу “Олон улсын худалдааны төв” байрлах нэгэн уран барилгыг “Цаст констракшн”-ынхан сийлж туурвилаа.
Улаанбаатарын төв тэнхлэг дээр “Ай Си Си” буюу “Олон улсын худалдааны төв” байрлах нэгэн уран барилгыг “Цаст констракшн”-ынхан сийлж туурвилаа. Монголчууд тансаг сайхан хотод амьдардаг юм байна гэж гайхуулахыг үнэхээр хичээжээ. “IСС”-ийг газар газрын мэргэжилтнүүд ирж үзээд ”Энэ бол барилга мөн юмаа” л гэлээ. Өөр юу гэхэв. Нөгөө орчин үеийн уран барилга гэгч чинь нэг иймэрхүү “юм” байдаг аж. Ямартай ч өнөө үед аж төрж буй биднүүс хойч үедээ хар утаанаас өөр юугаараа гийгүүлсэн юм гэж хэлүүлэхээргүй хэдэн сайхан харш босгоод авлаа шүү.
Эрт урьд цагт Их Монгол гүрний үед өрнө дорныг холбосон худалдааны торгон зам гэж байсан юм билээ. Тэр зам хүн төрөлхтний соёл хөгжлийг хурдасгаж энхтайван амьдралыг хангаж алдаршсан түүхтэй. Энэ уламжлалыг санагалзан байж “Худалдаа” гэх тодотголтой оффисийг бариулах зөвшөөрөл өгсөн юм билээ. 21-р давхарт гараад харахад энэ барилгыг тойроод 21-р зууны Улаанбаатарын аль сор чухал байгууламжууд хүрээлсэн нь ёстой л торгоны замын зангилаа төсөөлөгдөнө. Одоо бид хамтдаа ихээ бэлгэ дэмбэрэлтэй намтар өрнүүлж, гоё нэр бодож олох л үлдлээ. Дорнод аймаг орох замд алсаас харагддаг 700-аад оны үед баригдсан гэх эртний Кидан гүрний “Хэрлэн барс” хотын туурийн үлдэгдэл цамхагийг санагдууллаа. Лавтайяа тэр лугаа урт настай эд болж чаджээ гэж түүх судлаачид дүгнэхийг сонсов. Барилга дахь хана туургыг үнэт чулуугаар чимэхдээ Хүннүгийн өв дурсгал, хээ угалзаас сэдэв авч монголоос өөр газарт дахиж тохиолдохгүй онцлогуудыг ухаалгаар шигтгэсэн нь бүхнийг бид өөрсдөө хийчихсэн ч юм шиг.
ICC Tower-ийн Ерөнхий архитектор: “Энэ барилга нь Улаанбаатар хотод 40-50-аад оны үед баригдсан түүхэн барилгын буурин дээр боссон. Гадна талын шилэн ханыг дэлхийд танигдсан ХБНГУ-ын Schuco брэндийг фасадаар хийсэн. Энэ фасад нь олон үүрэгтэй. Тухайлбал нарны гэрлээс дулаан цуглуулж эрчим хүч хэмнэнэ. Харин халууны улиралд наршилтаас хамгаалагдсан сэрүүн лаврин байж чадна. Эртний түүх соёлын хосгүй өв болох Чойжин ламын сүм хийд шилэн барилгатай зэрэгцэн байгаа нь маш зохимжтой тольдон тусдаг. Контекстуарилизмын чиглэлийн ийм барилгууд түүхэн дурсгалт байгууламжтай зэрэгцэхээр тэр орчмын хийц нэгэн цогц болж чаддаг.” гэсэн юм.
Шал, шат, лифт, шилэн хана, хаалганы бариулыг хүртэл няхуур төлөвлөснийг эд мэддэг хүн хараад л шууд “Өө нөгөө нөгөө тэр брэндийнх” байна гэх нь нэн бахдалтай. Энэ барилгыг хэмнэх гээд “Эрээн”-ий ганц хадаас оруулчихвал их л эвгүй содон харагдахаар. Үнэтэй чанартай нэг хувцас өмссөн бол дагаад бусдыг нь сайжруулах хэрэг гардаг шиг “Ай Си Си” цамхагийн гангараанд барилгын ертөнц дэхь дэлхийн топ брендүүд чиглэл чиглэлээрээ энд цугларчээ.
Худалдааны төвийн оффист гадаад дотоодын том том нэр хүндтэй компаниуд ирж төвхнөнө бизээ. Тэдний ажиллагсад энэ байшинд “конторлон” амьдралынхаа багагүй цагийг өнгөрүүлэх тул эко орчин, тав тух, эрүүл ахуйг нь өнөөгийн дэлхийн жишигт нийцүүлж өгсөн гэнэ. Үлэмж ашигтай ажиллах, томоохон тоглолт хийх, улс орныг түргэн хөгжүүлэхийн тулд “ухаалаг толгой”-нуудыг урьж залдаг. Тэдний оюуны чадамжаас ихийг нэхэхийн тулд өндөр цалингийн хамт ажиллах орчин нь дээд зэргийн нөхцөл шаардлагыг хангасан байх ёстой. Мөн гүн хүндэтгэл эрхэмсэг оршихуйг хэрхэн бий болгох эсэх нь уран барилгачдаас шууд хамааралтай. Ингээд саяхан нээлтээ хийсэн энэ харшийг очиж сонирхов.
Тог тасарлаа гэхэд Английн FG WILSON брэндийн дизель генератор автоматаар өөрөө гуравхан секундийн дотор асч цамхагыг бүхэлд нь цахилгаанаар хангана. Тэгэхдээ ямар нэгэн дуу чимээ гаргахгүй.
Халаах сэрүүцүүлэх кондешнь гэгч орчин цагийн тийм ч хүсмээр биш төхөөрөмжийн хувьд Германы APY фирмийн ялтсан дулаан солилцуур, мөн орны брэнд болоод байгаа ROTH хэмээх алдартай сантехникийн хуванцар хоолой, хөргөлтийн систем нь болохоор R410А гэдэг байгаль орчинд ээлтэй шингэнээр ажилладаг бас л том брэнд болох CARRIER-ийн төхөөрөмжүүдийг угсарч бэлдсэн. Барилгыг гаднаас битүү хучсан сүүлийн үеийн ололт гэгдэх ганжуулсан хатаасан шил бүхий фасад нь баргийн халах хөрөхийг өөрөө зохицуулчихдаг. Зун сэрүүцэхийн тулд давхар бүрт байх 7-10 ширхэг фенкойлыг ашиглах эсэх нь дурын хэрэг.
Харин өрөөний эвгүй үнэрийг арилгах, цэвэр агаараар амьсгалах асуудал хүмүүст тэр бүр анзаарагддаггүй ч маш чухал шийдэл юм. Ай Си Си барилгын хувьд өрөөний агаар цагт гурван удаа автоматаар солигдоно. Гэхдээ өвлийн цагт цэвэр агаарыг халаасан дулаан агаартай хольж өгдөг бол зун эсрэгээр байхаар уушги зүрхтэй гээч. Энэхүү чимээгүй төхөөрөмжөө ийм юм тавиастай байгаа гэж зориуд хэлэхгүй л бол хэн ч анзаарч баяр хүргэж чадалгүй өнгөрч мэдмээр.
Энэ “хүн”-ий хөл дор хоёр ч давхар машины дулаан гарааш бүхий зогсоол байна билээ. Ажиллагсад, зорьж ирэгсдийн аль аль нь тэнд сул зогсоол бий эсэхийг гаднаас дэлгэцээр харах юм. Багтаамжийн хувьд гомдохооргүй том зайтай энэ подвалиуд дахь машины утааг тэр дор нь хаа нэгтэйгээс сороод авчих тул жолооч нар угаартахын зовлонгүй даргаа хүлээгээд машиндаа сууж байна билээ. Мөн цааш явж барилгатай танилцах явцад 1000 градуст хайлдаггүй цахилгааны утсан монтаж гэж нэг иймэрхүү юм байдаг , дөрвөн лифт нь орчин үеийн хамгийн хамгийнуудын нэг болох тухай, яагаав нөгөө алдарт “экодиск хөдөлгүүр” чинь монголд ороод ирчихсэн энд угсрагдсаныг харахгүй байна уу гэх юм.
Бид ёотон цагаан оромжиндоо ажиллаж амьдрах зуур уран барилгын шинжлэх ухаан хол тасраад явчихсан аж. Харин энэ барилга баригдсанаар сонсоо ч үгүй олон зүйлийг мэдэж авлаа. Гадаадад очиж алмайруулалгүй эх орондоо нүд тайлуулж өгсөн яруу алдарт монгол барилгачид, барилгын уран бүтээлч та бүхэндээ баярлалаа. Та нараараа бахархаж байна. Овоо ш тээ.